Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сэргэлэнбаатар,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000002565 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эмээлтэд махны үйлдвэрт ажиллаж байгаа, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг гэх, Хөвсгөл аймгийн *** сум, *** дүгээр баг, *** гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байр, *** тоотод түр оршин суух, /РД:***/, урьд

Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газрын гадна “найз дээрэлхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч ***ын нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед хамрын хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 31-ний орой 11 цагийн орчим би өөрийн ихэр ***, найз *** нартай хорооллын Өргөө кино театрын замын эсрэг талд байрлах *** бааранд орсон. Тэгээд бид 3 суугаад 2, 2 шил пиво уугаад байж байсан. Манай найз болох ***, *** гэх найз охиныхоо хамт орж ирсэн. Манай ихэр болон найз болох *** бид гурав жоохон сууж байгаад гарья гэж хэлсэн. Тэгээд талбай дээр би ***, *** хоёртой бүжиглэж байсан чинь *** ирээд хальт гарчхаад ирье гэж хэлсэн. Гарсан чинь манай найз *** нэг үл таних залуутай маргаад эхэлсэн. Тэгэхээр нь би ***той хамт тухайн хэрүүл маргааныг салгаад ***ыг тухайн үл таних залуугаас салгачхаад нөгөө хоёр маргаан үүсгээд байсан үл таних залуутай юм яриад зогсож байсан чинь араас нь үл таних хоёр залуу гарч ирээд эхлээд манай найз болох ***ыг цэнхэр цамцтай залуу цохисон. Дараа нь нөгөө нэг үл таних залуу миний нүд хамрын хэсэг рүү цохихоор нь би доошоо хараад хамраа бариад 00 орж цусаа угаасан. Дараа нь хамраа харсан чинь миний хамар хэсэг хавдсан байсан. Дараа нь баарнаас гараад цагдаа дуудах гээд байж байсан чинь цэнхэр цамцтай үл таних залуу тэгээд цагдаагаа дуудаач ээ гэж хэлээд араас өшиглөсөн. Буцаад баар луу орж сууж байгаад гараад ирсэн тухай залуучууд яваад өгсөн. Тэгэхээр нь гэмтлийн эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

3. Гэрч М.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний орой манай 3 найз болох ***, ***, *** нартай хорооллын Өргөө кино театрын замын эсрэг талд байрлах *** бааранд орсон. ...Би 00-ийн өрөө орчхоод бүжгийн талбай руу гараад ирсэн манай найз охин болох *** бүжгийн талбай дээр бүжиглэж байсан, тэгсэн нэг үл таних залуу ороолтоор биеийг нь ороогоод татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь би очоод наадах чинь надтай яваа юм больчих гэж хэлсэн. Тухайн үл таних залуу би бүжиглэж байна хол бай гэж хэлсэн. Би тухайн залууг түлхсэн чинь тухайн үл таних залуу гараад ир үзчихье гэж хэлсэн. Хажуу талаас нь цэнхэр өнгийн цамцтай үл таних залуу ирээд гар бариад болио гэж хэлээд салсан. Тэгэх хооронд манай найз охин гарч утсаар ярих гээд гарсан. Удалгүй манай найз охин орж ирээд бааранд намайг хоргоогоод байсан залуу гадаа намайг хоёр гарынхаа дунд оруулчхаад оролдоод явуулахгүй байхаар нь би зугтаад гараад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би араас нь гараад очоод уулзаад би чамд хоёрдох удаагаа хэлж байна шүү дээ одоо больчих гэж хэлсэн чинь намайг цохих гэж оролдсон. Тэгээд зогсож байсан манай гурван найз болох ***, ***, *** нар араас гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн цэнхэр өнгийн цамцтай залуу гарч ирээд миний нүүр хэсэг рүү буюу миний хамар нүд хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад тухайн залуугаас холдсон чинь тухайн залуу намайг дуудсан. Тэгэхээр нь би очсон тухайн залуу яагаад найз дээрэлхээд байгаа юм гэж хэлээд гар барьчхаад яваад өгсөн. Тэгсэн манай найз болох ***ыг тухайн намайг цохисон гэх цэнхэр өнгийн цамцтай залуутай хамт явж байсан нэг үл таних залуу цохисон гэж *** хэлж байсан. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, намайг цохисон гэх хүнээс нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

4. Гэрч Ө.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз залуу *** болон ***, ***, *** нар нэг дуу дуустал бүжиглэхээр болоод бид хэд бүжиглэсэн. Тэгээд бүжиглээд бүжгийн талбай дээр байж байсан чинь үл таних хоёр согтуу залуучууд ирээд намайг ороолтоороо ороогоод өөр лүүгээ татаад тавихгүй байсан. Тэгсэн манай найз болох *** намайг тухайн хоёр залуугаас холдуулсан. Тэгсэн тухайн хоёр залуу наашаа хүрээд ир гадаа гаръя уулзъя гээд байсан. Тэгсэн манай найз залуу болох *** тухайн залуучуудтай ярилцаад учраа олсон. Тэгээд бид хэд гарахаар болсон, би түрүүлээд утсаар ярих гээд гарсан. Тэгсэн араас үл таних залуу гарч ирээд гараараа хананд хашиж зогсоод намайг гаргахгүй миний бие хэсэгт хүрэхээр нь би тухайн залуугаас холдоод найз залуугаа дуудсан. Манай найз залуу гарч ирээд намайг аваад орох гэсэн тухайн хоёр залуу маргаан үүсгэсэн. Маргаан үүсээд байж байтал буюу *** болон нэг үл таних согтуу залуутай маргаад зогсож байсан ***ын найзууд гарч ирээд маргааныг таслаад орох гэж байсан чинь тухайн согтуу хэл ам гаргаад байсан залуугийн хоёр найз нь гарч ирээд нэг шоотой эрээн цамцтай 185 гаран см өндөртэй биерхүү бор царайтай бүлцэн нүдтэй залуу нь ***ыг нэг удаа нүүр буюу нүд хамар хэсэг рүү нь цохисон. Харин хамт гарч ирсэн үл таних улаан куртиктэй 170 см орчим өндөртэй туранхай V хэлбэрийн царайтай бор онигор юм уу бүлцэн нүдтэй залуу нь ***ыг нэг удаа нүүр хамар хэсэг рүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

5. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** гадаа маргаан боллоо *** гадаа хүнтэй маргаад тэгсэн ***ыг нэг үл таних хүн цохичихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очсон манай найз *** нэг үл таних залуутай маргаад зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн маргаж байсан залуугийн нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн тухайн залуу эргэж хараад тэр хооронд найз охин болон найзтайн учраа олоод зогсож байтал миний цохисон үл таних залуугийн найз гээд нэг залуу ирээд миний хамрыг танай найз хугалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн өөрийнхөө цохисон залуугаас уучлалт гуйгаад салсан. ...Тухайн үл таних залууг *** цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

6. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15111 дугаартай “...***ын биед хамрын хугарал, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

8. Хохирогч ***аас цагдаагийн хэлтэст гаргасан: “...Миний бие хохирлоо бүрэн барагдуулсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал),

9. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан учир зарим зүйлээ санахгүй орон гаран ухаантай байсан. *** баарнаас гарсан би араас баарны үүдэн дээр гарч байснаа санаж байна, өөр юм санахгүй байна. ...Би тухайн хүний хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг болон улсын яллагчаас гаргаж өгсөн хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хяналтын хувийн хэргийн хуулбар, захиргааны хяналт зогсоох тухай тогтоолын хуулбар зэрэг 2 хуудас баримт, шүүгдэгч ***ын хохирол төлсөн талаарх 2 ширхэг Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 56 дахь тал), өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 64-72 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” шөнийн цэнгээний газрын гадна “найз дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогч ***ын нүүрэн хэсэгт гараараа цохиж түүний биед хамрын хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч ***ын “...Нэг үл таних залуу миний нүд хамрын хэсэг рүү цохихоор нь би доошоо хараад хамраа бариад 00 орж цусаа угаасан. Дараа нь хамраа харсан чинь миний хамар хэсэг хавдсан байсан...” гэх, гэрч М.***ын “...манай найз болох ***ыг тухайн намайг цохисон гэх цэнхэр өнгийн цамцтай залуутай хамт явж байсан нэг үл таних залуу цохисон гэж *** хэлж байсан...” гэх, гэрч Ө.***гийн “...Хамт гарч ирсэн үл таних улаан куртиктэй 170 см орчим өндөртэй туранхай V хэлбэрийн царайтай бор онигор юм уу бүлцэн нүдтэй залуу нь ***ыг нэг удаа нүүр хамар хэсэг рүү нь цохисон...” гэх, гэрч ***ийн “...*** цохисон...” гэх харилцан агуулгын зөрүүгүй мэдүүлгүүд болон таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15111 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ***ын эрүүл мэндэд хамрын хугарал, баруун зовхинд цус хуралт гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 15111 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирол нөхөн төлсөн, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15111 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй боловч шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөгийг хохиролд тооцон төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гарган өгсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д хохирол төлбөрт 200.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА