Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2019/00157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 1 дүгээр баг, 0 тоотод оршин суух, Н.Д-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Улаанбаатар хотын *** дүүрэг, 29 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Х.Б-т холбогдох

хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Д, гэрч Э.Г, Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Дшүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2007 оны 07 дугаар сард Х.Биас одоогийн Есөнбулаг сумын Оргил багийн *** хороололд байрлах байшинг амаар тохиролцож 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Гэтэл Х.Бь нь өнөөдрийг хүртэл гэрчилгээг нь манай нэр дээр шилжүүлж өгөөгүй бөгөөд уг байшинг одоо өөр хүмүүс эзэмшиж, ашиглаж байгаа болно. Х.Бь болон түүний эхнэр Ш.Э- нар нь 2006 онд Улаанбаатар хотруу шилжсэн бөгөөд энэ байшинд өөр хүн орсон, эзэмшиж байгаа талаар хэлэхэд гэрчилгээ ордерийг нь бүтээж өгнө гэсэн боловч хаяг, утсаа өөрчлөөд хөөцөлдөж өгөөгүй. Утсаар холбогдож мөн уулзаж байшингийн гэрчилгээгээ шилжүүлж авья эсвэл мөнгөө авья гэхэд бүтээж өгнө гэсээр өнөөдрийг хүрч байгаа бөгөөд худалдаж авсан байшинг өөрийн мэдэлд авч чадаагүй хохирч байна. Тухайн үед бичгээр гэрээ байгуулахаас өмнө байшингийн үнэ болох 2.000.000 төгрөгийг авчихаад янз бүрийн шалтгаан тоочиж гэрчилгээг гаргуулж  чадаагүй. Энэ тухай Х.Бь болон бусад хүмүүсийн мэдүүлэг ирэхээр тогтоож болно гэж бодож байна. Х.Бь манайд өөр хүний байшинг худалдсан, эсхүл хүмүүст давхар худалдсан байж болзошгүй байгаа бөгөөд хэлцэл хийсэн боловч үл хөдлөх эд хөрөнгөө манай эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгөөгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй байж 2.000.000 төгрөг авч хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн гэж үзэж байна. Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар болох 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Х.Бь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Иргэн Х.Бь миний бие энэхүү Дгэдэг хүнтэй ямар нэгэн наймаа хийгээгүй ба харин Эрдэнэжавын Галбадрах гэдэг хүнтэй тэр үед өөрийн эзэмшилд байсан ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан 19 м.кв байрыг 800.000 төгрөгөөр зарсан ба 2007 онч  биш 2005 онд зарсан. Учир нь миний бие Говь-Алтай аймгийн Бугат сум, улмаар аймгийн төв болох Есөнбулаг сум зэрэгт жижиг лааны үйлдвэр хувиараа эрхлэн ажиллуулж, бүтээгдэхүүн болох лаагаа Говь-Алтай аймгийн сумууд, Ховд, Завхан, Баянхонгор аймгуудын залгаа сумдад хүрч тарааж борлуулж ажилладаг байсан юм. Гэтэл гэнэт миний бие муудаж, бага зэргийн тархины харвалт өгснөөр байнгын эрчимт эмчилгээ хйилгэх шаардлага гарсан учир Улаанбаатар хотод шилжин ирж, Сонгинохайрхан дүүрэгт суурьшсан юм. Учир иймд өөрийн амьдарч байсан байр сууц, ажлын байр зэргээ худалдан үйлдвэрээ ч хааж, ийнхүү гэр бүлийн хамт Улаанбаатар хотод ирсэн билээ. Гэтэл хоёр жилийн дараагаас Э.Г нөгөө байрны бичиг баримт гэж нэхэж утсаар голдуу шахаж шаардах болсон. Үнэндээ тэр байр ямар ч бичиг баримт байхгүй, би мөн л ам тохироогоор авч эзэмшиж байсан юм. Гэтэл иргэн Э.Г манай гэр бүлийн хүн болох Ш.Э-тэй гудамжид тааралдаж, элдвээр доромжлоод зогсохгүй, биед нь хүрч танхайрсан ба улмаар хоёр хоногийн дараа манай гэрт ирж, ална тална, хараал хийлгэж үхүүлнэ энээ тэрээ болж дарамталснаар эхнэр Ш.Э-гээс 500.000 төгрөгийг бэлнээр аваад явсан байх ба манай эхнэр Ш.Э-д хандан одоо та цагдаа энээ тэрээ гээд яахав намайг уучилчих, энэ мөнгө төгрөгийн асуудлыг ч гэсэн ингээд орхиж эцэс болгоё гэж хэлснээр манай эхнэр Ш.Э- ч за яахав нэгдүгээрт: нутаг, усаа бодолцьё, хоёрдугаарт өөрийн шавь байсан танай хүүг ч бодьё чамтай хэрэг зарга үүсгээд яахав гэж тохироод явуулсан юм билээ. Тэгээд нэг хэсэг чимээгүй болсон байсан ба саяхнаас иргэн Э.Г биш түүний эхнэр гэгдэх энэхүү Н.Дгэгч хүн гарч ирээд ахин мөнгө төгрөг нэхэж утсаар эхнэр Ш.Э-г маань элдвээр доромжлох болсон юм. Мийний бие ч ахин муудаж хоёр дахь удаагаа харвалт өгснөөр унадаг татдаг болсноор мартаж, самуурах зэрэг зовиур нэмэгдэж, хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан зэрэг зовиуртайн дээр элэгний хорт хавдар гэдэг өвчнөөр өвчилж, азаар сайн эмч нарын ачаар хагарч тархахаас нь өмнө илрүүлэн, мэс заслын аргаар авснаар одоохондоо нэг амьдшуухан явж байна. Харвалтын тухайд бүрэн эдгэрнэ гэдэг асуудал хомс учир группд долоо найман жил болж, эхнэр Ш.Э-гийн байнгын асаргаанд байдаг болсон. Энэ бүхнээ нээрээл нөгөө дээр хэлсэн Э.Гын хараал энээ тэрээ юм нь болсон юм байхдаа гэж бодсоор явдаг болсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Днь хариуцагч Х.Бьт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “...2007 оны 07 дугаар сард Х.Биас одоогийн Есөнбулаг сумын Оргил багийн *** хороололд байрлах байшинг амаар тохиролцож 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед бичгээр гэрээ байгуулахаас өмнө байшингийн үнэ болох 2.000.000 төгрөгийг авчихаад янз бүрийн шалтгаан тоочиж гэрчилгээг гаргуулж  чадаагүй. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж, хариуцагч нь “...Иргэн Х.Бь миний бие энэхүү Дгэдэг хүнтэй ямар нэгэн наймаа хийгээгүй ба харин ***ын *** гэдэг хүнтэй тэр үед өөрийн эзэмшилд байсан ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан 19 м.кв байрыг 800.000 төгрөгөөр зарсан ба 2007 онч  биш 2005 онд зарсан...” гэж маргаж байна.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлах үл хөдлөх хөрөнгийг Э.Г нь худалдан авахаар харилцан тохиролцож, хариуцагчид үнийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

Харин уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар харилцан тохиролцож шилжүүлсэн мөнгөн дүнгийн хувьд нэхэмжлэгч 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч 800.000 төгрөгөөр зарсан гэж харилцан зөрүүтэй тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд гэрч Э.Гын “...*** тэр байшинг зарах гээд 2005 оны хавраас эхлээд аймгийн захаар зарлуулсан. Тэр үед аваагүй. 2006 онд зах дээр явж байхад намайг дуудаад машин дотор халуун савтай цай тавьчихсан сууж байсан. Ах нь байраа зарж чадаагүй гээд байшингийн үнийг нэлээд буулгасан байсан. 3.500.000 төгрөгөөр зарна гэж байсан. Манайд 2.000.000 төгрөгийг боломж байгаа гээд надтай наймаа хийхээр болоод манай гэрт ирж мөнгөө тоолж аваад цай хоол идээд намайг дагуулж Хаан банкны үүдэн дээр ирж ах нь данс руугаа мөнгөө хийчихээд ирье гэсэн...” гэх, гэрч Ц.Д-ийн “...Манайх энэ айлтай нэг хашаанд олон жил амьдарч байгаа. Машинтай хүн ирсэн байхаар нь ороход хоол цай болчихсон танихгүй хүн сууж байсан. Энэ дүүгээсээ юу болж байна гэхэд ажил хийх зориулалтаар байшин авч байна. Тэгээд энэ хүнтэй тооцоо хийж байна гээд сууж байсан. Мөнгө нь бэлэн байсан. 2.000.000 төгрөгөөр авч байгаа гээд бэлэн байсан. Мөнгийг нь харсан…” гэх мэдүүлэгээр нэхэмжлэгчийн 2.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэх тайлбар нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Бь нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй буюу уг байраа 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр зарсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ..., 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно... гэж тус тус заасан байх тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах нь гэрээ нь заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагатай байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна... гэж зааснаар талуудын хооронд амаар байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт ...Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй... гэж заасны дагуу  нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн байрны үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 Мөн уг нэхэмжлэлийг Х.Бьтай хэлцэл хийсэн этгээд болох Э.Гын эхнэр Н.Дгаргасан бөгөөд хариуцагчийн “...иргэн Х.Бь миний бие энэхүү Дгэдэг хүнтэй ямар нэгэн наймаа хийгээгүй...” гэх тайлбарын тухайд Галбадрах, Днар нь тухайн үед болон одоо ч хамтын амьдралтай /тайлбараар нэг гэр бүл гэдэг/ болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба Э.Г, хариуцагч Х.Бь нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт сонирхогч этгээд...гэсэн буюу эрх зүйн ойлголтоор бол эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй гэсний дагуу Э.Гын гэр бүлийн хүн болох Н.Днь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй байна

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа байрны үнэ 2.000.000 төгрөгнөөс 600.000 төгрөгийг хариуцагч Х.Биас авсан талаар тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс 600.000 төгрөгийг хасч, 1.400.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Биас 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн 88128820 дугаарын утас руу холбогдож мэдэгдэхэд “...Бугат сумын эмнэлэгт байна, босож чадахгүй байгаа тул очиж чадахгүй...” гэж тайлбарыг ирүүлсэн байх нэхэмжлэгч тал хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5 дахь зааснаар хариуцагч Х.Б-иас байрны үнэнд өгсөн 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д-д олгож, нэхэмжлэлээс 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Биас 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай..                       

                        

 

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН