Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 2023         01          25                                       2023/ШЦТ/133

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Б.Мөнхтулга /томилолтоор/,

Шүүгдэгч М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Шт холбогдох 230 600000 0022 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймагт 1986 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 61 дүгээр байрны 20 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тэнсэн, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдаж байсан, Ш овогт Мын Ш /РД:/.

Хэргийн товч агуулга:

М.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 61 дүгээр байрны 20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Баясахыг үл ялих зүйлээр шалтаглан, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд “баруун нүдний гадна булан, доод зовхины дотор булан, баруун хацар, шанаа, баруун дээд, доод зовхины цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ш өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.08/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баясахын өгсөн: “... Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Ш, найз Баянхаан, түүний эхнэр Баярцэцэг, бас танихгүй эмэгтэйтэй 4-лээ архи уугаад сууж байсан. Тэгээд би очоод тэд нартай юм яриад сууж байсан чинь архи нь дуусахаар нь Баярцэцэг бид хоёр дэлгүүр орж “Хар экс” нэртэй 0.75 литрийн архи аваад гэртээ харьсан. Тэгээд авсан архиа бид 5 хуваагаад уусан. Тэгсэн манай нөхөр дахиад архи аваад ирье гээд Баярцэцэг тэр хоёр гараад явсан. Тэр хоёр ирэхгүй удсан учир би араас нь дэлгүүр гарсан чинь Ш, Баярцэцэг хоёр ирж байсан. Тэгээд бид гурав буцаад гэр лүүгээ алхаж байсан чинь Баянхаан гадаа ирчихсэн байсан. Тэгэхээр нь би ганцаараа түрүүлээд ороод байж байсан чинь удалгүй манай нөхөр Ш гаднаас орж ирээд уурлаад “чамаас болоод би найздаа зодууллаа” гээд гараа атгаж байгаад миний баруун хөмсөг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний куртикнээс татаж чирээд гадаа гаргаад найзуудынхаа дэргэд аваачсан. Тэгээд шууд миний баруун хацар хэсэгт гараа атгаж байгаад дахиад 1 удаа цохисон чинь би газарт унасан. Тэгээд босоод шууд орц руу гүйсэн чинь намайг орцны үүдэн дээр Ш барьж аваад миний баруун хацар хэсэгт гараа атгаж байгаад дахиад 1 удаа цохихоор нь би гэр лүүгээ яваад орсон. Тэгсэн Ш хойноос ирээд намайг түлхэж унагаагаад ширээ авч шидээд байсан. Ш нэлээн согтуу байсан. Харин би 2 хундага архи уусан байсан ...” гэх мэдүүлэг /хх.09/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16614 дугаартай:

“1. Т.Баясахын биед баруун нүдний гадна булан, доод зовхины дотор булан, баруун хацар, шанаа, баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх.21-22/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх.25/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх. 1-3/,

Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх. 29/,

Шүүгдэгч М.Шын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.44/,

Хохирогч Т.Баясахын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.43/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх. 48/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч М.Шын иргэний үнэмлэхийн хуулбар /хх.34/,

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.16-19/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.36/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

М.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 61-р байрны 20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Т.Баясахыг үл ялих зүйлээр шалтаглан, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд “баруун нүдний гадна булан, доод зовхины дотор булан, баруун хацар, шанаа, баруун дээд, доод зовхины цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.002/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.08/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх.11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Баясахын өгсөн: “... манай нөхөр Ш гаднаас орж ирээд уурлаад “чамаас болоод би найздаа зодууллаа” гээд гараа атгаж байгаад миний баруун хөмсөг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний куртикнээс татаж чирээд гадаа гаргаад найзуудынхаа дэргэд аваачсан. Тэгээд шууд миний баруун хацар хэсэгт гараа атгаж байгаад дахиад 1 удаа цохисон чинь би газарт унасан. Тэгээд босоод шууд орц руу гүйсэн чинь намайг орцны үүдэн дээр Ш барьж аваад миний баруун хацар хэсэгт гараа атгаж байгаад дахиад 1 удаа цохихоор нь би гэр лүүгээ яваад орсон. Тэгсэн Ш хойноос ирээд намайг түлхэж унагаагаад ширээ авч шидээд байсан...” гэх мэдүүлэг /хх.09/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Н.Энхцолмонгийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16614 дугаартай:

“1. Т.Баясахын биед баруун нүдний гадна булан, доод зовхины дотор булан, баруун хацар, шанаа, баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх.21-22/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Шын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт М.Шыг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж уг гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч Т.Баясахын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “биед баруун нүдний гадна булан, доод зовхины дотор булан, баруун хацар, шанаа, баруун дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хоёр шуунд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

М.Ш нь өөрийн эхнэр Т.Баясахын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн зүйлийн 3.1.4 дэх заалтад гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садны хүнийг ойлгохоор хуульчилжээ.

Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гол шинж нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөө гишүүнийг өөрийнхөө эрхшээлдээ байлгах, түүнд хяналтаа тогтоох зорилгоор хүч, эрх мэдлээр далайлгаж бие мах бодид халдах, сэтгэл санааны зовуурь шаналал үүсэх гэх мэт хэлбэрээр өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаагаар илэрдэг.

Шүүгдэгч М.Ш нь өөрийн үйлдэлдээ идэвхтэй бөгөөд санаатай хандан, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

          Гэм буруугийн талаар:

М.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Шүүгдэгч М.Ш гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой.

М.Ш нь гэр бүлийн хамааралтай хүн болох Т.Баясахын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч М.Шыг гэмт үйлдлийн улмаас хохирогч Т.Баясахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч М.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч Т.Баясах нь “нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

М.Ш гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, яллагдагч тус саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Шын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Шүүгдэгч М.Шт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

М.Шт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч М.Шт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Мын Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Шт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Шт сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Шт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ              С.ӨСӨХБАЯР