Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2019/00095/и |
Дугаар | 133/2019/ШШ2019/00156 |
Огноо | 2019-05-08 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 133/2019/ШШ2019/00156
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: С.О-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: О.О-д холбогдох,
байрны урьдчилгаа мөнгө 20.000.000 төгрөг, алданги 10.200.000 төгрөг, нийт 30.200.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо 21 хороолол, 87в байр, 37 тоотын 31 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг О.Мягмардалайн өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Б.М миний бие 2018 оны 05 сард О.О-ооснийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол /18081/ 87 дугаар байрны 37 тоотод байршилтай 31м2 талбай бүхий нэг өрөө байр орон сууцыг худалдаж авахаар болж урьдчилгаанд 17.000.000 төгрөгийг Очирбат овогтой Оюунсувдын хаан банк дахь 5336018863 тоот дансруу 2018 оны 05 дугаар сарын 08-нд шилжүүлж, мөн 2018 оны 05 дугаар сарын 25-нд тус дансруу дахин 2.937.000 төгрөгийг, бэлнээр 63000 төгрөгийг өгч нийт 20.000.000 төгрөгийг өгсөн. Гэтэл О.О-ын нь байраа зарахаа болилоо зарахгүй буцаан авна гэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөхгүй явсаар 2018 оны 11 дүгээр сарын 13-нд цуг нотариат дээр очин баталгаа бичиж миний өгсөн 20.000.000 төгрөгийг буцааж өгөхөөр тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар болж хугацаандаа өгөхгүй бол биелүүлээгүй хоног тутамд 0,5% алданги төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлэн харилцан тохиролцож бичгээр үйлдэн нотариатаар батлуулсан. Иймд О.О-ынаас урьдчилгаа гэж өгсөн 20.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 2018 оны 12 дугаар сарын 02-ноос 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 102 хоногийн алданги 10.200.000 төгрөг, нийт 30.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Б.Мн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О миний бие О.О-ынын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие О.О-ынтай байр худалдаж авахаар тохиролцоод урьдчилгаанд 20.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөөд байрны ордероо авъя гэхээр байрны ордероо банкны барьцаанд тавиад аваагүй байгаа гээд өдийг хүрлээ. Тэгээд утсаар ярихаар энд тэнд явна, одоо нэг сарын дараа гээд сүүлдээ бүр уулзахаа байсан. сүүлд 11 сарын сүүлээр уулзахад О.О-ын өөрөө 2018 оны 12 сарын 01-нд 20.000.000 төгрөгийг буцааж өгье хугацаанаас хэтэрвэл алданги тооцно гэж бичгээр бичиж өгч нотариатаар батлуулж өгсөн. Тухайн байрыг Б.Мн өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн бидний нэхэмжилж байгаа мөнгийг бүрэн өгсөн тохиолдолд байраа суллаж өгөхөд бэлэн байна.
О.О-ын гэдэг хүн байр зарна гэхээр нь хүүдээ байр авч өгөх гээд 20.000.000 төгрөг өгсөн. Хотод байдаг гэсэн. Гэтэл байрныхаа бичиг баримтыг өгөөгүй. Байрныхаа бичиг баримтыг өг гэхэд дараагийн 25.000.000 төгрөгийг нэхсэн. Нийт 45.000.000 төгрөгөөр зарна гэсэн. Байрныхаа бичиг баримтыг гаргаад өгчих. Тэгээд үлдсэн мөнгөө өгье гэсэн. Тэгтэл манай байрыг үл хөдлөхөөр зарж болохгүй гэсэн. Яагаад болохгүй юм гэхэд банкинд тавьсан байгаа. 2020 оны 5 сард гарах юм гэсэн. Тэр болтол хүлээж чадахгүй. 20.000.000 төгрөгөөр аваад наймаагаа буцаая гэсэн боловч мөнгөө авч чадаагүй. Манай хүү эхнэр, нялх хүүхэдтэй байгаа юм. Хүү намар хотоос ирээд мөнгөө авъя. Би хашаа байшин ч гэсэн авъя гээд уулзахад баталгаа гаргаж өгөөд 12 дугаар сарын 01-ний дотор төлж өгье. Тэгэхгүй бол алданги тооц гээд бичиж өгсөн байсан. Мал махаа зараад таны мөнгийг гаргаж өгнө гэсэн. Тэрнээс хойш өгөөгүй. Би эмнэлэгт хэвтэж байгаад гарсан чинь хүүхэд ирээд явчихсан. Өөрөө явдаг явж чадаагүй. Аргаа бараад шүүх рүү хандсан гэжээ.
Хариуцагч О.О-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн О.О-ын миний бие нь Б.Мн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.М нь надаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны 21-р хороолол 87-р байрны 37 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 31 мкв талбай бүхий нэг өрөө үл хөдлөхийг 47.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцож Б.М нь 2018 оны 05-р сарын 08-ны өдөр 17.000.000 төгрөгийг, 2018 оны 05-р сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийг өгч нийт 20.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учир гэрчилгээгээ гаргаж өгөөгүй. Өнөөдрийг хүртэл миний орон сууцанд амьдарч байгаа атлаа ийнхүү алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч О.О-ын шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 05-р сарын 08-ны өдөр тухайн орон сууцыг 47.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар Одгэрэлтэй тохиролцож урьдчилгаа авсан. Гэтэл байрны үлдэгдэлээ өгч чадахгүй нь гээд гэрээгээ цуцлахаар болсон. Урьдчилгаанд өгсөн мөнгийг өгч чадахгүй нь гээд баталгаа гаргаж өгсөн. Гэхдээ алданги нь бодно гэхээр нь чи байранд үнэгүй сууж байж гэдэг асуудал хэлэхэд за тэгвэл алдангидаа тооцоод явъя гэж байсан. гэтэл ингээд шүүхээр алданги нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. өнөөдрийг хүртэл миний байранд үнэ хөлсгүй сууж байгаа болно. Иймд миний бие өмчлөлийн Улаанбаатат хот, Сонгино хайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 87В байр 37 тоотын 31 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг О.Мягмардалайн өмчлөлөөс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан зохигчдын тайлбар, татгалзал, тэдгээрийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Мн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.О-ынын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь хариуцагч О.О-ынад холбогдуулан байрны урьдчилгаа мөнгө 20.000.000 төгрөг, алданги 10.200.000 төгрөг, нийт 30.200.000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч О.О-ын нь нэхэмжлэгч Б.Мд холбогдуулан Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 87В байр 37 тоотын 31 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг О.Мягмардалайн өмчлөлөөс чөлөөлүүлэхээр тус тус шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...О.О-ынаас урьдчилгаа гэж өгсөн 20.000.000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 102 хоногийн алданги 10.200.000 төгрөг, нийт 30.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж, хариуцагч нь “...Б.М нь надаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны 21-р хороолол 87В байрны 37 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 31 мкв талбай бүхий нэг өрөө үл хөдлөхийг 47.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцож Б.М нь 2018 оны 05-р сарын 08-ны өдөр 17.000.000 төгрөгийг, 2018 оны 05-р сарын 25-ны өдөр 3.000.000 төгрөгийг өгч нийт 20.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан учир гэрчилгээгээ гаргаж өгөөгүй. Өнөөдрийг хүртэл миний орон сууцанд амьдарч байгаа атлаа ийнхүү алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргаж байна.
Зохигчдын тайлбар, нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М нь 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол /18081/ 87В байрны 37 тоотод байршилтай 31 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцыг хариуцагч О.О-ынаас 47.000.000 /дөчин долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, урьдчилгаанд 17.000.000 төгрөгийг Очирбат овогтой Оюунсувдын Хаан банк дахь 5336018863 тоот дансруу 2018 оны 05 дугаар сарын 08-нд шилжүүлж, мөн 2018 оны 05 дугаар сарын 25-нд тус дансруу дахин 2.937.000 төгрөгийг, бэлнээр 63000 төгрөгийг өгч нийт 20.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох талаар тайлбарлаж, нотлох баримтаар Хаан банкны “...Очирбатын Оюунсувдын 5336018863 тоот дансанд 2018 оны 05 сарын 08-ны өдөр 17.000.000 төгрөгийг Болдбаатарын Мягмардалайн 5315384483 тоот дансанаас шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Болдбаатарын Нямдаваагийн 5315320177 тоот дансны 2018 оны 05 сарын 25-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн баталгаа болон зохигчдын харилцан зөрүүгүй тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ..., 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно... гэж тус тус заасан байх тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах нь гэрээ нь заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагатай байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт ...Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна... гэж зааснаар талуудын хооронд амаар байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч Б.М нь гэрээнээс татгалзах болон гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол шаардах эрх үүсэхгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт ...Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн байрны урьдчилгаа 20.000.000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасан бөгөөд зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй тул алданги нэхэмжлэх эрхгүй байна.
Хэдийгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй боловч алдангид нэхэмжилсэн 10.200.000 төгрөгийг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн хохирол гэж үзэх боломжгүй тул уг алданги 10.200.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол алданги төлөхөөр заасан, мөн нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гээд алдангид 10.000.000 төгрөг, урьдчилгаа 20.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж тайлбарлаж байх боловч өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хариуцагч О.О-ын нь нэхэмжлэгч Б.Мд холбогдуулан Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 87В байр 37 тоотын 31 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг О.Мягмардалайн өмчлөлөөс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Учир нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны 21-р хороолол 87В байрны 37 тоотод байршилтай орон сууцны зориулалттай 31 мкв талбай бүхий нэг өрөө орон сууцыг хариуцагч О.О-ын нь өмчлөлд байгаа болох нь хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2201044790 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Тухайн үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Б.Мн өмчлөлд байгаа болох нь тогтоогдохгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч О.О-ынын өөрийн өмчлөлд нь байгаа болох нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ өмчлөлөөс чөлөөлүүлж өгнө үү гэсэн байх бөгөөд шүүх хэргийн оролцогчийн хүсэл зоригийг агуулгаар нь зөвтгөж ойлгох боломжгүй үгийн шууд утгаар нь ойлгодог тул өмчлөлөөс чөлөөлөх үндэслэлгүй гэж үзсэн болно.
Иймд хариуцагч О.О-ынаас байрны урьдчилгаанд төлсөн 20.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээс 10.200.000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулах шаардлага болон хариуцагчийн шүүхэд гаргасан өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ болох 20.000.000 /хорин сая/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 257.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч О.О-ынад 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрийн хаягаар хүргүүлэхэд хүнгүй, 88484000 утсаар мэдэгдэх гэхэд холбогдох боломжгүй, Эмнэлэгийн мэс заслын тасагт очиход өнөөдөр эмнэлгээс гарсан гэсэн бөгөөд улмаар 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өөрт нь хурлын товыг гардуулсан байна.
Хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 15 минутад “... өвчний улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хэвтэж хагалгаанд орсон, одоо шүүх хуралдаанд ороход биеийн байдал сул байгаа бөгөөд эмч хэвтрийн дэглэм барь гэсэн тул оролцох боломжгүй байна. Миний бие өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа тул биеийн байдал хэвийн болтол шүүх хурлыг 10 хоногоор хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр олгосон 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацааны эмнэлэгийн магадлагаа хавсаргаж ирүүлсэн боловч 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өөрөө ирж хурлын товоо гардаж авсан, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сөрөг нэхэмжлэлийг гаргасан, хэвтрийн дэглэм сахих талаар эмчийн бичилт байхгүй, эмнэлэгийн магадлагааны хугацаа 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дууссан болон нэхэмжлэгч тал хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч О.О-оосбайрны урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 10.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлага болон хариуцагч О.О-ынын Улаанбаатарын хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо 21 хороолол, 87в байр, 37 тоотын 31 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг О.Мягмардалайн өмчлөлөөс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.950 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ болох 20.000.000 /хорин сая/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 257.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН