Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0762

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О

Нэхэмжлэгч: Ө.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н нуур гэх газарт сүүний үхрийн фермийн зориулалтаар 2 га газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0707 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ө.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай,

Хэргийн индекс: 128/2024/0470/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0707 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-д заасныг тус тус баримтлан иргэн Ө.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н нуур гэх газарт сүүний үхрийн аж ахуйн зориулалтаар 2 га газар эзэмших эрхийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах гомдлын агуулга:

            2.1. Маргаан бүхий Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах 2 га газар нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/335 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн газар буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан "Төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө" буюу төрийн өөрийн өмчид хамаарч байна.

            Иймд төрийн байгууллагад эзэмшүүлсэн буюу төрийн өөрийн өмчийн газрыг бусдад эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлуудыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цуглуулаагүй, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 53 дугаар зүйлийн  53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж тус тус заасан.

2.1. Нэхэмжлэгч Ө.Б оос “Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н нуур гэх газарт сүүний үхрийн фермийн зориулалтаар 2 га газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаж, үндэслэлээ “... төсөл сонгон шалгаруулалтад оролцож төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан, төслийг бүрэн хэрэгжүүлж үйл ажиллагаа тогтвортой явуулж буй иргэн надад Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Багануур дүүргийн төвөөс 6 км орчим зайтай “Н нуур” нэртэй газартай байрлаж байгаа 2 га газрыг эзэмших эрх олгож өгөхийг хүсч Нийслэлийн Засаг даргад удаа дараа хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байгаа, ... миний хэрэгжүүлж байгаа төслийг Засгийн газар буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын хамтарсан 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 218/101 дүгээр тушаалаар фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэдэд ашиглуулах газрын хэмжээ, байршлыг баталсан, хуульд газрыг төсөл шалгаруулалтаар олгохоор заасан тул миний бие төслөө хэрэгжүүлснээр газрын асуудал шийдэгдэнэ гэсэн хууль ёсны итгэл үнэмшилтэй явсаар ирсэн ...” гэж тайлбарлан маргасан байна.

2.2. Харин хариуцагчаас “... Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас ирүүлсэн 01/1383 дугаар албан бичгээр ... 12 га газрыг шилжүүлэх хүсэлт гаргасан. Тус албан бичигт иргэн Ө.Б од хамаарах Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/335 дугаар захирамжийг дурдаагүй байсан, ... Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01-08/6545 дугаар албан бичгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эзэмшиж буй газрын эрх дуусгавар болсны дараа тус газрыг эзэмшүүлэх боломжтой бөгөөд “Саалийн үнээний ферм болон мал бордох аж ахуйн зориулалтаар газар ашиглуулах тухай гэрээ”-ний 3.3, 3.4-т заасны дагуу ашигласан хугацааны газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа 2024 оны байгуулалтын төлөвлөгөөнд тусган газрыг асуудлыг шийдвэрлэх боломжтойг мэдэгдсэн. 2024 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн Ө.Б-н ашиглаж буй Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах ХАА-н үйлдвэрлэлийн зориулалттай 2 га газар нь 3925325 дугаар төлөвлөлтөд тусгагдсан боловч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/335 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд олгосон Багануур дүүргийн 5 дугаар хороонд байрлах 2 га газрын эрх хүчингүй болоогүй байх тул Нийслэлийн Засаг даргад тус газар дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй ...” гэж тайлбарлан маргаж байна.

2.3. Нэхэмжлэгчээс дээр дурдсан байдлаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж, газар эзэмших хүсэлт гаргасан боловч хариуцагчаас газар эзэмшүүлэх  шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус гэж маргасан байх боловч хэрэгт авагдсан дээрх баримтууд болон хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг ямар хууль, тогтоомжид нийцэхгүй байгаа талаар огт тайлбарлаагүй, энэ талаарх хууль зүйн үндэслэл нэхэмжлэлд тусгагдаагүй буюу шүүхээс хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгчид хүссэн газрыг нь эзэмшүүлэх шийдвэр гаргах хууль зүйн боломжтой гэж үзэж маргаж байгаа үндэслэл тодорхой бус /өөрт нь сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх боломжтой гэж үзэж байгаа эсэх/ байхад шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүрэн дүүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

2.4. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “... танай ажлын албанаас зарласан тендерт орж шалгаран Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого /УИХ-ын 29 дүгээр тогтоол/, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр, Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж хот орчмын сүүний аж ахуйн төсөл амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааг тогтвортой явуулж буй тул 2 га газрыг иргэн надад эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү[1], 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд “... хот орчмын сүүний аж ахуйн төсөл амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй тул уг 2 га газрыг иргэн надад эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү[2] , 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “... иргэн миний эзэмшин үйл ажиллагаа явуулж буй 2 га газрыг дээрх хүмүүстэй хамтатган үзэж миний нэр дээр гэрчилгээг нь гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг [3], 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “... хөрөнгө оруулж, төслөө амжилттай хэрэгжүүлэн арав гаран жил үйл ажиллагаа явуулж буй 2 га газрыг миний нэр дээр гэрчилгээг нь гаргаж өгнө үү[4] гэх хүсэлтүүдийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргад хандан гаргасан байна.

2.5. Мөн тэрээр нэхэмжлэгчээс “... миний хэрэгжүүлж байгаа төслийг Засгийн газар буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын хамтарсан 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 218/101 дүгээр тушаалаар фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэдэд ашиглуулах газрын хэмжээ, байршлыг баталсан, хуульд газрыг төсөл шалгаруулалтаар олгохоор заасан тул миний бие төслөө хэрэгжүүлснээр газрын асуудал шийдэгдэнэ гэсэн хууль ёсны итгэл үнэмшилтэй явсаар ирсэн ...” гэж маргасан байхад шүүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын хамтарсан 2009 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 218/101 дүгээр тушаалаар фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар аж ахуйн нэгж, иргэдэд ашиглуулах газрын хэмжээ, байршлыг баталсан эсэх, энэ нь нэхэмжлэгчид хуульд заасан төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулахгүйгээр газар эзэмшүүлэх үндэслэл болох эсэхийг тодруулж хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

2.6. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01-08/6545 дугаар албан бичгээр “... албаны даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/80 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эзэмшил газар дээр тус газартай гэрээ байгуулан газар ашиглаж байгаад газрын эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг шалгаж шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан ... ажлын хэсгийн хурлаас “Саалийн үнээний ферм болон мал борлох аж ахуйн зориулалтаар газар ашиглуулах тухай гэрээ”-ний 3.3, 3.4-т заасны дагуу ашигласан хугацааны газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган газрын асуудлыг шийдвэрлэхээр дүгнэлт гарсан ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэдэг бөгөөд хүсэлт болгосон байршилд 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгч тусгасан болно”[5] гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

2.7.  Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсээс иргэн Д.С, Ө.Б , Б.Н нарын сүүний үхрийн аж ахуй, мал бордох аж ахуйн үйл ажиллагааг шалгасан тухай 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн илтгэх хуудас[6]-аар “газрын асуудлыг шийдвэрлэх санал гаргасан” зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх боловч шүүх Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх асуудал тусгагдсан эсэх, эдгээр албан бичгүүдэд дурдагдсан “Саалийн үнээний ферм болон мал бордох аж ахуйн зориулалтаар газар ашиглуулах тухай гэрээ”-ний 3.3, 3.4-т заасны дагуу ашигласан хугацааны газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсны дараа нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган газрын асуудлыг шийдвэрлэхээр дүгнэлт гарсан ... иргэдэд газрыг эзэмшүүлэх санал гарсан” гэх зэрэг нөхцлүүд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэхийг бүрэн тодруулаагүй хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс төслийн шугамаар газрыг ашиглаж байгаа нь хуульд заасан үндэслэл журмаас гадуур шууд газар эзэмших эрх үүсэх үндэслэлтэй гэж маргаж байгаа эсэх хариуцагчаас уг газрыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дараа төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулах замаар эзэмшүүлэхээр ажиллаж байгаа эсэх нь тодорхой бус, эдгээр нөхцөл байдлыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2.9. Ийнхүү нэхэмжлэгчээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрх олгохгүй байгаа гэх эс үйлдэхүй ямар шалтгаан үндэслэлээр хууль бус болох, ямар хуультай нийцэхгүй байгаа, ямар шалтгаан үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах хууль зүйн үндэслэл, хариуцагчийн үйл ажиллагаанаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрэн тодорхойлогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй, хууль бус байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/1386 дугаар албан бичгээр “... Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 430 дугаар тогтоолоор тус албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийг Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс болгон өөрчилснөөр дээрх газруудын ашиглалттай холбоотой асуудал нь чиг үүргийн хувьд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт шилжсэн тул хавсралтад дурдсан газруудыг танай алба руу буцаан шилжүүлэх саналтай байна”[7] гэж Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн, мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/515 дүгээр албан бичгээр[8] “... нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулж хамтран ажиллахыг мэдэгдье” гэх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч энэхүү албан бичгийн дагуу нэхэмжлэгчээс Нийслэлийн Хөдөө аж ахуйн газартай гэрээ байгуулсан эсэх талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс саалийн үнээний ферм ажиллуулах төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс ямар байгууллага, албан тушаалтантай анх ямар гэрээ, хэлцэл байгуулсан, тухайн баримтуудад газар эзэмших ашиглах талаар хэрхэн тусгагдсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, иргэнд газар эзэмшүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт зэргийг харьцуулан дүгнэж маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

3.3. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ө.Б нь Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл[9] гаргасан байх бөгөөд Багануур дүүргийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх сэргээх тухай” А/193 дугаар захирамжаар[10] “... дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Н нуур хэсэгт байрлах 10.000 м.кв талбайтай төмс хүнсний ногооны зориулалтаар газар эзэмших эрх нь хүчингүй болгосон иргэн Ө.Б-н газар эзэмших эрхийг сэргээж, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж” шийдвэрлэсэн. Улмаар мөн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр[11] 9992 м.кв Ө.Б-н эзэмших эрх бүхий газрыг Э.Бд шилжүүлсэн талаарх холбогдох баримтууд[12] хэрэгт авагдсан байх боловч нэхэмжлэгчийн одоо эзэмшихээр маргаж буй газар нь дээрх газраас өөр газар эсэх, уг газрууд нь нэг газар гэдэгтэй хэргийн оролцогчид маргаж байгаа эсэх талаар шүүх тодруулж, хэрэгт хамааралтай эсэх талаар дүгнээгүй нь буруу байна.

3.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 38 дугаар зүйлийн 38.3-д “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна” гэж тус тус заасан хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр хуульд тусгайлан зохицуулсан.

3.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 335 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд нийслэлийн хэмжээнд үйлдвэржүүлэлт, үндэсний үйлдвэрлэл, эрүүл чанартай хүнсний хэрэглээг дэмжих, тэдгээрт зориулсан барилга, байгууламж дэд бүтцийг бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжих зорилгоор 16 байршлын 56.5 га талбай бүхий газарт фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна.

3.6. Хэдийгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд газар эзэмших гэрээ болон гэрчилгээ байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх боловч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 335 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд нийслэлийн хэмжээнд үйлдвэржүүлэлт, үндэсний үйлдвэрлэл, эрүүл чанартай хүнсний хэрэглээг дэмжих, тэдгээрт зориулсан барилга, байгууламж дэд бүтцийг бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжих зорилгоор 16 байршлын 56.5 га талбай бүхий газарт фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон шийдвэр гарсан болох нь тогтоогдсон байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсч буй газар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны энэхүү эзэмшиж буй газартай давхцаж байгаа хэмээн тайлбарлаж маргасан байна.

3.7. Иймээс шүүх Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны эзэмших эрх бүхий уг газар нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргаж буй газартай давхцаж буй эсэх, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон эсэх, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 335 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа эсэх талаарх холбогдох баримтыг цуглуулж, дүгнэлт хийх шаардлагатай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч  этгээдээр оролцуулахаар хуульчилсан.

4.1. Хариуцагчаас нэхэмжлэгчид 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 01-05/3166 дугаар албан бичгээр “ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээс татгалзсан, шүүхэд мөн энэ үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан агуулгатай байхад шүүх маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Улаанбаатар хотын Захирагчийн ажлыг албыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0707 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 22 дахь тал

[2] Хэргийн 25-27 дахь тал

[3] Хэргийн 31 дэх тал

[4] Хэргийн 34, 37 дахь тал

[5] Хэргийн 57 дахь тал

[6] Хэргийн 93-97 дахь тал

[7] Хэргийн 58 дахь тал

[8] Хэргийн 7 дахь тал

[9] Хэргийн 119 дэх тал

[10] Хэргийн 132 дахь тал

[11] Хэргийн 138 дахь тал

[12] Хэргийн 137-149 дэх талууд