Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205028692351 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүргэн ах, эгч, 2 дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Нисэх, Буянт Ухаа *** байрны *** тоотод эгчийндээ амьдардаг гэх /РД:***/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” бааранд хохирогч ***той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар шар айрагны шилээр толгой тус газарт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь духанд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч М.***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би найз ***, ***, ***, *** нартай уулзаад Баянгол дүүргийн 14 хороо *** нэртэй бааранд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 24 цаг өнгөрч байхад орсон. Бааранд ороод нэг хүний нэг шил пиво захиалаад бүжиглээд байж байхад Зулаа бүжгийн талбай дээр нэг эмэгтэйтэй бүжиглэж байгаад хөлөн дээр нь гишгэсэн гээд маргаж байгаад больсон. Би маргааныг зохицуулаад найзынхаа өмнөөс уучлал гуйсан. Бид нар хэсэг сууж байгаад буцаад бүжгийн талбай дээр бүжиглэж байхад *** нэг охинтой түлхэлцсэн гээд муудалцаад эхэлсэн. Тэр эмэгтэй нь урд нь бас ***тай маргалдсан эмэгтэй байсан. Бид нар дахиад маргалдахаа болиод бүжиглэж байгаа газраа солиод холдоод өөр газар бүжиглэж байхад *** арагшлахад дахиад нөгөө охин байж таараад нөгөө охин эргэж хараад “пиздануудаа яагаад байгаа юм бэ” гээд орилохоор нь би “юу гэнээ” гээд ойртоод “андуураад гишгэсэн гэж байна шүү дээ” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй “чи юу гээд байгаа гичий бэ” гэж хэлэхээр нь би түлхсэн. Тэгсэн *** хойд талд бүжиглэж байгаад нөгөө охин руу дайрах гэхээр нь би дундуур нь ороод тэр хоёр дунд түлхэгдэж яваад ширээн дээр тулаад зогссон. Тэгээд би дээшээ өндийхөд миний толгой юманд цохигдох шиг болоод миний толгойноос цус гарч эхэлсэн. Тэгээд манай хэд цаана маргалдаад байхаар нь би баарнаас гараад цагдаа дуудсан. Намайг ямар учраас цохисон гэдгийг мэдэхгүй. Бие биеэ түлхсэн гэж маргалдсан түүнээс болж намайг цохисон байх. Намайг хэн цохисон гэдгийг би өөрөө мэдэхгүй маргалдсан эмэгтэй *** хоёрыг дунд явж байгаад ширээн дээр тулаад зогссон. Тэгэхээр нь дээшээ өндийх гэхэд л намайг цохих шиг болсон. Эхэндээ би ширээ мөргөчих үү гэж бодсон. Ширээний дээр байсан учраас ширээ мөргөөгүй. Тэгэхээр бид нартай маргалдаад байсан хүн л цохисон байх гэж бодсон. Энэ үйл явдал маш хурдан хугацаанд болсон. Эмчилгээний заралд томографын зураг авхуулсан, эм авч уухад мөнгө зарцуулсан. ...Би толгойн зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Эмчилгээнд 50.000 төгрөг орчим зарцуулсан. Би эмчилгээтэй холбоотой материалыг гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 13 дахь тал),

2. Насанд хүрээгүй гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***ийн хамт явж байхад ***ийн найз гээд нэг охинтой таарсан. Тэр охин нь хүмүүстэй явж байна “***” нэртэй бааранд байна гэж ярьж байгаад ***э бид 2 бааранд орсон. ***э тэр охидуудтай хамт бүжиглээд бид хоёр тус бүр нэг ундаа аваад уугаад суусан. Би бүжгийн талбай дээр гарч бүжиглээгүй, үүдний хэсэгт ширээн дээрээ сууж байсан. ***э нөгөө танил хүмүүстэйгээ л бүжиглээд байгаа бололтой байсан. Би гар утсаа оролдоод сууж байхад гэнэт хөгжим зогсоод гэрэл асах шиг болоод хүмүүс цаана маргалдаад зодолдсон байдалтай байсан. Би ч тоогоогүй байхад ***э над дээр ирээд явъя гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Гэр лүүгээ харихаар явсан. Замдаа явж байхад ***э “сая хүнтэй зодолдсон” гэж хэлсэн. Би зодооны талаар ямар нэгэн юм асуугаагүй надад ч тэр талаар хэлээгүй. ...Баарнаас гараад явж байхад *** хүнтэй зодолдчихлоо хурдан явъя л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

3. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 01 цаг 30 минутад би дүү ***тэй хамт *** баар луу орсон. Орохдоо баарны үүдэнд ***ийн зүс таних нэг тайрмал үстэй эмэгтэй найзтай таараад хамт орсон. Тухайн эмэгтэйн нэрийг нь мэдэхгүй, манай дүү ч гэсэн нэрийг нь мэдэхгүй. Ороод би 3 шил пиво уугаад манай дүү уугаагүй тэр охин бас уугаагүй. Тэгээд ширээн дээр сууж байгаад бүжгийн талбай дээр би ***ийн найзтай хамт бүжиглэж байхад хажуугаас хэдэн охид ***ийн найзыг түлхээд байсан. Тэгж байснаа тэр охид гэнэт юу болсон нь мэдэхгүй ***ийн найзыг үстээд намайг бас нэг линзтэй эмэгтэй үстээд би зөрүүлж үстээд ноцолдоод эхэлсэн. Ноцолдож байгаад тэнд байсан хүмүүс бид нарыг салгаад би цагдаад дуудлага өгчхөөд байж байхад тэр охидууд гэнэт толгой хагалчихлаа гээд орилолдоод эхэлсэн. Тэр охидуудын нэг нь толгойгоо хагалуулсан байсан, өөр хүний биед гэмтэл шарх учраагүй. ***ийн найз нь тухайн охины толгойн тус газар нь цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11462 дугаартай “...***-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

5. Хохирогч ***ос гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримт (хавтаст хэргийн 43 дахь тал),

6. Шүүгдэгч М.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...махлаг эмэгтэй над руу дайраад намайг хэд хэдэн удаа түлхсэн. Намайг түлхэж байхад хажуу талаас бас нэг эмэгтэй цохих гэж дайраад би нөгөө бүдүүн эмэгтэйд түлхэгдээд хойшоо ширээ рүү шахагдаад тулахад миний гарт шил баригдсан. Би тэр шилээр нөгөө бүдүүн эмэгтэйн толгой руу нэг удаа цохисон. Тэгээд маргаан болж байхад нөгөө бүдүүн эмэгтэйн толгойноос нь цус гарахаар нь би Намуунцэцэгийг дагуулаад баарнаас гараад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол нөхөн төлсөн талаарх 3 хуудас Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.***ийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 46 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), эд хөрөнгөгүй тухай албан тоот (хавтаст хэргийн 50 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” бааранд хохирогч ***той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар шар айрагны шилээр толгой тус газарт нь нэг удаа цохиж, хохирогчийн эрүүл мэндэд духанд шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ын “...Нөгөө охин байж таараад нөгөө охин эргэж хараад “пиздануудаа яагаад байгаа юм бэ” гээд орилохоор нь би “юу гэнээ” гээд ойртоод “андуураад гишгэсэн гэж байна шүү дээ” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй “чи юу гээд байгаа гичий бэ” гэж хэлэхээр нь би түлхсэн. Тэгсэн *** хойд талд бүжиглэж байгаад нөгөө охин руу дайрах гэхээр нь би дундуур нь ороод тэр хоёр дунд түлхэгдэж яваад ширээн дээр тулаад зогссон. Тэгээд би дээшээ өндийхөд миний толгой юманд цохигдох шиг болоод миний толгойноос цус гарч эхэлсэн. ...Тэгэхээр бид нартай маргалдаад байсан хүн л цохисон байх гэж бодсон. Энэ үйл явдал маш хурдан хугацаанд болсон. Эмчилгээний заралд томографын зураг авхуулсан, эм авч уухад мөнгө зарцуулсан. ...Би толгойн зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Эмчилгээнд 50.000 төгрөг орчим зарцуулсан. Би эмчилгээтэй холбоотой материалыг гаргаж өгнө...” гэх, насанд хүрээгүй гэрч ***ийн “...Би гар утсаа оролдоод сууж байхад гэнэт хөгжим зогсоод гэрэл асах шиг болоод хүмүүс цаана маргалдаад зодолдсон байдалтай байсан. Би ч тоогоогүй байхад ***э над дээр ирээд явъя гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Гэр лүүгээ харихаар явсан. Замдаа явж байхад ***э “сая хүнтэй зодолдсон” гэж хэлсэн. Би зодооны талаар ямар нэгэн юм асуугаагүй надад ч тэр талаар хэлээгүй. ...Баарнаас гараад явж байхад *** хүнтэй зодолдчихлоо хурдан явъя л гэж хэлсэн...” гэх, гэрч ***ийн “....Тэр охидуудын нэг нь толгойгоо хагалуулсан байсан, өөр хүний биед гэмтэл шарх учраагүй. ***ийн найз нь тухайн охины толгойн тус газар нь цохиж гэмтээсэн...” гэх болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ын биед учирсан духанд шарх бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 11462 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч М.***ийн хохирогчийн толгой руу шар айрагны шилээр цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.***ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Иймд, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний үйлдсэн гэмт хэрэг хөнгөн ангилалд хамаарч байгаа болон гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчийн эрүүл мэнд хохирсны улмаас гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг болон талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, ...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасан шүүхийн онцгой бүрэн эрхийн дагуу шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагаас буюу оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11462 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтас хэргийн 43 дахь талд 120.000 төгрөгийн баримтыг гарган өгсөн байх бөгөөд шүүгдэгчээс хохирогчид 200.000 төгрөгийг хохиролд тооцон төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гарган өгсөн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 1 (нэг) хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон ач холбогдол бүхий баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг дурдаж, оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөнтэй холбогдуулан шүүгдэгч ***д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 (дөрвөн зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.***ийг 450 (дөрвөн зуун тавь)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга)-н төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь 1 хоног цагдан хоригдсон, хохирогч ***д 200.000 төгрөгийг хохирол, хор уршигт тооцон нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА