Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга: Н.Ням нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2227000890010 тоот хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тус бүр оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биеэр эдлэх нийт хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон, ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга болох гэж байна. Ноён дээл, малгай хантааз 3 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий малгай, дээл, хүрэм зэргийг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Эрдэнэзуу хийд дээр хүмүүст үндэсний дээл өмсгөж зураг авч, шашны эд зүйлс зардаг юм. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед над дээр ******* гэдэг хүн ирээд ах нь Архангай аймгийн Өгий нуур сумын Засаг дарга болох гэж байгаа юм. Ноён дээл, малгай, хантаазаа 3 хоногийн хугацаатай түрээсэлчих, урьдчилгаа хэдэн төгрөг төлөх бэ гэж хэлсэн. Би урьдчилгаа 50,000 төгрөг, та машиныхаа гэрчилгээ юм уу, жолооны үнэмлэхээ үлдээчих гэж хэлэхэд тухайн хүн 50,000 төгрөгтэй, жолооны үнэмлэхээ үлдээсэн. Тэгээд би хамгийн шинэ дээл, хантааз малгайгаа дарга болох гэж байгаа юм байна гэж бодоод өгч явуулсан. Тэгээд 3 хоногийн дараа би утас руу нь залгатал надад манай хамаатны хүн нас бараад би хотод ирчихсэн байна. Буцах замдаа оруулж өгнө гэж хэлсэн. Тэгсэн боловч тухайн өдрөөс утас нь холбогдохгүй болсон. Би өдөр болгон залгадаг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн дээл, малгай хантаазыг 2021 оны 08 дугаар сарын үед Улаанбаатар хотоос материал аваад Хархорин суманд оёдолчноор оёулсан. Дээл нь 400,000 төгрөг орчим, хантааз нь 350,000 төгрөг орчим болж байсан. Малгайг нь Улаанбаатар хотоос 200,000 төгрөгөөр авч байсан. Дээл нь цэнхэр өнгийн торгоор хийгдсэн. Дугуй хээтэй, ногоон өнгийн хормоотой, шар өнгийн нударгатай, улаан эмжээртэй байсан. Хантааз нь улаан магнаг торгоор хийгдсэн. Дугуй дотор хорол хээтэй, цэнхэр эмжээртэй байсан. Малгай нь хар өнгийн хамбан материалаар хийгдсэн. Шар эмжээртэй оройн хэсэг нь улаан хүрэн торгоор хийгдсэн, шар өнгийн сампинтай малгай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 23, 26 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байна. овогтой ******* гэх хүнийг танихгүй. 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өгийнуур сумын засаг даргаар гэх хүн ажиллаж байсан. Тухайн үед Засаг дарга томилох ажил явагдаагүй засаг даргаар ажиллаж байсан. 2020 оны орон нутгийн сонгуулиар олонх болсон Ардчилсан намаас ыг Засаг даргад нэр дэвшүүлж тухайн хүн 2020 оны 12 дугаар сард Өгийнуур сумын Засаг даргаар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өгийнуур сумын засаг даргаар тасралтгүй 3 жил ажиллаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ӨХЦ22-19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 05 дугаар сарын 02-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 800,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн дүгнэлт /хх- ийн 42-43 дугаар хуудас/,

          Ялын тодорхойлолт /хх 102 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга болох гэж байна. Ноён дээл, малгай, хантааз 3 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий малгай, дээл, хүрэм зэргийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 21, 23, 26 дугаар хуудас/, гэрч ын мэдүүлэг /хх 29-30 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ӨХЦ22-19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 42-43 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

 Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, цахим хэрэгсэл ашиглах, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бөгөөд гэмт этгээд нь бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг.

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч... баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан нь уг хэрэг, яллах дүгнэлтийн хүрээнд хамаарч байна.

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг,

"хуурч... баримт бичиг ашиглах” гэж хуурамч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл, цахим сүлжээ, цахим мэдээлэл, дуу, дүрсний бичлэг, техник хэрэгсэл ашиглах, тусгай албаны хувцас хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус эсхүл хуурамч чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх,

“зохиомол байдлыг зориудаар бий болгох”  гэж өөрийгөө амжилттай яваа бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, томоохон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мэтээр зохиомол байдлыг бүрдүүлэх,

“бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж дампуурсан үйл ажиллагаа нь зогссон, доголдсон, санхүүгийн алдаатай, хөрөнгө оруулалт шаардлагатай байдлыг нуух, хуурамч аудитын дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдөлд оруулахыг тус тус ойлгоно.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга болох гэж байна. Ноён дээл, малгай хантааж 3 хоногийн хугацаатай түрээслэнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 800,000 төгрөгийн үнэлгээ бүхий малгай. дээл. хүрэм зэргийг авч залилсан шинжийг хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол нь тус бүрдээ шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч *******ыг зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.         

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Хохирогч ******* хохиролд 800,000 төгрөгийг авсан, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч *******ыг зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг баримтлан урьд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 04 сар 22 хоногийн ялаас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс цагдан хоригдсон 27 хоногийг хасаж нийт эдлэх ялыг 002 жил 3 сар 26 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 006 сарын хугацааг нэмж нэгтгэн түүний биеэр эдлэх ялыг 02 жил 09 сар 26 хоногоор тооцох саналтай...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш “...шүүхэд хэрэг шилжсэнээс хойш хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж улсын яллагчтай 06 сарын хорих ялыг тохирсон. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 02 жил 04 сар 23 хоногийн хорих ял үлдсэн байсан. Үүн дээр энэ шийтгэх тогтоолын 06 сарын хорих ялыг нэмж 02 жил 10 сар 23 хоногийн хорих ял болж байгаа. Энэ гэмт хэрэгт 27 хоног цагдан хоригдсон...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тус бүр оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биеэр эдлэх нийт хорих ялыг 03 жилийн хугацаагаар тогтоосон байна.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч нь шүүгдэгч *******ын ялын тооцоог 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үлдсэн ялын хугацааг 02 жил 04 сар 23 хоног гэж гаргаж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж,

Энэ хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”  гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 03 жилийн хугацаагаар тогтоосон хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 02 жил 10 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч *******ын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* нь хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж, 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч ын эзэмшлийн № дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 03 жилийн хугацаагаар тогтоосон хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 02 жил 10 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 02 жил 10 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч ******* нь хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн № дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЭНХ-АМГАЛАН