Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2019/00503

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 135/2019/00462/И

  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........... аймаг, ............... сум, ...............  баг, ..............  хэсэг, ........ тоотод оршин суух ..........  овгийн *******- /РД: .............. /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .......... аймаг, ........... сум, .............  баг, ........ хэсэг, ............ тоотод оршин суух .......... овгийн *******- /РД: ...................... /-д холбогдох

 

 “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-, хариуцагч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие *******-тай суугаад 9 жил болж байна, бидний дундаас 2 хүүхэд гарсан. Би олон жил энэ хүнийг харж үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж явсан. Сүүлдээ даамжирч сая цагдаад хандсан, би тэсэж тэвчихээ байгаад эцсийн арга хэмжээгээ авч аргаа барсандаа салахаар шийдэж цагдаад өгсөн. Олон удаа ахиж ингэхгүй гэж би уучилсан. *******-ыг төрөхөд *******- хөдөө явсан байсан учраас би хүүгээ өөрийн нэрээр овголсон, *******- ааваараа овголдог, *******- нь өмнө өөр хүнтэй гэр бүл болсон байсан, хаяг нь шилжиж ирээгүй байсан учраас би өөрийн нэрээр овголсон. 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүү Д-гийн А-, 2013 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хүү Д-гийн Ч-, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Н-ын О- нар төрсөн, одоо би 2 хүүхдээ өөрийн асрамжид авч *******-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулна.” гэжээ.

 

            Хариуцагч *******- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, манай хүн ажил хийдэггүй болохоор хүүхдүүддээ санаа зовж байна, би ахиж архи дарс уухгүй, гэр бүлдээ анхаарал халамж тавьж амьдарна.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******-т холбогдуулан 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү *******-, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин *******-нарын асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргасан бол Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд охин *******-ийг эцэг *******-аар овоглосон тул хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.

Харин Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй тул 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү *******-ыг эх *******-гаар овоглон, Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д ...Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ... мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т ...Хүүхэд эцгийн нэрийг авна..., мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ...Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эх хамтарч өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно... гэж зааснаар Иргэний гэр бүлийн байдлын төрсний бүртгэлд эцэг *******-аар овоглон төрсний гэрчилгээ аваагүй тул шүүхийн журмаар эцэг тогтоох бөгөөд хариуцагч *******- нь 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү *******-ын биологийн эцэг мөн эсэх талаар маргаагүй тул *******-ыг *******-ын эцэг мөн болохыг тогтоох нь зүйтэй.

            Зохигчид 2012 оноос танилцаж, хамтын амьдралтай байснаас тэдний дундаас 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү *******-, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин *******-нар төрсөн талаар талууд маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******- нь архи ууж, агсам согтуу тавьж, удаа дараа миний болон хүүхдүүдийн эрх чөлөөнд халдаж, зодож байсан... гэж тайлбарлаж байна.

Энэ нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар шийтгэврээр *******-ыг насанд хүрээгүй хохирогч болох *******-, *******-нарыг зодсон зөрчил үйлдсэн гэж үзэж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан, тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаар шийтгэврээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон дахин зөрчил гаргаж, өмнө үйлдсэн зөрчлийн хор уршгийн шинж чанарыг ухамсарлахгүй байгаа байдлыг харгалзан Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан зэргээр тогтоогдож байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д зааснаар хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх нь эцэг, эхийн үүрэг бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ гэснээр 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү *******-, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин *******-нарыг эх *******-гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

*******-, *******-нарыг эх *******-гийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа  нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн  болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг *******-, эх *******- нар тусдаа амьдарч байгаа явдал нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж хуульчилснаар хүү *******-, *******-нарт эцэг *******-аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн  хөрөнгийг  улсын тэмдэгтийн хураамж гэнэ, улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно, тогтмол хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч *******- нь тус шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1859 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 50,873 төгрөг тус тус гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү *******-ын эцэг Б овгийн *******- /РД: ............./ болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү *******-, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин *******-нарыг эх *******-гийн асрамжид үлдээсүгэй.

 

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү *******-, 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин *******-нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд   тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-аас сар болгон тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 121,073 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУНДАРЬ