Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 5

 

2018  оны 02 сарын 06 өдөр                 /    ДШМ/05                                        Хэрлэн сум

                Хэрлэн сум

Б.Х, Г.Ө  нарт холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

 

226/2018/0005

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Баатарбилэг,

Шүүгдэгч: Б.Х, Г.Ө нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Ц.Мөнхтулга даргалж  хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Х, өмгөөлөгч Х.Баатарбилэг нарын давж заалдах гомдлоор эрүүгийн  1739001880068 дугаартай хэргийг  2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1996 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурч, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 1-2 тоотод оршин суух, урьд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн З овогт Б.Х  /РД: СЭ96061210/

Хэнтий аймагт 1998 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А38-23 тоотод оршин суух, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн Б овогт Г Ө/РД: СЗ98042811/

Шүүгдэгч Б.Х, Г.Ө нар нь хамтран 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Элит мандал төв”-ийн баруун талд “Toyota mark-2” маркийн 53-06 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж 896.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов Б.Х , Г.Ө нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч З овогт Б Х, Б овогт Г Ө нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Г.Ө нарт тус бүр 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 01 хоног хорих ялаар тооцож  31 хоног хорих ял, үүн дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн Б.Х эдлэх хорих ялын хэмжээг 03  жил 01  сар хорих ял, Г.Ө эдлэх ялыг 02  жил 01  сарын хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Г.Ө нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Х 177.400 төгрөг, Г.Ө 400  төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.У олгохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг  нь давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Г.Өлзийсайхан нь тус шүүхийн  2017 оны 11 сарын 20-ны 155  тоот шийтгэх тогтоолыг шүүх хурал болдог өдөр буюу 2017 оны 12 сарын 15-ны өдөр гардаж авсан юм. Тэгтэл шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан 2 шийтгэх тогтоолын ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 1 сараар тогтоосон нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүгчийн туслах 155 тоот тогтоолыг 12 сарын 15-ны өдөр гардуулсан атлаа баримт дээр 12 сарын 01-ний өдөр гэж бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчжээ. Мөн шүүх хурал хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн. Иймд Г.Ө2 жил 1 сарын хорих ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Х нь давж заалдах гомдолдоо:   Анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 20-ны 155  тоот шийтгэх тогтоолыг шүүх хурал болдог өдөр буюу 2017 оны 12 сарын 15-ны өдөр гардаж авсан юм. Тэгтэл шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан 2 шийтгэх тогтоолын ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 1 сараар тогтоосон нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгчийн туслах 155 тоот тогтоолыг 12 сарын 15-ны өдөр гардуулсан атлаа баримт дээр 12 сарын 01-ний өдөр гэж бичсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь ноцтой зөрчсөн. Иймд хэргийг шударгаар шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Прокурор Ц.Цэен-Ойдов нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Б.Х, Г.Ө нарын эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Б.Х, Г.Ө нар нь хамтран 2017 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Элит мандал төв”-ийн гаднаас “Toyota mark-2” маркийн 53-06 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлж 896.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.У мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 02 цаг 30 минутад “Элит мандал” зоогийн газрын баруун талд “Toyota mark-2” маркийн машинаа тавиад цай уугаад гарч ирэхэд машин байхгүй байсан ... гэх мэдүүлэг. /хх-11-12 х/

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт:  Шинжилгээнд ирүүлсэн мөр нь Б.Х баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна гэх дүгнэлт, /хх-19-21х/ автомашины үнэлгээ /хх- 29х/  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  тогтоогдсон талаар  анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Б.Х, Г.Ө нарын хулгайн гэмт хэргийн объектив талын шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах ашиглах эрхгүй хэрнээ сэм нууцаар өмчлөгч Б.У хүсэл зоригоос гадуур үнэ төлбөргүй  авсан идэвхтэй үйлдлээр, субъектив тал нь шууд санаатай бөгөөд тэрээр өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хүсч үйлдэн зориуд бусдад хохирол учруулснаар тодорхойлогдож байна. Тэдний үйлдлийн улмаас хохирогч Б.У 896.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Б.Х, Г.Ө нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн уг гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь тэдний мөрдөн байцаалтын үед өгсөн “хот явахаар унаа хайж байгаад Ө нь Х машин бариад замын хашлага мөргөхөд машин хулгайлсан гэдгийг мэдсэн хэрнээ татгалзаагүй” гэх мэдүүлгүүдээр тогтоогджээ.

   Шүүгдэгч Б.Х, Г.Ө нарын Б.Б бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч  эд зүйлийг хулгайлсан үйлдэлд нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Х нь 3 жил, Г.Ө нь 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,  2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсан байна.

Шүүгдэгч нар  нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдсон байхад анхан шатны шүүх ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахын өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг журамлан ялыг нэгтгэсэн нь буруу болжээ.

Шүүгдэгч Б.Х, Г.Ө нарын хулгайн үйлдлүүдэд мөрдөн байцаалт болон хэрэг бүртгэлтийн ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 9-нийг хүртэл  нэгэн зэрэг явагдаж байхад  прокуророос хэргийг нэгтгэх талаар арга хэмжээ аваагүй бөгөөд хэрвээ нэгтгэгдсэн бол нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх байжээ.

Шүүгдэгч шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсаны дараа тогтоогдвол түүнд 2002  оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар ял нэгтгэдэг байсан бөгөөд  2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд тухайн нөхцөлд ялыг хэрхэн нэгтгэх талаар тусгагдаагүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлох ба хуулийг төсөөтэй  хэрэглэхгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “...Эрүүгийн хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” хуулийн зарчмуудыг харгалзан шүүгдэгч нарт анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Х нь 3 жил, Г.Ө нь 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсан ялыг сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэгтгэх нь боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч нар нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гардаж авсан өдөр шүүх хуралдаан хийсэн нь давж заалдах эрхийг зөрчсөн гэж байгаа хэдий ч шүүхээс тэдний  гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй байна.

Б.Х, Г.Ө нарын тус тус цагдан хоригдсон 53 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан байх тул шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай.

1.” Шийтгэх тогтоолын 3,4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Б.Х, Г.Ө нарын тус тус цагдан хоригдсон 53 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцоход шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссан тул шүүх хуралдааны танхимаас сулласугай.” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Х, Г.Ө нар нь шийтгэх тогтоол гарснаас хойш  53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.СҮХГОМБО

                              ШҮҮГЧ                                                 О.БААТАРСҮХ

     Б.ДЭНСМАА