| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/05 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Г.Баясгалан,
шүүгдэгч Ц.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Цэрэндоржийн Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2307000000026 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэст нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 1 дүгээр байрны 67 тоотод оршин суудаг, Боржигон овогт Цэрэндоржийн Батхүү /РД:МЗ87051518/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Батхүү нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн орчим Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 67 тоотод өөрийн гэртээ хадам дүү Б.Мөнхбаяртай “захисан зүйл авчралгүй нүүр лүү мөнгө шидлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа алгадан, хавсарч өшиглөн газарт унаган халдаж, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч Ц.Батхүү нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн орчим Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 67 тоотод өөрийн гэртээ хадам дүү Б.Мөнхбаяртай “захисан зүйл авчралгүй нүүр лүү мөнгө шидлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2 удаа алгадан, хавсарч өшиглөн газарт унаган халдаж, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батхүүгийн өгсөн “...Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт дурдагдсан зүйлс үнэн зөв. Нэмж хэлэхэд миний бие эхнэр Сүнжидмаатай 7 дахь жилдээ хамт амьдарч байгаа. Ам бүл тавуулаа. Эхнэрийн дүү Мөнхбаяртай өмнө нь ямар нэгэн байдлаар маргалдаж зөрчилдөж үзээгүй. Тэр үед аль аль нь гэнэтийн байдлаар цочирдож хүлээж авснаас ийм зүйл болсон. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Монгол Улсын хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна.” гэв.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтууд болон дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тодруулбал:
- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхбаярын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 17 цагийн үед Багахангай дүүргийн 1-р хороо, 1-р байрны 67 тоотод байдаг хүргэн ах Батхүүгийн гэрт очсон. Тухайн үед хүргэн ах, манай эгч Сүнжидмаа, 3 хүүхдийн хамт гэртээ байсан. Хүргэн ах Батхүү утсаа ярьж дуусаад “манай ажлын хоёр хүн гэрт орж ирнэ гэнэ” гэж хэлээд түрийвчнээсээ бэлэн мөнгө гаргаж надад өгсөн. Тэгээд “1 шил архи, ус, ундаа аваад ир” гээд намайг явуулсан. Дэлгүүр ороод ус, ундаа аваад архи авах гэсэн чинь худалдагч нь архи зардаггүй өдөр гэсэн. Тэгээд би авсан юмаа хүргэн ах Батхүүд өгсөн чинь “өө архи авчихгүй яасан юм” гэхээр нь “байхгүй байна” гээд хэлсэн чинь хүргэн ах уурлаад “аргалаад авчихгүй яасан юм” гэсэн. Тэгэхээр нь би урдаас нь уурлаад дэлгүүрээс ус, ундаа аваад үлдсэн мөнгийг нь хүргэн ахын нүүр рүү шидээд түүнийг түлхсэн. Тэгтэл хүргэн ах уурлаад “хүмүүсийн хажууд намайг эвгүй байдалд орууллаа” гээд намайг заамдаад авахаар нь би урдаас нь баруун гараараа заамдаад авсан чинь хүргэн ах уурлаад “чи яахаараа намайг түлхдэг юм” гээд намайг заамдаад жижиг өрөө рүү орсон. Тэгээд миний баруун нүд рүү зүүн гараараа 2 удаа алгадаад авахаар нь би зүүн гараараа 2 удаа цохисон ба эгч гал тогооноос гарч ирээд салгах гэсэн. Тэр үед хүргэн ах Ц.Батхүү намайг зүүн хөлөөрөө хавсарч газарт унагасан. Би газарт унахдаа баруун нүд хэсгээрээ шал мөргөөд унасан ба босоод ирсэн чинь хамраас цус гарчихсан байxaap нь би уурлаад гэрээс нь гарсан. Тэгээд Бумцэнд ахынд ороод “хүргэн ах намайг зодчихлоо” гээд хэлсэн чинь Бумцэнд ах намайг дагуулаад дүүргийн Эрүүл мэндийн эмнэлэг орсон. Одоо миний зүүн нүд зүгээр, надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Бумцэндийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цагийн гэртээ амарч байсан чинь хүн хаалга нүдсэн. Онгойлгосон чинь Б.Мөнхбаяр байсан ба гэрт орж ирээд уйлаад байсан. Тэгээд яасан гээд асуусан чинь “хүргэн ах Батхүү намайг зодчихлоо” гээд хэлсэн. Би “хаана чинь цохисон юм” гээд асуухад “баруун нүд рүү” гээд харуулсан. Тэгэхээр нь би хоёулаа явж эмнэлэгт үзүүлье гээд дагуулаад Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд очоод үзүүлсэн чинь цагдаа нар ирсэн. Баруун нүд хэсэгт нь улаан туяа суучихсан, хамраас нь цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09 дэх тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сүнжидмаагийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ гэр бүлийн хамт байж байтал 17 цагийн үед манай төрсөн дүү Б.Мөнхбаяр ганцаараа манай гэрт орж ирсэн. Манай нөхөр Ц.Батхүү нь дүү Мөнхбаярт мөнгө өгөөд дэлгүүр явуулсан. Би гал тогоондоо хоол хийх гээд байж байтал манай нөхөр Батхүү, төрсөн дүү Б.Мөнхбаяр хоёр муудалцаад жижиг өрөө рүү орсон. Тэгэхээр би хийж байсан хоолоо болиод араас нь яваад орсон чинь хоорондоо барьцалдаж авчихсан байсан. Тэгээд би “боль” гээд хэлсэн чинь манай нөхөр Батхүү нь дүү Б.Мөнхбаярын хөл рүү нь хавсарсан ба дүү газарт унахаар нь би “боль” гээд нөхрийгөө бариад авсан. Тэгтэл манай дүү босч ирэхэд нь хамраас нь цус гарчихсан байсан ба уурлаад “писдаа” гээд манай гэрээс гараад явсан. Хажууд өөр хүн байгаагүй, гэрт байсан хүмүүс том өрөөнд сууж байсан, хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №30 дугаартай:
1. Баянбаатарын Мөнхбаярын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4. Гэмтэл учирсан гэх цаг хугацаатай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Батхүү нь хохирогч Б.Мөнхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Р.Ням-Осорын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №30 дугаартай: “Баянбаатарын Мөнхбаярын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Гэмтэл учирсан гэх цаг хугацаатай тохирч байна.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ц.Батхүү нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Ц.Батхүү нь хохирогч Б.Мөнхбаяртай маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохиж, өшиглөн хавсарч газарт унаган эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Ц.Батхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
1.4. Хохирол, хор уршиг.
Хохирогч нь шүүгдэгчээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Ц.Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ба баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмтхэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаас бусад төрлийн буюу нийтэд тустай ажил хийх болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад учруулсан хохирол, хор уршиг, түүний хувийн байдалд илтэд тохирохгүй, түүний эрх зүйн байдлыг хэт дордуулж болзошгүй гэж үзэж дээрх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг прокурорын хяналтын шатанд яллагдагчтай тохиролцож, хэрэгт хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн болно. Иймд урьд гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ нь хуульд заасан шударга ёсны болон, гэм буруугийн зарчимд тус тус нийцсэн байх тул урьд гаргасан дүгнэлтээ дэмжиж байна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялыг тохирсон. Энэхүү саналыг гаргаж 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын саналтай байна.....” гэж дүгнэлтийг танилцуулсан.
Шүүгдэгч Ц.Батхүү нь торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Ц.Батхүү нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх /хх-ийн 51 дэх тал/ ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх журмаар шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр санал болгосныг шүүгдэгч Ц.Батхүү хүлээн зөвшөөрсөн бөгөөд Ц.Батхүү нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдалд нь торгуулийн хэмжээ тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Батхүүд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Ц.Батхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Батхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батхүүг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батхүү нь шүүхээс оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батхүү нь оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Батхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд талууд, оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Батхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН