Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002087 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хоёр дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 3-12б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:***/,

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 6.14 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял дээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 193 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр нийт 3 жилийн хугацаагаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/942 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар, 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” центрийн 5 давхарт байрлах оффисын өрөөнөөс хохирогч ***ийн эзэмшлийн 8.958.000 төгрөгийн үнэ бүхий монетон сүйн 2 ширхэг бөгж, 1 ширхэг энгийн бөгж, хүзүүний зүүлт, хос ээмэг, чулуун бугуйвч зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, *** 2 давхраас хохирогч ***ийн хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 343.405 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** худалдааны төвийн 4 давхарт байрлах *** студиэр үйлчлүүлээд гарахдаа гээгдүүлсэн хохирогч ***н эзэмшлийн Ай фоне 6, Моторола Жи 10 загварын 2 ширхэг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 532.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** 7 давхрын 703 тоот өрөөнөөс хохирогч ***гийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д 575.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “***” дээд сургуулийн 5 дугаар давхарт ажлын өрөөнөөс хохирогч ***ийн эзэмшлийн Разщр маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” төвийн оффисын 15 дугаар давхарт байрлах 1506 тоот өрөөнөөс ***гийн эзэмшлийн “Хуавей п30 лэт” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 408.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “Зургаан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Батбилэг гэдэг хүний компьютерын дэлгэц нь хагархай байсан. 5,000,000 төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр хос ээмэг, хос бөгж, чулуун зүүлт, зэргийг буцаагаад өгсөн. Гинж, кулон хоёрыг улсын үнэлгээгээр авч байгаа гээд 542,000 төгрөг болсон. Тэгсэн үнэлгээ хийхэд 300,000 гаруй төгрөг нэмэгдсэн байсан. Huawei маркийн гар утасны дэлгэц нь хагархай, хүн тоохооргүй гар утас байсан. Тухайн 408,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж мэдүүлсэн.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байх ба дээрх үйлдлийг хохирогч нарт хохирол учруулсан цаг хугацааны дараалал, нотлогдож буй байдлаар тодруулахад:

1. Шүүгдэгч *** нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” төвийн оффисын 15 дугаар давхарт байрлах 1506 тоот өрөөнөөс ***гийн эзэмшлийн Huawei lite p30 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 408.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн *** дугаар хороо *** оффисын 15 давхрын 1506 тоот ажлын өрөөндөө ажлаа хийж байгаад гар утсаа өөрийнхөө ширээн дээрээ тавиад 1506 тоот өрөөнийхөө шилэн хаалттай тасалгаа руу орж гарын үсэг зуруулчхаад гараад ирэхэд миний гар утас алга болчихсон байсан. Би ажлынхаа хүмүүсээс миний гар утсыг харсан эсэх талаар асуухад хамт ажилладаг *** сая нэг танихгүй хүн орж ирээд гараад явсан гэхээр нь би *** төвийн харуул дээр очоод өөрийн өрөөнийхөө гадна талын үүд хэсэг рүү харсан хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 16 цаг 44 минутад саарал малгайтай цамцтай үл таних эрэгтэй хүн миний өрөө рүү ороод 16 цаг 44 минут 59 секундэд буцаад гарч байгаа хяналтын камерын бичлэг байсан. Миний алдсан гар утас Huawei lite p30 загварын цайвар цэнхэр өнгөтэй, эмэгтэй хүний зурагтай гэртэй, дэлгэцийн баруун дээд хэсэгт жижигхэн хагарсан гар утас байсан. Өөр онцлог содон шинж тэмдэг байхгүй. Би гар утсаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Теди худалдааны төвөөс 780.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 37-39 дэх тал),

Дамно ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн БГ1-21-127 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...дэлгэцийн баруун дээд буланд жижиг хагарсан Huawei lite p30 маркийн гар утас-408.000 төгрөг” гэх тайлан (2 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

2. 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “***” дээд сургуулийн 5 дугаар давхарт ажлын өрөөнөөс хохирогч ***тийн эзэмшлийн “Razer” зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ***тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, *** дээд сургууль болох өөрийн ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байсан. Тус өдрийн 15 цагийн үед ойрхон хүнсний дэлгүүр гарах гээд өрөөнөөсөө гарсан бөгөөд ойрхон яваад ирэх юм чинь гэж бодоод өрөөнийхөө хаалгыг цоожлолгүй дэлгүүр гараад буцаад ороод ирэхэд ширээн дээрээ орхисон байсан “Razer” брэндийн нотебүүк маань алга болчихсон байсан. Миний бие тухайн үед нотебүүк маань байхгүй болохоор хамт ажилладаг төрсөн ах ***ыг авчихсан ашиглаж байгаа юм байхдаа гэж бодоод тухайн үед тоогоогүй, өөрөөс нь асуугаагүй. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө нотебүүкийг ашиглах гээд ах ***оос нотебүүкээ асуухад “...Би чиний нотебүүкийг чинь аваагүй. Мэдэхгүй байна” гэж хэлэхээр нь ажлын өрөөнүүдээр хайгаад олдохгүй болохоор нь хяналтын камераа шүүж үзсэн. Тэгтэл 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 15 цаг 50 минутын орчимд гаднаас хар өнгийн саравчтай малгайтай, дотуураа цагаан өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн ултай хар өнгийн пүүзтэй, 25-30 орчим насны гэмээр эрэгтэй хүн орж ирээд өрөөнүүдээр явж байгаад 5 дугаар давхар луу гараад буцаж доошоо буухдаа куртикнийхээ дотор талд ямар нэгэн эд зүйл хийчихсэн байдалтай явж байсан. Миний бодлоор тухайн хүн миний өрөө рүү орж нотебүүкийг маань авсан байх гэж бодож байна. Манай өрөөний дотор тал болон хаалга руу чиглэсэн хяналтын камер байдаггүй. Миний алдсан нотебүүк нь хар өнгөтэй, дэлгэцийн зүүн дээд буланд “240HZ” гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй, дэлгэцийн ард талд “Razer” брэндийн ногоон өнгийн гэрэлтдэг логотой, keyboard буюу товчлуурууд нь олон өнгөөр гэрэлтдэг нотебүүк байсан. Үзүүлэлт нь 20169 оны 15 inch-н I7-9750, RTX 2070, 240 GHZ, 16GB рамтай. Тухайн нотебүүкийг 2019 оны 10 дугаар сард Amazon онлайн дэлгүүрээс 7.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Эвдрэл гэмтэл гэхээр зүйл нотебүүкт маань байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал),

Дүрс бичлэгт үзлэг хийсэн: “...Чингэлтэй дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*** гэх нэртэй сургуулийн гадна талбай руу чиглэсэн хяналтын камерын бичлэг байх ба бичлэгийн баруун дээд буланд цагаан өнгийн бичиглэл бүхий он, сар, өдөр, цаг, минут, секундийн хэмжээс байх бөгөөд дээрх хэмжээс 2022-04-28 15:38:59 секундийг заахад тус сургуулийн урд талаар хар өнгийн куртиктэй, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр өнгийн амны хаалт маск зүүсэн 25-30 орчим насны эрэгтэй хүн хаалгаар орж буй дүрс бичигдсэн байв. Бичлэгийг цааш тоглуулахад 15:53:35 секундэд дээрх эрэгтэй хүн куртикний дотор талд энгэртээ ямар нэгэн хавтгай зүйл хийсэн мэт 2 гараа куртикний халаасандаа хийн ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү алхаж буй дүрс бичигдсэн байв...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 158-159, 160-161 дэх тал),

Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-622/4828 дугаартай: “...Razer загварын notebook-5.000.000 төгрөг...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 162-165 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

3. 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт, *** 2 давхраас хохирогч ***ийн хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 343.405 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт *** сургуулийн *** тоотоос түрүүвчээ алдсан. Хүрэн бор өнгийн арьсан түрүүвч алдсан. Дотор талд нь жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, худалдаа хөгжлийн банкны карт, төрийн банкны карт, хаан банкны алтан карт, 45000 төгрөг зэрэг эд зүйлс алдсан. 300.000 орчим төгрөг алдагдсан. Төрийн банкны картаас 3 удаагийн гүйлгээгээр 70.900 төгрөг гарсан. Хаан банкны картаас 178.550 төгрөг гарсан байсан. ...”Хөх туг” брэндийн хүрэн бор өнгийн том хавтастай 2021 оны 3 дугаар сард Улаанбаатар их дэлгүүрээс 200.000 төгрөгөөр авч байсан түрийвч. Түрийвч дотор Хаан банк, Төрийн банкнуудын карт байсан. Уг картууд чиптэй код нэхдэггүй шууд уншдаг карт байсан. Миний Хаан банкны картнас 178550 төгрөг, Төрийн банкнаас 70.900 төгрөг нийт гарсан байсан. Хэтэвч дотор бэлнээр 58.000 төгрөг байсан. Нийт алдагдсан мөнгө нь 307.405 төгрөг байна. Хэтэвчээ 100.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 195-196, 197-199 дэх тал),

Дамно ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БЗ1-22-1276 дугаартай: “...Түрүүвч-36.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 202-203 дахь тал),

Дансны хуулганууд (1 дэх хавтаст хэргийн 204, 205 дахь тал),

Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Баянзүрх дүүргээр тэнэж явж байгаад л хувийн сургууль руу ороод 2 бил үү 3 давхар луу ороход онгорхой, дотор нь хүнгүй анги байхаар нь ороход ширээний нүдэнд онгорхой цүнх байхаар нь харахад нэг түрүүвч байхаар нь түрүүвчийг нь аваад гарсан. Тэгээд түрүүвчинд байсан картаар чипээр нь уншуулаад архи аваад уусан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 214 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

4. 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, ***” 7 давхрын 703 тоот өрөөнөөс хохирогч ***гийн Самсунг А52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ***д 575.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 14-ний орой 16:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр “***”-ийн 7 давхрын 703 тоотод өрөөнд ажлаа хийж байгаад ажлынхаа хүнтэй гадагшаа гарахдаа өрөөндөө Самсунг А-52 загварын гар утсаа ширээн дээр үлдээгээд өрөөгөө онгорхой орхиод гарчихсан юм. Тэгээд ажлынхаа хүнтэй шатаар доошоо буугаад ажлынхаа хүнийг явуулчхаад буцаад өрөөндөө ороод иртэл гар утас маань байхгүй болохоор нь хяналтын камер шүүж үзэхэд 16 цаг 50 минутын үед нэг танихгүй эрэгтэй манайд ороод гар утас хулгайлж байгаа бичлэг үлдсэн байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би гар утсаа 1.800.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 229 дэх тал),

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өглөө 09 цагт манай ах *** над руу хорих 461-р ангиас залгаад А52 гээд утас гэрт номын санд байгаа тэр утсыг аваад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар аваачаад Эрүүгийн мөрдөгч ***д гээд мөрдөгчид өгчих гэж хэлсний дагуу авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 234-235 дахь тал),

Дамно ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ЧД1-22-929 дугаартай: “...Samsung galaxy A52 маркийн гар утас-575.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 236-237 дахь тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 50 минутад хохирогч ***д Цэнхэр өнгийн, Samsung galaxy A52 загварын, шилэн наалт бага зэрэг цуурсан, *** имей дугаартай гар утас хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 245 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 1-7 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

5. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” центрийн 5 давхарт байрлах оффисын өрөөнөөс хохирогч ***ийн эзэмшлийн 8.958.000 төгрөгийн үнэ бүхий монетан сүйн 2 ширхэг бөгж, 1 ширхэг энгийн бөгж, хүзүүний зүүлт, хос ээмэг, чулуун бугуйвч зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 9, 10-13 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 15-20 дахь тал),

Хүний биед үзлэг хийсэн: “...***ын *** нь 164 см өндөртэй, хар өнгийн урт үстэй, биеийн дээд хэсгээр сараал ногоон өнгийн урагдалгүй урд талын баруун хэсэгт kekemar гэх шар өнгийн бичигтэй куртиктэй, куртикний зүүн талын халаасанд хар өнгийн esse гэх бичигтэй тамхины хайрцаг, цэнхэр өнгийн асаагуур, 3 ширхэг diclo-dent 100 гэх бичигтэй эм, шаргал өнгийн бөөрөнхий тус бүр 8 ширхэг гялгар шил мэт зүйл суулгасан цацагтай ээмэгтэй хос ээмэг, ором шаргал өнгийн бөөрөнхий кольцоотой, кольцоог тойрсон 16 ширхэг гялгар шил мэт зүйл суулгасан цацагтай нарны цацраг бүхий дүрстэй бөгж, ором хэсэг нь бөөрөнхий түүний дээр мөнгөлөг өнгийн дөрвөлжин дүрс бүхий гялгар шил мэт зүйл суулгасан 5 ширхэгтэй гоёлтой бөгж, ногоон өнгийн 27 ширхэг чулуу мэт зүйлээр хэлхэж хийсэн гарын бугуйвч байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 21-22, 23-25 дахь тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай: “...*** овогт ***т шаргал өнгийн бөөрөнхий тус бүр 8 ширхэг гялгар шил мэт зүйл суулгасан цацагтай хос ээмэг, ором хэсэг нь шаргал өнгийн бөөрөнхий кольцоотой, кольцоог тойрсон 16 ширхэг гялгар шил мэт зүйл суулгасан цацагтай нарын цацраг бүхий дүрстэй бөгж, ором хэсэг нь бөөрөнхий түүний дээр мөнгөлөг өнгийн дөрвөлжин дүрс бүхий гялгар шил мэт зүйл 5 ширхгийг суулгасан гоёлтой бөгж, ногоон хар өнгийн 27 ширхэг чулуу мэт зүйлээр хэлхэж хийсэн гарын бугуйвчийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал),

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баянгол фүүдс ХХК-ийн захирлаар ажилладаг. Манай оффис хорооллын Өргөө кинотеатрын замын урд талын *** төвийн 5 давхарт байдаг, би өөрөө тухайн офисстоо өрөөнд суудаг. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө 11 цагийн үед ажил дээрээ ирсэн. Өдөр 13 цаг 30 минутын үед манай байгууллагын нягтлан Сэргэлэн өрөөнд орж ирээд ажил яриад гарч явсан. Би гарсных нь дараа өрөөнийхөө хаалгыг хаалгүй үлдээгээд өөрийнхөө суудаг ширээ сандал дээр ээмэг, бөгж, бугуйвч, хүзүүний зүүлтээ тайлж тавиад усанд орохоор ариун цэврийн өрөөн орсон. Нэг их удаагүй 13 цаг 50 минутын орчимд гарч ирээд хувцсаа өмсөөд тайлаад тавьсан эдлэлүүдээ зүүх гэхэд байхгүй байсан ажилчдаасаа асуухад мэдэхгүй гэсэн, тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Зүүн гарт зүүдэг нь сүйн бөгж хэмжээ нь 18 мм, доод талын тал хэсэг нь монет, талаас дээш хэсэг нь цагаан алт, дээр нь 5-6 ширхэг алмаазан шигтгээтэй, дахиад сүйн бөгж байгаа хэмжээ нь мөн адил 18 мм талаас доош хэсэг нь монет, талаас дээш хэсэг нь цагаан алттай, түүний дээр 5 ширхэг алмаазан шигтгээтэй. 2008 онд хосоор нь гадаадад явж байгаад монгол мөнгөөр тухайн үед 13.000.000 төгрөгөөр авч байсан. Баруун гарт байсан бөгж нь бас 18 мм хэмжээтэй танан шигтгээтэй монетон бөгж, дотор талдаа танатай, монетон кулон, монетон зүүлт, танан шигтгээтэй монетон хос ээмэг бөгж ээмэг зүүлт гинж нь 3 хос 2000 онд нийт 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Бас 2010 онд 200.000 төгрөгөөр оюу нэртэй ногоон өнгийн чулуу хэлхэж хийсэн бугуйвч байсан. Нийтдээ 3 ширхэг бөгж нэг зүүлт, нэг бугуйвч, нэг хос ээмэг алдсан. ...Би сүйн бөгжнүүд, кольцо, хос ээмэг, чулуун бугуйвчийг хүлээн авсан байгаа. Одоо би хүзүүний зүүлтийг хүлээн аваагүй бөгөөд тухайн зүүлт нь үнэлгээгээр 868.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41-43, 45 дахь тал),

Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оноос хойш Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Урт цагаан дотор “Алт мөнгөний дархан бэлдэц” цех-д ажиллаж байна. Би өөрсдийн зарах гэж буй алтан мөнгөн эдлэлийг зарах гэж буй хүмүүстээ алт мөнгөн эдлэлийг үнэ тохирч аваад тэр өдрөө авсан алт мөнгөн эдлэлээ хайлуулаад дараагийн шатны хүмүүст худалдаж борлуулж, тухайн өдрийн ашгаа олж авдаг ажил хийдэг. Тухайн өдөр 14 цаг 30 минутын орчимд саарал цамцтай, маск зүүсэн хүнээс 6.2 граммтай монетон шигтгээтэй гинж, цагирган кулоны хамт худалдаж аваад бэлнээр 540.000 төгрөг өгсөн. Орой 17 цагийн үед 9 дүгээр сарын 16-ны өдөр худалдаж авсан бүх алт, мөнгөн эдлэлүүдээ хайлуулаад бэлдэц худалдан авдаг Баярсайхан гэх хүнд худалдан борлуулсан. Одоо тэр гинж нь байхгүй. Хулгайн замаар олсон эд зүйл биш биз дээ гэж асуусан. Тэр залуу миний гинж гэж хэлэхээр нь итгээд авсан. Гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-56 дахь тал),

Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-722 дугаартай шинжээчийн: “...сүйн бөгж-3.700.000 төгрөг, сүйн бөгж-3.700.000 төгрөг, бөгж-280.000 төгрөг, хүзүүний зүүлт-868.000 төгрөг, хос ээмэг-350.000 төгрөг, чулуун бугуйвч-60.000 төгрөг, нийт 8.958.000 төгрөг” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 60-62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.  

Мөн шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** худалдааны төвийн 4 давхарт байрлах *** студиэр үйлчлүүлээд гарахдаа гээгдүүлсэн хохирогч ***н эзэмшлийн Ай фоне 6, Моторола Жи 10 загварын 2 ширхэг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 532.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө Баянгол дүүргийн *** дугаар хороонд байдаг Жи-Молл худалдааны төв дотор 4 давхарт байдаг Жи-Ревер студи дотор 7 цаг өнгөрч очиж дасгал хийж байгаад 09 цаг 10 минутын орчимд гарч явсан. Гэртээ очоод тухайн дасгал хийсэн газраа өөрийн гар утсаа үлдээж мартсанаа мэдээд эргээд очсон боловч студи цоожтой байсан. Буцаж гэртээ очоод фейсбүүкээр холбогдоход өдөр 13 цагаас хойш ресейпшн нь ирнэ гэж хэлсэн. Би 14 цаг гээд яваад очсон чинь студи дээр ресейпшн ирчихсэн байсан. Өөрийн гар утсаа асуусан чинь энд ямар ч гар утас байхгүй байна гэж хэлсэн. Байж болох болон тавьсан газраа хайгаад олоогүй, дасгал хийсэн Ганбат багшаас асуухаар болоод 15 цагийн үед ресейпшнээс асуухад холбогдож чадаагүй гэсэн. 17 цагийн үед дахин залгатал таны гар утсыг хулгайч авсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь очиж хяналтын камер шүүж үзэхэд 12 цаг 01 минутад цэнхэр Десант куртиктэй, махлаг бололтой биетэй богино хөлтэй эрэгтэй студи руу ороод 2 минут орчим болоод гарсан байдаг. Эсрэг талын камерыг шүүхэд студийн тек орчмоор явж байгаа бичлэг, гадна талын камерыг шүүхэд Жим-Моллын төв хаалгаар гарч байгаа бичлэгтэй байсан. Миний гар утас 2014 онд 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан Айфоне-6, 2021 оны 9 сард 480 еврогоор авсан одоо 1.591.680 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 113-114 дэх тал),

Дамно ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн БГ2-21-1071 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...2016 онд худалдан авсан iphone 6 маркийн гар утас-140.000 төгрөг, 2021 онд худалдан авсан Motorolla G10 маркитйн гар утас-392.000 төгрөг, нийт 532.000 төгрөг” гэх тайлан (2 дахь хавтаст хэргийн 133-134 дэх тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 138-140 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэргийн үйл баримтыг тогтоосон хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудтай шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг нийцэж байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, маргаагүй боловч хулгайн эд зүйл болох компьютер, Huawei маркийн гар утас зэргийн дэлгэц хагархай байсан, гинж, кулон хоёр улсын үнэлгээгээр авч байгаа гээд 542.000 төгрөг болсон байхад хэт өндрөөр үнэлсэн байгааг зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагаанд дээрх үнэлгээтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байх ба хэрэгт авагдсан үнэлгээний тайлангуудыг үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий хуулийн этгээд гаргасан тул хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотолгооны ач холбогдол бүхий хохирол хор уршгийг тодорхойлсон нотлох баримт гэж үзнэ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дэх хавтаст хэргийн 46-51, 156-157, 230-231 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 49-52, 118-120 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгөн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хохирогч ***, ***т, ***, ***, ***, гэрч ***, *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь нэр бүхий 5 хохирогчийн эд зүйл болох компьютер, гар утас, түрийвч, ээмэг, бөгж, бугуйвч, зүүлт, бэлэн мөнгө зэргийг хулгайлан авсан, үүний улмаас бусдад нийт 15.284.405 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч *** нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан байгаа нь хууль бус бөгөөд шууд санаатай үйлдэл байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *** нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *** нь 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 5 хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж дүгнэв.   

Иймд шүүгдэгч ***ыг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр: Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** худалдааны төвийн 4 давхарт байрлах *** студиэр үйлчлүүлээд гарахдаа гээгдүүлсэн хохирогч ***н эзэмшлийн Ай фоне 6, Моторола Жи 10 загварын 2 ширхэг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 532.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч ***н мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Шүүгдэгч *** нь олсон эд зүйл буюу Ай фоне 6, Моторола Жи 10 загварын 2 ширхэг гар утсыг захиран зарцуулах эрхгүй, бусдын гээгдүүлсэн эд зүйл, хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ аваагүй, харин амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. 

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 532.000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош төгрөг” гэж зааснаар бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна

Иймд, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч ***ыг “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, мөн “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 101-109 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 148-174 дэх тал) авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдөөгүй болон хувийн байдлын хувьд засарч, хүмүүжээгүй дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2, 2.2 дахь заалтад “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор (480:8=60 хоног) тооцон,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүгдэгч *** нь 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр сэжигтнээр 48 цаг баривчлагдаж, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 89 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***д 408.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн БГ1-21-127 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...дэлгэцийн баруун дээд буланд жижиг хагарсан Huawei lite p30 маркийн гар утас-408.000 төгрөг” гэх,

Хохирогч ***ид 343.405 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БЗ1-22-1276 дугаартай: “...Түрүүвч-36.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, дансны хуулгануудаар,

Хохирогч ***тэд 5.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-622/4828 дугаартай: “...Razzer загварын notebook-5.000.000 төгрөг...” гэх,

Хохирогч ***д 575.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ЧД1-22-929 дугаартай: “...Samsung galaxy A52 маркийн гар утас-575.000 төгрөг” гэх,

Хохирогч ***т 8.958.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-722 дугаартай шинжээчийн: “...сүйн бөгж-3.700.000 төгрөг, сүйн бөгж-3.700.000 төгрөг, бөгж-280.000 төгрөг, хүзүүний зүүлт-868.000 төгрөг, хос ээмэг-350.000 төгрөг, чулуун бугуйвч-60.000 төгрөг, нийт 8.958.000 төгрөг” гэх,

Хохирогч ***д 532.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн БГ2-21-1071 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...2016 онд худалдан авсан iphone 6 маркийн гар утас-140.000 төгрөг, 2021 онд худалдан авсан Motorolla G10 маркийн гар утас-392.000 төгрөг, нийт 532.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагуудын тайлан, дүгнэлтээр тус тус нотлогдсон байна.

Дээрх эд хөрөнгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***ийн хулгайд алдагдсан эд зүйлс болох шаргал өнгийн бөөрөнхий тус бүр 8 ширхэг гялгар шил мэт зүйл суулгасан цацагтай хос ээмэг, ором хэсэг нь шаргал өнгийн бөөрөнхий кольцоотой, кольцоог тойрсон 16 ширхэг гялгар шил мэт зүйл суулгасан цацагтай нарын цацраг бүхий дүрстэй бөгж, ором хэсэг нь бөөрөнхий түүний дээр мөнгөлөг өнгийн дөрвөлжин дүрс бүхий гялгар шил мэт зүйл 5 ширхгийг суулгасан гоёлтой бөгж, ногоон хар өнгийн 27 ширхэг чулуу мэт зүйлээр хэлхэж хийсэн гарын бугуйвч зэрэг 8.090.000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйлсийг ***аас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч ***гийн хулгайд алдсан Samsung galaxy A52 маркийн гар утсыг шүүгдэгчийн төрсөн дүү ***аас хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байна.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож, үлдэх хохирол 7.151.405 төгрөгийг гаргуулж, хохирогч ***т 868.000 төгрөг, ***ид 343.405 төгрөг, ***тэд 5.000.000 төгрөг, ***д 408.000 төгрөг, ***д 532.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэх хууль үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

Тус шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч ***ыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлсэн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн ба, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (дөрвөн зуун ная)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, 60 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 89 (наян ес) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас нийт 7.151.405 төгрөг гаргуулж, хохирогч ***т 868.000 төгрөг, хохирогч ***ид 343.405 төгрөг, хохирогч ***тэд 5.000.000 төгрөг, хохирогч ***д 408.000 төгрөг, хохирогч ***д 532.000 төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч ***д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА