Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
Хэргийн индекс | 135/2019/00007/и |
Дугаар | 135/ШШ2019/00474 |
Огноо | 2019-05-23 |
Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 135/ШШ2019/00474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00007/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ****** дугаар баг ****** дүгээр хороолол С ХХК-ний байр “*******” ХХК /байгууллагын регистрийн дугаар ******.хүсэлттэй,
“Төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, татан буулгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“******* ХХК нь Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эрхлэн явуулж, ашиг олох зорилгоор 2013 онд байгуулагдаад 2018 оны 12 дугаар сарын байдлаар ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, ашиг орлогогүй, их хэмжээний татварын өрөнд орсон бөгөөд өр барагдуулах санхүүгийн эх үүсвэр ч байхгүй, хөрөнгө оруулалт ч байхгүй явсаар өдий хүрлээ. Манай компани нэг гишүүнтэй Д.Б миний бие 100 хувийн хувьцаа эзэмшиж байгаа болно.
Компани маань өнөөдрийн байдлаар ямар ч хөрөнгөгүй, үүсгэн байгуулагчийн зүгээс нэмж хөрөнгө оруулах боломжгүй манай компанийг дахин хөрөнгөжүүлэх санал байхгүй байгаа болно.
******* ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын НӨАТ-ын 30766500 төгрөг 2012 оны НӨАТ-ын тайлангаар 5,060,000 төгрөгийн өр буюу Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 969 дугаар шүүгчийн захирамжаар 34,462,900 төгрөг гаргуулж Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн.
Мөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1011 дугаар шүүгчийн захирамжаар 29,548,500 төгрөгийг гаргуулж, Татварын хэлтэс олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрүүдийн дагуу 2013 он болон 2015 онд гарсан нийт 64,011,400 төгрөгийн өрийг манай компани өөрийн гэсэн хөрөнгөггүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй, ашиг орлого олоогүй тул нэг ч төгрөг төлж чадаагүй байна.
Иймд Дампуурлын хэрэг үүсгэж, тус компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, улмаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т зааснаар татан буулгаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“*******” ХХК нь 1 гишүүнтэйгээр 3,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулагдаж, 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
******* ХХК-ны хүсэлтийг шүүх хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1287 дугаартай шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, нийтэд мэдээлэхээр өдрийн сонинд хүргүүлэхэд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны №069(6170) дугаарт ******* ХХК-ийг шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцсон, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг хийх товыг мэдэгдэж, нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор ******* ХХК-тай холбоотой нэхэмжлэлээ ирүүлэхийг мэдэгдэж, нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор хариуцагчтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг тайлбарласэн зарлалыг дахин байршуулахыг даалгаж хүргүүлсэн байна.
Шүүх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай захирамжаар Пийк-Ом-Аудит ХХК-ийг түр хэрэг гүйцэтгэгчээр томилж, дампуурлын тухай хуульд заасны дагуу дүгнэлт гарган танилцуулахыг даалгасан байна.
Түр хэрэг гүйцэтгэгч Пийк-Ом-Аудит ХХК-ний дүгнэлтэд ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг ******* ХХК-ны болон захирлын өмчлөлд ямар нэгэн хөрөнгө огт байхгүй үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэргүй, Компаний 2013-2018 оны санхүүгийн тайланд тусгасан 55,8 сая төгрөгийн өртөгтэй бусад үндсэн хөрөнгө нь хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлд огт бүртгэгдээгүй, ашиглалтын хугацаанд элэгдэл тооцогдоогүй байна. ******.хувийн болон компаний идвэхитэй данс байхгүйн улмаас ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлэлцээр хийх боломжгүй байдал үүссэн байна гэж дүгнэсэн ба дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн байна.
******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулсан хугацаанд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 969 дугаартай захирамжаар ******* ХХК-иас татварын өр 34,462,900 төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгохоор, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1011 дугаартай захирамжаар ******* ХХК-иас татварын өр 29,548,500 төгрөгийг гаргуулан Татварын хэлтэст олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
Дампуурлын тухай хуулийн дагуу шүүхээс тогтоосон хугацаанд ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасны дагуу дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт гаргаагүй, дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу ******* ХХК-ыг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-д зааснаар ******* ХХК-ыг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА