| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2021/0039/З |
| Дугаар | 112/ШШ2021/0040 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 112/ШШ2021/0040
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Ж.Гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* сумын ******* Г.Бд холбогдох Говь-Алтай сумын ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/177 дугаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ******* сумын Гуулин тосгоны Цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ж.Г миний бие төрийн албанд 23 жил ажиллаж цэцэрлэгийн багшаас эрхлэгч хүртэлх ажлыг өдий хүртэл хийж байна. Миний бие Гуулин тосгоны цэцэрлэгийн багшаар 1997 оноос эхлэн ажиллаж, 2002 оноос өнөөг хүртэл тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Анх багийн ******* Чийн томилгоогоор томилогдоод тэрнээс хойш аймгийн *******, сумын ******* нарын цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилох чөлөөлөх хуулийн дагуу томилогдоод цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг гүйцэтгээд явсан. Г.Б даргыг ажилд орсноос хойш жилийн ажлаа дүгнүүлэх гэж, төлөвлөгөөгөө батлуулах гэж Г.Б дарга дээр 2, 3 удаа очсон боловч танай багийн ажлыг би мэдэхгүй учир дүгнэхгүй гэсэн. Дараа нь өөрөө дуудаж бичиг баримт авч үзсэн боловч дахиад батлаагүй, дүгнээгүй. Сүүлд өөрөө ирж бүх бичиг баримт үзээд явсан боловч мөн батлаагүй. Захирамж дээр 2021 оны хагас жилийн тайлангаа дүгнүүлээгүй гэсэн байдаг. Тэр үед ковидын нөхцөл байдалтай байсан учир цахимаар тайлангаа өгч байсан. Цахимаар тайлангаа нэгтгэж явуул гэсэн багийн ******* Пид хаягласан Г.Б даргын бичиг тоотын дагуу би хугацаандаа захиргааны бичиг хэргийн эрхлэгч Ад тайлангаа өгсөн байдаг. Энэ талаар миний цахим хаяг болон Агийн цахим хаягт тэмдэглэгдэж үлдсэн. А ч гэсэн өөрөө тайлангаа авсан гэдэг. Би тайлангаа өгсөнөөр ******* сумд нэгтгэгдэж очоод миний ажил дүгнэгдэх юм байна гэж ойлгож явсан. Мөн аудитын 2019 онд гаргасан зөрчлөө 2020 онд дахин давтаж гаргасан гэсэн байсан. Энэ нь 2019 онд манайх хязгаарлалттай санал дүгнэлт аваад үүн дээр гаргасан зөрчил дутагдлаа арилгаад аудитын газарт явуулсан байгаа. 2020 онд манайх зөрчилгүй дүгнэлттэй байгаа учир би санхүүгийн зөрчил давтан гаргасан гэж үзэхгүй байна. Ур чадварын нэмэгдлийг өөртөө бодож олгосон гэсэн байсан. Ур чадварыг 2020 онд Боловсрол соёл, урлагийн газрын даргын тушаалаар авдаг. Тэр журмаар авсан. 2021 оны 01 дүгээр сар, 2 дугаар сард ур чадвар бодогдсон. 2021 оны 03 дугаар сард ур чадварын шинэ журам батлагдснаар ******* сумын ******* нь ажлын хэсэг байгуулан бид нарын ажлыг дүгнээд ур чадвар авахаар байсан тул би 3 дугаар сараас ур чадвар авахаа зогсоосон. 2021 оны аудитын дүгнэлтээр намайг 175.000 төгрөгийн ур чадвар дутуу авсан учир нөхөж ав гэсэн акт баримтын дагуу би ур чадвар авсан. Би Боловсрол соёл, урлагийн газрын даргын тушаалаар ур чадвараа авч байсан. 6 дугаар сарын цалин дээр 30 хоногийн цалингаа бодуулж авсан. Төрийн албаны нэгдсэн систем нэг хүнээр татахгүй байна яах вэ гэхээр нь би 07 дугаар сарын 01-ээс ээлжийн амралтаа авна гээд дотоод хэргийн ажилтан руу нь чат бичихэд ажилласан жилээ явуулчих эргээд захирамжийг явуулъя гэхээр нь би нягтланг ээлжийн амралтыг бодчих захирамж нь ирнэ гэж хэлсэн байгаа. Би 6 дугаар сард бүтэн ажилласан. Би 6 дугаар сарын цалин дээр амралтын мөнгөө бодуулж авсан. Надад өөр авсан зүйл байхгүй. 07 дугаар сарын 01-нд ээлжийн амралтаа авахаар хүсэлтээ өгсөн. Тэгэхэд ажилласан жилээ явуулчих гэхээр нь ажилласан жилээ явуулаад 07 дугаар сарын 01-ээс амарна гэсэн бодолтой байхад урьдчилж мэдэгдэхгүйгээр захирамж гаргаж хүмүүс явуулсан байсан учир би нэхэмжлэл гаргасан байгаа. 2021 оны хагас жилийн тайланг 06 дугаар сарын 04-ний өдөр хувь чатаар Г.Б даргын тоотыг явуулаад би нэгтгэж явуулах юм байна гэсэн чат нь байгаа. Би хагас жилийн тайлан, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг А явуулаад баталгаажуулах байдлаар та нэгтгэж явуулна биз дээ гэхэд явуулна гэж хэлсэн.
Би 2020 оны ажлаа дүгнүүлэх гээд гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулахаар 01 дүгээр сарын 20-нд Г.Б даргын өрөөнд орсон. Тэгэхэд Гуулин тосгоны ажлыг ойлгохгүй байгаа, ер нь та нарын ажлыг мэдэхгүй байж яаж ажил дүгнэх вэ, би аймгийн *******тай ярьж байж шийднэ гэсэн. Сургуулийн захирал Гэрэлмаатай хамт орсон. Тэрний дараа байж байгаад Г.Б дарга П даргад албан тоот явуулсан байсан. Тодорхой дурдсан баримтуудыг аваад миний өрөөнд ир гэж хэл гэсэн байсан. 03 дугаар сард Соёлын төвийн эрхлэгч, сургуулийн захирал бид гурав Г.Б даргын өрөөнд ороход бас баталж өгөөгүй. 03 дугаар сарын 28-нд Г.Б дарга Засаг даргын Тамгын газрын байран дээр өөрөө ирээд баримтуудаа аваад ороод ир гэж дуудсаны дагуу сургуулийн захирал Гэрэлмаатай баримтуудаа аваад ороход бид нарын баримтыг үзээгүй. Тэгээд хууль бус шаардлага тавьсан. Би улс төрийн албан тушаалтан манай намын ялсан хүмүүс албан тушаалаа авъя гэж байна. Та хоёр албан тушаал буурч ажилла гэсэн. Үүн дээр нь би маргалдсан. Тэгээд Г.Б дарга бид нартай холбоо бариагүй байж байгаад 07 дугаар сарын 01-ний өдөр би ажлаас чөлөөлсөн захирамжийг хүлээж авсан. Би бодохдоо бид нарын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлахгүй байсан нь ерөнхийдөө нэг зорилго байсан гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ж.Гийг ажлаас чөлөөлсөн захирамж гаргасны ард энэ хүний ажил байдлыг дахин дахин шалгаж алдаа дутагдал хайсан мэтээр хэтэрхий нэг талд, төрийн өндөр албан тушаалтан хүн өөрөө хуулийн дагуу ажиллаж байж тухайн орон нутагт хуулийг хэрэгжүүлэх албан тушаалтан байтал тушаал гаргасныхаа ард тайлбарууд гаргаж байгаа нь зохимжгүй юм. Ёс зүйн асуудал яриад хавтаст хэрэгт баримт гаргаж өгөөд байгаа. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад ямар ч хамааралгүй. Өөрөөр хэлбэл энэ хүний хувийн амьдрал, хувийн нууцад хэтэрхий халдаж байна. Анх ажилд томилсон тушаал ч байхгүй гэдэг байдлаар тайлбар ирүүлж байсан. Ийм учраас энэ хүний анх ажилд томилогдсон тушаалыг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ хүний шүүхэд гаргаж өгсөн тушаалыг хууль бусаар томилогдсон гэж тайлбар гаргаад байна. Гэтэл энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Ажлаас чөлөөлсөн захирамж дээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар ******* нь Боловсролын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой ******* нь томилоод явсан байгаа. Тэгэхээр энэ хүнийг хууль бус томилгоотой явж байна гэж шүүхэд тайлбар гаргах боломжгүй юм. Сахилгын шийтгэл давтан ногдуулсан гэж үзээд байгаа юм. Ажлаас чөлөөлсөн захирамж дээр 40.1.4-ийг сахилгын шийтгэл давтан ногдуулсан гэж үзэж байгаа бол хэзээ сахилгын шийтгэл ногдуулсан юм. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн захирамж байгаа. 2021 оны хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө биелэлтээ ирүүлээгүй гэж байна. Хавтаст хэрэгт бичгийн баримтуудаа өгсөн байгаа. 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг оруулсан баталж өгөөгүй. Ийм учраас 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр гаргаж өгсөн юм гэдэг байдлаар гаргаж өгсөн байгаа. 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр тогтоогдсон санхүүгийн зөрчлийг давтан гаргасан болох нь 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр нотлогдсон гэж үзэж байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтаар 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тогтоогдсон гэж байгаа бол хугацаа нь хэзээ байсан юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйл дээр хугацааг зааж өгсөн байгаа. 2019 онд гаргасан зөрчлийг 2020 онд давтан гаргасан гэж байгаа бол хугацаа нь өнгөрсөн байна. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч дээр арга хэмжээ авсан байгаа. Хавтаст хэрэгт ирсэн тайлбаруудаас харахад ээлжийн амралтыг энэ хүн дур мэдэн бичээд авсан гэдэг зүйл яригдаад байдаг. Энэ Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил хийж байгаа хүн жилд нэг удаа ээлжийн амралт эдлэх эрхтэй байгаа. Энэ эрх үүргийн дагуу жилд нэг удаа эдэлдэг ээлжийн амралтыг эдэлсэн. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нь зуны 3 сард ээлжийн амралтаа авдаг. Ж.Г нь ээлжийн амралт авсан зөрчил байна гэсэн зүйл хавтаст хэргийн материалаас харагдахгүй байгаа. Өөртөө урамшуулал авсан гэж яриад байгаа. Тэгэхээр өөртөө урамшуулал авсан гэдэг нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн аудитын дүгнэлтээр урамшуулал авсан зөрчил байна гэдэг зүйл байхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэсэн заалт байдаг. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/177 дугаар Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын захирамж илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Үүн дээр Ж.Г гэдэг хүн ямар төрлийн арга хэмжээ авсан гэдгийг бичээгүй байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэдэг үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Сануулсан юм уу, ажлаас халсан юм уу, цалин хассан юм уу гэдэг нь утга агуулгын хувьд илт алдаатай байгаа. Мөн барьсан хуулийн заалт дээр сануулах арга хэмжээ авах хуулийн заалтыг огт баримтлаагүй байгаа учир утга агуулгын хувьд илэрхий алдаатай байгаа учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна. Ж.Гийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн байгаа. Үүнтэй холбоотой сонсох ажиллагаа явуулах байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа огт явуулаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад сонсох ажиллагаа явуулаагүй талаар хариуцагч тайлбартаа хэлж байна. Мөн Ж.Гийг албан тушаал бууруулсан гэж яриад байгаа боловч өнөөдрийг хүртэл Ж.Гийг өөр ямар албан тушаал бууруулсан нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хуульд ямар үндэслэлд албан тушаал бууруулдаг талаар тодорхой зааж өгсөн байгаа. Ийм учраас Ж.Г нь албан тушаал бууруулаад байхаар ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн төлөвлөгөө батлаагүй, биелэлт ирүүлээгүй гэдэг байдлаар ярьж байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой яригдсан. Үүн дээр гэрчээр мэдүүлсэн А нь хөл хориотой байсан учир тайланг нь цахимаар аваад явуулсан гэж мэдүүлсэн. Хавсаргасан тайлан, бичиж байсан чатууд нь шүүхийн үзлэгээр тодорхой харагдаж байдаг. Иймээс албан тушаал бууруулсан гэдгээр ажлаас чөлөөлсөн байгааг зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие аймгийн Засаг даргын захирамжаар ******* сумын *******ар томилогдон ажилласнаар Гуулин тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Гтэй хуулийн хүрээнд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Би 3 үндэслэлээр Ж.Г дээр сахилгын шийтгэл оногдуулсан. Нэгдүгээрт: Ж.Г нь 2020 оны жилийн эцсийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг надад ирүүлж дүгнүүлж ажиллаагүй. Яагаад гэхээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаар тушаалын хавсралтад авагдсан хүснэгтийн дагуу Ж.Г гэдэг хүн байгууллагын жилийн эцсийн төлөвлөгөөг сумын *******д ирүүлж Сумын *******ар хянуулж үнэлэлт дүгнэлт авч ажиллах ёстой. Үүнийг хийгээгүй, тайлбартаа миний гарын үсэггүйгээр Боловсрол соёл урлагийн газрын дарга Д.Б 2020 оны 01 дүгээр сарын 10-нд батлуулсан төлөвлөгөө нотлох баримтыг өгсөн байна. Тэрний дагуу тайлан гаргаж дүгнүүлээгүй байгаа. 2021 онд бид хоёр өөр загвараар ажиллах ёстой байсан. Өмнөх мөрдөгдөж байсан хуулиар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг аймгийн ******* томилдог, гүйцэтгэлийн төлөвлөгөө, үр дүнг аймгийн Боловсрол соёлын газар хүргүүлж аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын даргын тушаал шийдвэрээр ур чадварын нэмэгдэл бодуулах журамтай ажиллаж байсан. Цэцэрлэгийн эрхлэгчийг сумын ******* томилдог болсонтой холбоотой Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар тушаалаар байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, үнэлэлт дүгнэлт авах ажил өөр журмаар батлагдсан. Үүний дагуу 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор батлуулах ёстой байсан боловч батлуулаагүй. Өмнөх оны тайланг 12 дугаар сарын 22-ны өдрийн дотор ирүүлэх ёстой байсан боловч мөн ирүүлээгүй. Ийм учраас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлийг гаргасан юм. Ж.Г нь 2019 оны байгууллага санхүүгийн аудитын шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авч энэ зөрчлөө давтан гаргасан гэдэг үндэслэлээр Говь-Алтай аймгийн төрийн аудитын газрын даргын албан шаардлагаар сахилгын арга хэмжээ ав гэсэн байсан. Гэтэл 2020 оны санхүүгийн тайланд шалгалт хийхэд 5 төрлийн зөрчил илэрсэн байгаа. Яагаад зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргуулсан талаар мэдэхгүй. Төлбөрийн акт 2, албан шаардлага 3, нийт 5 зөрчил илэрсэн.
Удирдах ажилтны ёс зүйгүй, манлайлах ур чадваргүй гэж үндэслэх хэсэгтээ оруулсан байгаа. Ийм байдлаар би энэ хүнд сахилгын шийтгэл оногдуулсан. Би шууд ажлаас нь халъя гэж бодоогүй. Та байгууллага удирдах, манлайлах ур чадваргүй учир таныг албан тушаал бууруулна гэдэг шийдвэрийг гаргасан. Ж.Г нь надтай хэд хэдэн удаа уулзсан гэдэг зүйлийг яриад байна. Тийм зүйл байхгүй. Хэрэв тэгж байсан бол хэзээ хэнтэй уулзаж байсан талаар нотлох баримт гаргаж өгөх хэрэгтэй. Ж.Гийн талаар нэлээд хэдэн зөрчил илэрсэн. Тэр талаар шинээр нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Ж.Г нь 2002 онд багийн Засаг даргын захирамжаар ажилд орсон гэдэг зүйлийг яриад байх юм. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор багийн ******* цэцэрлэгийн эрхлэгчийг томилох эрх олгогдоогүй. Сум дүүргийн *******, аймаг нийслэлийн *******д олгогдож байсан. 2002 оны хуулиар сум дүүргийн *******д олгогдож байгаад 2012 онд аймаг, нийслэлийн *******д олгогдож байгаад 2020 оны хуулиар сумын ******* цэцэрлэгийн эрхлэгчийг томилж чөлөөлөх эрх олгогдсон байгаа. Аливаа захиргааны хэм хэмжээний акт гарахдаа холбогдох хуулийн зүйл заалтыг үндэслэж байж гаргадаг. Ч гэдэг хүний гаргасан захирамж нь аймгийн нийгмийн хөгжил бодлогын газрын даргын албан тоотыг үндэслэж Ж.Гийг томиллоо гэсэн. Ж.Г нь хууль бус захирамжаар томилогдсон байна. Өөрөөр хэлбэл 20-оод жил шаардлага хангахгүй байсан.
Ж.Г нь сахилгын шийтгэл оногдуулсан нь илт хууль бус гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байсан. Үүнтэй холбоотой энэ хүн хууль бус шийдвэр гаргаж байсан гэдгийг нотлохоор нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын байгууллага төсвийн байгууллагуудын санхүүгийн хяналтад аудит хийж зөрчил дутагдал илрүүлж түүнийг засч залруулж ажиллах талаар үүрэг даалгавар өгч ажилладаг. Энэ байгууллагын дүгнэлтээр Гуулин тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Гийн 2019 оны санхүүгийн хяналт аудитад зөрчил дутагдал гарсан. Энэ нь сахилгын зөрчил заавал оногдуулах зөрчил дутагдал. Үүн дээр арга хэмжээ ав гэж удаа дараа мэдэгдсэн байдаг. Харамсалтай нь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байсан Ж.Г гуай хугацаанд нь энэ асуудлыг шийдэхгүй явж байгаад 10 дугаар сард арга хэмжээ ав гэдэг албан тоотыг сумын *******д хүргүүлсэн байсан. Үүний дагуу өмнө нь ажиллаж байсан сумын ******* 11 дүгээр сарын 12-нд шаардлага хангахгүй захирамжийг гаргасан байгаа. Тэр захирамжийг би гаргаагүй, С.У дарга гаргасан. 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж сумын *******ар миний бие сонгогдсон байсан. Намайг ажилд орохоос өмнө илт хууль бус шийдвэр гаргаад явсан байсан. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар бүлэг нь гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах батлуулах, тайлагнах талаар байгаа. Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн төвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, 52.2.Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тосгоны цэцэрлэгт 2001-2005 оноос туслах багшаар, 2004-2008 онд багшаар, 2009-2019 он хүртэл нярав-бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Тус хугацаанд төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн ямар нэгэн алдаа дутагдалгүй бүтээлч идэвхитэй ажиллаж байсан. 2021 онд Гуулин тосгоны захирагчийн ажлын албанд Хөдөө аж ахуйн мэргэжилтнээр ажиллаж байгаад 8 дугаар сарын 16-наас эхлэн Тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 52 дугаар зүйлийн 52.2 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтыг тус тус үндэслэн 2021 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ ирүүлээгүй, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас байгууллагын 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр тогтоогдсон санхүүгийн зөрчлийг давтан гаргасан болох нь 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр нотлогдсон, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2021 оны А/35/10/09 хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур”-ын 3.2 (сахилгын шийтгэлгүй), 3.3 (санхүүгийн зөрчилгүй байх) шалгуур үзүүлэлтийг зөрчин, ур чадварын нэмэгдэл бодуулан авсан зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан Гуулийн тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Гийг албан тушаал буруулж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэг ажлаас чөлөөлсөн байна.
Боловсролын тухай хуулийн 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж зааснаар цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөх эрх тухайн сумын *******д олгогдсон байгаа хэдий ч хөдөлмөрлөх эрхийг хөндсөн актыг гаргахдаа бодит нөхцөл байдалд тохирсон, хууль зүйн үндэслэлийг тодорхой заасан байх шаардлагатай.
1.Нэхэмжлэгч Ж.Г шүүх хуралдаанд: “...2020 оны ажлаа дүгнүүлэх, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах гээд 01 дүгээр сарын 20-нд Г.Б даргыг өрөөнд орсон. Тэгэхэд Гуулин тосгоны ажлыг ойлгохгүй байгаа та нарын ажлыг мэдэхгүй байж яаж ажил дүгнэх вэ, би аймгийн *******тай ярьж байж шийднэ гэсэн ...тэрний дараа Г.Б дарга А.П даргад албан тоот явуулсан байсан. Тодорхой дурдсан баримтуудыг аваад миний өрөөнд ир гэсэн 03 дугаар сард Соёлын төвийн эрхлэгч, сургуулийн захирал бид гурав Г.Б даргын өрөөнд ороход бас баталж өгөөгүй. 03 дугаар сарын 28-нд Г.Б дарга Засаг даргын Тамгын газрын байран дээр өөрөө ирээд баримтуудаа аваад ороод ир гэж дуудсаны дагуу сургуулийн захирал Гэрэлмаатай баримтуудаа аваад ороход бид нарын баримтыг үзээгүй, ...тэр үед ковид гээд хөл хориотой, бид нар постонд гардаг байсан ...Г.Б дарга бид нартай холбоо бариагүй байж байгаад 07 дугаар сарын 01-ний өдөр би ажлаас чөлөөлсөн захирамж хүлээж авсан...”, хариуцагч ******* сумын ******* Г.Б шүүх хуралдаанд “...намайг ажилд томилогдоод явж байхад 01 дүгээр сарын 20-н хүртэл нэг ч байгууллагын дарга тайлангаа батлуулаагүй, авч ирээгүй. Эхний удаа 01 дүгээр сарын 20-нд ирсэн. Тэгэхдээ хугацаа хоцорч ирж байна. 12 дугаар сарын 22-нд өмнөх оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, 01 дүгээр сарын 05-нд дараа оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах ёстой ...намайг аймаг дээр ажилтай явж байхад соёлын төвийн эрхлэгч Б утсаар ярьсан. Бид гурав юмаа аваад ирлээ та хаана байгаа юм гэж ярихаар нь би ажилтай явж байна. Дараа та нарыг шалгая гээд дараагийн удаа нь би очсон... ” гэсэн тайлбарыг гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Төсвийн шууд захирагч нь тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ”, 54.2-т “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар тогтоолоор баталсан “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам"-ын 2.6-т “Төлөвлөгөөг тухайн байгууллагын захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол ажлын хэсэг байгуулж болно) бусад нэгжүүдийн саналыг авч нэгтгэн боловсруулж, байгууллагын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, 1 дүгээр сарын 5-ны өдрийн дотор төсвийн шууд захирагч батална”, 2.7-т “Аймаг, нийслэл, дүүрэг дэх босоо удирдлагатай төрийн байгууллагын төсвийн шууд захирагч төлөвлөгөөг тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн төсвийн шууд захирагчтай зөвшилцөж тухайн шатны ******* болон өөрийн харьяалагдах дээд шатны байгууллагын төсвийн захирагчаар хянуулан энэ журмын 2.6-д заасан хугацаанд батална”
гэж зааснаар Гуулийн тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Г тухайн үеийн нөхцөл байдал цар тахлын улмаас хугацаа хоцорсон асуудлыг үгүйсгэхгүй боловч 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж[1], батлуулах талаар ******* сумын ******* Г.Бд 2021 оны 1 дүгээр сарын 20-нд, 3 сард удаа дараа хандаж байхад төлөвлөгөө хэрхэн бодлогын баримт бичигтэй уялдуулан, зорилт, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, тухайн жилийн хүрэх түвшин, гүйцэтгэл, үр дүнг тооцсон байдал зэргийг нягтлан шалгах, батлах үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэгэнт 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй байж эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ ирүүлээгүй гэж хариуцлага тооцох нь үндэслэлгүй бөгөөд Гуулин тосгоны захирагч А.Пид ******* сумын *******ас “Гуулин тосгоны захирагчийн ажлын албаны болон төсөвт байгууллагуудын тайланг нэгтгэж 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор Засаг даргын орлогч Г.Л-д ирүүлнэ үү” гэсэн 2021 оны 05 дугаар сарын 28-ны 298 дугаар албан бичгийн дагуу Гуулийн тосгоны цэцэрлэгийн 2021 оны хагас жилийн үйл ажиллагааны тайланг цахимаар хүргүүлж байсан байна.
2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Ж.Г нь байгууллагын санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалтай дүгнэлт авсан тул Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагыг үндэслэн, сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/177 дугаар захирамжаар сахилгын шийтгэл хүлээж, цаашид дутагдлаа давтан гаргахгүй, санхүүгийн сахилга батыг сахих, үүрэг хариуцлагаа өндөржүүлэн ажиллах талаар захирамжийн заалтаар өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй, санхүүгийн сахилга батыг зөрчсөн үйлдэлдээ давтан гаргасан нь тус байгууллагын 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр “Төлбөр барагдуулах тухай” 2021 оны 08/61, 01/69 актууд, “Зөрчил арилгуулах тухай” 2021 оны 01/67, 02/67 дугаар албан шаардлагуудаар нотлогдож байгаа, ...шалгуур үзүүлэлтийг зөрчин, ур чадварын нэмэгдэл бодуулан авсан зэрэг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан...” гэж ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлийг тайлбарласан.
Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болох Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 8/61 дугаар актаар “өмнөх оны төлбөрийн акт 265.1 мянган төгрөгийг төсвөөс төлсөн”, 01/69 дүгээр актаар “нэг ажилтанд 120.9 мянган төгрөгийн цалин илүү бодож олгосон, Ур чадварын нэмэгдэл 247.8 мянган төгрөг илүү, 176.5 мянган төгрөг дутуу олгосон, цалингаас суутгасан ХХОАТ-аас 369.9 мянган төгрөгийг дутуу төлсөн” гэж төлбөр барагдуулах тухай акт тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 01/67 дугаар албан шаардлагаар “Шилэн дансны цахим хуудсанд тайланд онд 4 дүгээр улирлын төсвийн хэмнэлт хэтрэлтийн шалтгаан тайлбар, байгууллагын даргын А/45 дугаар тушаал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдэл, нийт 3 мэдээллийг тус тус мэдээлээгүй”, 02/67 дугаар албан шаардлагаар “Цалингийн зардлыг 717.9 мянган төгрөгийг ажил олгогчийн эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлээс гүйлгэж зарцуулж тайлагнасан” зэрэг зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага хүргүүлсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын санал дүгнэлтээр зөрчилгүй дүгнэлтийг гаргасан[2] байна.
Нэхэмжлэгч Ж.Г шүүх хуралдаанд: “...2020 онд манайх зөрчилгүй дүгнэлттэй байгаа учир санхүүгийн зөрчил давтан гаргасан гэж үзэхгүй ...илүү төлсөн гэдэг нь тогтооч Оюунчимэг дээр гарсан. Би 15 хувиар ур чадварын нэмэгдэл олго гэсэн тушаал гаргасан байхад нягтлан 5 хувиар илүү олгосон байсан. Дутуу бодсон гэдэг нь над дээр газрын даргын захирамжаар авах ёстой ур чадвараас дутуу авсан тул нөхөж ав гэсэн ...би ур чадвар авсан, ...архив бичиг хэргийн ажилтан ажил хавсарсны нэмэгдэл авдаг тэрийг 2 нүдэнд бичээд давхар бодсон байсан ...жил бүр шинэ нягтлантай байгаа ...аудитын тайлангийн тухайд нягтлангийн бичилтээс тийм алдаа гарсан. Цалингийн нийгмийн даатгалын шимтгэл рүү гүйлгээ хийгдсэн байсан ...” гэж төлбөр барагдуулах тухай акт, албан шаардлагын талаар тайлбарласан.
Дээрх нөхцөл байдал дүгнэлт хийж үзэхэд аудитын шалгалтаар илэрсэн зөрчилд Ж.Г албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэхээс илүү цэцэрлэгийн санхүү хариуцсан мэргэжлийн ажилтан буюу нягтлан бодогчийн ажил үүрэгтэй холбоотой байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхөөс өмнө эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагааг явуулж, тайлбар, санал гаргах боломжийг хангасан бол ур чадварын нэмэгдэл авсан эсэх асуудлыг тодоруулах боломжтой байсан байна.
Иймд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэх заалтууд болон дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.Гийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Харин ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагчаас “...7, 8 дугаар сарын ээлжийн амралтын мөнгө авсан гэж ойлгож байна. Тэгээд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ ямар учиртай юм ... тухайн хүн ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилласан хоногтой тэнцэх ээлжийн амралтыг олгоно гэсний дагуу ээлжийн амралтыг нь олго гэж хэлсэн. Миний ойлгож байгаагаар ээлжийн амралтыг тухайн хүний үндсэн цалингаас боддог ...ажлын хоног 21.2 хоног байгаа. Тэгээд бодохоор 40 хоногийн цалин авсан харагдаж байгаа ...гэтэл та 30 хоног ажилласан гэж яриад байна. Зөрүү гараад байгаа. Тэгэхээр 40 хоногийн цалин авсан хүн 7, 8 дугаар сарын цалин авсан гэж ойлгож байгаа... энэ хүнд дахиад 8 дугаар сарын цалин гэдэг зүйл яригдахгүй ...”, нэхэмжлэгчээс “...миний албан тушаал 30 хоногоор амрах ёстой. Би ээлжийн амралтаа 07 дугаар сарын 01-ээс эхлээд 30 хоногоор тооцож ээлжийн амралтаа авахаар байсан. Яаж бодогдсон талаар мэдэхгүй байна ...ажлаас чөлөөлсний дараа ээлжийн амралтын тооцоо дуусга гэж хэлсэн. Би 8, 9 дүгээр сард ажилгүй байгаа. Албан тушаал бууруул гэсэн боловч би ажлаа өгөхдөө албан тушаал бууруулах ажилдаа оръё гэхэд шүүхэд хандсан учир шүүхийн шийдвэрийг харж байж шийдвэрлэж өгнө гэж хэлсэн ...6 дугаар сарын цалин дээр 30 хоногийн цалингаа бодуулж авсан ...” гэсэн байдлаар ажилгүй байсан хугацааны цалинтай холбогдуулан маргаантай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэлийн дээрх шаардлага бүхий маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М: Ж.Гт 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн А/177 ******* сумын Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь ямар сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй, утга агуулгын илэрхий алдаатай байгаа тул уг актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-т “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-т “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэн дээрх нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд захиргааны акт илт хууль бус болох бөгөөд илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульд тусгайлан зохицуулсан байна.
Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын шийтгэлийн хэлбэрүүд болох сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг тодорхой сараар 20 хувиар бууруулах, төрийн албанаас халах зэрэг сахилгын шийтгэлийг аль нэгийг ногдуулахаар байна. Гэтэл ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/177 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар санхүүгийн тайлангийн аудитаар хязгаарлалттай дүгнэлт авсан Гуулин тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Ж.Гт сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн байх боловч сахилгын шийтгэлийн аль хэлбэрийг сонгож шийтгэл ногдуулж байгаа нь тодорхой бус утга агуулгын илэрхий алдаатай байх тул А/177 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.1, Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Гийн нэхэмжлэлийн шаардлага болох Говь-Алтай сумын ******* сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/177 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр “Ж.Гийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Ж.Гийг урьд эрхэлж байсан ******* сумын Гуулин тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байгаа хэдий ч хохирлын хэмжээний талаар хэргийн оролцогч нар маргаантай байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ