| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/179 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/179
2023 02 03 2023/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Б.Мөнхтулга,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Год холбогдох 2306 00000 0170 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, уран зохиолын багш мэргэжилтэй, “Ти Эс Ти” ХХК-д туслах ажилтан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Их тойруугийн 56а-53 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Б овогт Дын Г /РД:/.
Хэргийн товч агуулга:
Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнжийн 44/6-26 тоотод иргэн С.Майсүрэнгийн нүүр, толгой, гар, хөл хэсэгт цохих, өшиглөх зэргээр хууль бусаар халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх.01/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Майсүрэнгийн өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр лагерь дээр байхад бид 2 муудалцаад бид 2 тайвшрах гэж дэлгүүрээс 3 шил пиво авсан, буцаж лагерь дээрээ ирээд пиво ууж сууж байгаад дахин маргалдсан. Тэгтэл намайг гадаа боож унагаасан, би тэр үед гуйж байгаад үйлдлийг нь зогсоосон. Тэгээд бид 3 лагериас хот руу орж ирээд Д.Гыг гэрт нь буулгачхаад би хүүхдийн хамт гэртээ ирсэн, тэгтэл шөнө 01 цагийн үед Д.Г гаднаас ганцаараа орж ирээд шууд гараа атгаж байгаад толгой, нүүр лүү олон удаа цохисон, мөн гар хөл, бие рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.07-08/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Баасанжавын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1250 дугаартай:
“1. С.Майсүрэнгийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, шуу, гуянд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх. 12-13/,
Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх.32/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.37-39/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.43/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Гын өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би найз эмэгтэй болох Майсүрэн болон түүний хүүхэд Мичидмаа нарын хамтаар лагерь гарчхаад гэртээ эргэж 21 цагийн үед ирсэн. Бид хоёр тухайн үед лагерь дээр маргалдаад хот руу гарсан юм. Майсүрэн намайг гэрт буулгаад цаашаагаа гэр лүүгээ явсан. Тухайн үед би бага зэргийн согтолттой байсан. Би Майсүрэнгээс уучлалт гуйж, түүнтэй ярилцахаар түүний гэр болох Американ дэнжид очсон. Би Майсүрэнгийн гэр лүү түүний надад өгсөн гэрийн түлхүүрээр хаалганых нь цоожийг онгойлгож ороход Майсүрэн гэртээ ганцаараа байсан байх. Майсүрэн намайг “чи яах гэж ирсэн юм, зайл, яв” гэхээр нь би Майсүрэнгээс “хоёулаа ярилцмаар байна” гэсэн. Майсүрэн намайг ерөөсөө тоохгүй хөөгөөд байхаар нь би ууртаа Майсүрэнг зодсон. Гэнэт уур хүрээд би Майсүрэнг хэд хэдэн удаа цохиж байсан, яг хаана нь яаж цохисон талаараа мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.44/,
Хохирогчийн хохирол төлбөрийн баримт /хх.47/,
Хохирол төлсөн баримт /хх.48, 51/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн хүсэлт /хх.60/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт /хх.61/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.63-64/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх.34/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.28-29, 34/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.36/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнжийн 44/6-26 тоотод иргэн С.Майсүрэнгийн нүүр, толгой, гар, хөл хэсэгт цохих, өшиглөх зэргээр хууль бусаар халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх.02/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Майсүрэнгийн өгсөн: “... 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр лагерь дээр байхад бид 2 муудалцаад ... дахин маргалдсан. Тэгтэл намайг гадаа боож унагаасан... шөнө 01 цагийн үед Д.Г гаднаас ганцаараа орж ирээд шууд гараа атгаж байгаад толгой, нүүр рүү олон удаа цохисон, мөн гар хол бие рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.07-08/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Баасанжавын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1250 дугаартай:
“1. С.Майсүрэнгийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, шуу, гуянд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо..
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх. 12-13/,
Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх.32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Гын өгсөн: “... Майсүрэн намайг ерөөсөө тоохгүй хөөгөөд байхаар нь би ууртаа Майсүрэнг зодсон. Гэнэт уур хүрээд би Майсүрэнг хэд хэдэн удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх.44/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч С.Майсүрэнгийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхи, шуу, гуянд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч С.Майсүрэнгийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Г гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.
Д.Г нь иргэн С.Майсүрэнгийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч Д.Гыг гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Майсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Хохирогч С.Майсүрэн нь “нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй” гэсэн, шүүгдэгч Д.Г нь эмчилгээний зардалд 2.117.150 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Д.Г гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Д.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, яллагдагч тус саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Год эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Д.Год оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Д.Год урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Год 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Год оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Год сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Год урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР