| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 186/2016/0246/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-01-26 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 42
М.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 222 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаар магадлалтай, 201709000357 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.Б нь хохиролд 7,800,500 төгрөг төлж, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар М.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4-д зааснаар М.Б-д тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хориглох хязгаарлалт тогтоож, хохирогчид сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах үүргийг хүлээлгэж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасан эрх хасах ялыг шүүгдэгч М.Б-д хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасан эрх хасах нэмэгдэл ялыг заавал хэрэглэх тухай хуулийн заалтыг зөрчиж М.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглээгүй, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ. Мөн Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан бол уг хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж заасан байхад ялыг дангаар оногдуулах нь хууль зөрчсөн гэж ойлгож байна. Харин анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зөрчөөгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх хасах ялыг заавал хэрэглэх хуулийн заалтыг анхан шатны шүүх зөрчиж шүүгдэгч М.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахдаа 2 жилийн хугацаагаар тэнссэн нь мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршгийг арилгах боломжгүй байхад шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан гомдлыг үндэслэн М.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж буй ял, шийтгэлийн зорилгыг дан ганц үндсэн ял хэрэглэснээр бүрэн хангахад төвөгтэй, эсвэл боломжгүй үед үндсэн ялын хамт нэмэгдэл ял хэрэглэж эрүүгийн хариуцлагыг үр дүнтэй, бодитой хэрэгжих нөхцлийг бүрдүүлдэг. Үндсэн ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх хатуу үр нөлөөтэй байхад нэмэгдэл ялд нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, иргэнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн илүү уян хатан шинж чанартай хөнгөн төрлийн ялууд хамаарна.
Нэмэгдэл ял нь үндсэн ялаас төрөл, хэмжээгээрээ ялгаатай, нөлөөллийн шинж чанараараа илүү хөнгөн байхыг нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчим шаарддаг юм. Дээрх шалтгаанаар хуульд заасан илүү хүнд ял болох үндсэн ялыг тэнсэх, чөлөөлөх, хөнгөрүүлэх үндэслэлүүдийг нэмэгдэл ялын хувьд хамааруулан хэрэглэхийг хязгаарладаг.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдэд уг үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах нь нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, хүнийг гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх чухал үр нөлөөтэй арга хэмжээ юм.
Шүүгдэгчид үндсэн ялыг биечлэн эдлүүлэхээс хуульд заасан болзол журмын дагуу тэнсэх, хойшлуулах байдлаар шүүх чөлөөлсөн нь нэмэгдэл ялын урьдчилан сэргийлэх үр нөлөөг шаардлагагүй гэж үзэх, түүнийг хэрэглэхгүй байх үр дагавар үүсгэх учиргүй.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан үндсэн болон нэмэгдэл ял нь тус тусдаа өөрийн үүрэг, зорилго, үйлчлэлийн хүрээ, ялгаатай үр нөлөөлөлтэй тул аль нэгийг нь хэрэглэхээс шүүх түдгэлзэж буй нь нөгөө ялыг хэрэглэхгүй байх хууль зүйн шууд үндэслэл болохгүй юм.
Анхан шатны шүүх Б.Б-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэж, ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ нэмэгдэл ялыг дангаар оногдуулах боломжгүй гэж хууль буруу тайлбарлан эрх хасах ялыг оногдуулахаас татгалзсан байна.
Энэ талаар гарсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 68 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН