Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2019/00479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00425/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...........  аймгийн ...........  сум, ........... багт байрлах “Д-” ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............  аймгийн ..........  сум, ....... баг, ............  хороолол, ...........   тоотод оршин суух ...............  овогт *******- /РД: .................. /-д холбогдох,

 

“Дулааны эрчим хүчний төлбөр 787,332 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д-” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хэрэглэгч *******-тай дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулан, дулааны эрчим хүчээр найдвартай, тасралтгүй ханган ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.  Хэрэглэгч *******- нь гэрээнд заасан дулааны төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж, төлнө гэдэг боловч төлдөггүй тул түүнээс                   2013-2019 онуудын дулааны үндсэн төлбөр 671,900 төгрөг, алданги 115,432 төгрөг, нийт 787,332 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлдээ хариуцагч *******-гаас 2013 оноос 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй дулааны үндсэн төлбөр 671,900 төгрөг, алданги 115,432 төгрөг нэхэмжилсэн бөгөөд өмнө нь тус шүүхийн 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 640 дугаартай шийдвэрээр 2012 оноос 2015 он хүртэлх хугацааны хэрэглэсэн дулааны өр төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлсэн. Иймээс шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2015 оноос хойшхи төлбөр энэ нэхэмжлэлд хамааралтай юм байна. Үүнийг нэхэмжлэл бичихдээ хасаагүй бүхэлд нь нэхэмжилсэн байна. Мөн хариуцагчийн сүүлд төлөлт хийсэн зүйлийг хасаж тооцоход татгалзах зүйлгүй.

Хариуцагч *******-гийн хувьд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрөө удаа дараа төлдөггүй, өргөдөл гомдол мэдүүлж байдаг, үүргээ биелүүлдэггүй. Иймээс өмнө нь бас шүүхэд хандаж байсан. Дулаан хэрэглэсний төлбөрөө сар бүр төлөх үүрэгтэй, хэрэв хугацаандаа төлөөгүй бол алданги тооцох үндэслэлтэй. Иймээс дээрх зүйлүүдийг анхаарч, төлөх ёстой төлбөрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 04 сарын 23-ны өдөр Дарханы дулааны сүлжээ ХК-иас *******-д холбогдуулан төлбөр 551,550 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 24-ний өдрийн 640 дугаар шийдвэрээр 275,775 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 275,775 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрээр гарсан төлбөрийг төлсөн. Гэтэл 2015 оны 09 сарын 04-ний өдөр 123,388.58 төгрөгийн алданги тооцсон байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлчихөөд байхад 2015 онд өрийг тэглэлгүй, алданги тооцож, 454,334 төгрөгийн үлдэгдэлтэй гаргасныг зөвшөөрөхгүй байна. Уг байр 2016 оноос өмнө маш хүйтэн байсан тул өөр байр түрээсэлж амьдарч байсан. Байр хүйтэн байгаа талаар гомдол гаргахад огт шийдвэрлэж өгдөггүй. Иймээс 2016 оны 10 дугаар сараас өмнөх төлбөрийг төлөхгүй. Мөн 2016 оны 04 сарын 18-ны өдрөөс өмнөх төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, Учир нь Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Манай зүгээс 2016 оны 04 дүгээр сараас хойш дулааны эрчим хүчний төлбөрөө тогтмол төлсөн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д-” ХК нь хариуцагч *******-гаас 2013 оны 1 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сарын 3-ныг хүртэлх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний үндсэн төлбөрт 671,900 төгрөг, алданги 115,432 төгрөг, нийт 787,332 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч байгууллага нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т заасан стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагад оруулан нэхэмжилсэн, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг”, 3.1.19-д “хэрэглэгч гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Д-” ХК нь дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, хариуцагч *******- нь дээрх хуульд заасан хэрэглэгч байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид алданги ногдуулах эрхтэй, нөгөө талаас мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т зааснаар Эрчим хүчээр хангагч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй, хэрэглэгч нь хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар эрчим хүчээр хангагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүч дутуу нийлүүлсэн, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарын үзүүлэлт бүхий эрчим хүчээр хангаагүй бол эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.  

 

Хэрэгт зохигчдын хооронд 2019 оны 01 сарын 21-ний өдөр байгуулагдсан Дулааны эрчим хүчээр хангах гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээний 2.1.9-д хэрэглэгч тухайн сард хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнийг сардаа багтааж төлсөн байх үүрэгтэй. Төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй тохиолдолд дараа сарын 03-ны өдрөөс эхлэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцжээ. Энэхүү гэрээний үйлчлэх хугацаа нь 2019 оны 01 сарын 22-ны өдрөөс 2021 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл байна.

 

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 640 дугаар шийдвэрээр Дарханы дулааны сүлжээ ХК-ийн *******-д холбогдуулан 2012 оноос 2015 оны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр нийт 551,550 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг Эрчим хүчний тухай хуулийн  28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасныг тус тус баримтлан *******-гаас 275,775 төгрөгийг гаргуулж, Дарханы дулааны сүлжээ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 275,775 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэр хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч “Д-” ХК-иас 2013 оноос 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх харилцагчийн дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн байгаа бөгөөд энэхүү баримтыг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл талуудын тайлбар болон дээрх шүүхийн шийдвэрээр 2015 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийн маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү шийдвэрт заагдсан хугацааны төлбөрийг дахин нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин 2015 оны 05 дугаар сараас 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх төлбөрийн талаарх шаардлагын хувьд дүгнэвэл:

 

1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх мөн хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно, 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Дарханы Дулааны сүлжээ ТӨХК нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын     18-ны өдрийг хүртэл дулааны төлбөр шаардах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр энэхүү хугацааны төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

2. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хэрэгт авагдсан харилцагчийн дэлгэрэнгүй баримтаар хариуцагч *******- нь 2016 оны 06 сарын 30-ны өдөр 88,107.14 төгрөг, 2016 оны 07 сарын 08-ны өдөр 51,348.17 төгрөг, 2016 оны 11 сарын 07-ны өдөр 50,714.88 төгрөг, нийт 190,170 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг хүртэл төлөх ёстой нийт 264,218 төгрөгөөс хариуцагчийн төлсөн төлбөр болох 190,170 төгрөгийг хасаж тооцоход 74,048 төгрөгийн төлбөрийг хариуцагч *******- төлөх үүрэгтэй байна.

Харин хариуцагч *******- нь 2017 онд 364,400 төгрөгийн төлбөр төлөхөөс 367,674 төгрөг төлсөн байх бөгөөд тус онд төлөх дулааны өр төлбөргүй байна.

 

2018 онд үндсэн төлбөр болон алданги нийт 481,265 төгрөгийн төлбөр бичигдсэнээс хариуцагч нь нийт 402,871 төгрөгийг төлсөн байна.

2018 оны харилцагчийн дэлгэрэнгүй баримтаар 2018 оны 02 дугаар сард нийт 115,432 төгрөгийн алданги тооцогдсон байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагад орсон байна.

Нэхэмжлэгч Дарханы Дулааны сүлжээ ТӨХК нь хариуцагч *******-тай 2018 онд Дулааны эрчим хүчээр хангах гэрээг бичгээр байгуулсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна” гэж тус тус заасны бичгээр гэрээ байгуулаагүй байх тул дээрх алдангийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2019 оны 03 дугаар сарын 03-ны байдлаар хариуцагч *******- нь 01 сарын           14-ний өдөр 46,388 төгрөг, 02 дугаар сарын 19-ний өдөр 46,388 төгрөг, 2019 оны 04 сарын 30-ны өдөр 3 дугаар сарын төлбөрт 46,388 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан 2019 оны хариуцагчийн дэлгэрэнгүй, төрийн банкны 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 207722992 дугаартай гүйлгээ хийсэн баримтаар тус тус тогтоогдож байх тул хариуцагч нь 2019 оны эхний 3 сарын байдлаар дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө бүрэн төлсөн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч байгууллага нь Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-т заасан стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр төлбөр төлөхгүй гэж маргадаг боловч 2016 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хугацаанд дулаан хуваарилах төвд шугам шинэчлэлт, засварын ажил хийгдсэн, энэ хугацаанаас нэхэмжлэгч байгууллага нь дээрх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дулаан хуваарилах 3 дугаар төвийн ялтсан дулаан солилцуурын цогц тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын гэрээ, гэрээг дүгнэсэн тэмдэглэл, хөрөнгө хүлээж авах комиссын тэмдэглэл, акт, фото зургуудаар тогтоогдож байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү татгалзал үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч *******-гаас нийт 74,048 төгрөгийг гаргуулж, Дарханы дулааны сүлжээ ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 713,284 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******-гаас 74,048 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д-” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 713,284 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,445 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-гаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д-” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.ОЮУНЦЭЦЭГ