Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.Төрболд,

Шүүгдэгч Б.Товуудорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Товуудоржид холбогдох 2223002410018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гааль, татварын эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Улиастай сум, Жинст багийн 6 айлын 04 тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Дүнгийн дархан овогтой Бат-Очирын Товуудорж, регистрийн дугаар ИЮ94111535.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч Б.Товуудоржийг хохирогч Г.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Б.Товуудорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт дэвсгэрт байрлах “Наран” баарны гадна талбайд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед иргэн Эрболдтой маргалдаж улмаар тухайн маргааныг салгах зорилгоор очсон хохирогч Г.Даваасүрэнгийн эрүүн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь эрүүний ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Даваасүрэнгийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 22 цагийн орчим Завхан аймгийн Жинст багт байрлах “Наран” гэх баарны гадаа байж байхад Эрболд гэх зүс таних дүүг маань нэг хүн газар унагаачихсан зодоод байхаар нь би боль гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгээд байж байтал тэр хоёрыг хамт явж байсан найзууд нь салгасан. Тэгтэл дахин тухайн залуу Эрболдыг гараараа цохиод зодоод байхаар нь би салгах гээд тухайн зодоод байсан залууг араас татах үед эргэж хараад намайг гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэр үед миний эрүү так гэж дуугараад хугарчих шиг болсон. Би миний эрүү хугарчихлаа гэж хэлээд хойшоо болоход тухайн залууг хамт явж байсан найз нар нь аваад “Наран” баар луу орцгоосон. Намайг цохих үед тэр цохисон залуутай хамт явсан 2 найз нь болон Эрболд, Биндэръяа, Базарсад гэх миний таньдаг дүү нар хараад зогсож байсан. Намайг ямар шалтгааны улмаас тухайн залуу цохих болсныг мэдэхгүй байна. Эрболд гэх дүүг зодоод байхаар нь салгах гээд боль гэж хэлээд араас нь татах үед эргэж хараад намайг шууд нүүр лүү цохисон. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг болон намайг цохисон залууг аваад Цагдаагийн газарт ирсэн. Цагдаагийн газарт ирээд намайг цохисон хүнийг Товуудорж гэх хүн гэдгийг мэдсэн. Цагдаагийн байгууллага дээр ирээд Товуудорж над руу хандан би чамайг нэг л удаа цохисон чиний эрүү хугарна гэж юу байдаг юм чи наадхаа эмнэлэгт үзүүлчих хугараагүй байвал жинхэнээс нь хугалаад өгье гэж хэлээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Цогтсайханы “...Ямар шалтгааны улмаас маргалдах болсон мөн хүний биед халдсан эсэх талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Маргааш нь надтай утсаар ярихдаа би хүн цохчихсон юм шиг байна эрүүндээ гэмтэл авсан байна. Улаанбаатар хот руу авч явж үзүүлэх гэж байна гэж хэлж байсан. Уг үйл явдал 2022 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21-22 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах Наран баарны гадаа болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,

- Гэрч О.Биндэръяагийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед Улиастай сумын Жинст багт байх Наран баарны гадаа Базарсадтай хамт байж байтал Наран баарнаас Товуудорж танихгүй 2 эрэгтэй хүнтэй гарч ирээд Эрболд гээд зүс танихгүй залуутай маргалдаад нэг хоёр цохичих болсон. Хэн нь Эрболдыг цохисныг сайн мэдэхгүй байна. Тэгтэл Даваасүрэн, Эрболдыг өмөөрөөд яагаад цохиж байгаа юм гэж хэлэхэд Б.Товуудорж Даваасүрэнгийн шанаа руу гараараа нэг удаа цохиод салаад Товуудорж хамт явсан хүмүүстэйгээ баар руу буцаад орсон. Даваасүрэн дараа нь машиндаа суугаад яваад өгсөн. Бид хоёр гэр гэр лүүгээ явсан. Гэртээ харих гээд явж байтал Даваасүрэн залгаад би эмнэлэг дээр байна хүрээд ирээч гэхээр нь нэгдсэн эмнэлэг дээр Базарсадтай хамт яваад очтол Даваасүрэн би сая цохиулаад эрүү хугарсан байна зургийг авхуулчихлаа гээд байж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Сумъяагийн “...Хэсэг хугацааны дараа би Баасандоржтой араас нь гарахад Б.Товуудорж Наран баарны гадаа танихгүй залуутай маргалдаад нэг залуу нь миний эрүүг хуга цохичихлоо гэж хэлээд цагдаа дуудна гээд цагдаа руу дуудлага өгөөд байсан. Тухайн үед эрүүгээ хуга цохиулсан гэх залуу Товуудоржийг заагаад намайг цохичихлоо гээд байсан. Би яг хэн цохисныг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Дараа нь Товуудоржийг боль гэж хэлээд маргалдаж байсан хүнээс нь салгачхаад би гэр лүүгээ явсан. Би Б.Товуудоржийг яагаад хүнтэй маргалдах болсон мөн эрүүгээ хуга цохиулсан гэх залуу яагаад цохиулсан талаар тухайн үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Намайг Наран баарнаас гарч ирэх үед тухайн залуу миний эрүүг хуга цохичихлоо тэр өндөр залуу цохисон гээд  Б.Товуудоржийг заагаад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч Т.Отгонбаярын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 000000010 дугаартай “...1. Г.Даваасүрэнгийн биед: Эрүүний ясны хоёрлосон хугарал гэмтэл учирсан байна.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэж болно.

3. Тус эрүүний хугарал гэмтэл нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой.

4. Тухайн гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулна. Г.Даваасүрэнгийн биед үүссэн эрүүний ясны хоёрлосон хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Товуудоржийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Товуудоржийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Даваасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Б.Товуудоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Товуудорж нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Г.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагаанд эрүүл мэндэд учирсан хохиролд баримт гаргаж өгөөгүй байна. Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “Товуудорж нь надад учирсан хохирлыг барагдуулж эмчилгээ хийхэд зарцуулсан зардлыг гаргаж өгсөн тул одоо надад хохирлын талаар нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байна. Мөн шүүгдэгч Б.Товуудорж нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Улаанбаатар хот руу авч явж эмчилгээг нь бүрэн хийлгэж бүх зардлыг нь гаргаж өгсөн” гэв. Иймд шүүгдэгч Б.Товуудоржийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн хохирогч Г.Даваасүрэнгийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,927,150 /хоёр сая есөн зуун хорин долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийн зардал гарсан болох нь Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22/20 дугаартай албан бичгийн хавсралтаар жагсаан ирүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 73-74-р хуудас/

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Товуудоржийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Даваасүрэнгийн эрүүл мэндэд учирсан эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 2,927,150 /хоёр сая есөн зуун хорин долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч Б.Товуудоржоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгох нь зүйтэй байна.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Товуудоржийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал, бусад баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Товуудоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Б.Товуудорж урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан  болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 54-59-р хуудас/

Прокуророос шүүгдэгч Б.Товуудоржид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Товуудоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.  

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Товуудоржид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Б.Товуудорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дүнгийн Дархан овогт Бат-Очирын Товуудоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Товуудоржийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Товуудоржид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Товуудорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хохирогч Г.Даваасүрэнгийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 2,927,150 /хоёр сая есөн зуун хорин долоон мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч Б.Товуудоржоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Товуудоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Б.Товуудорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ