| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2019/00471/И |
| Дугаар | 135/ШШ2019/00504 |
| Огноо | 2019-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2019/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2019/00471/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... аймаг, .......... сум, ........... баг, ....... хороолол, ......... тоотод оршин суух ........ овгийн *******- /РД: ............... /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ аймаг, .......... сум, ....... баг, ........ гудамж, .... тоотод оршин суух ........ овгийн *******- /РД: ................ /-д холбогдох
“4,095,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...*******- нь *******-ээс өөрийнхөө хүсэлтээр 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны данс руу шилжүүлж зээлж авсан. Үүний дагуу хэргийн материалд байгаа данснаас харахад *******-*******- рүү 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгийг зээл гээд шилжүүлсэн. 7 хонуулаад өгнө гэж хэлээд зээлж авсан. Гэтэл 7 биш нэг сар гаруй болсон. Ингээд өгөхгүй болохоор нь *******-албан ёсоор гэрээ хийе гээд гэрээ хийсэн. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл *******- зүгээр хэрэглэж байсан. 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 хувийн хүүтэйгээр 7 хоногийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээний 3.4-р зүйлд хэрвээ хугацаандаа өгөхгүй бол хоног тутмын 0,5 хувийн алданги тооцно гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн. Үүний дагуу хүү 150.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны алдангийг хоногийн 0.5 хувиар тооцож алданги шаардахад нийт 4.095.000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэгч Г- шүүхэд дуугүй байж байгаад гэнэт хандаагүй. *******-тэй би зөндөө уулзсан. Уулзахад 5 хоноод өгнө, 10 хоноод өгнө гэдэг. Өөрөө төлж чадахгүй гэдгээ мэдсээр байж намайг залилж миний мөнгийг авсан. Би өөрөө наймаа арилжаа хийдэг, өөрөө зээл авдаг итгээд өгсөн чинь одоо өөрөө хохироод явж байна гэсэн. Тийм учраас хуульд зааснаар үндсэн мөнгө 3.000.000 төгрөг, хүү 150.000 төгрөг, алданги 945.000 төгрөг нийт 4.095.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлээ дэмжиж байна.” гэжээ.
Хариуцагч *******- шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...*******-ээс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3.000.000 төгрөгийг зээлж авсан. Би зээл хөөцөлдсөн боловч зээл маань бүтэлгүйтээд өгч чадаагүй. Аав маань тэтгэврийн зээлтэй өнгөрчихсөн чинь тэр нь бас над дээр ирчихсэн. Он гараад миний бүх дансыг хаачихсан. Тийм учраас энэ мөнгийг нь өгөх боломжгүй болчихоод байна. 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 300.000 төгрөгийг дансаар нь өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Үндсэн мөнгө 3.000.000 төгрөг, хүү 150.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Алданги 945.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа. Үндсэн төлбөрөө төлж чадахгүй байгаа учраас төлөх боломжгүй болчихоод байна.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-нь хариуцагч *******-ээс 4,095,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******-...Үндсэн мөнгө 3,000,000 төгрөг, хүү 150,000 төгрөг, алданги 945,000 төгрөг, нийт 4,095,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж, хариуцагч *******- ...Үндсэн мөнгө 3,000,000 төгрөг, хүү 150,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Үндсэн төлбөрөө төлж чадахгүй байгаа учраас алданги 945,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй... гэж маргаж байна.
2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч *******-нь өөрийн эзэмшлийн 5109056794 тоот данснаас хариуцагч *******-ийн 5055074370 тоот дансанд 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хэргийн 7 дугаар хуудас/
Дээрх 3,000,000 төгрөгийг хариуцагч *******- тохирсон хугацаанд буцаан төлөөгүй тул талууд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээг нөхөн байгуулсныг хариуцагч *******- хүлээн зөвшөөрч байгаа, энэ талаар маргаагүй.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүрэг бүхий зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх учиртай.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэснээр талууд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний 3.3-д зээлийн гэрээний хугацаанд 5%-ийн хүүтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тал нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр болох анзыг хэрэглэхээр талуудын байгуулсан гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тус тус тохиролцжээ.
Хариуцагч *******-ийн үүрэг гүйцэтгэх хугацаа гэрээнд зааснаар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, гэрээний хугацаанд төлөх хүү 150,000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэн нийт 51 хоногт 0,5%-иар алданги тооцоход 765,000 төгрөг байна.
Нэхэмжлэгч *******-ийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөгөөс хариуцагч *******- нь зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөгийг буцаан төлсөн /хэргийн 9 дүгээр хуудас/-ийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...14 хоногийн хүү... гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байх тул хариуцагч *******-ийн 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр *******-ийн эзэмшлийн 5109056794 тоот дансанд төлсөн 300,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй.
Иймд хариуцагч *******-ээс нийт 3,615,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож, 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 80,470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 3,615,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 72,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч *******-ээс 3,615,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгож, 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд урьдчилан төлсөн 80,470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-ээс улсын тэмдэгтийн хураамжид 72,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ