Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/25

 

 

 

2023           01            25                                   2023/ШЦТ/25

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Баярмагнай,

шүүгдэгч А.Мөнхбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Б.Баярмагнай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан А.Мөнхбаярт нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Баярмагнай, А.Мөнхбаяр нарт холбогдох эрүүгийн 2215002510312 дугаартай, 163/2023/0021/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Тайж овогт Батсуурийн Баярмагнай, Увс аймгийн Баруунтуруун суманд 1994 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг,

 

-урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, 28 настай, эрэгтэй, РД:ОА94030836,

 

Монгол Улсын иргэн, Монгол овогт Агаашийн Мөнхбаяр, Орхон аймгийн Баян- Өндөр суманд 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг, Овоотын А-17-23 тоотод оршин суух бүртгэлтэй, бага  боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэлгүй, 38 настай, эрэгтэй, РД:ФБ84122977,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баярмагнай нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Д.Батбаярын эзэмшлийн “Бумбын орон” нэртэй амралтын газрын сауны өрөөний 2 ширхэг вакум цонх, амралтын өрөөний 2 ширхэг модон хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 339.808 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч А.Мөнхтөр нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Д.Батбаярын эзэмшлийн “Бумбын орон” нэртэй амралтын газар барилгын засварын ажил хөлсөөр гүйцэтгэж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан лампиран тааз, 1 боодол төмөр утас, катинг төмөр утас зэрэг эд зүйлийг авч завшин улмаар иргэн Б.Баярмагнайд шилжүүлэн өгсний улмаас хохирогч Д.Батбаярт 767.825 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215002510312 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Баярмагнай нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Д.Батбаярын эзэмшлийн “Бумбын орон” нэртэй амралтын газрын сауны өрөөний 2 ширхэг вакум цонх, амралтын өрөөний 2 ширхэг модон хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 339.808 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Мөнхтөр нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Д.Батбаярын эзэмшлийн “Бумбын орон” нэртэй амралтын газар барилгын засварын ажил хөлсөөр гүйцэтгэж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан лампиран тааз, 1 боодол төмөр утас, катинг төмөр утас зэрэг эд зүйлийг авч завшин улмаар иргэн Б.Баярмагнайд шилжүүлэн өгсний улмаас хохирогч Д.Батбаярт 767.825 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт буюу  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг авч завшсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баярмагнайгийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, утсыг буцаан өгч хохиролгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мөнхтөрийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, утсыг буцаан өгч хохиролгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

А. Яллагдагч Б.Баярмагнайгийн уйлдсэн Хулгайлах гэмт хэргийн талаар:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батбаярын өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 20-ны үед манай амралтын газар болох Булган аймгийн Хангал суманд байрлах Бумбын орон амралтын газрын нойл, дүүш саун байдаг жижиг байшингийн 2 ширхэг вакум цонх, 2 ширхэг амралтын өрөөний модон хаалга зэрэг хулгайд алдагдсан байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сараас манай амралтын газрын их засварын ажил эхэлж барилгын материал мэр сэр дутаж эхэлсэн. Тэгээд тухайн үед туслах малчнаар ажиллаж байсан Баяраа гэх залуугийн гэрт цагдаа нарын хамт очиход Баяраагийн зуслангийн амбаарт манай амралтын газраас 2022 оны 03 дугаар сард алга болсон 2 ширхэг вакум цонх, 2 ширхэг модон хаалга, мөн 2022 оны 04 дүгээр сард засвар эхэлснээс хойш алга болоод байсан сайтинг хана, панса /төмөр утас/, катинг /төмөр утас/, зэрэг эд зүйлс байсан.. надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, тухайн эд зүйлийг үнэлүүлсэн шинжээчид өгсөн 150.000 төгрөгийг барагдуулж авсан өөр ямар нэгэн санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 45-46 дахь тал/,

2. Гэрч Б.Баярмагнайгийн өгсөн: "... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр орой 22 цагийн үед Бумбын орон амралтын газрын хуучин душ байсан байшингийн хоёр ширхэг вакум цонхыг лоомоор салгаж авсан. Мөн дотор нь байсан сул шалан дээр байсан хоёр ширхэг хуучин цагаан хаалга зэргийг аваад зуслангийнхаа байшинд хийсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

4. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 22186 дугаартай хохирлын хэмжээ тогтоосон шинжээчийн дүгнэлт: 1.107.633 /нэг сая нэг зуун долоон мянга зургаан зуун гучин гурав/ төгрөгийн зах зээлийн үнэлгээ тогтоогдсон гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-73 дахь тал/,

5. Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл: Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан лоом нь 84 см-ийн урттай, ар моторын төмөрөөр хийсэн лоом байв, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16, 18-27 дахь тал/,

6. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 32-37 дахь тал/,

7. Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Баярмагнайгийн яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн үед Бумбын орон амралтын газрын хуучин душ байсан байшингийн хоёр ширхэг вакум цонхыг лоомоор салгаж авсан. Мөн дотор нь байсан сул шалан дээр байсан 2 ширхэг хуучин цагаан хаалга зэргийг аваад зуслангийнхаа байшинд хийсэн байсан. тухайн хаалгыг нэг нэгээр нь ганцаараа зөөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

Б. Яллагдагч А.Мөнхбаярын үйлдсэн Завших гэмт хэргийн талаар:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батбаярын өгсөн“...2022 оны 03 дугаар сарын 20-ны үед манай амралтын газар болох Булган аймгийн Хангал суманд байрлах Бумбын орон амралтын газрын нойл, дүүш саун байдаг жижиг байшингийн 2 ширхэг вакум цонх, 2 ширхэг амралтын өрөөний модон хаалга зэрэг хулгайд алдагдсан байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сараас манай амралтын газрын их засварын ажил эхэлж барилгын материал мэр сэр дутаж эхэлсэн. Тэгээд тухайн үед туслах малчнаар ажиллаж байсан Баяраа гэх залуугийн гэрт цагдаа нарын хамт очиход Баяраагийн зуслангийн амбаарт манай амралтын газраас 2022 оны 03 дугаар сард алга болсон 2 ширхэг вакум цонх, 2 ширхэг модон хаалга, мөн 2022 оны 04 дүгээр сард засвар эхэлснээс хойш алга болоод байсан сайтинг хана, панса /төмөр утас/, катинг /төмөр утас/, зэрэг эд зүйлс байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 45-46 дахь тал/,

2. Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд гэрч Б.Баярмагнайгийн өгсөн “... Нэг орой Аптангэрэл ах орж ирээд Баяраагаас барилгын материал авахаар боллоо. Орой 22 цаг гээд хүрээд ир гэсэн. 2-уулаа цуг явах уу? гэж хэлсэн. Тэгээд Алтангэрэл ах бид 2 яваад очиход Мөнхбаяр унтаж байхаар нь Алтангэрэл ах бид 2 сэрээгээд 3 метрийн урттай 15 ширхэг лампирийг аваад яв гэж хэлснээ хэрэглээд хаягдах гэж байгаа 80-120 см урттай лампир байна хэрэгтэй бол аваад яв гэхээр нь би 28 ширхгийг ачиж авсан. 2 ямааны хувьд лампираар сольж авсан зүйл байхгүй, би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ сольж авсан гэж худлаа хэлсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

3. Гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: "...2022 оны хавар байсан санагдаж байна. Бумбын орон амралтын газар засвар хийж байсан Мөнхбаяр гэх залуу намайг орой хүрээд ир гэж дуудсан тэгээд би дүү Баярмагнайгийн хамт очиход Мөнхбаяр өөрөө байсан бөгөөд барилгаас илүү гарсан хаягдаж байгаа лампирыг та хоёр хэрэгтэй бол аваад яв гэж хэлсэн. 2 ширхэг боодолтой бүтэн лампирийг хэрэгтэй бол та хоёр ав ав гэж хэлсэн. Тэрнээс биш бид хоёр авъя гэж хэлээгүй юм. Мөнхбаяр өөрөө өргөлцөж машин дээр тавьж өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

4. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 22186 дугаартай хохирлын хэмжээ тогтоосон шинжээчийн дүгнэлт: 1.107.633 /нэг сая нэг зуун долоон мянга зургаан зуун гучин гурав/ төгрөгийн зах зээлийн үнэлгээ тогтоогдсон гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-73 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд А.Мөнхбаярын яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Бумбын орон нэртэй амралтын газарт зочид буудлын дотор талын сужаан, дээвэр, мөн шинэ хоолны заал зэрэг ажил хийж гүйцэтгэх гэрээ хийгээд ажиллаж байсан юм. 2022 оны 05 дугаар сарын 12-13-ны үед Баярмагнай гэдэг залуу ахтайгаа ирээд би Шовгор буюу зуны байшин барьж байгаа та тухайн байшинг доторлож дуусгаад өгөөч гэхээр нь за ах нь ажил дуусгаж байгаад болъё гэж хэлээд миний ажиллаж байсан газраас барилгын материалын лампиран тааз, боодол төмөр утас, катин төмөр утас зэргийг Баярмагнайд хэрэг болох юм бол аваад яв гэж хэлсэн... Тухайн ажпын хөлсөндөө 1 ямаа мөн бүдүүн кабел утас авна гэж тохирсон байж байгаад Б.Баярмагнайгаас 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдөр 1 тооны ямаа урьдчилж аваад идсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батбаяр, гэрч Б.Алтангэрэл нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шууд гэрчилсэн нотлох баримтууд бөгөөд эдгээр  нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б.Баярмагнай нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Д.Батбаярын эзэмшлийн “Бумбын орон” нэртэй амралтын газрын сауны өрөөний 2 ширхэг бакум цонх, амралтын өрөөний 2 ширхэг модон хаалгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 339.808 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Мөнхтөр нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Д.Батбаярын эзэмшлийн “Бумбын орон” нэртэй амралтын газар барилгын засварын ажил хөлсөөр гүйцэтгэж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан лампиран тааз, 1 боодол төмөр утас, катинг төмөр утас зэрэг эд зүйлийг авч завшин улмаар иргэн Б.Баярмагнайд шилжүүлэн өгсний улмаас хохирогч Д.Батбаярт 767.825 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баярмагнай нь бусдын эд зүйлийг хулгайлсан, шүүгдэгч А.Мөнхбаяр нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож ашигласан идэвхитэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болох  нь тогтоогдсон  байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай  хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн” байдлыг ойлгоно гэжээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах, хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул  шүүгдэгч Б.Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч А.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эд зүйлийн үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдиийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Баярмагнай, А.Мөнхтөр нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Батбаярт 1,107,633 төгрөгийн хохирол  учирсан болох нь “Тольдох оюуны өгөөж” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба дээрх хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Баярмагнай, А.Мөнхтөр нар  нь хохирогч Б.Батбаярын хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40, 45-46 дахь тал/  болон хохирол төлсөн баримт зэргээр хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Баярмагнай, А.Мөнхтөр нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Баярмагнай, А.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус  тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч А.Мөнхбаяр, Б.Баярмагнай нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Мөнхбаяр, Б.Баярмагнай нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Баярмагнайгийн хувьд хавтаст хэргийн 82-87 дэх талуудад авагдсан, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, зөрчлийн талаарх бүртгэл мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Баярмагнай нь 28 настай, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1 дэх хэсгүүдэд зааснаар 1 жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Мөнхбаярын хувьд хавтаст хэргийн 89- дэх талуудад авагдсан, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, зөрчлийн талаарх бүртгэл мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Мөнхбаяр нь 38 настай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг, Овоотын А-17-23 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Баярмагнай, А.Мөнхбаяр нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч Б.Баярмагнайгийн  үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналын хүрээнд шүүгдэгч Б.Баярмагнайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч А.Мөнхбаярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч А.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж тус тус дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баярмагнай, А.Мөнхтөр нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Батсуурийн Баярмагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

2. Шүүгдэгч Монгол овогт Агаашийн Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Баярмагнайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Баярмагнайд сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Баярмагнай, А.Мөнхбаяр нар  нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярмагнай, А.Мөнхбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 84 см урттай төмөр лоом 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

10. Шүүгдэгч Б.Баярмагнай, А.Мөнхбаяр нар нь нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Батбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ