Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2019/00172

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Үйтүмэн даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 3 дугаар баг, Жаргалант, Сутай 4 гудамжны 4 тоотод оршин суух, Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГАА ЗӨСТ-д холбогдох,

ГАА ЗӨСТд бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Ж.М /1623/, хариуцагчийн төлөөлөгч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э миний бие ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс ГАА ЗӨСТд нян судлалын лаборантаар ажиллаж байгаад 2007 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс бэлтгэмэлчээр өдий хүртэл ажиллаж ирсэн. Миний бие 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн юм. Иймд Ц.Э намайг ГАА ЗӨСТд бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Би 2002 оны 09 дүгээр сарын 03-нд Зооноз өвчин судлалын төвд бактериологи, лаборантаар ажилд ороод 2007 оноос бэлтгэгчийн орон тоон дээр орж өдийг хүртэл ажилласан. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар намайг бичлэг хийсэн гээд утас булааж аваад цагдаа дээр 3 хоног миний утсыг шалгасан. 11-ний өглөө ажилдаа очиход миний тушаалыг гаргасан байсан. Би цагдаа дээр 3 өдөр шалгуулаад та зөрчилгүй байна хэргийг чинь хаасан. Гарын үсэг зур гэсэн. Гарын үсэг зурж утсаа авсан. Утас асахгүй байсан. Би гэмт хэрэг хийсэн биш. Зооноз өвчин судлалын төвд 18 жил ажиллаж байна. Ажлын байран дээр заагдсан ажилдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тиймээс ажилдаа эргэж орно. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 тоот тушаалаар сахилгын шийтгэл сануулах арга хэмжээ авсан байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгууллагын даргын өрөөнд байгууллагын ажилчдын хурал дээр бичлэг хийж байгаад цагдаагийн байгууллагаар шалгуулахад удаа дараа бичлэг хийсэн нь нотлогдсон энэхүү үйлдэл нь байгууллагын дотоод журмын ЕС. Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, ноцтой зөрчил. Энэхүү заалт нь ЗӨСТөвийн бүх ажилчдад хамаарна. 9.7-д дор дурьдсан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил тооцогдоно. 9.7.11-д хамт олны хурал болон байгууллагын даргын өрөөнд утсаар бичлэг хийх, байгууллагын дотоод асуудал, хувь хүний нууцыг задруулсан тохиолдол гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчилд тооцох тохиолдолууд 2.3-г сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан гаргасан 2.3 ж-д байгууллага хамт олон удирлагын талаар хэвлэл мэдээлэл болон олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр сөрөг мэдээлэл өгөх, гүтгэж доромжлох үйлдэл үзүүлэх өмнө байр дотоод хурал цуглаан аливаа бичлэг хийх гэж заасан байна. Ц.Эийн гар утсанд цагдаагийн байгууллагаар шалгалт хийлгэхэд 2018 оны 12 сараас хойш нийт 10 гаруй удаагийн байгууллагын даргын өрөөнд хийсэн бичлэг болох нь тогтоогдсон энэхүү үйлдэл нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил болох тул мөн өмнө нь байгууллагын даргын Б/43 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй байсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр бэлтгэмэлчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болно. Зөрчлийн тухай хуульд зөрчил гэдгийг тодорхойлохдоо: Зөрчил гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д хуул захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. 2.1.2-д хүн, хуулийн этгээд нь захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заажээ. Ц.Э нь гар утсаараа байгууллагын даргын өрөөнд бичлэг хийсэн үйлдэл нь Зоонозын өвчин судлалын төвийн дотоод журам, байгууллагын даргатай хийсэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил юм. Ц.Э нь ёс зүйн хороогоор орж ёс зүйн хорооны дүгнэлтээр сахилгын шийтгэл авахуулах дүгнэлт гарсаны улмаас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б43 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манайх байгууллага дээрээ долоо хоног бүрийн 1 дэх өдөр хурал хийж заншсаны дагуу хурал хийсэн. Энэ хурал дээр байгууллагын ажилчид удаа дараа бичлэг хийж байсан. 03 дугаар сарын 04-ний өдөр Ц.Э бичлэг хийж байгаад утсыг нь авч үзэхэд 2018 оны 12 сараас хойших хурал дээр ярьсан миний яриаг бүгдийг нь бичиж авсан. Арав гаран бичлэг байсан. Энэ нь байгууллагын дотоод журмын 9-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил, энэ заалт нь Зооноз өвчин судлалын төвийн бүх ажилчдад хамаарна гэсэн заалт байгаа. 9.7-д дор дурдсан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчилд тооцогдоно гэж байгаа. 9.7.11-д хамт олны хурал болон байгууллагын даргын өрөөнд утсаар бичлэг хийх, байгууллагын дотоод асуудал хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд гэж байгаа. Байгууллагын ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил тохиолдолууд гэсэн заалт байгаа. Үүний 2.3г-д сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлнө. 2.3ж-д байгууллага хамт олны талаар хэвлэл мэдээллээр сөрөг мэдээлэл өгөх, аливаа бичлэг хийх гэж заасан байгаа. Аливаа бичлэг гэдэгт дуу дүрсний бичлэгүүд аль аль нь орно. Ноцтой зөрчил гаргасан. Мөн сахилгын давтан зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Бичлэг хийсэн талаар цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Энэ хүнийг бичлэг хийж байна гэхээр нь өрөөндөө дуудаж оруулж ирээд утсаа өг гэсэн утсаа өгсөн. Кодоо хийгээд нээ гэхэд өөрөө кодоо хийж нээсэн. Тийм байж Цагдаагийн байгууллага дээр очоод утас булааж авсан гэж хэлсэн. Бичлэг хийсэн тохиолдолд утсыг булааж авсан ч болно гэж цагдаагийн байгууллагын эрх бүхий хүн тайлбарлаж өгсөн. Утсыг нь нээгээд үзэхэд 12 сараас хойш 10 гаран удаагийн бичлэг байсан. Хальт сонсоход дандаа миний яриаг хуулж авсан байсан. Ямар зорилгоор яах гэж бичлэг хийсэн нь тодорхой. Байгууллагынхаа удирдлагыг матах гэж бичлэг хийдэг. Сахилгын шийтгэл авсан байгаа. Ажлаас халагдаж магадгүй гэж бичлэг хийсэн гэдгээ өөрөө Цагдаагийн байгууллага дээр хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн байгууллага дээр шалгуулахад бичлэг хийсэн нь тогтоогдсон. Энэ нь Зөрчлийн тухай хуулиар орон байранд бичлэг хийсэн тохиолдолд зөрчлийг хүлээн авахгүйгээр цагдаагийн байгууллага шийдвэрлэсэн. Орон байр нь юу юм гэхээр хүний оршин суугаа орон байрыг хэлдэг юм байна. Байгууллага нь орохгүй гээд хэргийг буцаасан. Гэхдээ энэ нь манай байгууллагын хувьд ноцтой зөрчил. Яагаад гэхээр Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заагаад өгсөн ноцтой зөрчил. Өөрөө уншиж танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1.2-т хувь хүн, хуулийн этгээд захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч зохих арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд зөрчил гэж үзнэ гэж байгаа. Энэ нь манай байгууллагын тухайд аливаа бичлэгийг байгууллагын удирдлагын өрөөнд хийхийг хориглоно гэж заасан дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ нь бид нарын мөрдөх ёстой акт гэж үзэж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байж байгууллагын даргын өрөөнд удаа дараа бичлэг хийсэн. Яагаад бичлэг хийх гэдгийг хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд тусгасан бэ гэхээр 2016 оноос хойш манай байгууллагын нэр бүхий 9 ажилчид зохион байгуулалттайгаар эмч нарын баяраар архи барьж ирээд байгууллагын өрөөнд эмч нарт хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр архи авч ирж өгөөд бичлэг хийж Авилгатай тэмцэх газар, Эрүүл мэндийн сайд, Үндэсний төв, Засаг дарга, тамгын дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга гээд аймгийн дарга нэртэй бүх хүнд С.Батсайхан гэж хүн архичин гэж хэлээд бичлэг хийгээд өгдөг. Түрүүчийн таны орсон шүүх хурал дээр Сумъяабазар сануулах арга хэмжээг хүчингүй болгуулах гээд шүүх хуралд оролцоход сиди дээр буулгаад өгсөн байсан. Энэ мэтчилэн бичлэг хийгээд хүний нэр төрд халдаад байсан болохоор нь би байгууллагын ажилчидтай ярилцаад бичлэг хийж нэгнийгээ гүтгэж доромжлохоо больё. Үүн дээр байгууллагын удирдах удирдуулах ёс гэж байдаг юм. Би шаардлага тавьж байна. Тэгэхэд бичлэг хийгээд хүнийг дарамтлах нь буруу юм гээд байгууллагын дотоод журамд тусгаад өгсөн үйлдэл байхад энэ хүн мэдсээр байж ямар зорилгоор бичлэг хийснээ Цагдаагийн байгууллага дээр өөрөө маш тодорхой хэлсэн. Энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Түүний дараа ах Төмөрхуяг нь манай гэр бүлийн хүн рүү залгаж утсаар дарамталсан. Маш хэцүү байдалд байлгаж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь ГАА д холбогдуулан ГАА ЗӨСТд бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

ГАА ЗӨСТийн дарга нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ГАА ЗӨСТийн дотоод журмын 9.7.11, Хөдөлмөрийн гэрээний 2.3.г, 2.3.ж заалтыг тус тус үндэслэн бэлтгэмэлч Ц.Эийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Ц.Э нь ГАА ЗӨСТийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дугаартай тушаалыг эс зөвшөөрч  ГАА ЗӨСТд бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Ц.Э нь ГАА ЗӨСТд бэлтгэмэлчээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан ГАА ЗӨСТийн даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дугаартай “Бэлтгэмэлч Ц.Эийг үүрэгт ажлаас чөлөөлсөн” тушаалын хуулбар, 0634548 дугаартай Хойд овогт Цэвэгмэдийн Энхцэцэгийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргын 2007 оны 11 сарын 13-ны өдрийн 19 дугаартай “Ц.Эийг бэлтгэмэлчээр ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Говь-Алтай аймгийн байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргын 2002 оны 09 сарын 04-ний өдрийн 21 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар, Бэлтгэмэлчийн ажилтны хөдөлмөрийн гэрээ, ГАА ЗӨСТийн даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 дугаартай “Бэлтгэмэлч Ц.Эт сануулах арга хэмжээ авах тухай” тушаалын эх хувь, болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч ГАА ЗӨСТ нь Ц.Эийг 2018 оны 12 дугаар сараас хойш 10 гаруй удаагийн бичлэг хийсэн. Энэ нь байгууллагын дотоод журмын 9-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил, энэ заалт нь Зооноз өвчин судлалын төвийн бүх ажилчдад хамаарна гэсэн заалт байгаа. Мөн сахилгын давтан зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн, уг тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Ажил олгогч ГАА ЗӨСТ нь ажлаас чөллөөлөх тухай даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, байгууллагын дотоод журмын 9.7.11, Хөдөлмөрийн гэрээний 2.3.г, 2.3.ж заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар үндэслэлийн талаарх заалт байх бөгөөд харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан заалт юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхаас гадна тухайн зөрчил нь тус бүр тогтоогдсон байхыг шаардана.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б/43 дугаартай тушаалаар Б.Энхцэцэгт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Дээрх тушаалд Б.Энхцэцэг нь гомдол гаргаагүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хүчин төгөлдөр тушаал байгаа боловч нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь өөрийн ажил үүргийн хуваарьт хамаарах ямар үүргийг биелүүлээгүйгээс хөдөлмөрийн эрх зүйн ямар хэм хэмжээг зөрчсөн, зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, уг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил үүсээгүй тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн үйлдэл тусгагдсан эсэх байдал ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно.

Өөрөөр хэлбэл Ц.Э нь зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болох юм.

Зохигчдын хооронд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 04 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.3.г-д “сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан гаргасан”, 2.3.ж-д “байгууллага, хамт олон, удирдлагын талаар хэвлэл мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл өгөх, гүтгэж доромжлох үйлдэл үзүүлэх мөн байр дотоод хурал цуглаан, аливаа бичлэг хийх” тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тухайлан заасан байна.

Нэхэмжлэгч Ц.Э харин хамт олны хурал дээр бичлэг хийсэн болох нь хэрэгт авагдсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож, “...бичлэг хийгээгүй,...” гэх тайлбар дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.3-д заасан ноцтой зөрчил гаргасан нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон буюу хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан  зөрчлийг гаргасан байх тул энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/09 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад талууд байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох, нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, татгалзлаа зохигчид нотлоогүй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан ГАА ЗӨСТийн бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж,  нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Ц.ҮЙТҮМЭН