| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2019/00342/и |
| Дугаар | 135/ШШ2019/00511 |
| Огноо | 2019-06-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2019/00511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2019/00342/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Баян чандмань сум, Замт багийн “******.” гэх газар оршин суух, Б.А /регистрийн дугаар ******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт баг, Шарын голын ****** оршин суух, Д.М /регистрийн дугаар ******./-т холбогдох,
“Хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“****** Миний бие 1999 онд Д.М тай гэр бүл болж, 2000 оны 11 дүгээр сард хүү М.Б, 2002 оны 6 дугаар сард охин М.Б, 2007 оны 9 дүгээр сарын 11-нд охин М.О нар мэндэлсэн. Би Д.М тай 10 гаруй жил хамт амьдарч байгаад 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1339 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж хүү М.Б, охин М.Б нар аав Д.М ынхаа асрамжид үлдсэн юм. Одоо том хүү маань нас биед хүрсэн, дунд охин М.Б нь одоо 16 настай болсон. Аав Д.М нь архи байнга ууж, гадуур их явж орон гэртээ байхаасаа байхгүй нь их болсон байна. Охин хүүхдийг хараа хяналтгүй байлгаж байгаад эх миний бие маш их санаа зовж байгаа учраас М.Б охиноо өөрийн асрамждаа авахыг хүсэж байна.
Иймд охин М.Б ийн асрамжийг өөрчилж төрсөн ээж А миний асрамжид үлдээж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.М нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“******2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхийн 1339 дугаартай шийдвэрээр гэр бүл салсан. Үүнээс хойш арваад жил өнгөрөхөд энд үлдсэн хоёр хүүхдээ нэг ч эргэж харж хандаж байгаагүй байж нас биед хүрч, сургуульд орж, хүний зэрэгтэй болсоны дараа охиноо авна гэж байгаа асуудлыг эцэг болон охин зөвшөөрөхгүй байгааг харгалзан үзэж миний хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.М т холбогдуулан “охин М.Б ийн асрамжийг өөрчлүүлэн өөрийн асрамжид” авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчид болох Б.А, Д.М нар нь 1999 онд гэр бүл болж, тэдний дундаас 2000 оны 11 дүгээр сард хүү М.Б, 2002 оны 6 дугаар сард охин Б, 2007 оны 9 дүгээр сард охин О нар төрсөн бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1339 дугаартай шийдвэрээр “ ****** Б.А, Д.М нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.Б, охин Б нарыг эцэг Д.М ын асрамжид, 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин М.О эх Б.А гийн асрамжид тус тус үлдээж******” шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.А нь охин М.Бийг өөрийн асрамжид авах, дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.М хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заажээ.
Охин М.Б нь одоо эцэг Д.М ын хамт амьдарч байгаа боловч түүнээс хүүхдийн санал авч, эцэг эхийн хэнтэй нь хамт амьдрах хүсэлтэй байгааг асуухад “ээжтэйгээ хамт амьдарна” гэсэн санал болон охин М.Бийн насны онцлог зэргийг харгалзан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1339 дугаартай шийдвэрээр тогтоосон охин М.Бийн асрамжийг өөрчлөн, эх Б.Агийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1339 дугаартай шийдвэрээр тогтоосон охин М.Б ийн асрамжийг өөрчлөн, 2002 оны 6 дугаар сард төрсөн охин М.Б ийг эх Б.А гийн асрамжид үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА