| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2023/0115/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/112 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн
улсын яллагч Б.Тэгшбаяр
шүүгдэгч С.Ганбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Сүхбаатарын Ганбилэгт холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2305000000038 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 23-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Ондилт” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 93 дугаар байрны 58 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:РЭ87062315/, Боржигон овогт Сүхбаатарын Ганбилэг.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Ганбилэг нь 2022 оны 12 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” центрийн 5 давхарт хохирогч Ш.Ундрахын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч С.Ганбилэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Ганбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Гурав: Хавтаст хэргээс.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Ундрахын хохирогчоор өгсөн: “Миний ажилладаг Ондилт ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цагт Андууд төвийн Старс центрийн 5 давхарт шинэ жил тэмдэглэсэн юм. Ингээд арга хэмжээ явагдаж байхад баргиад тус бүр мэндчилгээ дэвшүүлэх болоход манай баргиад бэлдсэн мэндчилгээ байхгүй байсан болохоор хөтлөгч дээр нь очоод манай мэндчилгээ байхгүй ая тавьчхаач гэхэд танай зохион байгуулагчид хэлнэ гээд явсан. Ондилт XXК-ийн захирал Ууганмөнх, түүний ихэр Ууганаа инженер хийдэг бөгөөд Ууганаа шинэ жилийг зохион байгуулж байсан юм. Хөтлөгч Ууганаад хэлэхэд Ууганаа инженер над дээр ирээд 00-ын өрөө рүү дагуулаад орсон. Тэгэхэд нь би мэндчилгээ бэлдсэн юм байхгүй гэдгээ ярьж хэлэхэд чи миний өөдөөс олон долоон юм ярилаа чи ингэж харьцах хүн биш гээд миний баруун нүд рүү нэг цохиод авсан, тэгэхээр нь би болъё гээд тагтан дээр тамхилъя гээд би цааш хамт явсан. Тэгэхэд Ганбилэг инженер залуу ирээд юу ч ярилгүй, хүрч ирээд миний баруун нүд рүү 2 удаа цохисон. Тэгээд хөмсөг, нүднээс цус гараад байсан бөгөөд шөнө нь гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Ууганбаатарын гэрчээр өгсөн: “Ондилт” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээг би зохион байгуулахаар ажилласан бөгөөд Старс центрийн М лоунжид болж өнгөрсөн. Арга хэмжээ явагдаад байж байхад барилгын туслах Ундрах согтуу хөтлөгч рүү очоод ийм, тийм дуу тавиадах гээд дайраад очихоор нь би явж очиж аваад ингэж болохгүй шүү гэдгийг хэлж яриад буцаад ширээн дээр нь суулгасан. Дараа нь эмэгтэй дуучин дуу дуулж байхад Ундрах тайз руу очоод дуучин руу очиж тэвэрч авах гээд тайзнаас буухгүй байгаад байхаар нь би тайзнаас очиж буулгасан. Ингээд дуучин, хөтлөгч хоёр надтай нэг ширээн дээр сууж байхад Ундрах бас согтуу ирээд над руу би яагаад бүжиглэж болдоггүй юм яагаад диктатуртай байлгаад байгаа юм гээд хэл ам гаргаад байхаар нь 00...дагуулаад явсан. 00-д ороод өөрт нь ойлгуулаад хэлж байхад надтай зодоон хийх гэж байна гээд ойлгоод байгаа юм шиг над руу хувцас, хунараа тайлаад дайрахаар нь би хариуцсан Баттулга инженерийг нь дуудсан. Тэгээд инженер нь хүрээд ирэхэд нь би над руу дайраад байхаар нь би нэг алгадчихаад яваад өгсөн. Намайг явсны дараа Ундрахыг ингэж авирлаж байгааг мэдээд Ганбилэг очоод цохисон байна лээ...Би гэмтэл учруулахаар цохиогүй, алгадсан төдий байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 265 дугаартай “Ш.Ундрахын биед баруун хөмсгөнд зулгаралт, баруун дээд, доод, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх шарх гэмтэл нь тусдаа бусад хэсгийн гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал)
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Ганбилэгийн яллагдагчаар өгсөн: “Манай компанийн шинэ жилийн баяр Старс центрийн 5 давхрын лоунжид болсон юм. Баяр болж байхад ажилтан Ундрах согтсон байдалтай талбайн голд, тайзан дээр дураараа гараад согтуурхаад байсан. Тэгээд зохион байгуулж байгаа хүмүүс рүү Ундрах маргалдаад байгаа харагдаж байсан, хүн болгон боль гэж хэлж хаашаа ч явсан нэг дагаж явсаар байсан. Ингээд намайг сууж байхад нэг нь ирээд 00-д инженер Ууганбаатарыг Ундрах, нэг залуутай хамт буланд шахаад цохиж байна гэж байсан бөгөөд 00-оос гарч ирээд Ууганбаатарыг Ундрах чирээд байхаар нь Ундрахыг боль гээд татсан чинь шууд гараа саваад цээж рүү цохисон. Тэгэхээр нь би уурлаад нүд рүү нь нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)
5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал) ял шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Түүнчлэн хэргийн шүүгдэгч С.Ганбилэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Ш.Ундрахаас гаргаж өгсөн эмчилгээний 120.000 төгрөгийн хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн, шүүгдэгч С.Ганбилэгт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар С.Ганбилэгт холбогдох эрүүгийн 2305000000038 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Ганбилэгийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
С.Ганбилэг нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старс” центрийн 5 давхарт хохирогч Ш.Ундрахын нүд рүү гараараа цохисны улмаас түүний биед баруун хөмсгөнд зулгаралт, баруун дээд, доод, зүүн доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Ш.Ундрахын хохирогчоор өгсөн: “...Ганбилэг инженер залуу ирээд юу ч ярилгүй, хүрч ирээд миний баруун нүд рүү 2 удаа цохисон. Тэгээд хөмсөг, нүднээс цус гараад байсан бөгөөд шөнө нь гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал), М.Ууганбаатарын гэрчээр өгсөн: “...Намайг явсны дараа Ундрахыг ингэж авирлаж байгааг мэдээд Ганбилэг очоод цохисон байна лээ...Би гэмтэл учруулахаар цохиогүй, алгадсан төдий байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 265 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал), С.Ганбилэгийн яллагдагчаар өгсөн: “...Ууганбаатарыг Ундрах чирээд байхаар нь Ундрахыг боль гээд татсан чинь шууд гараа саваад цээж рүү цохисон. Тэгэхээр нь би уурлаад нүд рүү нь нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч Ш.Ундрахын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.Ганбилэг нь хохирогчийн нүд рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ш.Ундрахын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч С.Ганбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Хэрэгт хохирогч Ш.Ундрахаас “Лазер Мэд” эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх ба шүүгдэгч С.Ганбилэг нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Ундрахын эзэмшлийн данс руу 120.000 төгрөгийг шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 14, 38 дахь тал)
Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч С.Ганбилэгийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Ганбилэгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Ганбилэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Сүхбаатарын Ганбилэгийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Ганбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ганбилэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Хэрэгт С.Ганбилэг цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ