Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул (томилолтоор),

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000010 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, Хууль зүй дотоод хэргийн яаманд гэрээт ажилтан, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг гэх, Булган аймгийн *** сумын *** дугаар баг, *** гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод түр оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** /РД:***/ нь 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны үүдэнд ***тэй “хүнтэй муухай харьцлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, уруулд шарх, баруун дух, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

2. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах модны 2-т байрлах *** нэртэй бааранд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой ажлынхаа газрын 3 хүнтэй 21:00-22:00 цагийн үед орсон. Ороод бид хэд хүний 3-4 пиво уусан. Тэгээд хоёр нь түрүүлээд явсан байсан. Манай ажлын газрын *** бид хоёр хоёулаа үлдсэн байсан. *** хүн дуудсан байсан. Би 00 орчхоод гарч ирсэн чинь *** үүдэнд эрэгтэй хүнтэй хамт юм яриад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёр луу очиход би ***ийн найз залуу нь байна цүнх, хувцсыг нь авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгээ дагаж очоод юмыг нь авчих гэж хэлсэн. Тэр залуу бид хоёр бид нарын сууж байсан ширээн дээр очоод ***ийн хувцас цүнхийг аваад тэр хоёр гараад явсан. Би ганцаараа үлдээд хэсэг утсаараа чат бичиж сууж байгаад гарахаар болоод бүх юм аа аваад гарсан. Тэгэхэд бид нарын сууж байсан ширээ сандал дээр нэг ороолт байсан, манай хэдийн нэгнийх нь байх гэж бодоод аваад лифтэнд суугаад буусан. Намайг бууж ирэхэд *** тэр хоёр яваагүй үүдэнд хэрэлдээд зогсож байсан. Намайг тэр залуу нь харснаа ороолтыг нь өгөөд зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хүнтэй яаж яриад байгаа юм” гэж хэлээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Миний баруун нүд, хамар хэсэг руу 2-3 удаа цохисон. Би куртикнийхээ малгайг өмссөн байсан миний куртикний малгайнаас доош дарж намайг унагаагаад зодож эхэлсэн. Яг яаж зодсоныг би сайн санахгүй байна, 4, 5 пиво уугаад би нэлээн согтсон байсан. Ер нь бол гараараа миний нүүр, толгой хэсэг рүү цохисон. 1 метр 70 см орчим өндөртэй, махлагдуу, эрүү хэсгээрээ сахалтай, шар царайтай залуу байсан би харвал танина.

Би гэмтлийн эмнэлэг дотор байрлах Лазер мед эмнэлэгт 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр үзүүлсэн. Хамрын баруун хажуу хана зөрүү багатай хугаралтай, хамрын таславч баруун тийш мурийсан. Баруун талд дух, нүд хэсэгт зөөлөн эдэд хаван хавдартай гэж гарсан. Одоо миний толгой үе үе өвдөж байгаа.

...Миний гар утсыг авах санаа зорилготой байгаагүй. Би бааран дотор байхдаа гар утсаараа фейсбүүк орж байсан. Тэгээд хувцсаа аваад гарахдаа куртикнийхээ кармад хийсэн байсан. Тэр хүн миний утсыг аваагүй. Үүдэнд би цохиулаад унах үед газар унагасан байх гэж бодож байгаа.

Би хамрын хагалгаанд орох заалттай байгаа. Миний хамар байнга бөглөрч зовуурьтай байгаа. Хамрын хагалгааны зардлаа тэр хүнээр гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал, 16-17 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...11 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нийг шилжих шөнө над дээр анх ***ийн найз залуу байна гэхээр нь би юмыг нь аваад яв гэж хэлсэн. Энэ хоёр хоорондоо муудалцсан уураа надад гаргасан. Өөрөө хэл амаар доромжилсон. Би согтуу байсан ч болсон үйл явдлыг санаж байгаа. *** манай компанид ажилладаг учраас өөртэй нь ярилцаад үзье гэж хэлэхэд явдаг газраараа яв гэж хэлсэн. Тухайн үед Шүүх эмнэлэгт үзүүлээгүй байсан. Тухайн өдөр гар утсаа хаясан. Энэ талаараа хэлэхэд би чиний хамар руу чинь цохиогүй гэж хэлсэн. Би энэ хүнд зодуулаад 10 гаруй хоног ажилдаа яваагүй. Ажилгүй байсан үеийн цалин мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16321 дугаартай “...***ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, уруулд шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

4. Хохирогч ***ээс мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн Лазер мэд эмнэлэгт толгойн КТГ авхуулсан 120.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 19 дэх тал)

5. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** бааранд шөнийн 01:00 цаг өнгөрч байхад уулздаг эмэгтэйгээ авахаар очсон. Ороход *** ажлынхаа залуутай хоёулаа байсан. Би бааранд ороод ***тэй уулзаад зогсож байхад тэр залуу ирсэн. ***ийн хувцас хаана байна гэхэд тэр залуу тэнд байна гээд заасан, би хувцас цүнхийг нь аваад гарсан. *** бид хоёр доош буухад миний ороолт байхгүй байна гэж хэлсэн. Бид хоёр жаахан маргалдаж байсан. Тэгэхэд тэр залуу лифтнээс ороолтыг нь бариад буугаад ирсэн. Би ***ийн ороолтыг нь авахдаа тэр залууг одоо ингээд зайл гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу намайг дуудаад чи яасан том юм гэж хэлсэн. Тэгээд намайг цохиход нь би бултаад зодолдож эхэлсэн. Тэр залуу намайг тавихгүй байсан болохоор нь би малгайгаар нь доош дарсан. Тэгээд ***ийг аваад гарахад араас гарч ирээд дахиад над руу дайрахад нь би хавирч газар унагаасан. Тэгээд явах гэсэн чинь тэр залуу ирж зуураад цагдаа дуудна гээд явуулахгүй байсан. Тухайн үед нь би за намайг уучлаарай би жаахан түргэдчихлээ гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Тэгсэн надаар хүргүүлэхгүй гэхээр нь тэнд нь орхиод ***ийн хамт би явсан.

...Би Буянхишигийг малгайгаар нь доош дараад цохиж зодоод байсан юм байхгүй. Хамарт нь учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна учирсан хохирлыг нь барагдуулна ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Унагааж малгайгаар нь дарж зодсон гэж байна. Тийм зүйл болоогүй. миний араас ирж муудалцсан. Дахин зодоон болоогүй, уучлалт гуйгаад салаад явсан. Хэвтүүлж газар унагааж зодсон зүйл байхгүй. ...Цаашид гарах зардлыг төлнө...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 23 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 24 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 25 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 26 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 27 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 28 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 6-7 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны үүдэнд ***тэй “хүнтэй муухай харьцлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, уруулд шарх, баруун дух, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Энэ нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ***ийн “...Намайг бууж ирэхэд *** тэр хоёр яваагүй үүдэнд хэрэлдээд зогсож байсан. Намайг тэр залуу нь харснаа ороолтыг нь өгөөд зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи хүнтэй яаж яриад байгаа юм” гэж хэлээд бид хоёр хэрэлдэж эхэлсэн. Миний баруун нүд, хамар хэсэг руу 2-3 удаа цохисон. ...гараараа миний нүүр, толгой хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16321 дугаартай дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ***ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

Иймд хохирогч ***ийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, уруулд шарх, дух, баруун нүдний дээд, доод зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 16321 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ын хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар нотлогджээ.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэж тодорхойлсон байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нар 2022 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө үйлдэгдсэн талаар мэдүүлсэн, энэ нь хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хохирогч ***, шүүгдэгч *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирлын баримт зэргээр нотлогдож байх тул 2022 оны 11 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан болохыг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Иймд шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруу дээр маргаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16321 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт Лазер мед эмнэлэгт компьютер томографын шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай болсон, тодорхой хугацаагаар ажилдаа явж чадаагүй тул ажилгүй байсан цалин хөлсөө нэхэмжилнэ, мөн гар утсаа алга болгосон тул нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид 120.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь хохирол нөхөн төлсөн талаарх шүүгдэгчээс гарган өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Хохирогч *** нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж, мөн хэрэг гарах үед гар утсаа алга болгосон гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.    

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***т хохирол төлбөрт 120.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА