| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2024/0933/3 |
| Дугаар | 221/МА2025/0057 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2025/0057
“Р” ХХК-ийн гомдолтой
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч “Р” ХХК
Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С
Нэхэмжлэлийн шаардлага: Эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1040 дугаар шийдвэр
Давж заалдах шүүх хуралдааны оролцогчид
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э
Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г
Хэргийн индекс: 128/2024/0933/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Р” ХХК нь Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С-т холбогдуулж “Эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1040 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг баримтлан гомдол гаргагч “Р” ХХК-аас Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С-т холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С-ын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000**** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх “...Р” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн А.Ч-ийн гомдлыг барагдуулсан байхад улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах зарчим”, 4.1.3-т “хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх”, 5 дугаар зүйлийн 5.1-д “хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, ...түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй”, 12 дугаар зүйлийн 12.3-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан.
“Р” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний гомдлыг барагдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуулийн 6.12 дугаар зүйлд зааснаар шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Хэдийгээр “Р” ХХК нь иргэний гомдлыг барагдуулж тийзийн төлбөрийг төлж барагдуулсан ч улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан нь хууль тогтоомжийг буруу тайлбарласан гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаас өмнө тухайн иргэн компанид хандаж төлбөрийг нэхэмжилсэн боловч “Р” ХХК гомдлыг хүлээн аваагүй, онгоцны тийзийн төлбөрийг барагдуулаагүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан үүргээ аж ахуй эрхлэгч биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүхээс “...Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил нь эс үйлдэхүйгээр үйлдэгдэхээр хуульчилсан гэж үзэхээр, тухайн тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Р” ХХК-аас иргэний хохирлыг төлж барагдуулсан эс үйлдэхүй байхгүй болсон байхад хариуцлага хүлээлгэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж заасан нийцэхгүй байна” гэж дүгнэсэн.
Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, ...үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасан. Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ” гэж заасан. Тэгвэл иргэн нь бараа ажил үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй эс үйлдэхүй нь тус газарт эрхээ хамгаалуулахаар гомдол гаргаснаар дуусгавар болж байгаа буюу зөрчил үйлдэгдээд дууссан. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүхээс “Р” ХХК-ийн эс үйлдэхүй иргэний хохирол барагдуулснаар зөрчлийн шинжгүй болсон гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.
“Р” ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний гомдлыг барагдуулж төлбөрийг төлсөн нь тухайн ажил, үйлчилгээний талаарх доголдлыг хүлээн зөвшөөрч, бодит нөхцөл байдалд нийцсэн байхад шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Гомдол гаргагч “Р” ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Э-т шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгосны үндсэн дээр нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон зөрчлийн хэрэгт мөн хуулийн этгээдийг төлөөлөн оролцсон байх бөгөөд тухайн итгэмжлэлд захирал П.А-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал М гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх хуралдаанд оролцогчид тухайн итгэмжлэлээр Ш.Э оролцож байгаад маргахгүй хэмээх тайлбарыг гаргасан тул Ш.Э нь шаардлага хангасан итгэмжлэлийн үндсэн дээр хуулийн этгээдийг төлөөлж байна гэж үзсэн болно.
3. Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С-аас “Р” ХХК нь хэрэглэгч Т.Ч-ийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тасалбар захиалгыг дутуу гүйцэтгэж, улмаар учирсан доголдлыг арилгана гэж хэрэглэгчтэй тохиролцсон боловч гүйцэтгэгч бараа ажил үйлчилгээний доголдлыг боломжтой хугацаанд арилгах үүрэг хүлээнэ гэж заасныг зөрчиж, хэрэглэгчид учирсан доголдлыг арилгаагүй гэх асуудлыг шалгаж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 000**** дүгээр шийтгэлийн хуудсаар[1] Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан “Р” ХХК-ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд “Р” ХХК-ийг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчаас “...Зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаас өмнө тухайн иргэн компанид хандаж төлбөрийг нэхэмжилсэн боловч “Р” ХХК гомдлыг хүлээн аваагүй, онгоцны тийзийн төлбөрийг барагдуулаагүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан үүргээ аж ахуй эрхлэгч биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй” хэмээн маргажээ.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2402****** дугаар тогтоолоор[2] зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Т.Ч нь “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн өглөө Чингис хаан нисэх буудал дээр очиж нисэх гэсэн боловч “Р” ХХК-аас тасалбар төлөгдөөгүй байна гэсэн шалтгаанаар онгоцонд суулгаагүй, үүний улмаас би өндөр үнээр тасалбар авч ниссэн” гэх гомдлыг[3] Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргаж, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Өргөдөл гомдлыг бүртгэлийн картаар[4] бүртгэж авсан байна.
6. 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “Хохирогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлээр[5] “...2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 09:30 цагт нислэгтэй байсан би өглөөний 07:00 цаг орчим үед очсон. Гэтэл А компанийн бүртгэгч нь таны овог, нэр манайд бүртгэлтэй биш байна гэсэн тухайн үед “Р” ХХК-д хандах гэсэн боловч ажлын цаг эхлээгүй гэх шалтгаанаар утас нь холбогдохгүй байсан...” гэх Т.Ч-ийн мэдүүлэг,
6.1 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “Холбогдогчоос мэдүүлэг авах тухай” тэмдэглэлээр[6] “...Ч нь 3 дугаар сарын 11-ний өдрийн нислэг захиалсан боловч манай ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж төлөвлөсөн “А” ХХК-ийн нислэг бус “М” ТӨХК-ийн нислэг захиалсан...” гэх Ш.Э-ын мэдүүлэг,
6.2 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны “Гэрчээс мэдүүлэг авах тухай” тэмдэглэлээр[7] “...Ч-ийн тасалбарыг миний бие захиалж өгсөн, гэтэл алдаа гарч нисэж чадаагүй. Би тухайн үед компанийн удирдлага, зохих шатны хүмүүст мэдэгдсэн...” гэх С.Б-ий мэдүүлгээр тус тус иргэн Т.Ч нь 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Р” ХХК-аас захиалсан тийзээр Бүгд найрамдах Солонгос улс руу нисэж чадаагүй болох нь тогтоогдсон байна.
7. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч хэрэглэгчээс бараа, ажил, үйлчилгээний чанарын доголдлын талаар тавьсан шаардлагыг хуульд заасны дагуу барагдуулах үүрэг хүлээнэ”, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно”, 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж тус тус заасан.
8. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Т.Ч нь “... “Р” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний данс руу 1.188.000 төгрөгийг буцаан шилжүүлж хохирлыг барагдуулж гомдолгүй болгосон” гэх тодорхойлолт[8], “Р” ХХК-ийн 1.188.000 төгрөг шилжүүлсэн гэх Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр[9] иргэн Т.Ч-г хохиролгүй болгосон байна.
9. Гэвч Эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Зөрчлийн хэрэг нээсний дараа буюу Гомдол гаргагч “Р” ХХК нь иргэн Т.Ч-ийн хохирлыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр барагдуулсан байх хэдий ч энэ нь нэгэнт гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С-ын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000**** тоот шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан байна.
10. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд орших бөгөөд “шударга ёсны зарчим” гэж мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах нь зүй ёсны байх бөгөөд “учирсан хохирлыг нөхөн төлсөн” гэх үндэслэлээр зөрчил үйлдсэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх нь хууль тогтоомжид нийцэхгүй.
11. Хариуцагчийн “...Зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаас өмнө тухайн иргэн компанид хандаж төлбөрийг нэхэмжилсэн боловч “Р” ХХК гомдлыг хүлээн аваагүй, онгоцны тийзийн төлбөрийг барагдуулаагүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан үүргээ аж ахуй эрхлэгч биелүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/1040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргагч “Р” ХХК-ийн гаргасан “Эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Монополын эсрэг газрын улсын байцаагч Б.С-ын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА