| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Н.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Жигд овогт Намсрайн Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000003 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Төв аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын будагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэйн 5 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, Жигд овогт Намсрайн Жаргалсайхан /РД:НД66053163/.
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08-ны өдрийн 19 цаг 58 минутын үед 34-21 УНД улсын дугаартай “Субару форестер” загварын авто тээврийн хэрэгслийг жолоодож Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх олон улсын А0101 дугаартай замын 84 дэх километр дэх хэсэгт хойноос урагш чиглэлд зорчих явцдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг эгнээгээр иргэн Э.Оюун-Эрдэнийн жолоодон явсан 21-24 ДАА улсын дугаартай Тоёота приус 30 загварын машиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, тухайн авто тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч С.Оюунчимэгийн эрүүл мэндэд “биед зүүн шаант ясны дээд булууны шахагдсан хугарал, урд чагтан холбоосны суналт, тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Н.Жаргалсайхан нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08-ны өдрийн 19 цаг 58 минутын үед 34-21 УНД улсын дугаартай “Субару форестер” загварын авто тээврийн хэрэгслийг жолоодож Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх олон улсын А0101 дугаартай замын 84 дэх километр дэх хэсэгт хойноос урагш чиглэлд зорчих явцдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг эгнээгээр иргэн Э.Оюун-Эрдэнийн жолоодон явсан 21-24 ДАА улсын дугаартай Тоёота приус 30 загварын машиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, тухайн авто тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан хохирогч С.Оюунчимэгийн эрүүл мэндэд “биед зүүн шаант ясны дээд булууны шахагдсан хугарал, урд чагтан холбоосны суналт, тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, О.Золжаргал, Э.Оюун-Эрдэнэ нарт хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Жаргалсайханы өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү явж байгаад Э.Оюун-Эрдэнийн машинтай мөргөлдөж улмаар Э.Оюун-Эрдэнийн машинд сууж явсан С.Оюунчимэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Хохирлыг барагдуулж, эмчилгээний төлбөр, машины хохирлыг бүрэн барагдуулж өгч, хохирогчоос гомдолгүй гэсэн бичиг гаргуулсан.” гэв.
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон осол гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 06-18 дахь тал/,
- Цагдаагийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн жолооч Н.Жаргалсайханы “В” ангилалын үнэмлэх хүчинтэй гэх лавлагаа /хх-ийн 28 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Оюунчимэгийн өгсөн: “...Манай дүүргийн охин Оюун-Эрдэнийг Төв аймгийн Баян сум яваад өгөөч хориход хүн эргэх гэсэн юм гэсэн чинь за гээд Оюун-Эрдэнэ, манай охин Золжаргал бид гурав Оюун-Эрдэнийн тээврийн хэрэгсэлтэй Оюун-Эрдэнэ тээврийн хэрэгслээ бариад Улаанбаатар хотоос 14 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд Оюун-Эрдэнэ тээврийн хэрэгслээ бариад бид гурав буцаад явж байгаад Багахангай дүүргийн замын цагдаагийн пост өнгөрөөд явж байсан чинь гэнэт юмтай мөргөлдсөн. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь тээврийн хэрэгсэл дотроо сууж байсан. Би тээврийн хэрэгслийн хойд суудал дээр сууж явсан, хамгаалах бүс зүүгээгүй. Миний зүүн шаант ясны дээд булууны шахагдсан хугарал, урд чагтан холбоосын суналт, тархи доргилт, зүүн шилбэнд цус хурсан байсан. Одоогоор гэртээ хэвтэн эмчлүүлж байгаа. Би гомдолгүй, Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 115 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15491 дугаартай:
1. “С.Оюунчимэгийн биед зүүн шаант ясны дээд булууны шахагдсан хугарал, урд чагтан холбоосын суналт, тархи доргилт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 52-53 дахь тал/,
- “Хос Стандар” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4297 дугаартай “Авто машин технизийн эвдрэл, хохирлын үнэлгээ”: “...21-24 ДАА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 9,807,500 төгрөг” гэх тайлан /хх-ийн 66-69 дэх тал/,
- мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн: “34-12 УНД улсын дугаартай Субару маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Жигд овгийн Намсрайн Жаргалсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 21-24 ДАА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Оюун-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн магадлагаа /хх-ийн 72 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд Н.Жаргалсайханы яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би хүүгийнхээ эзэмшлийн Субару форестор маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 17 цагийн үед Улаанбаатар хотоос Багахангай дүүрэг рүү гарсан. Тэгээд зөөлөн явсаар байгаад Багахангай дүүрэг рүү орж ирсэн чинь замын баруун тал мөстчихсөн байхаар нь замаа голлоод явж байтал урдаас ирж явсан тээврийн хэрэгслийн хурц гэрэл ойгоод зам харагдахгүй болсон. Тэгтэл урдаас ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна, би ухаан алдсан юм шиг байна лээ. Сэрээд харсан чинь хойноос урагшаа харчихсан тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд тээврийн хэрэгслээсээ буусан чинь цагдаагийн машин ирчихсэн байсан. Манай хүү О.Нямбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, үзлэг оношлогоонд орсон. 2022 оны 10 дугаар сард даатгал нь дууссан, даатгал хийлгэж амжаагүй юм. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Золжаргалын өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос 14 цаг өнгөрч байхад гараад замаа сайн мэдэхгүй явсаар байгаад 17 цаг өнгөрч байхад Төв аймгийн Баян сум орчихоод буцаад явж байгаад Багахангай дүүргийн замын пост өнгөрч байхад урдаас ирж явсан тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн. Тэгтэл бид хэдийн машин зам дээр эргэж хараад зогссон байсан. Би эргэж хараад ээж гээд дуудсан чинь сэрэхгүй байсан чинь ээж дүүгээ сэрээ гээд хэлэхээр нь би Оюун-Эрдэнийг дуудсаар байгаад сэрээсэн. Тэгээд бид тээврийн хэрэгсэлээсээ буух гэсэн чинь тээврийн хэрэгслийн хаалга онгойхгүй байсан. Тэгээд тээврийн хэрэгсэлдээ сууж байсан чинь цагдаа нар ирчихсэн гаднаас хаалга онгойлж өгсөн. Оюун-Эрдэнэ бид 2 хамгаалах бүс зүүчихсэн байсан. Ээж зүүгээгүй байсан. Би эмнэлэгт хэвтээгүй, эм тарианы мөнгө нэхэмжилмээр байна. Гомдол санал байхгүй.
2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтдээ: “Нэхэмжилсэн төлбөрөө авсан, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хурал орохгүй” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 123-124, 135-136 дахь тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Оюун-Эрдэнийн өгсөн: “...Төв аймгийн Баян сумын хорих ангиас 19 цагийн үед хөдлөсөн. Багахангай дүүргийн замын пост өнгөрөөд явж байхад урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би түр зуур ухаан алдсан байсан. Намайг сэртэл Золжаргал эгч Оюука гээд дуудаад байсан. Тэгтэл миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл Төв аймгийн Баян сум руу хараад зогсчихсон байсан. Золжаргал эгч цагдаад дуулага өгсөн. 70 км цагийн хурдтай явж байсан. Золжаргал эгч бид 2 хамгаалах бүс зүүчихсэн байсан. Оюунчимэг эгч зүүгээгүй байсан. Миний тээврийн хэрэгсэл өвлийн дугуйтай. 2022 оны 7 дугаар сард оношлогоонд оруулсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн үнэлгээтэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Гомдол санал байхгүй, Тээврийн хэрэгслийн үнэлгээрээр гарсан зардал, эм тариа авсан мөнгө нэхэмжилж байна.
2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтдээ “... Тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан зардал болон эм тарианы мөнгө авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй.” гэх мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 137-139, 146-148 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” заасны дагуу захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг тайлбарлах нь зүйн хэрэг.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй ба Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн аль ч үйлдэл зам тээврийн осол гарах шалтгаан болох үндэстэй, тийм ч учраас уг үйлдлийг хориглож хууль, дүрмээр хэм хэмжээ тогтоож хуульчилж өгдөг.
Хэрвээ замын хөдөлгөөнд оролцож буй хэн аль нь дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчөөгүй тохиолдолд уг осол гарахгүй байх нөхцөл бүрдэх боломжтой байсан байна.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Жаргалсайхан нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зураг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Н.Жаргалсайхан нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан атлаа бусдад хохирол, хор уршиг учруулжээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Н.Жаргалсайханыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх “хэргийн бодит байдал”-ыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Н.Жаргалсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг дээрх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг;” ойлгоно гэж, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд шүүх, прокурор, мөрдөгч үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүйгээр чанд сахиж мөрдөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь эргэлзээгүй байх бөгөөд хэн нэгэн этгээд жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлах боломжгүйгээр тодорхой, ойлгомжтой хуульчлагдсан байдаг онцлогтой. Мөрдөгч, мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэг шаардагдах асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн мэдлэг, ур чадвараар тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргах эрхийг дээрх хуулиар олгосон байх ба мөрдөгч гэдэг нь тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж буй эрх бүхий албан тушаалтныг хэлнэ.
1.4. Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй,...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Оюунчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч компьютерт томографийн шинжилгээ, дүрс оношилгоо, эм тарианы төлбөрт баримтаар нийт баримтаар 1,654,042 төгрөг нэхэмжилснээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,788,000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 120 дахь тал/, иргэний нэхэмжлэгч О.Золжаргал Э.Оюун-Эрдэнэ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Иргэний нэхэмжлэгч О.Золжаргал эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 657.910 төгрөг нэхэмжилснээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 673,200 төгрөг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Э.Оюун-Эрдэнэ эрүүл мэндэд учирсан хохиролд баримттаар 702,900 төгрөг, 21-24 ДАА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 9,807,500 төгрөг нэхэмжилснээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,508,900 төгрөг төлж барагдуулсан. Хохирогч С.Оюунчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Жаргалсайханы унаж авсан 34-21 УНД улсын дугаартай Субару форестер маркийн тээврийн хэрэгсэл О.Нямбаатарын эзэмшлийнх /хх-ийн 30 дахь тал/ боловч эзэмшигч О.Нямбаатар мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлтээр өгсөн “... 34-21 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн ээж болох Н.Жаргалсайханд 2021 онд бэлэглэсэн. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н.Жаргалсайхан болно. 34-21 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлгээр тээврийн хэрэгслийн эзэмшигч О.Нямбаатар нь өөрийн төрсөн эх болох Н.Жаргалсайханаас нэхэмжлэх зүйлгүй болох нь тогтоогдож байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Н.Жаргалсайхан замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар С.Оюунчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Түүний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Н.Жаргалсайхан нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын баримтаар гаргасан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч С.Оюунчимэгийн биед учирсан гэмтэлтэй холбогдуулж цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн гурван төрлийн ялтай байдаг. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Жаргалсайханыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах дүгнэлт гаргаж байна. Хэмжээний хувьд үйлдсэн гэмт хэргийн шинжээс харгалзаж, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг. Хэдийгээр хохирол төлбөрийг барагдуулсан ч гэсэн түүнд торгох ялын доод хэмжээг оногдуулах боломжгүй. Харин 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэх дүгнэлтийг танилцуулсан.
Шүүгдэгч Н.Жаргалсайхан: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, прокурорын өгсөн ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Н.Жаргалсайхан нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх /хх-ийн 88 дахь тал/ ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд Н.Жаргалсайхан нь мал буюу хөрөнгөтэй, тэтгэвэр авдаг орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Жаргалсайханы жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, Н.Жаргалсайхан нь 1337975 дугаартай “B” ангиллын тээврийн хэрэгслийн үнэмлэхтэй болно.
Иймд шүүгдэгч Н.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жигд овогт Намсрайн Жаргалсайханыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жаргалсайханыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жаргалсайхан нь шүүхээс тогтоосон хугацаанд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Н.Жаргалсайхан нь хохирогч С.Оюунчимэгийн эрүүл мэндийн хохиролд баримтаар нэхэмжилсэн 1,654,042 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Золжаргалд баримтаар нэхэмжилсэн 657,910 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Оюун-Эрдэнэд эрүүл мэндийн хохиролд баримтаар нэхэмжилсэн 702,900 төгрөг, авто тээврийн хэрэгслийн хохиролд 9,807,500 төгрөгийг тус тус нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Оюунчимэг нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Жаргалсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН