Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

прокурор М.Сайнзаяа,

хохирогч Б.Ариунтунгалаг,

хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

гэрч Д.Отгонцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа /цахимаар/,

шүүгдэгч Б.Болорчимэг нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Болорчимэгт холбогдох эрүүгийн 22150000000284 дугаартай, 163/2023/0018/Э индекстэй, хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Харчин овогт Болдбаатарын Болорчимэг, 1981 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, Булган аймгийн Дашинчилэн сумын Өлзийт 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэлгүй, /РД: КЖ81051501/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Болорчимэг нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын Лах 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ариунтунгалагтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь өшиглөж баруун 1, 2 дугаар шүд хугалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2215000000284 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б Б.Болорчимэг нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын Лах 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ариунтунгалагтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь өшиглөж баруун 1, 2 дугаар шүд хугалсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Болорчимэгийн өгсөн: Гэм буруугаа ойлгож байна. Энэ хэргийг шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ариунтунгалагийн өгсөн: Хэрэг явдал 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр болсон. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг үнэн. хоёулаа хөдөө айлд очсон. Бид хоёр хэрэлдэж зодолдсон зүйл байхгүй. Тэр айлд пиво уучихаад хоночихоод явна гэж байгаад Болорчимэг гэнэт орой явна гэхээр нь би одоо яваад яах вэ хоёулаа хоночихоод маргааш явъя гээд би түлхүүрийг нь  аваад босоод ирсэн чинь урдаас хөлөөрөө өшиглөсөн тэгтэл миний амнаас 2 шүд унаад ирсэн. Би гомдолтой байна. Миний шүдний өвчлөл нь хамар луугаа орсон байна. Дахиад нэг шүд хөдөлсөн байгаа гэх мэдүүлэг,

3. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд: хохирогч Б.Ариунтунгалагийн "... согтчихоод Болороо явна гээд дайраад байхаар нь явуулахгүй гээд машиных нь түлхүүрийг шүүрээд авчихсан юм. Тэгсэн чинь Болороо миний нүүр лүү хөлөөрөө тийрчихсэн... миний үүдэн 2 шүд хугарч унасан... шүд хийлгэж авах, эмнэлгээр явсан зардал болон өөрийн биеийн эрүүл мэндийн хохирлыг бүрэн барагдуулмаар байна... Би Улаанбаатар хотод шүдний эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд шүд маань хугарч унасан учир имплант гэх хиймэл шүд хийнэ. Тухайн хиймэл шүд нь 1 ширхэг 2 сая төгрөг ингээд нийт 2 ширхэг шүдээ алдсан тул би нийт 4 сая төгрөгийг нэхэмжилж байна. Шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэхээр нь Улаанбаатар хот руу явахад ирж очих нийт зардал 50.000 төгрөг, дүгнэлт гаргуулахад 8000 төгрөг, түүний дараа сая Улаанбаатар хот руу 25.000 төгрөг, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэл 50.000 төгрөгөөр, Орхон аймгаас Булган аймаг луу ирэхэд 40.000 төгрөг, мөн Булган аймагт шөнө ирсэн тул буудалд хоносон хоногийн 20.000 төгрөг, шинжээч эмчид дахин үзүүлж 8000 төгрөг өгсөн. одоо Булган аймгаас Дашинчилэн сум руугаа явахад 25.000 төгрөг хэрэгтэй ингээд би 226.000 төгрөгийг нэхэмжилж байна. би нийт 4.226.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08, 10 дахь тал/,

4. Гэрч Д.Отгонцэцэгийн өгсөн “... гэрт орж ирээд орон дээр хэвтэж байхад нь Тунгаа одоо явж яах юм бэ харанхуй болсон байна согтуу хөлчүү явж үхээд яахав хоёулаа цуг унтъя гээд дөхөөд очиход нь урдаас нь нүүр хэсэг рүү нь хөлөөрөө тийрчихсэн. Тэгээд юу болов гээд харсан чинь Тунгаагийн амнаас нь цус гарчихсан 2 шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 21-22 дэх тал/,

5. Гэрч Б.Батсайханы өгсөн: “... Болороог орон дээр хэвтэж байхад нь Тунгаа хоёулаа цуг унтъя гээд яваад очсон чинь хэвтэж байгаад урдаас нь өсгийтэй гутлаараа нүүр хэсэг рүү нь тийрчихсэн. Тэгэхээр нь манай эхнэр Отгоо очоод юу болов яачихав гэтэл тэр хавиар нэг цус гарчихсан байсан. тэгээд 2 шүд нь хугараад уначихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 сарын 17-ны өдрийн 14050 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... Б.Ариунтунгалагийн биед баруун 1, 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

7. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 197 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд “Б.Ариунтунгалагийн зүүн дээд 5-р шүд үгүй байх ба үгүй болоод удсан тул ямар шалтгааны улмаас хэзээ унасан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Б.Ариунтунгалагийн биед доод уруулд сорви, баруун дээд 1, 2-р шүдний булгарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч  Б.Болорчимэгийн өгсөн: “...би тунгааг явах уу гэсэн чинь явахгүй унтаад явъя гээд миний дээрээс дарахаар нь би Тунгааг хөлөөрөө нүүр хэсэг рүү нь нэг удаа жийсэн чинь Тунгаа газар уначихаад амаа дараад ёоё гээд байснаа гэрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Ариунтунгалаг, гэрч Д.Отгонцэцэг, Б.Батсайхан нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 14050 дугаартай шинжээчийн дүгнэлт, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 197 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Болорчимэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

 Шүүгдэгч Б.Болорчимэг нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын Лах 2 дугаар багийн нутаг дэвсгэрт  Б.Ариунтунгалагтай хамт согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэж, хохирогч Б.Ариунтунгалагийг “ орой болсон байна хоноод өглөө явъя” гэж хэлсэний улмаас маргалдан улмаар Б.Ариунтунгалагийн нүүрэн тус газар гуталтай хөлөөрөө өшиглөж баруун 1,2 шүдийг хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт  тогтоогдсон байна.

Хохирогч Б.Ариунтунгалагийн Б.Болорчимэг миний нүүрэн тус газарт өшиглөж баруун 1,2 дугаар шүд хугалсан гэж мэдүүлснийг гэрч Д.Отгонцэцэг, Б.Батсайхан нар давхар гэрчлэн мэдүүлсэн бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар  сарын 17-ны өдрийн 14050 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогч Б.Ариунтунгалагийн биед доод уруулд сорви, баруун дээд 1, 2 дугаар шүдний булгарал гэмтэл бүхий хөнгөн гэмтлийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.Болорчимэгийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Б.Болорчимэгийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Б.Болорчимэг нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад,

 Улсын яллагч: Б.Болорчимэгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ариунтунгалагийн баруун 1,2 шүд хугарч унасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, нэмэлт шинжээчийн дүгнэлтээр Б.Ариунтунгалагийн зүүн дээд 5-р шүд үгүй байх ба үгүй болоод удсан тул ямар шалтгааны улмаас хэзээ унасан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Болорчимэгийг хохирогч Б.Ариунтунгалагийн 2 шүдийг хугалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн:  Шүүгдэгч Б.Болорчимэгийн өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Б.Ариунтунгалагийн 2 шүд тухайн цаг хугацаанд, хэсэг хугацааны дараа 1 шүд нь унаж нийт 3 шүд унасан нь шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Болорчимэгийг хохирогч Ариунтунгалагийн 3 шүдийг хугалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа: Шүүгдэгч Б.Болорчимэг нь гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа, шүүгдэгч Б.Болорчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох буюу яллах дүгнэлтийн хүрээнд хохирогч Б.Ариунтунгалагийн 2 шүдийг хугалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэх дүгнэлтийг тус тус  шүүхэд гаргасан  байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу шүүгдэгч Б.Болорчимэгийг  2022 оны 09 дүгээр сарын 24-ны  орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Дашинчилэн сумын Лах 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Ариунтунгалагтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь өшиглөж баруун 1, 2 дугаар шүд хугалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь шүүгдэгч Б.Болорчимэгийн өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Б.Ариунтунгалагийн 3 шүд хугарсан гэж маргаж оролцсон боловч  хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Б.Ариунтунгалагийн баруун 1,2 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдсон болох нь шинжээчийн 14050 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, нэмэлт шинжээчийн 197 дугаартай дүгнэлтээр Б.Ариунтунгалагийн зүүн дээд 5-р шүд үгүй байх ба үгүй болоод удсан тул ямар шалтгааны улмаас хэзээ унасан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Болорчимэгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн болно. 

 

 Хохиролын талаар:

 Хохирогч Б.Ариунтунгалаг нь мөрдөн байцаалтын шатанд шүд суулгуулах эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг, бусад зардалд 226,000 төгрөг нийт 4,226,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

Урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн шүд суулгах болон эмчилгээ хийлгэхдээ холбоотой 7,600,000 төгрөг, / урьдчилгаа төлбөрийг хасаад/ буудалд байрласан төлбөр 120,000 төгрөг, Эрдэнэт Дент шүдний эмнэлэгт урьдчилгаа 500,000 төгрөг, 130,000 төгрөг, бензинд 105,000 төгрөг, гэм буруугийн шүүх хуралдаанд бензений зардал 50,000 төгрөг нийт 8,505,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын баримт бүрдүүлэн хэрэгт хавсаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч 8,465,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэж оролцсон болно.

Улсын яллагчийн зүгээс: Имплант 2 шүд хийлгэхтэй холбоотой гарах зардалд 5,800,000 төгрөг, бусад зардалд гарсан 955,000 төгрөгийг шүүгдэгч Б.Болорчимэгээс гаргуулж хохирогч Б.Ариунтунгалагт олгуулах саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь: Шүүгдэгч Б.Болорчимэгийн хохирогч Б.Ариунтунгалагийг өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогч Б.Ариунтунгалагийн 3 шүд хугарсан нь шалтгаант холбоотой гэж үзэж байна, имплант 3 шүд хийлгэх болон бусад зардалд нэхэмжилж байгаа 8.465,000 төгрөгийг шүүгдэгч Б.Болорчимэгээс гаргуулж, хохирогч Б.Ариунтунгалагт олгуулах саналыг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа нь: Имплант шүд хийлгэхтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, баримтаар учирсан 955,000 төгрөгийг шүүгдэгч Б.Бололрчимэгээс гаргуулж хохирогчид олгуулах, уг хохирлоос 226,000 төгрөг төлсөн тул үлдэх хохирол 729,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байна, мөн 2 шүдний имплант хийлгэж нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

           Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэргийн улмаас  хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасны дагуу хохирлыг дараахь байдлаар тооцсон болно.

            Хохирогч Б.Ариунтунгалагийн шүүхэд гаргаж өгсөн бензений зардал 50,000 /хавтаст хэргийн 162 тал/, урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн   буудалд байрласан төлбөр 120,000 төгрөг, Эрдэнэт Дент шүдний эмнэлэгт урьдчилгаа 500,000 төгрөг, 130,000 төгрөг, бензинд 105,000 төгрөг, гэм буруугийн шүүх хуралдаанд бензений зардал 50,000 төгрөг нийт 955,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ариунтунгалагаас гаргуулахаар, 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ариунтунгалаг нь 226,000 төгрөгийг авсан уг нэхэмжилж байгаа зардалд багтаж байгаа гэх тайлбарыг өгсөн бөгөөд үлдэх хохирол болох 729,000 төгрөгийг шүүгдэгч Б.Болорчимэгээс гаргуулж, хохирогч Б.Ариунтунгалагт олгуулахаар шийдвэрлэсэн болно.

Харин имплант 3 шүд хийлгэхтэй холбоотой 8,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, 2 шүдний имплант хийлгэхтэй холбоотой гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Болорчимэгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Б.Болорчимэгийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэргийн 47-50 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Болорчимэг нь 41 настай, Булган аймгийн Дашинчилэн сумын Өлзийт 4 дүгээр багт хуваариа хөдөлмөр эрхэлж амьдардаг, өмнө ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт,

Улсын яллагчаас : Шүүгдэгч Б.Болорчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ул ялыг Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас гарахыг хязгаарлах ялын саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Намжилмаа нь : Шүүгдэгч Б.Болорчимэг нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэх боломжтой, ялын саналыг дэмжиж байна гэх саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж ойлгож байна.Шүүгдэгчийн гэм буруу үйлдэгдсэн гэмт хэргийн шинж хувийн байдал хохирол хор уршигт тохирсон  шударга ёсны зарчимд нийцүүлсэн ял оногдуулах саналтай гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Б.Болорчимэгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Болорчимэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж, үлдэх хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн санал оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн оршин суугаа газар болох  Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарлаж, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Болорчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Болорчимэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ариунтунгалагт 729,000 төгрөг төлөхийг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 3,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Харчин овогт Болдбаатарын Болорчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болорчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болорчимэгийг оршин суугаа газраас буюу Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ сарын хугацаагаар хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болорчимэг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болорчимэгээс  эмчилгээний болон бусад зардалд 729,00 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ариунтунгалгад олгуулахаар, 226,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, имплант шүд хийлгэхтэй холбоотой гаргасан 8,100,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн 2 шүд хийлгэхтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Болорчимэг нь цагдан хоригдсон хоноггүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ