| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/57 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч Э.Намжилдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хул овогт Эрдэнэбаатарын Намжилдоржид холбогдох эрүүгийн .дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг 2б-4б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хул овогт Э.............. ................
Шүүгдэгч Эрдэнэбаатар овогтой Намжилдорж нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг “Солонго” хотхоны ар талд баригдаж буй “Хэрлэн Апартмент” ХХК-ийн барилгын хашаан дотор хохирогч Б.Ганбаттай таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, баруун шилбэ ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Намжилдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Б.Ганбат нь цахилгаан салгалаа гэж уурлаад найзтайгаа хамт дээрээс бууж ирээд над руу дайраад байхаар нь би сандарсандаа цохисон. Ноцолдож байх үед хөл дээр гишгэсэн байж магадгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.
Хохирогч Б.Ганбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багт Солонго хотхоны зүүн талд баригдаж буй Хэрлэн Апартмент гэх хотхоны шаврыг ажлыг хийдэг. Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шавраа хийж байхад үзэгдэх орчин муу болж эхэлсэн. Улмаар цонхоор доошоо харахад гадаа гэрлийн шийдний хажууд даамал Намжилдорж болон хэсэг хүмүүс зогсож байхаар наад гэрлээ асуучих гэж хэлсэн. Харин Намжилдорж шаврын писдаакуудаа та нарыг гуйж ажил хийлгээгүй шүү зайлж болно шүү гэж хэлэхээр нь буугаад очиход үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газарт цохиж намайг унагаад баруун хөлийн шилбэн дээр өшиглөхөд хөл маань халуун оргиод маш ихээр өвдсөн. ... тухайн үед миний хөл хугарсан байсан. ... би эмчилгээний зардалд 700.000 төгрөг, эмнэлгийн байгууллагаас намайг 6 сар ажил хийх боломжгүй цалингийн 6000.000 төгрөг, нийт 6774.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 14-18 тал/
Гэрч С.Хүдэрмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед Ганбат нь даамал Намжилдоржтой муудалцаад газраар өнхрөлдөж байсан. Улмаар би очиж салгахад Намжилдорж хөл өвдөөд байна гэхээр нь харсан чинь түүний хөл нь хугарсан байсан тул би 103 руу залгаж дуудлага өгсөн...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/
Гэрч Т.Цолмон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ганбат барилгаас гараад Намжилдоржтой барьцалдаж авахаар нь би доошоо бууж тэр хоёр руу очиход Ганбат газарт хэвтчихсэн байхаар нь Намжилдоржтой маргалдаж барьцалдаж аваад хоорондоо муудах үед тэр хавийн хүмүүс салгасан. ... салаад байж байтал Ганбат хэлэхдээ би босож чадахгүй байна гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 31-32 тал
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 642 тоот дүгнэлтэд:
1. Б.Ганбатын биед баруун шилбэ ясны далд хугарал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Баруун шилбэ ясны далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 63-64 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/
- Э.Намжилдоржийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хул овогт Эрдэнэбаатарын Намжилдорж нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг “Солонго” хотхоны ар талд баригдаж буй “Хэрлэн Апартмент” ХХК-ийн барилгын хашаан дотор хохирогч Б.Ганбаттай таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, “баруун шилбэ ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн болон хохирогч Э.Намжилдорж, хохирогч Б.Ганбат, гэрч С.Хүдэрмөнх, Т.Цолмон, Г.Алтанчимэг, С.Уламбаяр, О.Өсөхбаяр нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 642 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Намжилдоржид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э.Намжилдоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Намжилдоржийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Намжилдоржийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ганбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны төлбөрт 6300.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд бензин хийсэн төлбөрт 155.000 төгрөг, эмчилгэний төлбөрт 379.000 төгрөг нийт 6834000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгчийн баримтаар болон баримтгүй нэхэмжилж буй нотлох баримтын шаардлага хангасан 440.650 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.Намжилдорж нь төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Ганбат нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э.Намжилдоржийн ...... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хул овогт Эрдэнэбаатарын Намжилдоржийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Намжилдоржийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Намжилдорж нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 440.650 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э.Намжилдоржийн .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хохирогч Б.Ганбат нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлого болон эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Нажилдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ