Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/223

 

 

 

 

 

 

2023         02          13                                        2023/ШЦТ/223

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Т.Эрдэнэтөр,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Аод холбогдох 2206 04394 0117 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1999 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 1 дүгээр байрын 3 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Цовогт Эын А /РД:/.

 

Хэргийн товч агуулга:

Э.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Уянга” зочид буудалд иргэн С.Мөнх-Үйлстэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний гэдэс рүү 2 удаа, нүүрэн тус газарт 1 удаа тус тус цохиж, өвдөглөх зэргээр, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх.08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнх-Үйлсийн өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” нэртэй зочид буудлын 2 давхарт байрлах тоотыг санахгүй байна, 2 ортой өрөөнд найз Тэмүүлэн, Золоог Тэмүүлэнгийн найз гэж танилцуулсан А, бас нэг залуу бид дөрвүүлээ 20 цаг 30 минутын орчимд орсон. Буудалд орохын өмнө бид 3 нэг том пиво хувааж уучхаад, зочид буудалд ороод 0.75 литртэй хараа архи хувааж ууцгаасан. Би нэг дүүтэйгээ утсаар яриад “ахыгаа ирээд ав” гэж ярьж байтал А над руу “чи дүүгээ авч ирж зодуулах гээд байна уу” гээд хэрүүл өдөөд, бид 2 хоорондоо маргалдаад, ариун цэврийн өрөө лүү орсон. Ариун цэврийн өрөөнд орсноо А нь шууд миний гэдэс рүү гараараа 2 удаа цохиод авахаар нь “би явлаа” гээд ариун цэврийн өрөөнөөс гарах гэтэл араас татаад намайг эргээд харах үед нүүр лүү гараараа цохисон юм уу, юугаар цохисон юм бүү мэд манартал цохисон. Нэг мэдсэн нүүрнээс цус гараад би явах гэтэл “цусаа цэвэрлэж байж яв” гээд явуулахгүй байхаар нь би цусаа цэвэрлэчхээд тэндээс гараад зугтаагаад явсан. Надад учирсан гэмтлийг тэр өдөр танилцаад намайг зодсон А гэх залуу учруулсан. Тэр хүнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.14-15, 17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Тэмүүлэнгийн өгсөн: “... Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уянга” зочид буудалд орсон. Буудалд ороод архи ууж байгаад дүү А, Үйлсээ гэх хоёр залуу 00-руу ороод зодолдоод гарч ирсэн, юунаас болоод зодолдсон талаар мэдэхгүй байна. Дүү А Үйлсээг нэг хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11552 дугаартай:

“1. С.Мөнх-Үйлсийн биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.25-26/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.46-47/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Аын өгсөн: “... Мөнх-Үйлс худлаа яриад байхаар нь маргалдаад баруун гараараа Мөнх-Үйлсийн нүүрэн хэсэгт 2 удаа цохиод, баруун хөлөөрөө өвдөглөтөл түүний зүүн талын хөмсөг хэсгээс цус гарч байсан. Миний хувьд өөрийн буруутай үйлдлээ зөвшөөрч байгаа С.Мөнх-Үйлсэд учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.50-51/,

Хохирогчийн хохирол төлбөрийн баримт /хх.56/,

Хохирол төлсөн баримт /хх.57/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.29/,

Шүүгдэгч Э.Аын иргэний үнэмлэхийн хуулбар /хх.30/,

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.31-44/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Э.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Уянга” зочид буудалд иргэн С.Мөнх-Үйлстэй тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний гэдэс рүү 2 удаа, нүүрэн тус газарт 1 удаа тус тус цохиж, өвдөглөх зэргээр, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хх.08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнх-Үйлсийн өгсөн: “... А нь шууд миний гэдэс рүү гараараа 2 удаа цохиод авахаар нь “би явлаа” гээд ариун цэврийн өрөөнөөс гарах гэтэл араас татаад намайг эргээд харах үед нүүр лүү гараараа цохисон юм уу, юугаар цохисон юм бүү мэд манартал цохисон. Нэг мэдсэн нүүрнээс цус гараад ...” гэх мэдүүлэг /хх.14-15, 17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Тэмүүлэнгийн өгсөн: “... А, Үйлсээ гэх хоёр залуу 00-руу ороод зодолдоод гарч ирсэн... Дуү А Үйлсээг нэг хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.19/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11552 дугаартай:

“1. С.Мөнх-Үйлсийн биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Аын өгсөн: “... Мөнх-Үйлс худлаа яриад байхаар нь маргалдаад баруун гараараа Мөнх-Үйлсийн нүүрэн хэсэгт 2 удаа цохиод, баруун хөлөөрөө өвдөглөтөл түүний зүүн талын хөмсөг хэсгээс цус гарч байсан. Миний хувьд өөрийн буруутай үйлдлээ зөвшөөрч байгаа С.Мөнх-Үйлсэд учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх.50-51/,

Хохирогчийн хохирол төлбөрийн баримт /хх.56/,

Хохирол төлсөн баримт /хх.57/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Аын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч С.Мөнх-Үйлсийн биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “биед зүүн хөмсөгт шарх” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.А нь хохирогч С.Майсүрэнгийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангасан байна.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Э.А нь иргэн С.Мөнх-Үйлсийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.Аын гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Мөнх-Үйлсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Э.А хохиролд 200.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч С.Мөнх-Үйлс нь “цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар өгсөн байх тул шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Э.А гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Э.Аын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Аод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Э.Аод оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Э.Аод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Цовогт Эын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аод 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Аод сануулсугай.

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Аод урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР