| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2019/00110/и |
| Дугаар | 133/ШШ2019/00178 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 133/ШШ2019/00178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 0 тоотод оршин суух Х.Цын нэхэмжлэлтэй
хариуцагч: ГАА ***д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгож, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ц нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ирүүлэхдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** овогтой *** миний бие ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ГАА *** архив, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон юм. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дарга намайг дуудан чамаар энэ ажлыг хийлгэхгүй, өрөөний түлхүүр өг гээд миний өрөөний бүх түлхүүр аваад намайг ажиллуулахгүй гэж явуулсан. Ингээд намайг ажилдаа очихоор гадны хүнийг гарга гэж жижүүрээр гаргуулж, байсан. Миний ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны орой ажил тарсан байхад ирж ав гээд би очиж авсан. Миний анх ажилд орсон тушаалыг би өөрөө ажилд ороод өөрийнхөө ажилд орсон тушаалаа боловсруулж, оруулж гарын үсэг зуруулж байсан. Энэ ажилд орсон тушаалыг өөрчлөн гаргаж байсан. Мөн миний анх ажилд орохдоо хийсэн хөдөлмөрийн гэрээг бас өөрчлөн гараараа балласан байгаа. Намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөөд миний ажилд орсон тушаал нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал зэргүүдийг өгөхгүй өдий хүргэж, ажилд орсон тушаалыг дахин хуурамчаар өөрчлөн гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Х.Ц намайг ГАА ***д архив, бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоож, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч ГАА *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Ц нь ***д 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дарга Н.Эын Б/05 тоот тушаалаар архив, бичиг хэргийн туршилтын ажилтнаар 3 сарын хугацаатай түр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/24 тоот тушаапаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Х.Ц нь архив бичиг хэргийн туршилтын ажилтнаар түр ажиллах хугацаандаа ажил мэргэжлийн ур чадваргүй, харьцааны соёлгүй, цаашид ажиллуулах шаардлага хангахгүй байсан тул 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уулзаад хөдөлмөрийн гэрээг чинь цуцлана, ажилдаа ирэхгүй байж болно гэж албан ёсоор мэдэгдэхэд, үндэслэлээ олоод халаарай би явлаа гээд түлхүүрээ ширээн дээр тавиад гарч явсан. Үүнээс 10 хоногийн дараа ирээд би ажлаа хийнэ, миний цагийг бүртэг гээд явсан байсан, надтай уулзахаар нь чамайг олон хоног харлаа, чамд ажил хийе гэсэн ямар ч сэтгэл байхгүй байна, олон ч хоног ажил тасаллаа тэгээд ч хөдөлмөрийн гэрээний чинь хугацаа дуусаж байна, хүний нөөцийг ирэхээр тушаалаа аваарай гээд явуулсан. Х.Ц нь тушаал, бичиг баримт боловсруулж гаргаж чаддаггүй, олон удаа зааж хэлээд байхад албан бичиг буруу гаргачихдаг, буруу гаргаж олон бланк устгасан, хажууд нь зогсож байгаад хэлж өгөөд тайлбарлаад байхад буруу гаргачихдаг, үнэхээрийн чадваргүй хүн байна лээ. X.Цэендолгорыг ажилдаа ирэхгүй байх үед найруулагч Ц.Эоор ажлаа хий гэж дуудуулсан боловч ирэлгүй 10 хоносон. Ц.Э надад хэлэхдээ 3-4 удаа утсаар ярьж дуудлаа ирэхгүй байна гэж хэпж байсан Түр ажиллах хугацаандаа шаардлага хангахгүй байгаа ийм хүнийг үндсэн ажилтнаар томилж ажиллуулах боломжгүй юм. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, байгууллагын дотоод журмын 9.2.2, 9.2.8 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн тул 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/24 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Х.Цын ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчөөгүй байх тул Х.Цын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг хэсэг, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Х.Цын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Ц нь тус шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ГАА *** архив, бичиг хэргийн ажил хийлгүүлэхийг дарга Н.Эад даалгах, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаарджээ.
ГАА ***гын дарга нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай тушаалдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 9.1.2, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Х.Цыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Х.Ц нь ГАА ***гад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
Түүнчлэн Х.Ц нь ГАА ***хив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь ГАА ***гын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/68, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаартай ажилд томилох тухай тушаал, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Ажил олгогч ГАА ***гын даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 24 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 9.1.2, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.
Хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Х.Цыг ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжлийн ур чадваргүй, харьцааны соёлгүй, тушаал, бичиг баримт боловсруулж чаддаггүй, олон удаа зааж хэлээд байхад албан бичиг буруу гаргачихдаг, буруу гаргаж олон бланк устгасан. Түр ажиллах хугацаандаа шаардлага хангахгүй байгаа ийм хүнийг үндсэн ажилтнаар томилж ажиллуулах боломжгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Цыг ГАА *** архив бичиг хэргийн ажилтнаар туршилтын хугацаагаар буюу 3 сарын хугацаагаар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар томилсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар, туршилтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна... гэж заасан.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай туршилтын хугацаагаар 6 сар хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болохыг тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх боломжтой.
Гэтэл хариуцагч нь хэрэгт нотлох баримтаар хөдөлмөрийн дотоод журмыг гаргаж өгөөгүй буюу хариуцагч ГАА *** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт нэхэмжлэгчийг ажилд томилсон 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/68, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/05 дугаартай ажилд томилох тухай 2 өөр огноо, дугаартай тушаал байгаа боловч агуулгын хувьд ижил тушаал байна. Энэ талаар нэхэмжлэгч тайлбарлахдаа: “Түр тушаалтай ажиллаж байгаад Б/68 тушаалаар жинхэлсэн, гэтэл тушаалыг өөрчилсөн байна” гэсэн бөгөөд хариуцагч тал үүнд тайлбар няцаалт хийгээгүй байна. Иймд үндсэн ажилтнаар томилогдон ажилласан байна гэж үзэж эрх зүйн дүгнэлтүүдийг хийлээ.
Түүнчлэн ажил олгогч ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй, түр хугацаагаар ажиллаж байсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийг ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тогтоосон болох нь, ур чадварын хувьд тэнцэхгүй гэх шийдвэр, дүгнэлт гарсан болох талаарх үндэслэл тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй болно.
Мөн ажил олгогч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж үзсэн бол мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан 1 сарын өмнө ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Маргааны зүйл ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн Б/24 тоот тушаал тул уг тушаалын үндэслэл болсон тухайн албан тушаал, ажил дээр хийвэл зохих ажил үүргийг бүрэн эрхлэн биелүүлэхэд нэхэмжлэгч Х.Цын ажил мэргэжлийн ур чадваргүй, харьцааны соёлгүй, тушаал, бичиг баримт боловсруулж чаддаггүй гэх байдлыг тогтоож, мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гаргалгүйгээр нэхэмжлэгч Х.Цыг ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно... гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцохоор тус тус заасан боловч ажилтан Х.Ц нь дундаж цалин тооцох 3 сар ажил хөдөлмөр эрхлээгүй байх тул ажилд томилсон 2019 оны 01, 02 сарын цалин хөлснөөс 617.335 + 555.214 = 1.172.549 төгрөг, 1 сарын цалингийн дундажийг тооцоход 1.172.549 : 2 = 586.274 төгрөг байна. Үүнээс 1 өдрийн цалинг тооцоход 586.274 : 21.5 = 27.268 төгрөг байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг дуустал нийт ажлын 61 хоногийн цалинг тооцож 1.663.348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.663.348 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 41.564 төгрөг, нийт 111.764 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***д 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн 99805070 дугаарын утас руу холбогдож мэдэгдэхэд “...Би хөдөө явж байна, за ойлголоо, би мэдэж байгаа...” гэх тайлбарыг ирүүлсэн байх нэхэмжлэгч тал хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ***д овогтой Х.Цыг ГАА *** архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГАА ***ас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.663.348 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга гурван зуун дөчин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Цт олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Х.Цын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ГАА ***д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.663.348 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 41.564 төгрөг, нийт 111.764 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН