Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0282

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: Э.Гэрэлмаа

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Д.Бум-Аюуш

хохирогч: Н.Мягмардорж

түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар

гэрч А.Мөнхтуяа, М.Цэцэгсүрэн

шүүгдэгч: Ч.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Чулуунбатын Ганболдод холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201625013691 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон  овогт Чулуунбатын Ганболд, 1985 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Налайх дүүрэгт  төрсөн, 31 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4,эхнэр,  хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Зүүнхүрээ хотхоны 204-2-н 103 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,РД:УЕ85042454,

Холбогдсон хэргийн талаар:

          Ч.Ганболд нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Чиг хүнсний мухлаг дотор Н.Мягмардоржийг эхнэр А.Мөнхтуяаг алгадлаа гэж өмөөрөн Н.Мягмардоржийг цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Эм Ти колонкын хажууд байрладаг Чиг хүнсний мухлагт манай худалдагч хүмүүс тооцоо дутуу гээд нэхээд байна гэхээр нь би ямар ч тооцоо байхгүй, манай өмнөх худалдагч тооцоо, өр шир байхгүй гэж гарсан талаар хэлэхэд хохирогчийн эхнэр орж ирээд хүмүүсийн хажууд хэл амаар доромжилсон. Тэгээд би эхнэрээ дуудъя та нар тайван байж бай, машиндаа ороод сууж бай гэхэд луйварчид, хулгайчид гээд хохирогч эхнэртэйгээ хамт доромжилж эхэлсэн. Тэгээд би энэ хэргийн учрыг нь олох гээд эхнэрээ дуудахад манай эхнэр ирээд хохирогч болон түүний эхнэрт манай өмнөх худалдагч ямар ч өр байхгүй гэж хэлсэн. Тэр худалдагчийн хорооны тодорхойлолт, гэрийн хаяг байгаа. Энэ хаягаар нь уулзуулж өгье, утсаар ч яриулъя гэхэд хохирогч эхнэртэйгээ хамт хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь манай эхнэр чи яасан юм ойлгодоггүй хүн бэ гээд барьж байсан падаанаараа нүүр рүү нь цохиход манай эхнэрийг хохирогч алгадсан. Тухайн үед нь би хохирогчид өнөө маргаашгүй төрөх гэж байгаа хүнийг яах гэж алгадаж байгаа юм бэ гээд бид 2 зууралдаад бужигнаан болсон. Би тухайн үед эхнэртээ цагдаа дууд гэж хэлсэн. Хохирогчийн эхнэр ч цагдаа дуудсан. Тэгээд цагдаа хүрч ирээд бид 2-ыг цагдаагийн газар руу авч явсан. Намайг хохирогчийг цохисон гэж яллаж байгаа. Миний санаж байгаагаар хохирогч бид 2 зууралдаад заамдалцаад байсан. Хохирогч гарах гээд байсан. Эхнэр нь гарч зугатаасан. Тэгээд би гаргахгүй, цагдаа дуудна, чи өнөө маргаашгүй төрөх гэж байгаа жирэмсэн хүнийг алгадлаа гэж хэлж байсан. Тухайн үед миний уур аймаар хүрч байсан. Жирэмсэн хүнийг яагаад алгадаж байгаа юм, тэвчихгүй яасан юм гэж хэлж байсан. Би тухайн үед хохирогчид их тэвчээртэй хандаж байсан. Хохирогч намайг зөндөө доромжилсон. Хохирогчид учирсан гэмтэл нь бид нар зууралдаад ноцолдож байхад учирсан байх, би хохирогчийг зугтаагаад байхаар нь доош нь дарж тонгойлгосон гэв.

   Хохирогч Н.Мягмардорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүнсний Чиг гэдэг нэртэй дэлгүүрт зээлээр өгсөн барааныхаа мөнгийг авах гэж 16.00 цагийн үед очсон. Тухайн үед дэлгүүрийн худалдагч байсан. Би 09 дүгээр сарын 06-нд өгсөн барааны 43.200 төгрөгийг авах гэж очсон. Түүнээс хойш 7 хоног болгон би мөнгөө авах гэж очдог байсан. Урьд нь зээлээр аваад паданаа бичиж үлдээгээд зээлийнхээ мөнгийг авдаг байсан. 09 дүгээр сарын 06-наас хойш би зээлийн мөнгөө аваагүй. Бид нар Баянзүрх дүүргийн чиглэлд нарийн боов түгээгээд 2 сар болж байсан. Хүнсний нарийн боовны хадгалах хугацаа 7-оос 14 хоног байдаг. Би 10 дугаар сарын 04-ний өдөр 43.200 төгрөгөө авна гээд өгсөн худалдагчдаа хэлсэн байсан. Тэгээд 10 дугаар сарын 4-ний өдөр хэлэхэд худалдагч нь солигдсон байсан. Тэгээд байсан худалдагчид нь би 43.200 төгрөгийн зээлийн баримт байна, хар дансны дэвтэр ч байна, мөнгөө авъя гэхэд би мэдэхгүй гэсэн. Тэгвэл чи өмнө нь байсан худалдагч руугаа залгаад асуучих гэхэд утас нь холбогдохгүй байна гэхээр нь эзнээ дуудчих гэхэд шүүгдэгчийг дуудсан. Тэгээд шүүгдэгч орж ирээд манайх зээлээр бараа авдаггүй, та нар худал гүтгэж байна гэхээр нь би танай лангуун дээр манай үлдэгдэл бараа байна, чи тэр бараануудаа буцаагаад өгчих, би чамд шинээр солиод өгье, манай компани сар болгон тооцоогоо хийдэг. Танай худалдагч чинь сайн мэдэж байгаа, 43.200 төгрөгөө өгчих гэж хэлсэн. Тэгтэл шүүгдэгч гараараа салаавчлаад, нүүр рүү далайгаад байсан. Тухайн үед энэ хэргийг харж байсан худалдагч байсан. Тэр хүнийг энэ хэрэгт гэрчээр асуугаагүй байсан. Тэр хүнийг гэрчээр асуух хэрэгтэй байсан. Тэгээд шүүгдэгч хэдэн удаа над руу салаавч өгөөд гараа далайгаад байхаар нь би шүүгдэгчид чи хүнд гар хүрэх гээд байна шүү гэж хэлж байсан. Би болохгүй болохоор нь цагдаа дуудъя гэхэд шүүгдэгч цагдаагаа дууд гэсэн. Тэгээд бид 2-ын дунд маргаан үүссэн учир шүүгдэгч эхнэрээ дуудсан. Удалгүй эхнэр нь ирээд дэвтрээ гаргаж ирээд тийм зүйл байхгүй байна, манайх бараа зээлээр авдаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би надаас авсан бараа чинь энэ байна гэхэд манай худалдагч тооцоогоо хийсэн гээд яваад өгсөн гэхээр нь би танайх худалдагчаа солихдоо барааныхаа үлдэгдлийг тоолдог юм байгаа биздээ гэхэд тэр та нарт хамаагүй гэсэн. Тэгээд шүүгдэгчийн эхнэр намайг дэвтрээрээ цохихоор нь би алгадсан. Шүүгдэгч намайг цохиод, боож унагаасан. Бидний хажууд дахиад 1 хүн байсан. Чиг мухлагийн буланд ундааны авдар байсан. Тэр авдар дээр би суугаад унасан. Тэгээд шүүгдэгч миний дээр гараад өшиглөсөн, цохисон, эхнэр нь ирж цохисон, өшиглөсөн. Тухайн үед манай эхнэрийг зодсон. Манай эхнэр энэ хэргийн хохирогч. Тэгтэл гэрчээр мэдүүлэг өгөөд явж байна. Тэгээд манай эхнэрийг зодож байхад би 102 руу залгаад хүн амины хэрэг гарах гээд байна, та нар хурдан ир гэсэн. Надад гарах ямар ч боломж байгаагүй. Шүүгдэгчтэй хамт цохилцож байсан залуу нь гаргаагүй. Эхнэр маань арай гэж зугтаахад шүүгдэгчийн жирэмсэн эхнэр нь араас нь гүйгээд гарсан. Үүнийг бичсэн камерын бичлэг байгаа бол харах хэрэгтэй байна. Би камерын бичлэг байгаа бол шалга гэж байцаагчид хэлж байсан. Тэгээд манай эхнэр 102 руу дуудлага өгч байж хөдөлгөөнт эргүүлийнхэн ирээд бид нар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст очсон. Энэ хэргээс болж миний нүд хөхөрсөн, уруул хавдсан, нуруу тэр чигтээ зулгарсан, гарын сарвуу нилээд хавдсан байсан. Тэгээд би цагдаад өргөдлөө өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх бичиг авч тухайн өдрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би шүүгдэгчээс эмчилгээний төлбөрийг гаргуулна, мөн ажлаа алдсан. Нийт 1.528.200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Үүнд эмнэлэгт үзүүлэхэд 35.000 төгрөг, тархины цахилгаан бичлэг хийлгэхэд 25.000 төгрөг, тасгийн эмчийн үзлэгт 35.000 төгрөг, ор хоногийн мөнгө 550.000 төгрөг, 2 удаа хүний машинд 20, 20.000 төгрөгөөр бензин хийж бариач руу явсан зэрэг юм. Чиг мухлагт өгсөн барааны төлбөр бол  43.200 төгрөг  байгаа үүнийг  нэхэмжилж байна гэв.

            Шүүгдэгч Ч.Ганболд хэрэг бүртгэлтэд  мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажилладаг ТҮЦ-д байж байхад  өдрийн 15.00 цагийн орчимд гаднаас эмэгтэй хүн орж ирээд та нар манайхаас бараа авсан тэр барааныхаа тооцоог хийх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би тооцоогоо хараадхий би аваагүй болохоор мэдэхгүй байна тухайн үед сууж байсан худалдагчаас асууж өгий гэж хэлтэл нөгөө эмэгтэй яг одоо өг та нар муусайн гуйлгачид гэж орилж эхэлсэн. Манай ТҮЦ-ээр үйлчлүүлж байсан хүмүүсийн хажууд орилоод байсан ба тэр үед гаднаас нэг залуу орж ирсэн. Нөгөө залуу мөн намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Ингээд маргаан болоод би нөгөө залууг заамдаж авсан. Нөгөө залуу ч намайг мөн заамдсан. Бид хоёрыг манай ТҮЦ-ээр үйлчлүүлж байсан хүмүүс салгасан. Тэр үед бид хоёр бие биенээ цохиж аваагүй. Би эхнэрээ асуудлаа шийдвэрлий гээд тооцооны дэвтэрээ аваад ир гэж хэлсэн. Эхнэр дэвтэрээ аваад ирсэн. Тэгээд манайд байсан худалдагч тооцоогүй байна гээд ажлаас гарсан гээд дэвтэр үзүүлэхэд нөгөө эрэгтэй ойлгохгүй эхнэр рүү орилоод дайраад байсан. Энэ үед манай эхнэр чи яасан юм ойлгодоггүй залуу вэ гээд барьж байсан дэвтэрээрээ хацар луу нь зөөлөн цохисон. Гэтэл манай эхнэрийг шууд алгадсан. Би тэгэхээр нь уурлаад нөгөө залууг заамдаж аваад ТҮЦ дотор зууралдсан. Гэтэл нөгөө залуутай хамт байсан хүүхэн гараад гүйчихсэн. Би эхнэртээ наад хүнээ битгий явуул цагдаа дуудаад өг гэсэн. Эхнэр нөгөө хүний араас гарч гүйгээд буцаагаад оруулаад ирсэн. Гэтэл надтай зууралдаад байж байсан залуу мөн зугатаах гэхээр нь би зууралдаад байж байтал гаднаас Баатарцогт буюу Монголоо гэдэг залуу ороод ирсэн. Тэгэхээр нь би Монголоод наадхийгаа битгий гарга цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Монголоо нөгөө залууг хашаад зогсож байтал цагдаа ирсэн. Монголоо бол нөгөө залууг цохиж зодоогүй гэжээ. /хх-ийн 29/

Хохирогч Н.Мягмардорж хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр борлуулалтын ажлаа хийж байгаад Хүнсний Чиг мухлагаас урд нь зээлээр өгсөн байсан барааны мөнгөө авах гэж очсон. Тэр үед худалдагч нь гэх эмэгтэй би мэдэхгүй байна түрүүчийн худалдагч нь мэдэх байх гэж хэлсэн. Би эзнээ дуудчих гэж хэлээд байж байтал удалгүй эзэн гэх залуу ирээд надаас болсон явдалын талаар асуухад нь би тайлбарлахад манайх тийм бараа аваагүй. Өмнөх худалдагч алга болсон. Тэр мэдэж байгаа байх гэж хэлсэн. Би тухайн үед чи өөрөө эзэн нь юм байгаа биз дээ чи бүх бараагаа мэдэж байгаа биз дээ би мөнгөө авмаар байна гэтэл эзэн гэх залуу нь би өгч чадахгүй явдаг газраараа яваад олоорой гэж хэлсэн. Тэр асуудлаас болж маргаан үүсээд эзэн гэх залуу миний нүүр лүү салаавч өгөөд түлхээд заамдаж авсан. Би тэр үед цагдаа дуудлаа гэж хэлээд цагдаа дуудхад нөгөө залуу эхнэрээ бас дуудсан. Удалгүй эхнэр нь гэж хүүхэн орж ирээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд маргалдаад зогсож байтал үл таних залуу гаднаас орж ирээд бидний дэргэд байж байтал эзэн гэх залуу миний шанаа руу шууд цохиж авсан. Гэтэл нөгөө гаднаас орж ирсэн залуу намайг заамдаж аваад миний цамцнаас дээш нь татсан. Тэр үед эзэн залуу миний толгой руу цохисон. Нүүр лүү өшиглөсөн. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Эмчилгээний зардалд 120.000 төгрөг гарсан байгаа гэжээ./хх-н 8-10/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 11/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13786 тоот акт дүгнэлтэд:

1.Н.Мягмардоржийн биед тархи доргилт, дух, хацар, уруулын дотор салсад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, дал, баруун шуу цээж нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. ./хх-12/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 13/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 13785 тоот акт дүгнэлтэд:

1.Цэцэгсүрэнгийн биед зүүн нүдний зовхи, хүзүү, баруун алганд цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-н 14/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 17/

          Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14678 тоот акт дүгнэлтэд:

1.А.Мөнхтуяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. ./хх-н 18/

           Оролцогч нарт шинжилгээ хийх тогтоол, шүүх эмнэлэгийн гаргасан дүгнэлтийг таницуулсан тухай тэмдэглэл / хх-н 19-21/,

          Гэрч М.Цэцэгсүрэн хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр би Хүнсний Чиг мухлагт 43.000 төгрөгний зээлээр бараа өгсөн юм. Энэ тооцоогоо авах гээд 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр уг газарт ирэхэд надаас зээл авсан худалдагчаас өөр худалдагч байсан. Тэрнээс би зээлээ авмаар байна гэж хэлэхэд би мэдэхгүй гэж хэлээд эзнээ зааж өгсөн. Худалдагчийн зааж өгсөн газар руу ороод мухлагийн эзэн гэх залуутай уулзахад өгөхгүй гээд маргаан болсон. Энэ маягаараа маргаан нэлээн удаан үргэлжилсэн. Бид нар бүгд ТҮЦ-нд байж байхад эзэн  гэх залуу эхнэрээ дуудсан удалгүй эхнэр нь ирээд эвээр учраа олох гэсэн боловч бид нар ойлголцохгүй байсан. Энэ үед миний нөхөр Мягмардоржийг ТҮЦ-ний эзэн гэх залуу заамдаж аваад цохисон. Би салгах гэсэн боловч миний араас эхнэр нь үсдэж татаад эсвэл куртикнээс татаад болиулахгүй байсан. Гэтэл гаднаас орж ирсэн нэг залуу манай нөхрийг цамцаар нь нүүрийг нь бүтээсэн нөгөө ТҮЦ-ний эзэн гэх залуу нөхрийг маань дээрээс нь зодож байсан тэгэхээр нь би гараад цагдаа дуудсан. Миний хувьд дахин шүүх эмнэлэгт үзүүлмээр байна гэжээ. /хх-н 22-23/

   Гэрч Б.Баатарцогт хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:  Одоо би он сараа санахгүй байна. Цагийг ч бас сайн санахгүй байна. Ямар ч байсан гражаас гарч ирээд Ганболдын ТҮЦ-рүү ортол Ганболд нэг эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байхаар нь би Ганболд талд ороод нөгөө хүнийг салгатал Ганболд салангуутаа шууд цагдаа дуудхад нөгөө маргалдаад байсан залуу гарч зугтаах гээд байхаар нь би Ганболдыг барьж бай гэсний дагуу барьж байсан. Маргааны үед эхнэр нь орж ирж байсан. Би нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Би тухайн үед гудамжны хүмүүстэй архи уусан байсан юм. Би архи уусан байсан ч хүн цохидоггүй юм гэжээ. /хх-ийн 14//хх-н 24/

   Гэрч А.Мөнхтуяа хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: Би одоо он сараа санахгүй байна. Ямар ч байсан тэр өдөр миний нөхөр Ганболд над руу залгаад Отгонцэцэгээс болж асуудал гараад байна. Отгонцэцэг нэг газраас зээл тавиад юм авсан байна гэж ярьсан. Цаана нь хүмүүс миний нөхөр рүү дайраад байсан. Би тэрнийг сонсоод шууд такси бариад нөхөр дээрээ иртэл нэг эмэгтэй ТҮЦ-ний гадаа гарч ирээд манай ТҮЦ рүү харж байгаад хэл амаар доромжлоод байсан. Би таксинаас буугаад ТҮЦ-рүү орохдоо нөгөө хүнийг ороод ир орж ирээд учраа ололцое гэж хэлээд дагуулаад орсон. ТҮЦ-д ороход миний нөхөр мөн хэл ам хийгээд байгаа эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Тухайн үед худалдагч хийж байсан хүн байсан өөр хүн байгаагүй. Би шууд нөгөө эмэгтэйд тайлбарлаж хэлсэн боловч ойлгохгүй байсан. Ингээд маргаан эхэлсэн. Маргалдаж байхад нөгөө ТҮЦ-д байсан эрэгтэй намайг алгадсан чинь манай нөхөр уурлаад намайг алгадсан эрэгтэйг заамдаж аваад булан руу шахсан. Би тэр хоёрыг салгах гэтэл  намайг өмнө нь алгадсан залуу намайг өшиглөсөн. Тэгээд нөгөө хоёр дахин зодолдсон. Тэгтэл нөгөө эрэгтэйтэй хамт байсан хүүхэн гараад гүйхээр нь би араас нь очоод эргүүлж ТҮЦ-д оруулсан. Бид 4 ТҮЦ-нд байж байхдаа цагдаа дуудсан. Тэгж байхад гаднаас Монголоо гэх таньдаг залуу орж ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн гэжээ. /хх-ийн 15/

           Гэрч Х.Оюунаа хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: Миний хүү Ганболд нь 1985 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. Миний 3 дах хүүхэд байгаа юм. Багаасаа сургууль соёлоор хүмүүжиж, Намуун далай дээд сургуулийг сэтгүүлч зураглаач мэргэжлээр төгссөн. Төгсөөд шууд телевизэд 2000-2006 он хүртэл ажилласан. Хүмүүстэй их найрсаг харьцдаг, хүнд тусч, сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Хүнд туслах их дуртай. Ажлаасаа гараад хувиараа ажил эрхэлж байгаа юм. Миний хүү боксын спортоор хичээллэж байсан. Миний хүү бол хүнийг гэмтээж зодох хүүхэд биш гэжээ.  /хх-н 26/

           Ч.Ганболдыг гадагш явж болохгүй баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол/ хх-н 27/

           Ч.Ганболдыг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 28-29/, яллагдагчаар татах тогтоол / хх-н 30-32/

          Ч.Ганболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 34/,зэрэг болно.

Ч.Ганболд нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Чиг хүнсний мухлаг дотор Н.Мягмардоржийг зээлээр өгсөн барааны үнэ болох 43.200 төгрөгөө нэхэж ирэхэд өөдөөс нь маргалдаж улмаар эхнэр А.Мөнхтуяа нь Н.Мягмардоржийн нүүр лүү нь цаасаар цохиход өөдөөс нь А.Мөнхтуяаг алгадахад нь  жирэмсэн хүнийг алгадлаа гэж уурлан барьцалдаж Н.Мягмардоржийн нүүр лүү нь  цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Н.Мягмардоржийн биед тархи доргилт, дух, хацар, уруулын дотор салсад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, дал, баруун шуу цээж нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт /хх-н 12/

Хохирогч Н.Мягмардоржийн мэдүүлсэн … шүүгдэгчийн эхнэр намайг дэвтэрээрээ цохихоор нь би алгадсан. Шүүгдэгч намайг цохиод, боож унагаасан. Бидний хажууд дахиад 1 хүн байсан. Чиг мухлагийн буланд ундааны авдар байсан. Тэр авдар дээр би суугаад унасан. Тэгээд шүүгдэгч миний дээр гараад өшиглөсөн, цохисон, эхнэр нь ирж цохисон, өшиглөсөн. Тухайн үед манай эхнэрийг зодсон гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Цэцэгсүрэнгийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн …миний нөхөр Мягмардоржийг ТҮЦ-ний эзэн гэх залуу заамдаж аваад цохисон. Би салгах гэсэн боловч миний араас эхнэр нь үсдэж татаад эсвэл куртикнээс татаад болиулахгүй байсан. Гэтэл гаднаас орж ирсэн нэг залуу манай нөхрийг цамцаар нь нүүрийг нь бүтээсэн нөгөө ТҮЦ-ний эзэн гэх залуу нөхрийг маань дээрээс нь зодож байсан тэгэхээр нь би гараад цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг,

   Гэрч А.Мөнхтуяагийн  хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн ... Маргалдаж байхад нөгөө ТҮЦ-д байсан эрэгтэй намайг алгадсан чинь манай нөхөр уурлаад намайг алгадсан эрэгтэйг заамдаж аваад булан руу шахсан. Би тэр хоёрыг салгах гэтэл  намайг өмнө нь алгадсан залуу өшиглөсөн. Тэгээд нөгөө хоёр дахин зодолдсон. Тэгтэл нөгөө эрэгтэйтэй хамт байсан хүүхэн гараад гүйхээр нь би араас нь очоод эргүүлж ТҮЦ-д оруулсан. Бид 4 ТҮЦ-нд байж байхдаа цагдаа дуудсан. Тэгж байхад гаднаас Монголоо гэх таньдаг залуу орж ирээд тэр хоёрыг салгасан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 15/

   Гэрч Б.Баатарцогтын  хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн…Ганболдын ТҮЦ-рүү ортол Ганболд нэг эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байхаар нь би Ганболдын талд ороод нөгөө хүнийг салгатал Ганболд салангуутаа шууд цагдаа дуудхад нөгөө маргалдаад байсан залуу гарч зугтаах гээд байхаар нь би Ганболдыг барьж бай гэсний дагуу барьж байсан. Маргааны үед эхнэр нь орж ирж байсан гэсэн мэдүүлэг /хх-н 24/

Шүүгдэгч Ч.Ганболдын мэдүүлсэн … Миний санаж байгаагаар хохирогч бид 2 зууралдаад заамдалцаад байсан. Хохирогч гарах гээд байсан. Эхнэр нь гарч зугатаасан. Тэгээд би гаргахгүй, цагдаа дуудна, чи өнөө маргаашгүй төрөх гэж байгаа жирэмсэн хүнийг алгадлаа гэж хэлж байсан. Тухайн үед миний уур аймаар хүрч байсан. Жирэмсэн хүнийг яагаад алгадаж байгаа юм, тэвчихгүй яасан юм гэж хэлж байсан. Би тухайн үед хохирогчид их тэвчээртэй хандаж байсан. Хохирогч намайг зөндөө доромжилсон. Хохирогчид учирсан гэмтэл нь бид нар зууралдаад ноцолдож байхад би хохирогчийг зугтаагаад байхаар нь доош нь дарж тонгойлгосон тэр үед л үүссэн байх гэсэн мэдүүлэг зэрэг болно.

         Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

         Шүүгдэгч Ч.Ганболд нь өөрийнх нь  дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан н.Отгонцэцэг гэдэг хүн Н.Мягмардоржоос 43.200 төгрөгийн нарийн боовыг авсанг мэдээгүй, тухайн үед падааныг байгааг мэдээгүй, ер нь зээлээр бараа авч болохгүй талаар худалдагч нартаа хэлсэн байсан учраас  зээлээр авсан барааны үнийг төлөх талаар мэдээгүй байснаас маргалдаж  улмаар хохирогчийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдож байх ба түүний энэ үйлдлийг  прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна. Ч.Ганболд нь би Н.Мягмардоржийг цохиогүй зүгээр гаргахгүй л гэж цамцаар нь толгойг нь бүтээж байгаад дээрээс нь цохиж, өшиглөсөн өөр зүйлгүй гэж  мэдүүлж байгаа боловч хохирогчийн мэдүүлэг болон тухайн үед зодуулсан байдлаа гэрэл зургаар үзүүлсэн байдал,  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актаар түүнийг зодсон нь хангалттай тогтоогдож байна. Хэрэв Н.Мягмардоржтой  харилцан зодолдсон бол шүүгдэгч Ч.Ганболдын биед  ямар нэгэн байдлаар ул мөр үлдэх байсан.

  Иймд шүүгдэгч Ч.Ганболдыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

   А.Мөнхтуяа, Ж.Цэцэгсүрэн нар нь зодуулсан гомдолтой гэж байгаа боловч шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр тэдгээрийн биед нь гэмтэл учраагүй болох нь тогтоогдож байна. Хоорондоо бие биенийгээ салгах, мөн явуулахгүй гэж зууралдсанаас бага зэргийн няцрал учирсан байгаа нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж шинжээч үзсэн байна.

Прокурорын яллагдагчаар татах тогтоол дээр шүүгдэгч Чулуунбатын Ганболдын овгийг Чулуунбаатарын Ганболд гэж буруу бичсэн байна. Хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар /хх-н 33/ Чулуунбатын Ганболд гэдэг нь тогтоогдсон, өөрөө эцгийнхээ нэрийг Чулуунбат гэдэг гэж мэдүүлсэн  тул овгийг зөвтгөж бичсэн болно. Мөн яллагдагчаар татах тогтоол дээр сэжигтэн Мөнх-Оргилын мэдүүлэг гээд Ч.Ганболдын мэдүүлгийг бичсэн байсаныг улсын яллагч нотлох баримтаас хасах санал гаргасныг хүлээн авч нотлох баримтаас хассан болно.

    Хохирогч Н.Мягмардорж нь  эмчилгээ болон ажилгүй байсан хугацааны зардал бусад зардалд нийт 1.528.200 төгрөгийг шүүгдэгч Ч.Ганболдоос нэхэмжилж байгаа боловч энэ нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож ирээгүй учраас шүүх  нэхэмжлэлийг хангах боломжгүй байна гэж үзлээ. Зээлээр авсан барааны үнэ болох 43.200 төгрөгийг, мөн шүүх эмнэлэгт үзүүлсэний 3000 төгрөг, нийт 46.200 төгрөгийг Ч.Ганболдоос гаргуулж хохирогч  Н.Мягмардоржид олгох, үлдсэн нэхэмжлэлийн талаар нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна. Тухайлбал хэдий хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсан, үүнээс болж хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авсан эсэх, мөн нийгмийн даатгалын дэвтэртэй эсэх талаарх баримтаа шүүхэд өгөөгүй тул нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна.

 Ч.Ганболд нь зодоон болсоноос хойш уг падааныг олсон талаар мэдүүлсэн тул Н.Мягмардоржийн  зээлээр 43.200 төгрөгийн бараа өгсөн нь тогтоогдож байна гэж үзэж төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг  хөнгөрүүлэн харгалзан үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Чулуунбатын Ганболдыг  бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ганболдыг 1/нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн  51.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганболдыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривчлах ялыг ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй,Ч.Ганболд нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганболдоос 46.200 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20-265 тоотод оршин суух, ЧЙ76021731 регистрийн дугаартай Настын Мягмардоржид олгож, Н.Мягмардорж бусад зардлыг нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Ганболдод бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

7.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авсанаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ганболдод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                   С.ПҮРЭВСҮРЭН