Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2305000000087 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нууцалсан холбооны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг гэх, Дорнод аймгийн Хэрлэн сумын ***-р багт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо *** дугаар байрны *** тоотыг түр түрээслэн оршин сууж байгаа, /РД:***/, урьд

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг биелүүлж дууссан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны *** дүгээр байрны *** тоотод байрлах гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн Голомт банкны *** тоот данснаасаа ***ын эзэмшлийн Хаан банкны *** дугаар данс руу данс андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээ буюу 1,000,000 төгрөгийг мэдсээр байж өөрийн данснаас авч завшсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цагт Баянгол дүүргийн *** дугаар хороо *** тоотод байх гэртээ байхдаа хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад өөрийн эзэмшлийн голомт банкны *** дугаартай данснаасаа Хаан банкны *** гэсэн данстай *** овогтой *** гэх хүний данс руу 1,000,000 төгрөгийг андуурч шилжүүлсэн. Тэгээд би голомт банканд буруу данс руу мөнгө хийсэн талаар хандтал Голомт банкнаас манай банкны зүгээс Хаан банк руу хандчихсан гээд 10 хоног хүлээлгэж байгаад дараа цагдаад хандаарай гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Надад Голомт банкнаас тухайн данс руу буюу *** дугаартай дансны эзэмшигч *** овогтой *** гэж хүн байна дугаар нь *** гэсэн дугаартай хүн байна гэж хэлсэн. Тэгээд би холбоо барихаар залгаад байсан боловч нэг ч удаа утас нь болоогүй. Би шилжүүлсэн 1,000,000 төгрөгөө эргүүлж олж авмаар байна. Миний мөнгийг эргүүлж олж авахад туслалцаа үзүүлнэ үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

2. Хаан банкны 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 29/255 дугаартай “...***ын *** тоот дансны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгыг хавсралтаар хүргүүлж байна...” гэх албан тоот (хавтаст хэргийн 20 дахь тал),

3. ***ын Хаан банкны *** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

4. ***ын Хаан банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 24 дэх тал),

5. Хохирогч ***гийн “2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Голомт банкнаас *** гэсэн данс руу 1,000,000 төгрөг андуурч шилжүүлсэн бөгөөд уг дансны эзэн *** нь тухайн мөнгийг эргүүлэн өгсөн тул ямар нэг гомдол санал байхгүй. Ийм учир миний бие шүүх хуралд оролцох хүсэлтгүй байгаа тул уг хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 46 дахь тал),

6. Шүүгдэгч ***ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 50 дахь тал),

7. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр би Дорнод аймгийн Хэрлэн суманд байж байхад миний Хаан банкны *** дугаарын данс руу 1,000,000 төгрөг танихгүй хүнээс шилжин орж ирсэн. Миний дансанд орсон 1,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн *** дугаарын данс руу 100,000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буцаан өөрийн дансандаа хийсэн. Би Дорнод аймгаас 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу тэмцээн уралдааны шаардлагаар ирэх гээд 1,000,000 төгрөгөөс өөрийн автомашиндаа 200,000 төгрөгт бензин хийсэн. 400,000 төгрөгийг нь хүнээс уураг авсан өрөндөө өгөөд үлдсэн мөнгийг нь Улаанбаатар хотод ирээд ойр зуурын ахуйн хэрэглээндээ зарцуулаад 1,000,000 төгрөгийг дуусгасан. 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр над руу танихгүй хүн ярьсан. Танихгүй хүн “ах нь чиний данс руу 1 сая төгрөг андуураад хийсэн байна, чи буцаагаад ах руугаа явуулчих уу” гээд хэлсэн. Би үнэн учраа хэлээд би ахаа таны мөнгийг үрчихсэн. Яг одоо надад мөнгө байхгүй байна, таны мөнгийг хоёр хоногийн дараа эргүүлээд явуулъя гээд хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-29 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 30, 38-41 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 34 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 15-17 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед хохирогч *** Баянгол дүүргийн *** дугаар хорооны *** дүгээр байрны *** тоотод байрлах гэртээ байхдаа өөрийн эзэмшлийн Голомт банкны *** тоот данснаасаа ***ын эзэмшлийн Хаан банкны *** дугаар данс руу данс андуурч 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, уг алдаатай гүйлгээ нь бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, хувийн хэрэглээндээ зарцуулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч ***гийн мэдүүлэг, Хаан банкны 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 29/255 дугаартай албан тоот, ***ын Хаан банкны *** дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, ***ын Хаан банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Хохирогч ***гийн өөр данс руу шилжүүлэх гэж байгаад андуурч шүүгдэгч ***ын эзэмшлийн Хаан банкны *** данс руу 1,000,000 төгрөг шилжүүлснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд мэдээлэх арга хэмжээ аваагүй, хувьдаа ашигласан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. 

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош төгрөг” гэж зааснаар бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна

Иймд, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч ***ыг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 50 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 51-52 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 1,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 46 дахь талд хохирогч нь “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Голомт банкнаас *** гэсэн данс руу 1,000,000 төгрөг андуурч шилжүүлсэн бөгөөд уг дансны эзэн *** нь тухайн мөнгийг эргүүлэн өгсөн тул ямар нэг гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 1,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА