Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатар,

Иргэдийн төлөөлөгч ***,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Р.Бадмаа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2305/, С.Оюунцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0229/ нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2202002850261 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сувилагч, аялал жуулчлал мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, *******,*******,*******,******* тоотод оршин суух /РД:***/ урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Америкийн Нэгдсэн Улсаас 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр илгээсэн GKA00025495 дугаартай ачаанд багтсан нийт 8 ширхэг бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт 7,182 гр цэвэр жинтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “***” гаалийн хяналтын бүсэд хүлээн авч хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Америкийн Нэгдсэн Улсаас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр илгээсэн GKA00026721 дугаартай, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “***” гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон ачаанд багтсан нийт 8 ширхэг бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт 7,6057 гр цэвэр жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Америкийн Нэгдсэн Улсаас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр илгээсэн GKA00026722 дугаартай, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “***” гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон ачаанд багтсан нийт 8 ширхэг бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт 7,8944 гр цэвэр жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн *** дугаар хороо, Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах “***” гаалийн хяналтын бүсэд хүлээн авч 3 удаагийн үйлдлээр 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай 24 ширхэг, нийт 22,6821 грамм хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г “Сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 11 насандаа аавыгаа алдаж өнчирч байсан. 18 настайдаа ээжийгээ алдаж сэтгэл санааны хувьд хямарч, нийгэмшиж чадахгүй байсан. Манай нагац эгч намайг Польш улс руу дагуулж явсан. Тухайн улсад хэлний бэлтгэлд суугаад тэнцээгүй, нийгэмшиж чадахгүй байсан. Тэгээд сэтгэл судлаачид үзүүлэхэд надад каннабисын эмчилгээ санал болгосон. Эмчилгээ хийлгэснээс хойш би өөр хүн болсон. Миний амьдралын түүхийг мэддэг гадаад найз маань надтай холбогдоод санал болгоод явуулах уу гэж асуухаар нь зөвшөөрсөн. Миний буруу. Маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2202002850261 дугаартай хавтаст хэргээс:

1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 4-10 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал),

3. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал),

4. Гэрч *** (***)-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 онд ******* хотод болсон Монгол наадмын баярын үеэр *** гэх хүнтэй анх танилцаж байсан. Үүнээс хойш ***тай холбоотой байсан ба 2019 онд би Монгол Улсад ирээд ***тай ахин уулзсан. Ойр дотно Монгол найз минь учир ахин уулзсан. 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би Даваагийн гэрт явж очсон бөгөөд гэрт нь байх үед *** нь “би чиний нэр дээр шуудан захисан байгаа, хоёулаа очиж авах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би зөвшөөрч ***гийн хамт гарцгаасан. Бид хоёр такси бариад Улаанбаатар хотын төвд байрлах нэг газар хамт очсон /ямар газар гэдгийг нь мэдэхгүй байна/ мөнгө тушаасан бөгөөд уг газраасаа шуудан илгээмжийн газрыг заалгаж, явж очсон. Шуудан илгээмжийн газарт иртэл ***гийн захиалсан бараа нь миний нэр дээр захиалсан байсныг мэдсэн. Тэгээд бид хоёр бараагаа хүлээн авахад баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай болсон ба ***гийн хамт хэд хэдэн цонхноос баримт бичиг авч бүрдүүлж эхэлсэн. Ингээд гаалийн илгээмжийн газрын ажилтнаас барааг хүлээн авсан. Барааг илгээмжийн ажилтан дотор нь юу байгаа гэдгийг бидэнд задалж харуулсан ба надад барааг хүлээлгэж өгсөн. Өгсөн барааг нь авчхаад илгээмжийн газраас гарах гэтэл үл таних эрэгтэй хүн *** бид хоёрыг саатуулж, гарч болохгүй гэж хэлсэн. Тэгээд тэр залуу надад үнэмлэх, четон үзүүлсэн бөгөөд *** бид хоёрыг дагуулан явсан ба цагдаагийн машинд суулгаж одоо мэдүүлэг өгч буй байранд авч ирсэн. Би юу болж байгаа талаар ойлгоогүй. Машинд явж байх үед *** бид хоёрын гар утсыг тэр ажилтнууд хураан авсан бөгөөд сүлжээг нь хааж байсан. Ингээд *** бид хоёрыг саатуулж, одоо мэдүүлэг өгч буй байрны нэг давхарт барааг задалж *** бид хоёрт үзүүлсэн. Би ямар эд зүйл байгаа талаар мэдээгүй. ...Уг бараа миний нэр дээр гадаад улсаас ирсэн байсан. Гэхдээ би уг барааг захиалаагүй. Уг барааг *** өөрөө захиалсан. ***г барааг хэзээ, хэрхэн, яаж, юу захиалсан талаар нь огт мэдэхгүй байна. Харин *** нь “чиний нэр дээр бараа захиалсан байгаа шүү, хоёулаа очиж авах хэрэгтэй байна” гэж хэлэхэд нь мэдсэн. Уг бараа нь ойролцоогоор 20х20 см хайрцагтай картон цаас бүхий хайрцагтай зүйл байсан, дотор нь гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний жижиг бараанууд байсан ба уг бараануудын хайрцгийг нэг бүрчлэн задлахад цаасанд боосон жижиг зүйлс гарч ирсэн. Тэр зүйлүүд нь юу болохыг мэдэхгүй байна. Польш улсад бол өвсний төрлийн зүйлийг аптекаар нээлттэй худалдан борлуулдаг. Польш улсад байхдаа найзуудтайгаа 2-3 удаа хэрэглэж байсан. Манай найзууд намайг дайлж байсан. Монгол улсад ирээд нэг л удаа өвсний төрлийн зүйл хэрэглэсэн бөгөөд 2022 оны 5 дугаар сарын эхээр ***гийн хамт Сөүлийн гудамж орчимд явж байсан үл таних Монгол залуутай таарч ярилцах явцад тэр залуу ороосон тамхи мэт зүйл асааж татаж эхэлсэн ба тэр тамхиа Даваа бид хоёрт өгч, бид гурав дамжуулж сорж татацгаасан. Уг тамхи нь их гашуун амттай байсан ба энгийн утаат тамхинаас арай өөр байсан. Би гэхдээ уг тамхийг мансууруулах бодис байна гэж мэдээгүй. Сүүлд ирж хамт тамхи татсан залуугийн талаар сайн мэдэхгүй байна. Хамт тамхи татаад л салцгаасан. Анхандаа бол би мэдээгүй. Харин *** бид хоёрыг тагнуулын ажилчид саатуулсны дараа, бараанд үзлэг хийх явцад мансууруулах төрлийн зүйл захиалчихсан байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34-36 дахь тал),

5. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг *** ХХК-ийн шуудан илгээмжийн газраар дамжин 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн барааны хуудсыг харлаа. Энэхүү барааны хуудас дээр байгаа бараа хүлээн авагчийн овог, нэр, гэрийн хаяг, гар утасны дугаар нь миний гэрийн хаяг, овог нэр, гар утасны дугаар мөн байна. Би уг барааг захиалаагүй, ямар учиртай эд зүйлс болохыг нь мэдэхгүй байна. Мөн уг барааны талаар мэдэхгүй байна. Би Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ийн тариалангийн талбайд агрономичоор ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын эхээр уг газарт очсон ба өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймагт ажиллаж байсан. 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр миний *** дугаарт “карго илгээмжийн газар дээр таны нэр дээр бараа ирсэн байна” гэх утгатай зурвас ирсэн байсан. Сэлэнгэ аймагт гар утасны сүлжээ ховор, орж гардаг бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр сүлжээгүй байж байгаад гар утсаа асаахад миний *** дугаарт “карго илгээмжийн газар дээр таны нэр дээр бараа ирсэн байна, та ирж хүлээн авна уу” гэх утгатай зурвас бас ирсэн байсан. Би ажилтай байсан, мөн ямар нэгэн бараа захиалаагүй учир гайхаад өнгөрсөн. Ахин эргэж карго руу холбогдож асууж тодруулаагүй. 2022 оны 4 болон 5 дугаар сард ямар нэгэн зурвас ирж байгаагүй. ...*** гэх ахыг 2019 оноос хойш мэддэг болсон бөгөөд ***ын хөрш айлын залуу байгаа юм. Би ***ын гэрт амьдарч байсан бөгөөд хааяа гэрээр орж гардаг байсан. Хөрш айлын ах гэдгээр нь танина. Ойр дотно холбоо нөхөрлөл байхгүй. Бүгд Найрамдах Польш улсын иргэн *** гэх залууг сайн танихгүй харилцаж үзээгүй. Гэхдээ ***гийн гэрээр орж гардаг, зүс таньдаг залуу байгаа юм. Би өөрийн овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг бусдад өгч ямар нэгэн бараа гадаад улсаас захиалуулахаар өгч байгаагүй. Гэхдээ 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл миний бие найз ***ын гэр болох Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороололд байрлах *** дугаар байр *** тоотод хамт амьдарч байсан. 2022 оны 1 дүгээр сард хамт амьдарч байхдаа гар утас зээлээр худалдан авахаар *** луу фейсбүүк чатаар өөрийн иргэний үнэмлэхийн зургийг дарж явуулж байсан. Бусдаар бол өөр хэн нэгэнд өөрийн хувийн мэдээллээ болон иргэний үнэмлэхээ өгч байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-75 дахь тал),

6. Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *** ХХК-иар *** /***/ гэх иргэний нэр дээр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх гаалийн хяналтын бүсэд тээвэрлэгдэж ирсэн барааг рентген тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ачаа байсан. Тухайн ачааг гаалийн байгууллагаас шалгаж үзэхэд, хүрэн шаргал өнгийн цаасанд ороосон нэр нь үл мэдэгдэх бодис илэрсэн ба мансууруулах төрлийн бодис байж болзошгүй байсан тул Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын холбогдох албанаас чиглэл авч, Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлд зааснаар “Барааг гаалийн хяналтын дор хүргэх” гэсэн заалтыг үндэслэн гаалийн хяналтад дор *** ХХК-иар дамжуулан бараа хүлээн авагчид бараа ирсэн талаар мэдэгдсэн. Үүний дагуу гадаад улсын иргэн *** /***/ гэх иргэн гаалийн хяналтын ирж, барааныхаа гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг хүлээн авсан. Энэ үйл ажиллагааны гаалийн хяналт дор явагдсан.

Үүний дараа 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** ХХК-иар иргэн *** *** гэх иргэний нэр дээр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсын Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх гаалийн хяналтын бүсэд тээвэрлэгдэн ирсэн хайрцагтай барааг рентген тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд өмнөхтэй адил хүрэн шаргал цаасанд боосон нэр үл мэдэгдэх, мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн. Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын холбогдох албанаас чиглэл авч уг барааг Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлд зааснаар “Барааг гаалийн хяналтын дор хүргэх” гэсэн заалтыг үндэслэн *** ХХК-д хүлээлгэн өгсөн.

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** ХХК-иар *** /***/ гэх иргэний нэр дээр дахин нэг хайрцагтай бараа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсын “***” гэх гаалийн хяналтын бүсэд тээвэрлэгдэж ирсэн. Уг *** /***/ гэх иргэний нэр дээр мансууруулах төрлийн эд зүйл байж болзошгүй бараа ирж байсан учир сэжигтэй гэж үзэн барааг гаалийн хяналтын бүсэд саатуулсан. *** /***/ гэх иргэний нэр дээр ирсэн барааг гаалийн хяналтын бүсэд саатуулсан талаар *** ХХК-д мэдэгдсэн. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *** гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллагаас улсын байцаагч томилон бараа хүлээн авагч ирсэн болон тагнуулын байгууллагын мөрдөгчийг биечлэн оролцуулж барааг задалж гаалийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар мөн адил сэжигтэй бараа илэрсэн тул барааг тагнуулын байгууллагад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн.

Монгол улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт зааснаар гаалийн хилээр нэвтрүүлэх гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дүгээр зүйлд зааснаар “Монгол нутаг дэвсгэрийн гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ”, 4.3 дугаар зүйлд “Монгол Улсын хилийг гаалийн хил” гэж үзнэ гэж заасан байдаг. Иймд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа *** гаалийн хяналтын бүс нь гаалийн хил буюу Монгол улсын хил гэж ойлгож болно. Иймд гаалийн хяналтын бүсэд гадаадаас ирсэн бараа, эд зүйл нэвтэрсэн бол Монгол улсын хилээр нэвтэрсэн гэж үзнэ. Одоо тайлбар өгч буй асуудалд дурдсан бараануудаас өөрөөр сэжигтэй бараа, эд зүйл *** /***/, ***, ***ийн ***, ***ийн *** гэх иргэдийн нэр дээр ирж байгаагүй./” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал),

7. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээжийн найзын хүүхэд болох *** гэх хүнтэй ойр дотно, ах дүүгийн харилцаатай, *** ахын гэрт нь 2022 оны 5 дугаар сарын дундуур орчим /өдрийг нь санахгүй байна/ надтай биечлэн уулзах үед надад хандаж Америкийн Нэгдсэн Улсаас каннабис захиалж авч байгаад баригдсан. Тэгээд бас нэмж бараа танай найз ***ийн нэр дээр ирж байгаа тэрийг яах вэ, нэмж асуудал болох уу гэж асуусан би хариуд нь сайн хэлж мэдэхгүй байна гэж хэлсэн. *** харин мэдэхгүй байна гэж хэлсэн. *** ах харин “хэрэв би хоригдвол, бараа ирчих юм бол чи аваад хаячхаарай гэж байснаа за за ер нь зүгээр карго дээр ирсэн ч бай тэр чигт нь хая хая” гэж хэлсэн. *** ахын захиалсан каргоны газрыг мэддэг бас фейсбүүк пейж хуудсыг нь дагадаг байсан. Тэгээд би өчигдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед өөрийн *** дугаараас утасны дугаараар нь карго руу залгаж найз ***ийн нэрийг хэлж уг хүний нэр дээр бараа ирсэн үү гэж асуусан хариуд нь каргоны ажилтан ирсэн байгаа орой 6 цагаас хойшоогоо ирж аваарай гэж хэлсэн. Би уг асуудалд ямар ч холбоогүй, гэм зэмгүй найз ***ийг ямар нэг асуудалд унагачих вий гэхээс эмээж уг барааг очиж авч хаяхаар явсан. Орой 21 цаг өнгөрч байх үед Жүр-Үрийн хажууд байрлах байрны Б1 давхарт байдаг каргоны газраас бараагаа хүлээн авсан. Барааг хүлээн авахдаа өөрийн гар утсан дээр байх найз ***ийн иргэний үнэмлэхийн зургийг үзүүлээд, каргоны төлбөрт 48,000 төгрөг тушааж хайрцагтай барааг хүлээн авсан. Бараагаа хүлээн аваад орцных нь дээшээ гарч барааг задлаад хайрцаг дотор байсан хайрцагтай зүйлс дотроос хүрэн өнгийн ууттай каннабисийг гаргаж аваад халаасандаа хийсэн. Би каннабисийг гаргаж авч байхдаа тоолоогүй ойролцоогоор 4-5 ширхэг байна гэж бодсон. Гадаа гарч байгаад уутнаас нэг нэгээр гаргаж байгаад цацчихъя гэж бодож байсан. Тэгээд орцондоо байхдаа саатуулагдсан. Үгүй уг барааг би захиалаагүй. Уг барааг *** ах захиалсан гэж надад хэлсэн. Хэзээ, хэрхэн захиалсан гэдгийг нь мэдэхгүй байна. Каннабисын ургамлын тос мэт зүйлийг хүрэн өнгийн цаасаар ороосон байсан. Мөн хайрцаг дотор оо аллергины эм хоёрыг анзаарсан. Бусад нь цаасан хайрцагтай эд зүйлс байсан, нарийн харж амжаагүй. *** нь миний багийн найз байгаа юм. Уг бараа захиалсан асуудлын талаар огт юу ч мэдэхгүй. *** нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл надтай хамт манай гэрт хамт амьдарч байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2782 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “3” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээж, “4” гэсэн хаягтай бор өнгийн цаасан боодолтой дээж, “5” гэсэн бор өнгийн цаасанд боодолтой дээж, “6” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээж, “7” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээж, “8” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээж, “10” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээж зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 thethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. “1” гэсэн хаягтай гялгар ууттай дээж, “2” гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн цагаан өнгийн капсултай эм мэт зүйл, 2 ширхэг цаасан хайрцагт хийсэн “Fruit infusions lemon cucumber” гэсэн шошготой гялгар ууттай нунтаг зүйл, “Elderberry” гэсэн шошготой шингэн зүйл, “Jel dessert Raspberry” гэсэн шошготой цаасан хайрцагт хийсэн гялгар ууттай дээж, “Pudding Vanilla” гэсэн шошготой цаасан хайрцагт хийсэн цаасан ууттай дээж, “VapoRub” гэсэн шошготой цаасан хайрцагт хийсэн “Denture cleanser” гэсэн шошготой дээж зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “3” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасан ууттай 1,5659 г, “4” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн жин 1,5569 г, “5” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн жин 1,5588 г, “6” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасан ууттай жин 1,6485 г, “7” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасан ууттай жин 1,5980 г, “8” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасан ууттай жин 1,6085 г, “9” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасан ууттай жин 1,6784 г, “10” гэсэн хаягтай бор өнгийн цаасан боодолтой дээжийн цаасан ууттай жин 1,6849 г, “Jel dessert Raspberry” гэсэн шошготой цаасан хайрцагт хийсэн гялгар ууттай дээжийн гялгар ууттай жин 93,1309 г, “Pudding Vanilla” гэсэн шошготой цаасан хайрцагт хийсэн цаасан ууттай дээжийн цаасан ууттай жин 150,3990 г байна” гэх дүгнэлт, 2782 тоот шинжилгээний зураг (1 дэх хавтаст хэргийн 80-88 дахь тал),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3285 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “3” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасанд боодолтой үеийн жин 1,5379 г, цэвэр жин 0,8654 г, “4” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасанд боодолтой үеийн жин 1,5296 г, цэвэр жин 0,8609 г, “5” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой үеийн жин 1,4888 г, цэвэр жин 0,7962 г, “6” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасанд боодолтой үеийн жин 1,6507 г, цэвэр жин 0,9750 г, “7” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасанд боодолтой үеийн жин 1,5599 г, цэвэр жин 0,8577 г, “8” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасанд боодолтой үеийн жин 1,5940 г, цэвэр жин 0,9310 г, “9” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасанд боодолтой үеийн жин 1,5994 г, цэвэр жин 0,9416 г, “10” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээжийн цаасанд боодолтой үеийн жин 1,6273 г, цэвэр жин 0,9542 г байна” гэх дүгнэлт, 3285 тоот шинжилгээний зураг (1 дэх хавтаст хэргийн 90-94 дэх тал),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3043 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан Kroger гэсэн бичигтэй ууттай наалт мэт зүйл, “2” гэж дугаарласан хүрэн шаргал өнгийн ууттай нунтаг зүйл, “3” гэж дугаарласан Colgate гэсэн бичигтэй савлагаатай зүйл, “4” гэж дугаарласан Denture cleaser гэсэн бичигтэй савлагаа бүхий ууттай хатуу зүйл, “5” гэж дугаарласан гялгар ууттай нунтаг зүйл, “6” гэж дугаарласан Play-Doh гэсэн бичигтэй хуванцар савтай баримлын шавар мэт зүйл, “7” гэж дугаарласан ягаан өнгийн эм мэт зүйл, “8” гэж дугаарласан шар өнгийн эм мэт зүйл зэргээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. “9-16” гэж дугаарласан хүрэн шаргал өнгийн цаасанд боосон хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай биет зүйлээс /8ш/ Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна. “9” гэж дугаарласан дээжийн цаасан боодолтой жин нь 1,8 гр, дээж авсны дараах цэвэр жин нь 1,0017 гр, “10” гэж дугаарласан дээжийн цаасан боодолтой жин нь 1,4 гр, дээж авсны дараах цэвэр жин нь 0,7705 гр, “11” гэж дугаарласан дээжийн цаасан боодолтой жин нь 1,7 гр, дээж авсны дараах цэвэр жин нь 1,0005 гр, “12” гэж дугаарласан дээжийн цаасан боодолтой жин нь 1,6 гр, дээж авсны дараах цэвэр жин нь 0,9239 гр, “13” гэж дугаарласан дээжийн цаасан боодолтой жин нь 1,7 гр, дээж авсны дараах цэвэр жин нь 0,9481 гр, “14” гэж дугаарласан дээжийн цаасан боодолтой жин нь 1,7 гр, дээж авсны дараах цэвэр жин нь 0,9958 гр, “15” гэж дугаарласан дээжийн цаасан боодолтой жин нь 1,7 гр, дээж авсны дараах цэвэр жин нь 0,9896 гр, “16” гэж дугаарласан дээжийн цаасан боодолтой жин нь 1,6 гр, дээж авсны дараах цэвэр жин нь 0,9756 гр тус тус байна...” гэх дүгнэлт, 3043 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 99-108 дахь тал),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3165 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 1-14 дугаартай эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 7-14 хүртэл дугаарласан нийт 7,8944 грамм цэвэр жинтэй хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай биет эд зүйлд тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. 2 гэж дугаарласан Sunkist гэсэн бичиглэл бүхий ууттай нунтаг зүйлс, 3 гэж дугаарласан Crest гэх бичиглэл бүхий эд зүйл, 4 гэж дугаарласан Raid Max гэх бичиглэлтэй эд зүйл, 5 гэж дугаарласан Denture cleanser гэх бичиглэлтэй эд зүйл, 6 гэж дугаарласан Play-Doh гэх бичиглэл бүхий шавар мэт зүйл зэрэгт тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. 3. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн 1-14 дугаартай эд зүйлээс дээж авч үлдэгдлийг дүгнэлтийн хамт буцаав...” гэх дүгнэлт, шинжээчийн №3165 дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 113-124 дэх тал),

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2781 дугаартай “1.2. “*** V/16” гэсэн хаягтай шээс, “*** V/16 17:23” гэсэн хаягтай цуснаас тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг тул хэрэглэсэн хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, 2781 тоот шинжилгээний зураг (1 дэх хавтаст хэргийн 141-143 дахь тал),

13. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 553 дугаартай “...1. *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. *** нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. *** нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал),

14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 155-165 дахь тал),

15. Эдийн тодорхойлолтын маягт (Dispatch note/Customs Declaration) (1 дэх хавтаст хэргийн 166 дахь тал),

16. Эд зүйлд (***, Шимон нарын гар утас) үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 167-168, 174-175 дахь тал),

17. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181 дугаартай прокурорын тогтоол (1 дэх хавтаст хэргийн 203-204 дэх тал),

18. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 205 дахь тал),

19. Эдийн тодорхойлолтын маягт (Dispatch note/Customs Declaration) (1 дэх хавтаст хэргийн 193 дахь тал),

20. Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн газрын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/106 дугаартай: “...Танай газраас хүсэлтийн дагуу 2022 оны 1 сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд гаалийн мэдээллийн системээс (CAIS) шалгаж үзэхэд иргэн ***ийн ***ийн (РД:***) нэр дээр 2022 оны 5 сарын 30-ны өдөр АНУ-с 0,58 кг жинтэй илгээмж ирснийг гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу оролцогчийг тодорхойлох зорилгоор гаалийн хяналтан дор *** ХХК-д хүргүүлсэн байна.

Польш улсын иргэн ***-ны нэр дээр 2022 оны 5 сарын 12-ны өдөр АНУ-аас ирсэн илгээмжид гаалийн улсын байцаагч *** (хувийн дугаар ***) гаалийн хяналт шалгалт хийж, гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу оролцогчдыг тодорхойлох зорилгоор гаалийн хяналт дор барааг эзэнд нь олгосон, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж хүргүүллээ.

Мөн Польш улсын иргэн ***-ны нэр дээр 2022 оны 5-р сарын 30-ны өдөр АНУ-аас илгээмж ирснийг гаалийн байгууллага нягтлан шалгах зорилгоор саатуулсан 2022 оны 6-р сарын 08-ны өдөр тагнуулын байгууллага болон бараа хүлээн авагч нарыг байцуулан гаалийн хяналт, шалгалт хийхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй зүйл илэрсэн тул тэмдэглэл хөтөлж эд мөрийн баримтыг тагнуулын байгууллагад шилжүүлсэн болно” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 145 дахь тал),

21. *** ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 05/19 дугаартай: “...УХШИГГазрын харьяа *** дэх гаалийн хяналтын бүсийн түр агуулахад *** ХХК-ийн Айрбилл №: 994-00562844, Манифестын №: 10522005040А дугаартай 1234 кг 66 богц ачаа 2022 оны 5 сарын 12-ны өдөр гаалийн хяналт шалгалтад орсон ба уг 66 богц ачаанаас Илгээмжийн №. GWA00025495, Бараа хүлээн авагч: ***, 0.680 кг бүхий илгээмж нь тус гаалийн хяналтын бүсэд саатсан.

Уг ачааг 2022 оны 5 сарын 13-ны өдөр 16:10:42 минутад бичиг баримтын шалгалт хийгдсэн төлөвтэй, ГУАБ хувийн дугаар: 721, ГУБ хувийн дугаар: 432-ийн зөвшөөрөлтэйгөөр тус илгээмжийг илгээмж хүлээн авагчид бүрэн бүтэн олгосон болно.” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 151 дэх тал),

22. *** ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 06/09 дугаартай: “...УХШИГГазрын харьяа *** дэх гаалийн хяналтын бүсийн түр агуулахад *** ХХК-ийн Айрбилл №994-00564852, Манифестын №: 10522000059Т дугаартай 1136 кг 59 богц ачаа 2022 оны 5 сарын 30-ны өдөр гаалийн хяналтын шалгалтад орсон ба уг 59 богц ачаанаас Илгээмжийн №.GKA00026722, Бараа хүлээн авагч: ***, 0.74 кг бүхий илгээмж нь тус гаалийн хяналтын бүсэд саатсан.

Уг ачааг 2022 оны 6 сарын 08-ны өдөр 12:32:30 минутад бичиг баримтын шалгалт хийгдсэн төлөвтэй, ГУАБ хувийн дугаар: 386, ГУБ хувийн дугаар: 1086-ын зөвшөөрөлтэйгөөр тус илгээмжийг бүрэн бүтэн олгосон болно.

Мөн 16/623 дугаартай албан тоот дээрх ***ийн *** /РД:УЗ96091112/, ***ийн *** /РД:***/, *** /РД:ХЙ88030776/ гэх иргэдийн нэр дээр тус заасан хугацаанд манай гаалийн хяналтын бүсэд илгээмж саатаагүй болно.” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 158 дахь тал),

23. *** ХХК-ийн 22061301 дугаартай: “...Иргэн ***ийн *** /УЗ96091112/ хэрэглэгч манайд бүртгэлгүй үйлчилгээ авч байгаагүй...” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 160 дахь тал),

24. Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/128 дугаартай: “...*** овогтой *** /РД:***/-ийн нэр дээр АНУ-аас ирсэн GKA00026721 дугаартай илгээмж нь 2022 оны 5 сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч 2022 оны 5-р сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа *** гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон байна. 2022 оны 5-р сарын 30-ны өдөр илгээмжийг рентген тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн тул эзэн холбогдогчийг тогтоох зорилгоор гаалийн хяналтан дор Чингэлтэй дүүргийн 1-р хороо 39-р байрны 1-р орц В1 давхарт байрлах *** ХХК-ийн байранд хүргүүлж илгээмжийг хүлээн авсны дараа холбогдогчдыг саатуулж тагнуулын байгууллагад шилжүүлсэн.

*** /***/-н нэр дээр АНУ-аас ирсэн GKA00025495 дугаартай илгээмж нь 2022 оны 5 сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч 2022 оны 5-р сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа *** гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон байна. 2022 оны 5-р сарын 12-ны өдөр уг илгээмжийг рентген тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн тул илгээмжийг саатуулсан 2022 оны 5-р сарын 13-ны өдөр Гаалийн ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу оролцогч холбогдогчийг тогтоох зорилгоор гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг эзэнд нь олгосны дараа Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах “***” гаалийн хяналтын бүсээс гарах явцад илгээмж хүлээн авагчийг саатуулж тагнуулын байгууллагад шилжүүлсэн.

Мөн *** /***/-н нэр дээр АНУ-аас ирсэн GKA00026722 дугаартай илгээмж нь 2022 оны 5 сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч 2022 оны 5-р сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа *** гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон байна. Уг илгээмжийг нягтлан шалгаж зорилгоор саатуулсан. 2022 оны 6-р сарын 08-ны өдөр тагнуулын байгууллага болон бараа хүлээн авагчийг байлцуулан Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа *** гаалийн хяналтын бүсэд хяналт шалгалт хийхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн тул тэмдэглэл хөтөлж эд мөрийн баримтыг тагнуулын байгууллагад шилжүүлсэн болно.” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 168-169 дэх тал),

25. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (2 дахь хавтаст хэргийн 226-227 дахь тал),

26. Эдийн тодорхойлолтын маягт (Dispatch note/Customs Declaration) (2 дахь хавтаст хэргийн 228 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дэх хавтас хэргийн 37-41, 42-44, 45-48, 49-51, 52-54 талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (2 дахь хавтаст хэргийн 81 дэх тал), дипломын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 82-83 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 102 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 132 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 140 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 179-181 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 176 дахь тал), Польш хэлнээс орчуулсан 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн эмчийн эрүүл мэндийн: “...сэтгэл судлаачийн эмчилгээнд хамрагдахыг зөвлөсөн, канабис эмийн журмаар хэрэглэхийг зөвлөв” гэх тодорхойлолт (3 дахь хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.                                     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Хэргийн нөхцөл байдлын талаар тогтоогдсон үйл баримт, түүнд шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ***г 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай 24 ширхэг, нийт 22,6881 грамм хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж холбогдох эрүүгийн 2202002850261 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, мэтгэлцээн, хэргээс шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд баримтуудаар шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн нөхцөл байдал нотлогдож байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий нотлох баримтууд болох хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрч *** (***)-гийн “...2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би Даваагийн гэрт явж очсон бөгөөд гэрт нь байх үед *** нь “би чиний нэр дээр шуудан захисан байгаа, хоёулаа очиж авах хэрэгтэй байна” гэж хэлсэн. ...Шуудан илгээмжийн газарт иртэл ***гийн захиалсан бараа нь миний нэр дээр захиалсан байсныг мэдсэн. Тэгээд бид хоёр бараагаа хүлээн авахад баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай болсон ба ***гийн хамт хэд хэдэн цонхноос баримт бичиг авч бүрдүүлж эхэлсэн. Ингээд гаалийн илгээмжийн газрын ажилтнаас барааг хүлээн авсан. Барааг илгээмжийн ажилтан дотор нь юу байгаа гэдгийг бидэнд задалж харуулсан ба надад барааг хүлээлгэж өгсөн. Өгсөн барааг нь авчхаад илгээмжийн газраас гарах гэтэл үл таних эрэгтэй хүн *** бид хоёрыг саатуулж, гарч болохгүй гэж хэлсэн. ...Ингээд *** бид хоёрыг саатуулж, одоо мэдүүлэг өгч буй байрны нэг давхарт барааг задалж *** бид хоёрт үзүүлсэн. Би ямар эд зүйл байгаа талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч ***ийн “...Би уг *** ХХК-ийн шуудан илгээмжийн газраар дамжин 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн барааны хуудсыг харлаа. Энэхүү барааны хуудас дээр байгаа бараа хүлээн авагчийн овог, нэр, гэрийн хаяг, гар утасны дугаар нь миний гэрийн хаяг, овог нэр, гар утасны дугаар мөн байна. Би уг барааг захиалаагүй, ямар учиртай эд зүйлс болохыг нь мэдэхгүй байна. Мөн уг барааны талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч ***ын “...*** ахын гэрт нь 2022 оны 5 дугаар сарын дундуур орчим /өдрийг нь санахгүй байна/ надтай биечлэн уулзах үед надад хандаж Америкийн Нэгдсэн Улсаас каннабис захиалж авч байгаад баригдсан. Тэгээд бас нэмж бараа танай найз ***ийн нэр дээр ирж байгаа тэрийг яах вэ, нэмж асуудал болох уу гэж асуусан, би хариуд нь сайн хэлж мэдэхгүй байна гэж хэлсэн. *** ах харин “хэрэв би хоригдвол, бараа ирчих юм бол чи аваад хаячхаарай гэж байснаа за за ер нь зүгээр карго дээр ирсэн ч бай тэр чигт нь хая хая” гэж хэлсэн. *** ахын захиалсан каргоны газрыг мэддэг бас фейсбүүк пейж хуудсыг нь дагадаг байсан. Тэгээд би өчигдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед өөрийн *** дугаараас утасны дугаараар нь карго руу залгаж найз ***ийн нэрийг хэлж уг хүний нэр дээр бараа ирсэн үү гэж асуусан хариуд нь каргоны ажилтан ирсэн байгаа орой 6 цагаас хойшоогоо ирж аваарай гэж хэлсэн. Би уг асуудалд ямар ч холбоогүй, гэм зэмгүй найз ***ийг ямар нэг асуудалд унагачих вий гэхээс эмээж уг барааг очиж авч хаяхаар явсан. Орой 21 цаг өнгөрч байх үед Жүр-Үрийн хажууд байрлах байрны Б1 давхарт байдаг каргоны газраас бараагаа хүлээн авсан. ...Бараагаа хүлээн аваад орцных нь дээшээ гарч барааг задлаад хайрцаг дотор байсан хайрцагтай зүйлс дотроос хүрэн өнгийн ууттай каннабисийг гаргаж аваад халаасандаа хийсэн. Би каннабисийг гаргаж авч байхдаа тоолоогүй ойролцоогоор 4-5 ширхэг байна гэж бодсон. Гадаа гарч байгаад уутнаас нэг нэгээр гаргаж байгаад цацчихъя гэж бодож байсан. Тэгээд орцондоо байхдаа саатуулагдсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2782 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “3” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээж, “4” гэсэн хаягтай бор өнгийн цаасан боодолтой дээж, “5” гэсэн бор өнгийн цаасанд боодолтой дээж, “6” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээж, “7” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээ, “8” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээж, “10” гэсэн хаягтай бор өнгийн цаасанд боодолтой дээж зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 thethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3043 дугаартай “...“9-16” гэж дугаарласан хүрэн шаргал өнгийн цаасанд боосон хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай биет зүйлээс /8ш/ Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3165 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 1-14 дугаартай эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 7-14 хүртэл дугаарласан нийт 7,8944 грамм цэвэр жинтэй хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай биет эд зүйлд тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтдаг...” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2781 дугаартай “1.2. “*** V/16” гэсэн хаягтай шээс, “*** V/16 17:23” гэсэн хаягтай цуснаас тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг тул хэрэглэсэн хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд болон гэрч ***ы “...2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *** ХХК-иар *** /***/ гэх иргэний нэр дээр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх гаалийн хяналтын бүсэд тээвэрлэгдэж ирсэн барааг рентген тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ачаа байсан. Тухайн ачааг гаалийн байгууллагаас шалгаж үзэхэд, хүрэн шаргал өнгийн цаасанд ороосон нэр нь үл мэдэгдэх бодис илэрсэн ба мансууруулах төрлийн бодис байж болзошгүй байсан тул Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын холбогдох албанаас чиглэл авч, Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлд зааснаар “Барааг гаалийн хяналтын дор хүргэх” гэсэн заалтыг үндэслэн гаалийн хяналтад дор *** ХХК-иар дамжуулан бараа хүлээн авагчид бараа ирсэн талаар мэдэгдсэн. Үүний дагуу гадаад улсын иргэн *** /***/ гэх иргэн гаалийн хяналтын ирж, барааныхаа гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг хүлээн авсан. Энэ үйл ажиллагааны гаалийн хяналт нь дор явагдсан. Үүний дараа 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** ХХК-иар иргэн *** *** гэх иргэний нэр дээр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх гаалийн хяналтын бүсэд тээвэрлэгдэн ирсэн хайрцагтай барааг рентген тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд өмнөхтэй адил хүрэн шаргал цаасанд боосон нэр үл мэдэгдэх, мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн. Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын холбогдох албанаас чиглэл авч уг барааг Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлд зааснаар “Барааг гаалийн хяналтын дор хүргэх” гэсэн заалтыг үндэслэн *** ХХК-д хүлээлгэн өгсөн. Мөн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр *** ХХК-иар *** /***/ гэх иргэний нэр дээр дахин нэг хайрцагтай бараа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсын “***” гэх гаалийн хяналтын бүсэд тээвэрлэгдэж ирсэн. Уг *** /***/ гэх иргэний нэр дээр мансууруулах төрлийн эд зүйл байж болзошгүй бараа ирж байсан учир сэжигтэй гэж үзэн барааг гаалийн хяналтын бүсэд саатуулсан. *** /***/ гэх иргэний нэр дээр ирсэн барааг гаалийн хяналтын бүсэд саатуулсан талаар *** ХХК-д мэдэгдсэн. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *** гаалийн хяналтын бүсэд гаалийн байгууллагаас улсын байцаагч томилон бараа хүлээн авагч ирсэн болон тагнуулын байгууллагын мөрдөгчийг биечлэн оролцуулж барааг задалж гаалийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар мөн адил сэжигтэй бараа илэрсэн тул барааг тагнуулын байгууллагад хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн...” гэх мэдүүлэг,

Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн газрын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/106 дугаартай “...Танай газраас хүсэлтийн дагуу 2022 оны 1 сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд гаалийн мэдээллийн системээс (CAIS) шалгаж үзэхэд иргэн ***ийн ***ийн (РД:***) нэр дээр 2022 оны 5 сарын 30-ны өдөр АНУ-с 0,58 кг жинтэй илгээмж ирснийг гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу оролцогчийг тодорхойлох зорилгоор гаалийн хяналтан дор *** ХХК-д хүргүүлсэн байна.

Польш улсын иргэн ***-ны нэр дээр 2022 оны 5 сарын 12-ны өдөр АНУ-аас ирсэн илгээмжид гаалийн улсын байцаагч *** (хувийн дугаар 432) гаалийн хяналт шалгалт хийж, гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу оролцогчдыг тодорхойлох зорилгоор гаалийн хяналт дор барааг эзэнд нь олгосон, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтын хуулбарыг баталгаажуулж хүргүүллээ.

Мөн Польш улсын иргэн ***-ны нэр дээр 2022 оны 5-р сарын 30-ны өдөр АНУ-аас илгээмж ирснийг гаалийн байгууллага нягтлан шалгах зорилгоор саатуулсан 2022 оны 6-р сарын 08-ны өдөр тагнуулын байгууллага болон бараа хүлээн авагч нарыг байцуулан гаалийн хяналт, шалгалт хийхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй зүйл илэрсэн тул тэмдэглэл хөтөлж эд мөрийн баримтыг тагнуулын байгууллагад шилжүүлсэн болно” гэх албан бичиг, *** ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 05/19 дугаартай “...2022 оны 5 сарын 12-ны өдөр гаалийн хяналт шалгалтад орсон ба уг 66 богц ачаанаас Илгээмжийн №.GWA00025495, Бараа хүлээн авагч: ***, 0.680 кг бүхий илгээмж нь тус гаалийн хяналтын бүсэд саатсан. Уг ачааг 2022 оны 5 сарын 13-ны өдөр 16:10:42 минутад бичиг баримтын шалгалт хийгдсэн төлөвтэй, ГУАБ хувийн дугаар: 721, ГУБ хувийн дугаар: 432-ийн зөвшөөрөлтэйгөөр тус илгээмжийг илгээмж хүлээн авагчид бүрэн бүтэн олгосон болно.” гэх албан бичиг, *** ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 06/09 дугаартай “...59 богц ачаа 2022 оны 5 сарын 30-ны өдөр гаалийн хяналтын шалгалтад орсон ба уг 59 богц ачаанаас Илгээмжийн №.GKA00026722, Бараа хүлээн авагч: ***, 0.74 кг бүхий илгээмж нь тус гаалийн хяналтын бүсэд саатсан. Уг ачааг 2022 оны 6 сарын 08-ны өдөр 12:32:30 минутад бичиг баримтын шалгалт хийгдсэн төлөвтэй, ГУАБ хувийн дугаар: 386, ГУБ хувийн дугаар: 1086-ын зөвшөөрөлтэйгөөр тус илгээмжийг бүрэн бүтэн олгосон болно...” гэх албан бичиг, Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/128 дугаартай “...*** овогтой *** /РД:***/-ийн нэр дээр АНУ-аас ирсэн GKA00026721 дугаартай илгээмж нь 2022 оны 5 сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч 2022 оны 5-р сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа *** гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон байна. 2022 оны 5-р сарын 30-ны өдөр илгээмжийг рентген тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн тул эзэн холбогдогчийг тогтоох зорилгоор гаалийн хяналтан дор Чингэлтэй дүүргийн 1-р хороо 39-р байрны 1-р орц В1 давхарт байрлах *** ХХК-ийн байранд хүргүүлж илгээмжийг хүлээн авсны дараа холбогдогчдыг саатуулж тагнуулын байгууллагад шилжүүлсэн.

*** /***/-н нэр дээр АНУ-аас ирсэн GKA00025495 дугаартай илгээмж нь 2022 оны 5 сарын 11-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч 2022 оны 5-р сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа *** гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон байна. 2022 оны 5-р сарын 12-ны өдөр уг илгээмжийг рентген тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн тул илгээмжийг саатуулсан 2022 оны 5-р сарын 13-ны өдөр Гаалийн ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу оролцогч холбогдогчийг тогтоох зорилгоор гаалийн бүрдүүлэлтийг хийж барааг эзэнд нь олгосны дараа Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах “***” гаалийн хяналтын бүсээс гарах явцад илгээмж хүлээн авагчийг саатуулж тагнуулын байгууллагад шилжүүлсэн.

Мөн *** /***/-н нэр дээр АНУ-аас ирсэн GKA00026722 дугаартай илгээмж нь 2022 оны 5 сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч 2022 оны 5-р сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа *** гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон байна. Уг илгээмжийг нягтлан шалгаж зорилгоор саатуулсан. 2022 оны 6-р сарын 08-ны өдөр тагнуулын байгууллага болон бараа хүлээн авагчийг байлцуулан Баянгол дүүргийн 20-р хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа *** гаалийн хяналтын бүсэд хяналт шалгалт хийхэд мансууруулах төрлийн бодис байж болзошгүй эд зүйл илэрсэн тул тэмдэглэл хөтөлж эд мөрийн баримтыг тагнуулын байгууллагад шилжүүлсэн болно...” гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 3 удаагийн үйлдлээр нийт 24 ширхэг, 22,6 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нууцаар нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг болно.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж өгсөн бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэсэн үндсэн шинжийг, 3 дахь хэсэгт “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус заасан.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно гэж, 4 дүгээр зүйлийн 4.2-д “эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ” гэж тус тус заажээ.

Мөн Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт зааснаар “гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг хэлнэ гэж, 3.1.1 дэх хэсэгт зааснаар “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, ...улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүчийг, 3.1.18 дахь хэсэгт зааснаар “гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг ойлгохоор тус тус заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ”, 4.3-д “Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ”, 4.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол улсын хилээр нэвтрүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор олгодог байхад шүүгдэгч *** нь хуулийн дээрх заалтыг зөрчиж зөвшөөрөлгүйгээр бусдын нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг ашиглан нууц далд аргаар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсын Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “***” гаалийн хяналтын бүсээр буюу Монгол Улсын хилээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламжтай нийт 24 ширхэг, 22.6 грамм хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 3 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтрүүлсэн байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул шүүгдэгч ***гийн 3 удаагийн үйлдлээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлснийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, олон нийт, хүн амын эрүүл мэндэд болон нийгмийн аюулгүй байдалд хортой үр дагавартай, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, шүүгдэгч идэвхтэй үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.

Дээр дурдсан үндэслэлээр прокуророос шүүгдэгч ***г Америкийн Нэгдсэн Улсаас 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр илгээсэн GKA00025495 дугаартай ачаанд багтсан нийт 8 ширхэг бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ агууламжтай 7,182 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “***” гаалийн хяналтын бүсэд хүлээн авч хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн,

үргэлжилсэн үйлдлээр Америкийн Нэгдсэн Улсаас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр илгээсэн GKA00026721 дугаартай, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “***” гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон ачаанд багтсан нийт 8 ширхэг бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт 7,6057 гр цэвэр жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Америкийн Нэгдсэн Улсаас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр илгээсэн GKA00026722 дугаартай, 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “***” гаалийн хяналтын бүсийн хяналтад орсон ачаанд багтсан нийт 8 ширхэг бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай нийт 7,8944 гр цэвэр жинтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гудамж ***ийн байранд байрлах “***” гаалийн хяналтын бүсэд хүлээн авч 3 удаагийн үйлдлээр 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай 24 ширхэг, нийт 22,6821 грамм хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***г 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай 24 ширхэг, нийт 22,6821 грамм хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Р.Бадмаа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргах мэтгэлцэх зүйлгүй, харин шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзаж ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон, иргэдийн төлөөлөгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч *** багадаа эцэг, эхээсээ хагацаж, сэтгэл гутралын шинжтэй болж их хэмжээгээр таргалсан, нийгэмшиж чадахаа больсон, үүний улмаас Польш улсад байхдаа дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай бодисыг эмчийн жороор эмчилгээнд хэрэглэж байсан, тэгээд Польш улсад сургуульд хамт сурдаг байсан найз санал болгохоор зөвшөөрсөн гэж мэдүүлсэн нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл болохоос Монгол Улсын хууль тогтоомж болон Олон улсын гэрээ конвенцоор хориглосон бараа болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэнийг зөвтгөх үндэслэл болохгүйг тайлбарлах нь зүйтэй байна.  

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, тэрээр хэрэгт авагдсан сэтгэцийн байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогддог, заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Иймд шүүгдэгч ***гаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай нийт 24 ширхэг 22,6821 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис нь Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар шинжлэн судалсан.

Иймд, улсын яллагчийн “Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай нийт 24 ширхэг 22,6821 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулах тухай” саналыг хүлээн авч, тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс даалгаж шийдвэрлэлээ.

Мөн хэрэгт хавсарган ирүүлсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг компакт диск, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хавтаст хэрэгт наасан GWA00025495, GKA00026721, GKA00026722 дугаартай 3 ширхэг эдийн тодорхойлолтын маягт /Dispatch note/Customs Declaration/ зэрэг нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул хавтаст хэрэгт хадгалахаар тогтов.

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч ***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэнтэй холбогдуулан өмнө авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***д 6 (зургаа) жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг компакт диск, хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хавтаст хэрэгт наасан GWA00025495, GKA00026721, GKA00026722 дугаартай 3 ширхэг эдийн тодорхойлолтын маягт /Dispatch note/Customs Declaration/-ыг хавтаст хэрэгт хадгалахаар үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг, наалдамхай нийт 24 ширхэг 22,6821 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох” болон “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА

                                 ШҮҮГЧ                              Ц.ДАЙРИЙЖАВ

                                            ШҮҮГЧ                              М.ДАЛАЙХҮҮ