| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2019/00510/и |
| Дугаар | 135/ШШ2019/00482 |
| Огноо | 2019-05-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 135/ШШ2019/00482
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/00510/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, хуучин хороолол, ****** дугаар байр, ****** тоотод түр оршин сууж байгаа Л.У /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, ******* ****** тоотод оршин суух, ******* /регистрийн дугаар: /-д холбогдох
“Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.У, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“******.Миний бие нь нөхөр ******* тай 2008 онд танилцаж Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2008 оны 5 дугаар сарын 19-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2009 оны 8 дугаар сарын 04-нд том хүү Т, 2016 оны 7 дугаар сарын 26-нд бага хүү Э нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үедээ агсам согтуу тавьж зовоодог болсон. Миний хувьд 2 хүүхдээ бодоод өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийн асрамжид авна. 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******.Миний бие нь Л.У тэй 2008 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын хугацаанд 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр том хүү Түвшинбаяр маань төрж, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бага хүү М.Э маань төрсөн. Намайг сүүлийн жилүүдэд байнга архи ууж, агсам согтуу тавьдаг, зовоодог болсон талаар нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд миний бие архи уух үе байдаг ч агсам согтуу тавьж гэр бүлийхнийгээ зовоосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие эрүүл болон согтуу аль ч үедээ энэхүү хамтран амьдарсан 10 жилийн хугацаанд нэг ч удаа эхнэр хүүхдэдээ гар хүрч зодож, дарамталж байсан удаагүй бөгөөд гэр бүлийн бага сага хэрүүл бол хийдэг байсан ч энэ нь гэр бүл болгонд байдаг асуудал гэж бодож байна. Түүнчлэн миний бие гэр бүлээ элэг бүтэн бусдаас дутаахгүй амьдруулах гэж хичээж ажиллаж ирсэн ч төсвийн байгууллагын цалингаар хангалуун боломжтой амьдрахад хэцүү байдаг нь үнэн боловч энэ нь гэр бүл салах шалтгаан болно гэж бодохгүй байна. Мөн эхнэр маань одоо байгаагаасаа амьдралаа дээшлүүлж, яаж хамтран амьдрах талаараа ярилцаад шийдээд явж болоогүй заавал гэрлэлтээ цуцлуулан хүүхдүүдээ төрсөн эцгээс нь тусдаа амьдруулах замыг сонгосонд одоо ч харамсаж байна. Миний бие эхнэр хүүхдүүддээ гар хүрч, зодож зовоодоггүй дарамталж, айлгаж, зовоож байгаагүй боловч сэтгэл санаагаар нь дэмжиж чадалгүй ийм байдалд оруулсан юм байна л гэж ойлгож байна. Иймээс би цаашид энэ байдлаа хамтран ярилцаж, арга замаа хамтран шийдвэрлээд алдаа оноотой асуудлаа засаад бие биенээ сэтгэл санаагаар нь дэмжээд хамтын амьдралаа үргэлжлүүлэхэд болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Эхнэр, нөхөр хүмүүс хэрэлдэж, муудалцах үе байдаг ч буцаад эвлэрэх, буруу зүйлийг нь ойлгуулаад засаад амьдрах боломжтой тул энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хэрэв шүүхээс бидний гэрлэлтийг цуцалсан тохиолдолд миний бие өөрийн том хүү М.Т өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байгаа болно” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.У нь хариуцагч *******д холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид болох *******, Л.У нар нь 2008 онд танилцаж, 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүү М.Т, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүү М.Э нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, Дархан сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдын хамтран амьдрах хугацаанд нөхөр ******* нь эхнэр Л.У, хүү М.Т нарын эрх чөлөөнд халдаж зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 140 дугаартай шийтгэвэрээр тогтоогдож байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 140 дугаартай шийтгэвэрт “ ******* гийн дээрх буруутай үйлдлийн улмаас эхнэр Л.Уийн биед Зүүн гарын бугуйн дахь цус хуралт, хүү М.Тын биед баруун шуунд цус хуралт үүссэн, дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлт”, Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ 9 оноо буюу дунд түвшинд байна гэх дүгнэлт зэргийг үндэслэн *******д үйлдсэн зөрчлийн хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, шийтгэлийн доод хэмжээ буюу 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар” шийдвэрлэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заажээ.
Хариуцагч ******* нь гэрлэлтээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлтэй гэсэн тайлбарыг гаргасан боловч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэрлэгчид болох *******, Л.У нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигч талууд хүүхдийн асрамжийн талаар хариуцагч ******* нь “том хүү М.Төөрийн асрамжид авна” гэж маргасан боловч хүүхдийн амьдарч, өсөж хүмүүжих орчин, нөхцөл, насны байдал, хүүхдийн санал, хүүхдийн эрүүл мэндэд учруулсан хор уршиг зэрэг байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Т, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү М.М.Э нарыг эх Л.У ийн асрамжид үлдээж, эцэг ******* гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Талууд эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг *******, эх Л.У нар нь хүүхэд болох М.Т, М.М.Э нарыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Л.У /регистрийн дугаар /, ******* /регистрийн дугаар / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Т, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү М.Э нарыг эх Л.У ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бїлийн тухай хуулийн 40 дїгээр зїйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү М.Т, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү М.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр эцэг ******* гаас сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлж.
4. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.У улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* гаас улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөг, нэг жилд төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,873 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
6. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2171 дугаартай “Урьдчилсан арга хэмжээ авах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
9. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэнээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдсүгэй.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээх болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА