Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/24

 

 

 

2023           01            25                                   2023/ШЦТ/24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Ж.Батбаасан нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Батбаасанд холбогдох эрүүгийн 2315000000013 дугаартай, 163/2023/0020/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Монхор овгийн Жүгдэрийн Батбаасан, Говь-Алтай аймгийн Дархив суманд 1977 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр баг Энх-Хөгжил хороололд оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 45 настай, эрэгтэй, РД:ГО77102173.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Батбаасан нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Баяннуур сум 1 дүгээр баг Өлзийт баг, Энххөгжил хороололд байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Г.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцаанаас улмаас маргалдаж түүний духан тус газарт нь цохиж хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг,  эрүүгийн 2315000000013 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.Батбаасан нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Баяннуур сум 1 дүгээр баг Өлзийт баг, Энххөгжил хороололд байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Г.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцаанаас улмаас маргалдаж түүний духан тус газарт нь цохиж биед нь духанд 1 тооны няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батбаасан өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Алтантуяагийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шөнө нөхөр бид хоёрыг гэртээ байж байтал манай сумын танил залуу Сундуйжамц гэдэг залуу 2 шил 0.75 литрийн хараа архи авч ирээд манай гэрт бид гурав хувааж уусан юм. Тэгээд бид гурав архиа уугаад нилээн согтоцгоосон. Тэгээд архиа уугаад байж байтал Сундуйжамц намайг манай нөхөр Батбаасанд өөр хүнтэй унтсан гээд яриад байхаар нь би чи юу яриад балайраад байгаа юм нүдээрээ харсан юм уу? гэсэн чинь манай нөхөр Батбаасан над руу уурлаад агсарах гээд хувьс хувьс хийгээд байсан. Миний нөхөр Батбаасан намайг ер нь хардаад цохиж зодож байсан.Тэгээд гэрт ирж архи уугаад байдаг хүмүүсийг нь гэрээсээ хөөхөөр хөөлөө гээд загнаад надад агсараад байдаг. 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай нөхөр Батбаасан намайг хардаж миний дух руу хатуу юмаар цохисон юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг манай нөхөр Батбаасан нүүрс юм уу? архины шил хоёрын аль нэгээр нь цохисон байж магадгүй архины шил, нүүрс хоёр цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

3. Гэрч Б.Батцэцэгийн өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн сумаас нөхөр Даваадоржийн хамт Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт 1 дүгээр багт байдаг аавынхаа гэрт 12 цагийн үед ирээд гэрт нь ортол гэрийн шалаар дүүрэн цус болчихсон манай ээж Алтантуяа гэрийнхээ зүүн талын орон дээр хөнжил нөмөрчихсөн толгойноос нь цус гарчихсан бие нь муу хэвтэж байсан. Тэгээд ээжээс юу? болсон талаар асуусан чинь ээж юм ярихгүй даарчихсан чичрээд байж байсан. Намайг гэрт ороход ээжийн хэвтэж байсан орных нь ойролцоо цус болчихсон гэрийн хойморь хэсэгт хагараагүй архины шил байсан бас ээжийн хэвтэж байсан орны хажууд том нүүрс байсан.Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн орой 19 цагийн үед аав Батбаасантайгаа утсаар ярихад эрүүл байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өглөө Баяннуур ирэхээсээ өмнө аав руу утсаар залгахад согтоогүй гайгүй юм шиг байсан аав намайг хэзээ ирэх юм гээд асуугаад байсан.Тэгээд намайг гэрт ороход ийм асуудал болсон байна. Би Бат- Эрдэнэ эгчээс юу? болсон талаар асуухад Баяннуур сумын Улаанаа гэдэг залуу манай аав, ээж хоёрт архи авч ирж өгсөн гэж хэлсэн. Тэгээд аав, ээж хоёр тэр архийг нь уугаад согтоод хоорондоо маргалдаж аав, ээжийг цохисон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

4. Гэрч Ч.Мягмарсүрэнгийн өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Баяннуур сумын Энх-Хөгжил хороололд оршин суух хаягтай Г.Алтантуяа нь бусдад зодуулсан байдалтай байна гэж дуудлага, мэдээлэл ирсэн. Ингээд уг дуудлагын дагуу очиж шалгахад Г.Алтантуяагийн дух нь хагарсан их цус гарсан байсан. Би юу болсон талаар Г.Алтантуяагаас асуухад манай нөхөр Ж.Батбаасан намайг өөр хүнтэй хардаад зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед Г.Алтантуяагийн охин нь ирчихсэн дуудлага өгөөд ээжийгээ эмнэлэгт үзүүлэх гээд эмчийн хамт аваад явсан. Би Г.Алтантуяагийн нөхөр Ж.Батбаасанг хайгаад сумын төвөөр явж байгаад Мөнхбат гэх айлд байхад нь олж цагдаагийн хэсэг дээр авч ирээд юу? болсон талаар асуухад Ж.Батбаасан нь манай эхнэр Алтантуяа урьд шөнө өөрөө архи уугаад согтчихоод зуух руугаа шүлсээ хаяад байхаар нь боль гэсэн чинь болихгүй байхаар нь би уурлаад толгой руу нь нэг удаа цохисон юугаар цохисон гэдгээ санахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

5. Гэрч М.Бямбажаргалын өгсөн: “...Би яг тухайн өдөр болсон хэргийн талаар нь мэдээгүй. Харин хэд хоногийн дараа Г.Аптантуяа эгчтэй уулзахад манай нөхөр Батбаасан согтуудаа надтай хэрэлдэж байгаад миний дух руу юмаар цохиод хагалчихсан гэж хэлсэн өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

6. Гэрч Д.Одонтунгалагийн өгсөн: “...Намайг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байтал Батцэцэг гэх эмэгтэй ирж манай ээжийн толгой нь хагарчихсан хүнд зодуулчихсан юм шиг байна нилээн их цус алдсан байна гэж дуудлага өгсөн.Ингээд би Үүрийнтуяа эмчийн хамт уг дуудлагыг хүлээн авч дуудлагын дагуу гэрт нь очиход Г.Алтантуяа гэх эмэгтэй орон дээрээ дух нь язарсан цус алдсан хэвтэж байсан.Ингээд уг эмэгтэйг эмнэлэг дээр авч ирж цэвэрлэгээ хийгээд 4 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дахь тал/,

7. Гэрч Б.Сундуйнжамцын өгсөн: “...Улаанаа эгч дахиад архи аваад өгөөч гэхээр нь дахиад нэг шил 0.75 литрийн хараа авч өгсөн.Тэгээд авсан архиа уугаад талд нь хүргэсэн чинь Батбаасан ах маргааш ууна гэсэн тэгсэн Улаанаа эгч одоо ууна гэсэн.Ингээд юм ярьж байгаад хоорондоо маргалдаж эхэлсэн.Улаанаа эгч Батбаасан ахыг золбин гээд хэлсэн чинь Батбаасан ах уурлаад мөлжиж байсан хониныхоо толгойг Улаанаа эгч рүү аваад шидчихсэн чинь Улаанаа эгчийн духыг нь оноод духнаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дахь тал/,

8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №54 дугаартай ахлах зэргийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн “...Г.Алтантуяагийн биед духанд 1 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ж.Батбаасангийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Одоо тухайн өдрийн болсон асуудлыг санаж бодоход би эхнэртэйгээ маргалдаад маргалдаад ууж дууссан архиныхаа шилээр дух хэсэг рүү нь 1 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Алтантуяа, гэрч Б.Батцэцэг, Ч.Мягмарсүрэн, М.Бямбажав, Д.Одонтунгалаг, Б.Сундуйдорж нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.Батбаасангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Ж.Батбаасан нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Баяннуур сум 1 дүгээр баг Өлзийт баг, Энххөгжил хороололд байрлах өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Г.Алтантуяатай хувийн таарамжгүй харилцаанаас улмаас маргалдсан байна.

Маргалдах явцдаа Ж.Батбаасан нь хохирогч Г.Алтантуяагийн нүүрэн тус газарт гараараа цохисон гэж хохирогч мэдүүлснийг давхар гэрч Б.Батцэцэг, Ч.Мягмарсүрэн,  М.Бямбажаргал, Д.Одонтунгалаг, гэрч Б.Сундуйжамц нар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 54 дугаартай дүгнэлтээр  хохирогч Г.Алтантуяагийн биед духанд 1 тооны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Ж.Батбаасангийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих үед хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.

            Мөн Ж.Батбаасан нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ж.Батбаасангийн бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Г.Алтантуяа нь шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хүргэн нь байгаа боловч тэдгээр нь тус тусдаа амьдардаг, тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Батбаасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Батбаасангийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Алтантуяа мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ж.Батбаасанг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Батбаасангийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Батбаасангийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ж.Батбаасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очироос: Улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх санал дүгнэлтийг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Ж.Батбаасанг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан улсын яллагчийн санал оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 58-88 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, аюулгүй зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Батбаасан нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, Баяннуур сумын 1 дүгээр багийн Энххөгжил тоотод амьдардаг, малчин зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батбаасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Батбаасан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монхор овогт Жүгдэрийн Батбаасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батбаасанг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Батбаасан нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батбаасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Батбаасан нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ