Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2019/00478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00426/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............ аймгийн .............. сум, ............. багт байрлах “Д-” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол,             40-12 тоотод оршин суух .......... овогт ******* /РД: ............ /-д холбогдох,

 

“Дулааны эрчим хүчний төлбөр 1,257,015 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д-” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хэрэглэгч *******тэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулан, дулааны эрчим хүчээр найдвартай, тасралтгүй ханган ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Хэрэглэгч ******* нь гэрээнд заасан дулааны төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж, төлнө гэдэг боловч төлдөггүй тул түүнээс                  2013-2019 онуудын дулааны үндсэн төлбөр 1,257,015 төгрөг гаргуулж өгнө үү.

2013 онд 494,584 төгрөгийн үлдэгдэл өр байгаа бөгөөд хариуцагч ******* нь тус байрыг худалдан авахдаа өртэй нь авсан байдаг. *******д байрыг авахдаа өмнөх өмчлөгчөөр өр төлбөрийг барагдуулах боломж нь байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй авчихаад одоо өмнөх өр гээд төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Иймээс 2013 оны 494,584 төгрөг, 2014 онд 256,011 төгрөг, 2015 онд 197,532 төгрөг, 2016 онд 197,630 төгрөг, 2017 онд 428,021 төгрөг, 2018 онд 201,127 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын байдлаар 82,108 төгрөг төлөх ёстойгоос энэ хугацаанд нийт 600,000 төгрөг төлсөн байгааг хасаад үлдэгдэл 1,257,015 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжилж байгаа үнийн дүнд 2017 онд 186,801 төгрөгийн алданги тооцогдсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дархан сумын .......... баг, ..........байрыг 2013 оны 12 дугаар сард Дархан нэхий  ХХК-иас худалдан авсан. Анх уг байрыг худалдан авахад дулааны төлбөрт 494,000 төгрөгийн өртэй байсан. Урд байсан өрөн дээр нь алданги сар бүр тооцож, нэмэгдээд нийт 1,257,015 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Урд байсан авлага 494,584 төгрөг болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Байранд амьдрах хугацаанд нийт 600,000 төгрөгийг төлсөн. Байрыг авахад бүх газруудад өртэй байсан боловч манайх тохиролцоод алдангигүй төлөөд дууссан. Гэтэл ганцхан Дархан дулааны сүлжээ ХК-тай тохиролцож чадахгүй өдийг хүрч байна. Үндсэн мөнгөн дээрээ алданги нэхээд байдгийг зөвшөөрөхгүй байна. Иймээс 2013 онд гарсан өр болох 494,584 төгрөг, алданги 186,801 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үлдэх төлбөр болох 575,630 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д-” ХК нь хариуцагч *******ээс 2013 оны 1 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 3-ныг хүртэлх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр болох нийт 1,257,015 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 494,584 төгрөг, 2017 онд тооцсон алданги 186,801 төгрөг, нийт 681,385 төгрөгийг төлөхөөс татгалзаж, үлдэх төлбөр болох 575,630 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарладаг болно.

 

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг”, 3.1.19-д “хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Д-” ХК нь дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, хариуцагч ******* нь дээрх хуульд заасан хэрэглэгч байх бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын энэхүү үүргийн биелэлт, түүний чанарын талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 681,385 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа үндэслэлээ тус орон сууцыг худалдан авахаас өмнөх өмчлөгч, эзэмшигчийн хэрэглэсэн дулааны төлбөр тул төлөхгүй, мөн алданги тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарладаг боловч Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид алданги ногдуулах эрхтэй байна.

 

Хэрэгт зохигчдын хооронд 2019 оны 01 сарын 23-ны өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ авагдсан байх бөгөөд энэхүү гэрээний 2.1.6-д хэрэглэгч нь орон сууцыг худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө уг орон сууцтай холбоотой биелэгдээгүй өр байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцахаар, мөн гэрээний 2.1.9-д хэрэглэгч тухайн сард хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнийг сардаа багтааж төлсөн байх үүрэгтэй. Төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй тохиолдолд дараа сарын 03-ны өдрөөс эхлэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус тохиролцжээ. Энэхүү гэрээний үйлчлэх хугацаа нь 2019 оны 01 сарын 23-ны өдрөөс 2021 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “Д-” ХК нь өмнөх хэрэглэгчийн төлөөгүй төлбөрийг болон төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож алданги нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн маргаж байгаа төлбөр болох 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх  хугацааны төлбөр 494,584 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх хуульд заасан шаардлага гаргах хугацаа дууссан байна.

Мөн 2017 онд тооцсон алдангийн хувьд нэхэмжлэгч Дархан Дулааны сүлжээ ТӨХК нь хариуцагч *******тэй 2017 онд Дулааны эрчим хүчээр хангах гэрээг бичгээр байгуулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна” гэж тус тус зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй байх тул дээрх алдангийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч ******* нь бусад төлбөрийн хувьд маргаангүй хүлээн зөвшөөрч байгаа болно.

 

Иймд хариуцагч *******ээс нийт 575,630 төгрөгийг гаргуулж, Д- ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 681,385 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 575,630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д-” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 681,385 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,718 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 17,919 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д-” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.ОЮУНЦЭЦЭГ