Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2019/00476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00444/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............ аймгийн ........... баг, ............  хороолол, .............. тоотод оршин суух ......... овогт *******- /РД:............... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................. аймгийн ............ баг, .........  хороолол, .............. тоотод оршин суух ............ овогт *******- /РД: ................. /-д холбогдох,

 

“Зээлийн төлбөрийн үлдэгдэл 650,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ээж Д- нь 65 настай, гэртээ ганцаараа амьдардаг. Иргэн *******ас 1,650,000 төгрөгийн авлагатайгаас 1 сая төгрөгийг буцааж авсан ба одоо 650,000 төгрөгийг өгөхгүй удаж байна.  Миний бие дүү нарын хамт 2017 оны 01 сарын 27-ны өдөр 20 цаг 10 минутад театрын гадаа *******тай уулзаж, өр төлбөрийн талаар асуухад, би одоо 650,000 төгрөг өгөөд болоо, бусад мөнгөө төлсөн, түрээсийн байраар явдаг, цалингийн зээлтэй учир цувуулж төлье гээд утасны дугаараа өгч, авалцаад эвээр ярилцаад салсан. Түүнээс хойш 4 сард мөнгөө нэхэхэд 100,000 төгрөг шилжүүлье дансаа өгчих гээд дансаа өгсөн боловч мөнгө хийгээгүй байна. Миний бага дүү буюу Д-гийн бага охин авто аваарын хэрэгт холбогдоод маш их хэмжээний өр төлбөрт орсон. Бид энэ төлбөрийг төлөх гээд маш их хэцүү байдалд байгаа бөгөөд ядаж энэ мөнгийг аваад төлбөртөө нэмэрлэмээр байна. Энэ шалтгаанаа ч *******д хэлсэн боловч өгөөгүй байна. Иймд *******-ас 650,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******- нь хариуцагч *******-д холбогдуулан, зээлийн төлбөрийн үлдэгдэл болох нийт 650,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Хариуцагч *******-д нэхэмжлэлийн хувийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гардуулсан боловч хариуцагч *******- нь хуульд заасан хугацаанд тайлбар ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирж тайлбар гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн             100.3-т “хариуцагч...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч *******-ын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт хариуцагч *******--ын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт нотлох баримтаар авагдсан байгаа бөгөөд энэхүү баримтаар нийт 1,600,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-гээс авснаас 1,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч *******--ын гаргаж байсан дээрх тодорхойлолт зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч *******- нь энэхүү хуульд заасны дагуу шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 650,000 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар 600,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг 600,000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байна гэж үзнэ.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуульд заасны дагуу хариуцагч *******-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд энэхүү хугацаа мөн хуулийн 79 дугаар зүйлийн 79.1-д зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол тасалдахаар заажээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч *******- нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 600,000 төгрөгийг төлөх талаар баталгаа гаргаснаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шаардсан мөнгийг төлөхийг амаар хүлээн зөвшөөрч байсан талаарх нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг хариуцагч үгүйсгэж тайлбар гаргаагүй байх тул хөөн  хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу дээрх гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тооцож үзэхэд түүний нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч *******-ас 600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******-ас 600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 50,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,500 төгрөгөөс 20,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,350 төгрөгийг төрийн сангийн данснаас, хариуцагч *******-ас улсын тэмдэгтийн хураамжид 18,650 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ОЮУНЦЭЦЭГ