| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч Ж.Азжаргал,
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дардан овогт Жамьжээгийн Азжаргалд холбогдох эрүүгийн 2324000000006 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ...... оны ......дугаар сарын .............д ............. аймгийн ............. сумд төрсөн, ............. настай, .........эй, ........ боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт ............. аймгийн ............. сумын ............. багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, РС77081207 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй, Дардан овогт Жамьжээгийн Азжаргал.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Азжаргал нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах Өвөгдий дэлгүүрийн 2 давхарын лангуун доороос Н.Отгонжаргалын эзэмшлийн Самсунг А-23 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Н.Отгонжаргалд 849.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Азжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэх ялын саналыг хүлээн зөвшөөрсөн. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүгдэгч Ж.Азжаргал нь мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Н.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчим Мөнх Өвөгдий худалдааны төвийн 2 давхарт лангууны араас өөрийн Samsung А-23 маркийн гар утсаа хулгайд алдсан юм. Самсунг А-23 маркийн ар хэсэг нь шаргал өнгийн камер хэсгийн тойрсон хүрээ нь ягаан өнгийн кэйстэй гар утас байсан. Би тухайн утсыг 2022 оны 09 дүгээр сард Тосонцэнгэл сумын Мобиком салбараас 880.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Шинээр нь аваад ашиглаж байсан..., кассны өөдөөс харсан шар өнгийн лангууны доор, тавцан дээр нь тавиад ажлаа хийж байсан, тэгээд 17 цагийн үед утсаар ярих шаардлага гараад утсаа авах гэхэд байхгүй болсон байсан. Тухайн үед хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 16 цагийн үед хар өнгийн дээлтэй, бор ноосон ороолт, малгайтай эмэгтэй хүн лангууны доороос утсыг аваад өвөртөлж байгаа камерын бичлэг байсан. Тухайн үед тэр эмэгтэйг таних хүн олдоогүй юм. Би тухайн лангууны доор байрлах тавцан дээр нэлээн цааш нь хийсэн байсан, хүн хажуугаар нь явахад сайн доош нь тонгойж харахгүй бол харагдах боломжгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-23-р тал/,
Гэрч Б.Хашхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчимд би Тосонцэнгэл сумын төв рүү хадам дүү болох Дагвадоржийн хамт буяны ном уншуулах гээд орж ирсэн. Тэгээд ганданд ном уншуулж байгаад дуусах үед нь би Азжаргалын хамт 17 цагийн үед байсан санагдаж байна бид хоёр Тосонцэнгэл сумын “Өвөгдий” гэдэг нэртэй дэлгүүр рүү би зулын цөгц авах гээд харин Азжаргал эгч торго авна гэж орсон. Би зулын цөгц аваад лангуу дээр очсон харин Азжаргал эгч ногоон цэцэгтэй хар өнгийн торго, хар хөх өнгийн торго нийт хоёр торго авсан. Тэгээд лангуун дээр нь очиж Хаан банкны картаар өөрийнхөө худалдаж авсан гэх цөгцний мөнгийг өгсөн. Харин Азжаргал эгч ямар банкны картыг нь мэдэхгүй виза картаар гүйлгээ хийж байсан. Азжаргал эгч бид хоёр худалдаж авсан зүйлүүдээ аваад тухайн дэлгүүрээс гараад Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4-р багийн нутаг Дээд улаан хад гэх нэртэй газар руу явсан. Азжаргал эгч тухайн үед орой дээрээ шомбогортой бор өнгийн ноосон малгай, бор өнгийн ноосон хүзүүний ороолттой, хурган дотортой, цэцэгтэй хар өнгийн торгон дээлтэй, бор саарал өнгийн годон гуталтай байсан. Тухайн дэлгүүрт ороод ойролцоогоор 10-20 минут болсон байх. Азжаргал эгчийг тухайн дэлгүүрээс утас авсан талаар би мэдэхгүй байна. Би тухайн үед өөрийнхөө авах гэж байсан зулын цөгцийг аваад гарсан. Харин Азжаргал эгчийг хоёр торгоноос өөр юу авсан талаар би сайн мэдэхгүй байна. Утас авсан талаараа хэлээгүй. Надад Азжаргал эгч цагдаа дуудаж байна гэж хэлсэн, түүнээс би авсан гэж хэлээгүй. Ямар маркийн утас гэдгийг мөн хаана байгаа талаар би мэдэхгүй байна ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,
Гэрч Ц.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Отгонжаргал 2022 оны 12 дугаар сард ажлын байрнаасаа өөрийн эзэмшлийн гар утсаа хулгайд алдсан. Мөнх-Өвөгдий ХХК-ийн 2 давхарт шатаар дөнгөж гараад кассны өөдөөс харсан бөс барааны хэсгийн шар өнгийн лангуун дор бид нар өөрсдийн гар утсаа хийж үлдээгээд ажил үүргээ гүйцэтгэдэг. Н.Отгонжаргалын алдсан гар утас Самсунг маркийн шар өнгийн гэртэй утас байсан маркийг нь яг мэдэхгүй байна. Тухайн лангуу нь доороо хаалт цоож ямар нэгэн зүйл байхгүй ил байдаг. Тухайн үед миний утас, Н.Отгонжаргалын гар утас тухайн лангуун дор хамт байсан...” гэсэн /хх-ийн 29-р тал/ мэдүүлэг,
Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай: “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын байдлаар Самсунг А-23 маркийн гар утасны үнэлгээг 849,000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлт,
Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хуулбар, / хх-ийн13-14-р тал/
Өвөгдий дэлгүүрийн камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-11-р тал/,
Эд зүйл хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох:
Завхан аймгийн Цагдаагийн газрын “...Дардан овогт Жамьжээгийн Азжаргал нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ...” гэсэн ял шийтгэл шалгах хуудас /хх-ийн 52-р тал/,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дугаартай: “...Жамьжээ овогтой Азжаргал нь ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт тус багт оршин суудаг нь үнэн болно. 2022 оны 926 толгой мал тоолуулсан байна...” гэсэн багийн засаг даргын даргын тодорхойлолт,
Гэрч Л.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ж.Азжаргал нь нөхөр Нямсүрэн болон 4 хүүхдийнхээ хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багт мал маллаж, боломжийн сайхан амьдардаг, мал сайтай. Ж.Азжаргалын төрсөн ээж нь миний төрсөн эгч бөгөөд одоо Хөвсгөл аймагт оршин сууж байгаа. Ж.Азжаргалын хүүхдүүд нь бүгд Улаанбаатар хотод сурч, ажиллаж байгаа, харин өөрөө нөхөртэйгээ хөдөө мал маллаж амьдардаг юм. Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Хүүхэд ахуй цагаасаа хөдөө өсөж хүмүүжиж одоо хүртэл мал маллаж байгаа, зан харилцаа сайтай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч Ж.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.Азжаргал нөхөр дөрвөн хүүхдийнхээ хамт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багт мал маллаж амьдардаг. Тэднийх боломжийн сайхан амьдралтай ойролцоогоор 1000 орчим малтай. Бид хүүхэд ахуй цагаасаа нэг нутагт өсөж хүмүүжсэн, хаана ч явсан мэндлээд инээгээд л явж байдаг. Зан харилцаа сайтай. Ж.Азжаргалыг гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байна гэж сонсож байгаагүй, их л томоотой хүүхэд...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/ зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж шүүх үнэлж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Мөн шүүгдэгч Ж.Азжаргал нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас буяны юм бэлдэх, гандан орж ном уншуулах, ахуйн хэрэгцээний зүйлсээ дэлгүүрээс цуглуулж авах ажлаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү хадам дүү нарынхаа хамт орж ирсэн юм. Эхлээд гандан орж ном уншуулчихаад 16 цагийн орчимд байх Өвөгдий дэлгүүр рүү орсон. Баз дүү Хашхүүгийн хамт дээлийн өнгө үзсэн. Дээлийн өнгө үзэж байхад Хашхүү голт /цөгц/ үзэхээр яваад би дээлийн өнгө үзээд үлдсэн. Лангууны доод талын тавиурт нэг утас харагдахаар нь Хашхүүгийн утас юм байх гэж бодоод аваад өвөртөлсөн...Би хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авсандаа маш их гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Ж.Азжаргалын үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Яллагдагч Ж.Азжаргал нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт байрлах Өвөгдий нэртэй дэлгүүрийн 2 давхарын лангуун доороос Н.Отгонжаргалын эзэмшлийн Самсунг А-23 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Отгонжаргалд 849.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч Ж.Азжаргалын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд зүйлийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, амар хялбар аргаар орлого олох гэсэн шунахай санаа зорилго нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Отгонжаргалд 849.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчид төлөх хохирол төлбөргүй болох нь:
Хохирогч Н.Отгонжаргалын “...Ж.Азжаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, миний эзэмшлийн гар утсыг буцааж өгсөн, миний зүгээс түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн...” гэж бичиж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлт,
шүүгдэгч Ж.Азжаргалын: “...Би хохирогч Н.Отгонжаргалтай сайн дураараа эвлэрсэн, түүний эзэмшлийн гар утсыг буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг, хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Азжаргалд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ж.Азжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, сонсгосон ял болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтээ бичиж, хэрэгт хавсарган ирүүлсэн байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “... эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож..., эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасан байх тул шүүх шүүгдэгчийн прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ж.Азжаргалын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.Азжаргал нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлж, гар утсыг нь буцаан өгсөн байх ба цаашид энэ хэрэгт түүнээс гаргуулах хохирол, төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүгдэгчийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах эрх бүхий байгууллагад хүргүүлэх хүртэл түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж хадгалахаар дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Азжаргалд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.Азжаргалд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Азжаргал нь тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Азжаргал нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Азжаргалд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Азжаргал нь тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
8. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 /нэг/ ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Азжаргалд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ