| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2019/00459/и |
| Дугаар | 135/ШШ2019/00525 |
| Огноо | 2019-06-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 135/ШШ2019/00525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2019/00459/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............ аймаг, .......... сум, ......... баг, ......... дугаар хэсэг, .... тоотод оршин суух, ......... овогт ******* /РД:................. /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ........... аймаг, .............. сум, ............. багт байрлах, ........... аймгийн *******, *******, ******* газарт холбогдох,
*******ын тухай хуульд зааснаар 5 жилийн тэтгэмж болох нийт 2,517,600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газрын дарга *******-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 онд Дархан-Уул аймгийн 10 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орж, одоог хүртэл тасралтгүй 11 жил ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйл, *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7б дугаар заалтаар 5 жил тутамд 1 удаа олгодог 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр авсан бөгөөд 2 дахь мөнгөн тэтгэмж авах хугацаа болж, Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газарт өргөдөл гаргасан боловч тус газраас нийгмийн даатгалын шимтгэл тасарсан гэсэн үндэслэлээр тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй гэсэн хариу өгөөд байна. 2016 оны 11 дүгээр сард өвчтэй ээжийгээ асрахаар цалингүй чөлөө аваад 12 сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Байгууллагын дотоод журамд цалингүй чөлөө олгосон тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажилтан өөрөө хариуцаж төлнө гэсний дагуу би өөрөө 1 сарын шимтгэлээ төлсөн. Иймд миний бие тасралтгүй тус байгууллагад ажиллаж байгаа тул 5 жилийн тэтгэмж 2,517,600 төгрөгийг Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газраас гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******- нь ар гэрийн гачигдлын улмаас түүний хүсэлтийн дагуу 1 сарын цалингүй чөлөө байгууллагаас нь олгосон байгаа. Тус байгууллагын дотоод журмын дагуу 1 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа төлсөн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар байгууллагаас 1 сарын хугацаагаар цалингүй чөлөө олгосон тушаал гаргасан байгаа. Захиргааны чөлөөтэй байсан хугацааг ажилласан жил тасарсан гэж үзэх үндэслэлгүй. Иймээс тус байгууллагад тасралтгүй 5 жил ажилласан учир хуульд зааснаар тэтгэмжээ авах эрхтэй. *******- нь хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагуудад өргөдөл, гомдол гаргасан бөгөөд хэрэгт авагдсан хүний эрхийн үндэсний комиссын шаардлагад тэтгэмж авах эрхийг зөрчиж байгаа талаар тодорхой заасан байдаг. Гэтэл шүүхийн албан ёсны шийдвэр байхгүй тул өгөх боломжгүй гэсэн хариу өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газрын дарга *******- шүүхэд гаргасан тайлбартаа: “*******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.7 дахь заалтыг үндэслэн хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны 5 жилийн тэтгэмжийн мөнгийг олгох гэсэн боловч Улсын дээд шүүхийн 2007 оны 25 дугаар тогтоолыг зөрчиж, 2016 оны 11 дүгээр сарын 01 дүгээр тушаалаар чөлөөлөгдөж, нийгмийн даатгалын шимтгэл тасарсан байна. Иймд тэтгэмжийн мөнгө олгох боломжгүйг мэдэгдье” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч *******- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Манай зүгээс нийгмийн даатгалын дэвтрийг авч шалгахад ажлаас түр чөлөөлсөн гэсэн бичилт хийгдсэн байсан, мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 11 дүгээр сард сайн дураар төлсөн гэсэн, байгууллагаас төлөгдөөгүй тасарсан байсан. Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолд заасан тасралтгүй 5 жил ажилласан гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж бид үзээд татгалзсан. Шүүх дээр хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгчид 1 сарын хугацааны чөлөө олгосон тушаал байна. Тэтгэмжийн мөнгө нь манай байгууллагын дансанд ороод ирсэн байгаа. Иймээс тэтгэмжийн мөнгийг олгоход татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******- нь Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газарт холбогдуулан 5 жил тутамд нэг удаа олгодог 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж болох 2,517,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газраас нэг сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тасарсан гэсэн үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч тус газрын дарга *******- нь шүүх хуралдаан дээр тэтгэмжийн мөнгө нийт 2,517,600 төгрөгийг олгохыг зөвшөөрсөн болно.
Нэхэмжлэгч *******- нь 2008 оноос хойш одоог хүртэл Дархан-Уул аймгийн 10 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаал, 2016 оны 10 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, *******-гийн НДД №А 000145081 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч *******-д түүний хүсэлтийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цалингүй чөлөөг ажил олгогчоос олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгч *******- нь төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Б/23 дугаартай “Ядамсүрэн овогтой А-д захиргааны чөлөө олгох тухай” тушаал, нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, 10 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газар нь *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасан 5 жил тасралтгүй ажилласан байх нөхцлийг хангахгүй хугацаа тасарсан гэсэн тайлбарыг гаргаж байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ажилтан болон ажил олгогч нарын хэн аль нь санаачилж хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, 35 дугаар зүйлийн 35.1.3-т эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэж заасны дагуу нэхэмжлэгч *******- нь захиргааны чөлөөтэй байсан хугацаанд ажилласан хугацаа тасарсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар захиргааны чөлөөг цалингүй олгосон байх бөгөөд энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг Дархан-Уул аймгийн 10 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2-ийн 2-т “Чөлөөтэй хугацаанд ажилтны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас олгохгүй, ажилтан өөрөө хариуцах болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч *******- нь өөрөө төлсөн байна.
Иймд нэхэмжлэгч *******- нь *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д: “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”, 43.1.7.б-д: “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш” гэж заасны дагуу 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж авах эрхтэй байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай “*******ын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 11-т: “Мөн хуулийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно” гэж заасан бөгөөд *******- нь хэрэгт авагдсан баримтаар тасралтгүй ажилласан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.
*******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д энэхүү тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор заасан хэдий ч хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар *******-гийн тэтгэмжийн мөнгө Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газрын дансанд шилжин орж ирсэн байгаа, энэ жилээс эхлэн энэхүү тэтгэмжийн мөнгийг нэг газар байршуулан олгох журам гарсантай холбогдуулан манай байгууллагаас олгож байгаа гэж тайлбарладаг болно.
Иймд Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газраас 5 жил тутамд нэг удаа олгодог, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 2,517,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7.б-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газраас 2,517,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн *******, *******, ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 55,231 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ