Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Энхтуул,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***од холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205004872582 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Санан дурсахуй төвийн зогсоолын харуул ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, /РД:***/ урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 72 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгэсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай саарал өнгийн Соната-7 загварын тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээнд явж байхдаа “зам мэдэхгүй, хөдөөний өвгөн гэж доромжиллоо” гэх шалтгаанаар ***г машинаас татаж буулган, газарт түлхэж унагааж эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал),

2. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 1 дүгээр сарын 08-нд найз ***ийн хамт 3, 4-р хорооллын Е-Март дэлгүүрийн урд талаас такси бариад Хаан Палас орно гэж хэлээд машинд нь суусан. Албан ёсны таних тэмдэгтэй такси биш, хувь хүний халтуур машин байсан. Жолооч нь 50 гаран насны эрэгтэй хүн байсан. Ингээд Модны 2 замын гэрлэн дохио дөхөөд ирэхээр нь та буруу явчихсан байна, хэтрээд явчихсан байна, google map ашиглаж явж сураач ээ гэж хэлсэн. Тэгтэл тэр жолооч шууд уурлаад, зам дээр шууд буцаж эргээд Амура зочид буудлын замын эсрэг талын Хаан банкны харалдаа ирж зогсонгуутаа өөрөө бууж ирээд хойд талын хаалгыг татаж онгойлгож намайг баруун гар талын мөр хэсгээс, хувцаснаас татаж буулгаж газарт унагасан. Энэ үед би газарт унахдаа зүүн гараа гэмтээсэн. Мөн манай найзыг бас татаж гаргаж газарт унагасан. Гэхдээ манай найзад учирсан гэмтэл байгаагүй. Би гар өвдөөд байхаар нь эвгүй болчихлоо гэж бодоод шууд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн гарын шууны яс хугарсан байсан тул гараа гипсдүүлж, эм ууж 1 сарын турш ажил хөдөлмөр эрхлээгүй. Гипс авхуулснаас хойш үргэлжлүүлэн бэхлэгч чиг зүүлгэж 1 сар явсан. Би тэр жолоочийг дахиад харвал танина. Би түүний нүүр царай, бие галбираар нь дахиад харвал танина. ...Одоо гар хүнд юм өргөх, удаан хугацаагаар хуучин шигээ юм оёж суухад өвчин орж, хавдаад байгаа. Гар маань бүрэн эдгэрээгүй, зовуурьтай байгаад байгаа. Энэ гэмтлээс болж би нэлээн хэдэн сар хөдөлмөрийн чадвараа алдсан. Яг одоо үзүүлэх эмчилгээний баримт авч ирээгүй. Цаашид хохирлын баримтаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хорооллын 113 дугаар сургуульд ангиараа заал авч, Е-марк худалдааны төвийн урд талаас такси барьж Хаан плаза орно гэж хэлсэн. 2-3 удаа тойрсон зүйл байхгүй. Тухайн үед түгжрээ байгаагүй. Хаан плаза орох зам Е-Март орох зам маш ойрхон. Модны хоёрын гэрлэн дохио нь дээр ирэхээр нь ахаа гэрлэн дохио нь дээр ирчихлээ, энд биш, өөр газар ирсэн байна та гэж хэлэхэд гэрлэн дохионы гэрэл хамаагүй зам дээр бүтэн эргэж зогсоод үгийн зөрүү байхгүй, хаалга онгойлгож буу гээд татаж буулгасан. Тэгээд унахдаа гараараа унасан. Тэгээд манай найзыг татаж буулгасан. Тэгээд яваад өгсөн. Тухайн үед би шинэ жилийн палаж өмссөн зүйл байхгүй. Гар өвдөөд байна гээд эгчийгээ дуудаж гэмтлийн эмнэлэг орж гараа боолгосон. Тэгээд хоёр удаа татуулсан. Гэмтлийн эмнэлгийн цагдаа дээр тэмдэглүүлье гэхэд хэрэг гарсан газраа оч гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад бүртгүүлж, үүний дараа шүүх эмнэлэгт очсон. Энэ ах фейсбүүк ашиглаж байсан учраас замаа мэдэхгүй бол google map ашиглаад яваач гэж хэлсэн. Хөгшин өвгөн гэж хэлээгүй. Машин дотор энэ ахтай яриа болоогүй. Бид хоёр арын суудалд суугаад тэмцээний тухай ярьж байсан. ...Би гурван сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан. Би гурван сарын хугацаанд 3,000,000 төгрөгийн орлого олж байсан. Үүнийгээ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

3. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хорооллын И-март худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлах автобусны буудал дээр өөрийн найз болох ***тай уулзаад автобусны буудал дээрээс цагаан өнгийн санаж байна улсын дугаарыг нь хараагүй гар өргөхөд л хүрээд ирсэн. Тэгээд UB пласын хажууханд очъё гэдгээ жолоочид хэлсэн. Тухайн жолооч эрэгтэй нь ойролцоогоор 50 настай хүн байсан. Уруудаад UB плас руу явах замд гэрлэн дохио таарсан тэр дохиогоор зүүн тийшээ эргэчихсэн тэр үед бид хоёр та буруу явчихлаа гэж хэлэхэд 800 м зайд явснаа модны 2-ын Хаан банкны тэнд очоод буцаад эргэсэн. Тэгэхээр нь та зам мэддэггүй юм уу гэхэд би мэдэхгүй мэддэг жолоочдоо сууж үйлчлүүлэхгүй яасан юм гэж хэлээд машинаа зогсоогоод хаалгаараа бууж ирээд манай найз ***г хувцаснаас нь татаад машинаасаа буулгаад зуурсан барьцнаасаа түлхэж газар унагаасан. *** унахдаа баруун талаараа унасан. Тэгэхдээ газар тулж гараа хугалсан байх. Тэгээд үргэлжлүүлж намайг мөн хувцаснаас зуураад чирч буулгасан. Тэгээд тэр жолооч машиндаа суугаад хурдтай яваад өгсөн. Манай найз газраас босож чадахгүй гар хугарчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би найзыгаа босгоод Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж зургийг авхуулаад хугарсан гэж хэлээд гипсдсэн. Тэндээсээ тэр орой гараад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1575 дугаартай “...***гийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2-н дунд замд байрлах хойд талын автобусны буудал харагдаж байв. Тус бичлэг нь нийт 52 секунд үргэлжлэх бөгөөд 17 секундэд автомашины зам дээр явган хүний гарцны цаана зогсож буй саарал өнгийн автомашин явган хүний гарц өнгөрөн зогсож байгаа нь харагдана. 26 секундэд тус саарал автомашины зүүн урд талаас бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн бууж ирэх бөгөөд тус эрэгтэй автомашины баруун хойд хаалганаас бууж ирэх хар бараан өнгийн куртиктэй эмэгтэйг явган хүний зам руу түлхэн унагаж байгаа нь харагдана. 33 секундэд тус саарал автомашины зүүн урд талаас бууж ирсэн эрэгтэй баруун хойд хаалгаараа цагаан өнгийн куртиктэй эмэгтэйг автомашинаас чирч буулгаж байгаа нь харагдана. 47 секундэд тухайн бараан хувцастай эрэгтэй автомашиндаа суун хөдлөн явж байгаа нь харагдана...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 40-43 дахь тал),

6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 45-52 дахь тал),

7. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 10-20-дын үеэр гэж санаад байгаа юм. Шинэ жилийг албан газрууд хийж байх үед санагдаад байна. Би өөрийнхөө эзэмшлийн 52-37 УБП дугаартай саарал өнгийн Соната-7 маркийн машинтай явж байтал Хорооллын эцэст 2 хүүхэн гар өргөсний дагуу зогсож тэр хоёр хүүхнийг авсан. Тэр хүүхэн хоёулаа хойд суудалд суугаад модны 2-ын замд Хаан караоке гэдэг газарт очно гэж хэлсэн. Ингээд хөдлөөд явсан. Уг хоёр хүүхэн өөрсдөө замаа заагаад явсан. Би Өргөө кино театраар уруудаж зүүн тийш эргэж Модны 2-ын замаар явсан. Тухайн үед зам түгжрэлтэй байсан ба тэр хүүхнүүд очих газраа зааж хэлж мэдэхгүй, нөгөө газраа олохгүй байсан. Би тэр хоёр хүүхэнд “Би замын хойд талыг харъя, та хоёр урд талаа хар” гэж хэлээд модны 2 замаар, 2 удаа явсан. Нөгөө хоёр хүүхэн сүүлдээ намайг “хөдөөний тэнэг өвгөн” гэж загнасан. Тэгэхээр нь би Модны 2-ын замд машинаа зогсоогоод нөгөө хоёр хүүхнийг буу гэхэд буухгүй гээд надтай хэрэлдээд байсан. Би тэр хоёр хүүхнээс мөнгө авалгүйгээр буулгасан. Би машинаасаа бууж очоод хойд хаалгаа нээгээд машинаас буу гэхэд буухгүй хэрүүл хийгээд байхаар нь нэг хүүхнийг татаад машинаасаа буулгаад, хаалгаа хаагаад хөдлөөд явсан. Нөгөө хүүхэн нь бол өөрөө машинаас буусан. Би эмэгтэй хүнийг зодсон нүдсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-101 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...12 дугаар сарын 20-ны өдөр гэж санаж байна. Найзынхаа хүүхдийг хүргэж өгөөд гараад явж байхад хоёр эмэгтэй гар өргөж байхаар нь зогсоход “Хаан караоке оръё” гэсэн. Тэгэхээр нь ах нь мэдэхгүй шүү, хаана байдаг юм бол гэж асуухад модны хоёрын зам руу орчих гэж хэлсэн. Тэгээд модны хоёрын зам руу орж түгжрэл дунд хоёр удаа эргэсэн. Тэгээд баруун дөрвөн зам ороод ирлээ гэж хэлэхэд одоо эргэчих гэж хэлсэн. Тэгэхээр нь ахынх нь машин зүүн талдаа жолоотой учраас ах нь зүүн талыг нь хараад явъя, та хоёр хойд талыг нь харчих гэсэн. Тэгээд 2-3 удаа яваад олохгүй юм байна гэж хэлэхэд намайг доромжилсон, тэгэхээр нь татаж буулгасан. Тэрнээс түлхэж унагаагаагүй. Гэхдээ 01 дүгээр сарын 08-ны өдөр гэж бодохгүй байна. Шинэ жилийн үе шиг санаж байна. Энэ хоёр охин палаж өмссөн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг хөдөөний өвгөн, гар утасны аппликейшн ашигладаггүй гэж хэлэхээр нь буучих гэж хэлэхэд буугаагүй. Тэгэхээр нь машинаас татаж буулгасан. Түлхэж унагаасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн дансны хуулганы хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 60, 61 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх Баянгол дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан тоотын хуулбар (хавтаст хэргийн 63 дахь тал), Нийслэлийн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 684 дугаартай “...*** нь 1990 оны 1 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, 2011 оны 09-11 дүгээр сар, 2017 оны 07-11 дүгээр сар дуустал нийт 140 сар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн байна” гэх албан тоот (хавтаст хэргийн 66 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 72 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 73 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 76-77 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 78-86 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***оос гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 32-34 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай саарал өнгийн Соната-7 загварын тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээнд явж байхдаа “зам мэдэхгүй, хөдөөний өвгөн гэж доромжиллоо” гэх шалтгаанаар ***г машинаас татаж буулган, газарт унагааж эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***гийн “...2022 оны 1 дүгээр сарын 08-нд найз ***ийн хамт 3, 4-р хорооллын Е-Март дэлгүүрийн урд талаас такси бариад Хаан палас орно гэж хэлээд машинд нь суусан. Ингээд Модны 2 замын гэрлэн дохио дөхөөд ирэхээр нь та буруу явчихсан байна, хэтрээд явчихсан байна, google map ашиглаж явж сураач ээ гэж хэлсэн. Тэгтэл тэр жолооч шууд уурлаад, зам дээр шууд буцаж эргээд Амура зочид буудлын замын эсрэг талын Хаан банкны харалдаа ирж зогсонгуутаа өөрөө бууж ирээд хойд талын хаалгыг татаж онгойлгож намайг баруун гар талын мөр хэсгээс, хувцаснаас татаж буулгаж газарт унагасан. Энэ үед би газарт унахдаа зүүн гараа гэмтээсэн...” гэх, гэрч ***ийн “...UB плас руу явах замд гэрлэн дохио таарсан тэр дохиогоор зүүн тийшээ эргэчихсэн тэр үед бид хоёр та буруу явчихлаа гэж хэлэхэд 800 м зайд явснаа модны 2-ын Хаан банкны тэнд очоод буцаад эргэсэн. Тэгэхээр нь та зам мэддэггүй юм уу гэхэд би мэдэхгүй мэддэг жолоочдоо сууж үйлчлүүлэхгүй яасан юм гэж хэлээд машинаа зогсоогоод хаалгаараа бууж ирээд манай найз ***г хувцаснаас нь татаад машинаасаа буулгаад зуурсан барьцнаасаа түлхэж газар унагаасан. Тэгэхдээ газар тулж гараа хугалсан байх. Тэгээд үргэлжлүүлж намайг мөн хувцаснаас зуураад чирч буулгасан. Тэгээд тэр жолооч машиндаа суугаад хурдтай яваад өгсөн. Манай найз газраас босож чадахгүй гар хугарчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би найзыгаа босгоод Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж зургийг авхуулаад хугарсан гэж хэлээд гипсдсэн...” гэх болон хяналтын камерт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах модны 2-н дунд замд байрлах хойд талын автобусны буудал харагдаж байв. Тус бичлэг нь нийт 52 секунд үргэлжлэх бөгөөд ...26 секундэд тус саарал автомашины зүүн урд талаас бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн бууж ирээд тус эрэгтэй автомашины баруун хойд хаалганаас бууж ирэх хар бараан өнгийн куртиктэй эмэгтэйг явган хүний зам руу түлхэн унагаж байгаа нь харагдана. 33 секундэд тус саарал автомашины зүүн урд талаас бууж ирсэн эрэгтэй баруун хойд хаалгаараа цагаан өнгийн куртиктэй эмэгтэйг автомашинаас чирч буулгаж байгаа нь харагдана. 47 секундэд тухайн бараан хувцастай эрэгтэй автомашиндаа суун хөдлөн явж байгаа нь харагдана...” гэх тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Шүүгдэгч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэмт хэрэг гарсан цаг хугацааг 1 дүгээр сарын 08-ны өдөр гэж бодохгүй байна. Шинэ жилийн үе шиг санаж байна. Энэ хоёр охин палаж өмссөн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 2-3 удаа яваад олохгүй юм байна гэж хэлэхэд намайг доромжилсон, тэгэхээр нь татаж буулгасан...” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, 1575 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тухайн хэрэг 2022 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт гарсан байна.

Мөн шүүгдэгч ***ын хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ***г машинаас татаж буулгаж газарт унагасан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***гийн биед зүүн гарын шуу ясны далд хугарал” бүхий гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь хавтаст хэргийн 36-37 дахь талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1575 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Иймээс шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ***ын гэм буруутай идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч ***д хохирол хор уршиг учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул шүүгдэгчийн бусдыг татаж унагасан идэвхтэй үйлдлийн улмаас бусдад хүндэвтэр хохирол учирсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүхээс шүүгдэгч ***од ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн ялын санал, хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй зэргийг харгалзаж, шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1575 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. 

Хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 2.250.000 төгрөг, ББСБ-д төлөх байсан зээлийн төлбөр 1.462.500 төгрөг, нийт 3.712.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь дээрх нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох эрүүл мэндийн зардал биш байх бөгөөд зөвхөн банкны хуулгаар дээрх үйл баримтыг дүгнэх боломжгүй, хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***од 320 (гурван зуун хорь)-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***од мэдэгдсүгэй.

4. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА