Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд,

шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөн овгийн Баярмаагийн Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 2207 00000 0198 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хот төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, "Энх таван тив" ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 53в-1006 тоотод оршин суух,

Урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах шийтгүүлж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны 124 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сарын хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Бөөн овгийн Баярмаагийн Эрдэнэ-Очир /ЙЮ90040353/.

 

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.Эрдэнэ-Очир нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 6  дугаар  хорооны  нутаг  дэвсгэрт  байрлах  "Үзэсгэлэнт Горхи Тэрэлж"

амралтын газрын орчимд 36-73 УНЛ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Тэгшжаргалтай урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр, бугалга, шуу хэсэг рүү нь гараараа болон бейсболын цохиурыг авах явцдаа цохиж биед нь баруун доод зовхи, хамрын нуруу, хоёр бугалга, шуунд олон тооны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Б.Тэгшжаргалтай эхлээд найзындаа очиж танилцсан. Найз охин, найз залуу байсан. Бид хамт амьдарч байгаагүй, харилцаа хэвийн байгаа. Тухайн үед үл ойлголцол гарч хардалт болсон. Зууралдаад маргалдсан, амиа хорлолоо гээд машин хөдлөөд явж байхад хаалга онгойлгосон, битгий амиа хорло гэсэн. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Гэр лүү ороход надад архи хундаглаж өгсөн. Би хохирол төлбөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Б.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Эрдэнэ-Очиртой 2021 оны 09 дүгээр сард танилцаад найзалж байгаад 2022 оны 04 дүгээр сараас эхлээд үерхэж эхэлсэн. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын дундуур салаад холбоогүй байж байгаад 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд хоорондоо утсаар ярьж холбогдоод яг уулзаагүй боловч харилцаатай байсан. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манай ажлын хамт олон Налайх дүүргийн 6 дугаар хороо Үзэсгэлэнт горхи Тэрэлж амралтын газар очиж амрахаар болоод хамт олон маань түрүүлээд өглөө 10 цагт яваад би ард нь ажилтай байсан болохоор байж байгаад араас явах гэтэл машин унаа байхгүй байсан болохоор Эрдэнэ-Очирыг хүргээд өгөөч гэхэд зөвшөөрөөд Баянгол дүүрэг модны 2-ын хажууд уулзаад шууд Тэрэлж рүү явсан. 18 цагийн үед амралтын газраа ирээд Эрдэнэ-Очирыг буцаад яваа, одоо 2-уулаа салсан юм чинь ямар нэг харилцаагүй чигтээ дуусая гэхэд Эрдэнэ-Очир явахгүй гээд байсан ба бид 2-ыг тосохоор гарч ирсэн Биндэрья эгч хамтдаа ор гээд байхаар нь би түрүүлээд буугаад яваад орсон араас Эрдэнэ-Очир, Биндэръя эгч нар орж ирсэн... Тэгээд Эрдэнэ-Очир танай ажлынхан архидан согтуурч байдаг юм чинь чи ч гэсэн ийм юм байна яагаад худлаа сайн хүн шиг жүжиглээд байдаг юм гэж хэлээд хөдлөөд 100 метр орчим яваад голын сайр дээр зогсоод машинаасаа буугаад жижиг хайрган чулуунаас аваад над руу шидээд байхаар нь би чи яаж байгаа юм бэ, яагаад хий хардаад байгаа юм бэ гэхэд намайг буугаад эндээ үлд, нэг бол надтай хамт яв гэхээр нь би чамтай хамт явахгүй чи намайг зам дээр гаргаад өгчих би тэндээсээ явъя гэхэд би чиний үгээр байхгүй гэж хэлээд буу гэж хэлснээ өөрийнхөө суудал дээрээс миний суудал дээр давж гарч ирж суугаад хаалгаа онгойлгоод намайг үстэж чирээд машинаас буулгаснаа одоо буцаад машиндаа суу гэхээр нь би айгаад буцаад суусан чинь хөдлөөд явж байхдаа замдаа өмнө нь болж байсан хэрүүл маргаан болон хий хардаж над руу ууралж орилж байснаа нэг гараараа миний нүүрний зүүн тал руу алгадахаар нь би зогсоо би замын машинд суугаад явлаа гэхэд тэгвэл буу гэснээ миний гар утсыг авч үлдээд намайг буулгаад цаашаа жоохон явж байснаа зогсохоор нь араас нь яваад очиход дахиад суучих гэхээр нь суутал дахиад л хий хардаад ууралж орилж байснаа миний баруун хацар руу нэг удаа духаараа мөргөөд чи тэр цагдаагаа дуудаад өргөдөл гомдолоо өг гэхээр нь 102 руу залгах гэхэд миний утсыг булааж аваад өгөхгүй байсан ба сүүлдээ би машинаа барьж чадахгүй байна эндээ машин дотроо хоноод явъя гэхээр нь би хамт явж чадахгүй гэхэд урдаас орилж хашгираад л орилоод л байхаар нь би бас болиоч гээд хашгирахад чамайг орилоод байвал алчихаж чадна шүү гэж хэлэхээр нь чимээгүй сууж байтал намайг ургамал татах уу гэхээр нь би үгүй гэхэд чи муу санаалаад байна уу гэж хэлээд миний толгой орой хэсэг рүү гараараа 7-гоос 8 удаа цохиод арын суудал дээрээсээ бейсволлын цохиурыг авахдаа миний толгойн ар дагз хэсэг рүү 1 удаа цохихоор нь би уйлсан чинь хамт хоноод яв гэхээр нь би чамтай яаж ингэж уйлж, нүүр амаа ийм болгуулчаад хамт явах юм бэ гэхэд урдаас зөндөө хэл амаар хараагаад буух гэхээр гарнаас бариад буулгахгүй, цээж рүү 2-оос 3 удаа 2 хөлийн гуя руу бас 2-оос 3 удаа цохисон. Тэгээд би чимээгүй болохгүй бол зодоод алах юм байна гэж бодоод чимээгүй суугаад байсан ч Б.Эрдэнэ-Очир элдэв хараалын үгээр намайг харааж байгаад сүүлдээ хаана буух юм гэж хэлэхээр нь талбайн хажууд бууя гэхэд хөдлөөд 01 цагийн үед Улаанбаатар хот Сүхбаатарын талбай дээр ирээд намайг буулгаад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаа тараад байж байх үед Б.Тэгшжаргал над руу залгаад чи намайг Тэрэлж хүргээд өгөх боломж байна уу гэж асуусан тэгэхээр нь би зөвшөөрөөд 17 цагийн үед Баянгол дүүргээс Б.Тэгшжаргалыг аваад Налайх дүүргийн 6-р хороо “Үзэсгэлэнт Горхи Тэрэлж” амралтын газар очсон очих үед Б.Тэгшжаргалын ажлын газрын эгч гэх Биндэръя тосоод гараад ирсэн тэгсэн Б.Тэгшжаргал түрүүлээд орсон араас нь би орох гэсэн чинь Биндэръя эгч тамхи татчихаад араас нь оръё гэхээр нь зөвшөөрөөд тамхиа татчихаад ардаас нь орсон тэгсэн Биндэръя эгч Б.Тэгшжаргалыг дагуулаад гараад явсан тэгэх хооронд би хоол унд идээд байж байх үед Биндэръя Б.Тэгшжаргал хоёр хамт орж ирээд машины түлхүүрээ өгчих гэхээр нь би яах гэж байгаа талаар асуухад би явлаа харьлаа гэж хэлсэн тэгэхээр нь би хамт явъя гэж хэлээд хамт гарсан тэгээд тухайн амралтын газраас хөдлөөд явж байх үед Б.Тэгшжаргал над руу чи Биндэръя эгчтэй яах гэж хамт үлдсэн юм чамд таалагдаад байгаа юм уу чи Биндэръя эгчтэйгээ үлдэхгүй яасан юм гээд намайг хардаад бид хоёр хэрэлдэж маргалдсан тэгэхээр нь больчих гэж гуйгаад чи үлд би явлаа гэж хэлсэн чинь намайг явуулахгүй чи хэн рүү явах гээд байгаа юм гээд дайраад байсан. Тэгтэл Б.Тэгшжаргал би амиа хорлоно гээд хаалга онгойлох гээд байсан тэгэхээр нь би болиулах гээд гарнаас татаад замын хажуу хэсэгт орж зогссон тэгсэн Б.Тэгшжаргал миний цамцны захнаас татаад заамдахаар нь би гарыг нь бариад цааш нь түлхэж тавиулсан чинь миний машины голд дууны өсгөгчийг аваад над руу шидэхээр нь би боль гэж хэлээд баруун мөр рүү түлхсэн намайг татаад хаалгаар уначихсан тэгэх үед би дээрээс нь дарж унах үедээ хамар болон хацар хэсэгт нь мөргөчихсөн тэгээд бид хоёр Улаанбаатар руу явсан. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12866 дугаар:

“1. Б.Тэгшжаргалд баруун доод зовхи, хамрын нуруу, хоёр бугалга, шуунд олон тооны цус хуралт тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.

            4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-66-68 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-37-38, 40-41,43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын ажлын байрны тодорхойлолт /хх-44 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын төрсөн охин Э.Танхилууны төрсний гэрчилгээний хуулбар /хх-45 дугаар хуудас/,

 

 Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-39 дүгээр хуудас/,

 

Б.Эрдэнэ-Очирын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-42 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Тэгшжаргалын 2022 оны 12 дугаар сарын 29 ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:” Цохиур мод бол машинд нь байсан. Машины арын суудал дээр  байсан. Арын суудал дээрээс авах гэж байхдаа миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Гэхдээ санаатай үгүйг мэдэхгүй ямар сэдэлтэй тус цохиур модыг авсан талаар мэдэхгүй байна. Тэгээд гартаа барихаар нь би наадхаараа чи яах гэж байгаа юм намайг цохих гэж байгаа юм уу гэж хэлсэн чинь өөрийнхөө талдаа тавьчихсан. Тэрнээс барьж байгаад намайг тухайн цохиур модоор цохисон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар  улсын яллагчаас: “... шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нэг байна. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтийг,

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй..”  гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Үзэсгэлэнт Горхи Тэрэлж" амралтын газрын орчимд 36-73 УНЛ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Тэгшжаргалтай хардлаа гэж маргалдаж нүүр, бугалга, шуу хэсэг рүү нь гараараа цохиж биед нь баруун доод зовхи, хамрын нуруу, хоёр бугалга, шуунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирын өгсөн: “Өөрийн буруутай болчимгүй үйлдлээс болсон. Хамт байсан хүндээ хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна... 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаа тараад байж байх үед Б.Тэгшжаргал над руу залгаад чи намайг Тэрэлж хүргээд өгөх боломж байна уу гэж асуусан тэгэхээр нь би зөвшөөрөөд 17 цагийн үед Баянгол дүүргээс Б.Тэгшжаргалыг аваад Налайх дүүргийн 6-р хороо “Үзэсгэлэнт Горхи Тэрэлж” амралтын газар очсон... би явлаа харьлаа гэж хэлсэн тэгэхээр нь би хамт явъя гэж хэлээд хамт гарсан тэгээд тухайн амралтын газраас хөдлөөд явж байх үед Б.Тэгшжаргал над руу чи Биндэръя эгчтэй яах гэж хамт үлдсэн чамд таалагдаад байгаа юм уу чи Биндэръя эгчтэйгээ үлдэхгүй яасан юм гээд намайг хардаад бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгэхээр нь больчих гэж гуйгаад чи үлд би явлаа гэж хэлсэн чинь намайг явуулахгүй чи хэн рүү явах байгаа юм гээд дайраад байсан. Тэгтэл Б.Тэгшжаргал би амиа хорлоно гээд хаалга онгойлгох гээд байсан тэгэхээр нь би болиулах гээд гарнаас татаад замын хажуу хэсэгт орж зогссон тэгсэн Б.Тэгшжаргал миний цамцны захнаас татаад заамдахаар нь би гарыг нь бариад цааш нь түлхэж тавиулсан чинь миний машины голд дууны өсгөгчийг аваад над руу шидэхээр нь би боль гэж хэлээд баруун мөр рүү түлхсэн намайг татаад хаалгаар уначихсан тэгэх үед би дээрээс нь дарж унах үедээ хамар болон хацар хэсэгт нь мөргөчихсөн...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Тэгшжаргалын өгсөн: “...Б.Эрдэнэ-Очир гарч ирээд хамтдаа явъя гээд ирсэн бид 2 удаагүй 10-аас 15 минут болоод л 18 цаг 30 минутын үед хөдөлсөн ба би тухайн үед архи уухгүй гэсэн болохоор нэг пиво уучихая гэж бодоод тэрийгээ бариад гараад ирсэн байсан чинь машин дотор суунгуутаа миний гар руу цохиход пиво барьсан байсан болохоор шууд унаад цацарсан. ...хаалгаа онгойлгоод намайг үстэж чирээд машинаас буулгасанаа одоо буцаад машиндаа суу гэхээр нь би айгаад буцаад суусан чинь хөдлөөд явж байхдаа замдаа өмнө нь болж байсан хэрүүл маргаан болон хий хардаж над руу ууралж орилж байснаа нэг гараараа миний нүүрний зүүн тал руу алгадахаар нь би зогсоо би замын машинд суугаад явлаа гэхэд тэгвэл буу гэснээ миний гар утсыг авч үлдээд намайг буулгаад цаашаа жоохон явж байснаа зогсохоор нь араас нь яваад очиход дахиад суучих гэхээр нь суутал дахиад л хий хардаад ууралж орилж байснаа миний баруун хацар руу нэг удаа духаараа мөргөөд чи тэр цагдаагаа дуудаад өргөдөл гомдлоо өг гэхээр нь 102 руу залгах гэхэд миний утсыг булааж аваад өгөхгүй байсан. ...цээж рүү 2-оос 3 удаа 2 хөлийн гуя руу бас 2-оос 3 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12866 дугаартай “Б.Тэгшжаргалд баруун доод зовхи, хамрын нуруу, хоёр бугалга, шуунд олон тооны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов...” гэх шинжилгээний дүгнэлт,    “Мед траума” эмнэлгийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу,  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг  тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,  цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон , улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Бөөн овгийн Баярмаагийн Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүхээс Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Ял шийтгэл дээр улсын яллагчийн гаргасан саналтай санал нэг байгаа. Энэ хүнийг чин санаанаасаа гэмшсэн,  үйлдсэн хэргээ ухамсарласан гэж үзэхгүй байна....” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж ирсэн байгаа бөгөөд үүн дээрээ маргахгүй байгаа. Санкци нь 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, эсхүл 1-3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санкцтай гэмт хэрэг. Миний үйлчлүүлэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгал төлдөг баримтууд хэрэгт байгаа, өрх толгойлсон эцэг байх тул түүнд торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг ч бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг болох хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан  шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт тухайн зүйл ангид зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Мөн шүүгдэгч нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бөөн овгийн Баярмаагийн Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт оногдуулсан 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Эрдэнэ-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэ-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах, хохирогчтой уулзахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД