Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр                       Дугаар 2023/ШЦТ/26                                 Даланзадгад сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч: Б.Батболд,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

  Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.О,

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

  Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Б-ийн Ат холбогдох 2228000000095 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчим Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус 3 дугаар багийн нутагт байх Царилт гэх газарт өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Мын цээжин тус газарт хутгалж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Аийг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Х, М нар аймгаас гараад явж байна машины дугуй хагарчихлаа амдаад ирээч гэж залгаж ярьсан. Бид хоёр мотоцикльтой сундлаад М, Х хоёр дээр очиж машины дугуйг нь нөхөлцөөд шөнө гэртээ ирсэн.  М, Х хоёр талийгаачид архи өгсөн байсныг нь би мэдээгүй. Надад ууттай боорцог, чихэр хоёр оруулж ирж өгсөн. Талийгаач энэ архийг далд хийчих гэж хэлэхээр нь би архийг шкаф руу хийсэн. Тэгээд дахиад архины аяга аваад өг гэж хэлэхээр нь би дахиад архи байгаа юм байна гэж ойлгосон. Тухайн архинаас 2-3 удаа уучихаад бид нар амарцгаасан. Өглөө М, Х бид гурав мал услахаар ус руу явсан. М, Х хоёр мал будаж тэмдэглэчихээд эргээд бид гурав гэрт ирээд хоол хийж идчихээд шөнө задалсан архиа ууж дуусгасан. Г руу намайг залгаж бензин аваад ир гэж хэл гэж талийгаач хэлсэн. Би Г руу залгаж 20 литр бензин дөхүүлээд өгөөч гэж хэлэхэд Г бензин авч ирсэн. Талийгаач шкафанд байгаа архийг гаргаж ир гэж хэлээд би архийг гаргаж өгсөн. Би тухайн архинаас 3 удаа уусан байх, архийг ууж дуусгаад Г, талийгаач хоёр Урнаагийн гэр рүү явсан. Би тэр хойгуур нь унтаж байсан. Урнаагийн гэрээс ирэхдээ талыг нь уучихсан гэж хэлээд тал шил архитай талийгаач Г хоёр орж ирсэн. Намайг телевизорын өмнө унтаж байхад талийгаач архи ууж дууссан бололтой гэнэт намайг үсдэж босгоод ямар их унтдаг юм бэ, гэр орноо цэвэрлэ гэж хэлсэн. Үснээс тавихгүй тамхи асааж өг гэж хэлсэн, би тамхийг нь олохгүй байхад хайрцагтай тамхи энэ байна гэж өөдөөс шидэхээр нь тэмтэрч байгаад тамхийг нь асааж өгсөн. Чи тамхи асааж өгдөг хэн юм бэ, гэж хэлээд миний нүүр дээр тамхиа унтраасан. Үсдэж зодоод зүүн талын хавирга дээр өвдөглөсөн. Тухайн үед хавирга маш их өвдөж амьсгаа авч болохгүй байсан. Ер нь чамайг ална, чи банзал, янхан, гичий, чамайг өнөөдөр дуусгана, чи өмнө нь цагдаа дуудаж өгсөн, одоо цагдаагаа дуудаадах харъя чамайг гэж хэлээд үсдээд чирсэн. Хаана чирэгдэж байгаагаа мэдээгүй ямар ч байсан гарт баллон таарсан. Баллон гал тогооны шкаф хоёр залгаа байдаг учраас  шкафны хажууд байгаагаа мэдэж байсан. Одоо чамайг ална гэж хэлээд шургуулганаас юм авахыг мэдсэн. Үснээс зулгаасан байсан учраас арай гэж өөдөө өндийгөөд хутгатай гарыг нь салгах гэсэн боловч болоогүй. Би зүүн гараараа тэмтрэхэд хутганых нь ишний үзүүр дээрээс нь барьж байгаагаа мэдэж булаацалдсан. Ална гээд янхан, банзлаар минь дуудаж байсан хүний идэвхитэй хөдөлгөөн сулрахаар нь би ямар ч байсан хутгалагдчихлаа гэдгийг мэдсэн. Би ханийгаа алъя гэж алаагүй, талийгаач руу чиглэсэн хутга байгаагүй, би өөрийгөө алуулахгүй юмсан гэж зодолдож байх явцад хутганд өртсөн.  Хавиргаа хугалуулж, үсдүүлж, нүүрэн дээрээ тамхины цогоор түлүүлж байх үедээ хутгыг нь салгах бодол байснаас өөр бодол төрөөгүй. Үнэхээр их харамсаж байна. Та бүхнийг бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэхийг хүсэж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хүүгийнхээ амь насыг хохироосонд маш их гомдолтой, сэтгэл санааны хувьд хүнд байна. Банкны зээл болон оршуулгын зардлыг төлүүлмээр байна. Б.А бөө нэртэй “Алтантүрүү” нэртэй архи байнга захиж авч уудаг байсан. Би Аийг архичин гэж бодож байна. Номгон болон Өмнөговь аймгаас нутгийн хүн таарвал архи захиж уудаг. Миний хүү архи уучхаад дарамтлаад байдаг байсан бол салчихгүй яасан юм бэ?, надад салмаар байна гэж нэг удаа хэлж байгаагүй. Яагаад тухайн үед хутгалах санаа төрснийг нь асуумаар байна.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бодож байгаагаар гэм буруугүй юм шиг байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би талийгаачийн буяны ажилд зориулагдсан нийт 9.000.000 төгрөгийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Уг 9.000.000 төгрөг нь талийгаачийг оршуулах үйл явцад болон хоног хураасан ажилд зориулагдан гарсан зардал юм. Аийн талаас бол хохирол төлбөр барагдуулах талаар ямар нэгэн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. М А нарт өмч хөрөнгө гэх зүйл байхгүй. Талийгаач Мын нэр дээр малын А дансаар 300 ширхэг бог мал байдаг. Уг 300 малаас багийн төвийн буюу албаны мал 178 ямаа байсан. Талийгаачийн өөрийн гэх мал нь 122 мал байхаар тоо гарсан байсан. Уг А данс бол 2021 оны 12 дугаар сарын мал тооллогоор гаргасан данс байгаа юм. Тэрнээс хойш хүнс хоолондоо хэрэглэх үхэж үрэгдэх зэргээр малын тоо толгой нь буурсан байх. Талийгаачийг нас барсан дараа би өөрөө биеэр малыг нь тоолж багийн 178 ямааг буцаан хүлээлгэж өгөөд үлдэгдэл талийгаачийн малыг нь тоолоход 71 ямаа байсан. А анх Мтай хамтран амьдраад хөдөө гарах үедээ 48 ямаатай байсан. Анх А 48 ямаатай ирсэн. Тэрнээс хойш цаг зуд болсон мөн алж зарсан болохоор өсөж үржсэн зүйл байхгүй байх. Талийгаач Атай хамт амьдрахаас өмнө 600 гаруй бог малтай 5 тэмээтэй байсан. Атай хамт амьдарснаас хойш уг малын тоо толгой доошоо буурсан өсөж үржээгүй. Яг одоогийн байдлаар 71 ямаа үлдээд байна. /1хх-ийн 43-44 дэх тал/

Гэрч Ш.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед би малдаа явж байгаад гэртээ ирэхэд талийгаачийн утаснаас залгасан байсан. Тэгээд би эргүүлээд залгасан чинь А утсаа аваад та манай бензинийг аваад хүрээд ир гэсэн. Тэгээд би тэдний 20 литр бензин байсныг аваад очсон. Намайг очиход гэрийн гадаа М, талийгаач М нар Мын машины дугуй янзлаад байж байсан. Би хамт дугуйг нь нөхөлцөж дуусгаад гэрт ороход А, Х нар унтаж байсан. Тэгээд М цай хийж өгсөн тэрийг уусан. Тэгсэн А босож ирээд 0.75 граммын Хараа нэртэй архи гаргаж өгсөн. А талийгаач бид гурав тэр архийг хувааж ууж дуусгаад дахиад А 0,33 граммын Хараа нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архийг мөн бид гурав хувааж уусан. Х, М нар огт архи уугаагүй. Тэгээд 0,33 граммын архийг бид гурав хувааж ууж дуусгаад би гадаа гараад бие засаж байтал талийгаач М гарч ирээд ахиад нэг шил архи байна уу? гэсэн. Тэгээд би талийгаач Мыг аваад Уийн гэрт очсон. Би Уээс архи гуйхад нэг шил 0,5 граммын Хараа нэртэй архи гаргаж егсөн. Тэр архийг талийгаач М бид хоёр Уийн гэрт хувааж ууж байгаад дуусгалгүй Уийн гэрээс гарч Мын гэрт очсон. Очиход Х, М нар мал эргүүлнэ гээд яваад өгсөн. Тэгээд Уээс авсан архины үлдэгдлийг А талийгаач бид гурав хувааж ууж дуусгаад би гэрийн баруун талд унтаад өгсөн. Тэгээд би унтаж байгаад мотоцикл дуугарахаар нь сэрсэн чинь гэрийн баруун хойд талд талийгаач зүүн талаараа хажуулдаад хэвтэж байсан. Тэгсэн чинь А гэрийн зүүн хойд талд унинаас барьчихсан Г ахаа би хүн хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би чи эмнэлэг цагдаа дууд гэсэн. Тэгсэн чинь А өөрөө утсаараа цагдаа дуудсан. М Г ахаа та намайг өргөөд өөд нь тавиад цус арчаад өг нойт оргиод байна гэсэн. Би цусыг арчиж байсан чинь ус хийгээд өг цангаад байна гэсэн. Би ус хутгаж өгсөн. Гаднаас Х М нар орж ирсэн байсан. Тэгээд А миний ханиа босоорой сэрээрэй гээд тэврээд уйлаад байсан. Талийгаачийн хэвтэж байсан газар тэр чигтээ цус болсон байсан. А талийгаачийн ээжид утсаар залгаж хэлээд ээж нь Ө О нарыг очиж үз гэсний дагуу ирсэн юм шиг байгаа юм. Би тэрийг сайн олгоогүй. Гаднаас Ө О нар ороод ирсэн. О нас барчихсан юм шиг байна гэсэн. Талийгаачийн гэрт сүлжээ авдаг юм. Хэрэг болсон дараа буюу Ө О нарыг ирсний дараа сүлжээгүй болчихсон учраас Өгийн хамт сүлжээнд гарч утсаар ярихаар явсан. Тэгээд сүлжээнд гарч утсаар эмнэлэг цагдаа дуудсан. /1хх-ийн 46-47 дахь тал/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өчигдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Гын хамт мотоциклтой явж байсан. Тухайн үед манайд ирээд цай уучихаад архи байна уу? Байвал өгчих гээд гуйсан. Тэгэхээр нь нэг шил 0.5 граммын Хараа нэртэй архи авдарт байсныг гаргаад өгсөн. Тэр архиа манай гэрт задлаад Г тэр хоёр хувааж уусан. Талаас дээгүүр байхад нь би ус руу явлаа гэхэд Г тэр хоёр архиа аваад гэртээ харьж унтана гээд явсан. Би замдаа ойчив болгоомжтой яваарай гэсэн. Тэгсэн Г тухайн үед мотоциклоо унаад Мын гэрийн зүгт явсан. Тэгээд шөнө унтаж байсан чинь хэдэн цагийн үед гэдгийг сайн мэдэхгүй байна. 01 цаг өнгөрч байсан байх. Г Өгийн хамт явж байсан. Тухайн үед А Мыг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаа эмнэлэг дуудсан юм уу гэхэд М нас барчихсан цагдаа, эмнэлэг дуудах гээд явж байна. Мотоциклын гэрэл болохгүй байна гээд мотоциклын гэрлээ манай гэрийн гадаа янзлаад явсан. /1хх-ийн 50-51 дэх тал/

Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өөрийн төрсөн хүүгийн хамтаар амьдардаг юм. Талийгаач болон А нартай урд өмнө Өмнөговь аймагт одоогоос 4 жил гаруйн өмнө амьдарч байгаад танилцаж танилууд болсон. Би 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Даланзадгад сумын төвд явж байхад Мтай таарахад би хөдөө Номгон сум явж малаа будаж хүлээлгэж өгөх гээд явж байна хамт явах уу? гэж хэлэхээр нь за за хамт явчихаад ирье гээд хамт 16 цагийн орчимд гэрээс Өмнөговь аймгийн төвөөс жижиг машинтай хамт гарсан. Гарахдаа бид хоёр Зүүн сайханд байдаг дэлгүүрээс 0.75 грамм Хараа архи 2 ширхэг, 0.33 грамм Хараа архи аваад чихэр боорцог хуурай идэх юм аваад шууд гарсан. Замдаа М бид хоёр машинтай явж байгаад машины дугуй хагараад тэр үед данхраад дугуйн дорцов байхгүй байсан болохоор талийгаач М А нар тосож мотоцикльтой ирж дугуйгаа сольж тавиад гэрт нь шөнө 03 цагийн орчимд очсон. Тэгээд өглөө эрт босоод ямаагаа тоолж будна гээд 07 цагийн орчимд гараад явсан. Худаг дээр очоод хэдэн ямаагаа будчихаад буцаад талийгаач дээр очиход унтаад дөнгөж босож байсан. Өнөөдөр амжвал гэрээ нүүлгэнэ гэж байсан. Тэр үед М М нар гэрийн гадаа машин засвар хийж байх шиг байсан. А М ерөнхийдөө архи уугаад байсан. Тэгтэл М би сая Ганаа ахыг утсаар дуудсан бензин авчрах байх гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр архи уухгүй юм чинь малаа хариулаад байж байя гээд гараад явсан. Өдөр 17-18 цагийн орчимд гэрт очиход А гэрт унтаж байсан. Бид хоёр ч нэг цай уучихаад хэвтэж байтал гаднаас мотоциклтой Ганаа ах талийгаач М нар ирсэн. Ирэхдээ 0.5 грамм Хараа архи талыг бариад орж ирсэн. Гэрт хэсэг зуур юм яриад сууж байхаар нь бид хоёр малаа бөөгнүүлнэ гээд гарч байхад талийгаач малаа орой хотлуулаарай гэж хэлсэн. Мал нь хэсэг хэсэг салсан байхаар нь бөөгнүүлээд гэрт ойртуулаад гэрт очиж цуйван хийж идье гээд орой 20 цаг өнгөрч байхад гэрт очиход Г ах талийгаачтай юм яриад цусыг нь тогтоогоод сууж байхаар нь би юу болсон яасан гэж асуухад А би хутгалчихлаа гээд сууж байсан. Тэгээд эмнэлэг дуудсан юм уу гэж асуухад А би өөртөө цагдаа дуудчихсан гээд хэлж байсан. Би тэр үед огт ойртож барьсан зүйлгүй харж ч чадахгүй байсан. Тэр үед талийгаач би ус уумаар байна гэж хэлэхэд ус уулгасан. Нэг их удалгүй Ө очиж биеийн байдлыг үзээд өнгөрчихсөн юм шиг байна гэж хэлэхэд нь Г ах Ө нар сумаас ирж байгаа хүмүүсийг тосож явъя гээд гараад явсан. Тэгээд нээх удалгүй эмнэлгийн машин, цагдаа нар ирсэн. Тийм л зүйл болсон. /1хх-ийн 53-54 дэх тал/

Гэрч Ш.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Даланзадгад сумаас Хийн хамт Мынд байх малаа эргэж үзэж хархаар явсан юм. Тэгээд замдаа машин саатаад 03 цагийн үед Мын гэрт очсон. Би нэг шил Хараа нэртэй 0.75 граммын архийг Мт өгсөн. Уг архийг М задлаад тус бүр хоёр хоёр удаа аягалж тойруулахад нь уучихаад унтсан. Өглөө 07 цагийн үед Х, А бид гурав мал услах ямаа саах гэх мэт ажил хийхээр гарсан. М гэртээ унтаад үлдсэн. Тэгээд эргэж бид гурав гэртээ ирэхэд М босчихсон байсан. Тэгээд урд орой нь задалсан нэг архийг Аийн хамт хувааж уугаад байж байтал Г хүрээд ирсэн. Шил архийг М задлаад Хийн хамт мал эргүүлэхээр яваад өгсөн. А, Г 2 нэг ширхэг 0,75 граммын архи задлаад ууж байсан. Бид хоёр мал эргүүлээд яваад ирэхэд уг архиа хувааж уугаад дуусаж байсан. Тэгээд дахиж нэг 0,33 граммын архи гаргаж ирэхэд задлаад тэр гурав хувааж уусан. Х бид хоёр мал эргүүлэх гээд явж байгаад эргээд иртэл А унтаж байсан. М Г нар айл руу явсан гээд эзгүй байсан. Тэгээд А сэрээд бид гурав юм яриад сууж байтал Г М нар ирсэн. Тэр хоёр 0,5 граммын Хараа нэртэй тэг дундуураас дээгүүр архи аваад орж ирсэн. Би Хийн хамт өвөлжөө бууцаа эргэх гээд яваад өгсөн. Тэгээд 40 орчим минут яваад 20 цаг өнгөрөөд 21 цаг болох гэж байхад ирээд гэрт ороход гэрийн голд М зүүн талаараа хажуулдаад хэвтчихсэн цээжнээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд уг цусыг Г нойлын цаасаар дараад сууж байсан. Гэрийн баруун хойд талаар дэвсгэр дээгүүр болон талийгаачийн өмсөж байсан шорт зэрэг нь цус болчихсон байсан. Талийгаач ус хутгаад өг гээд байсан. Би нэг удаа ус хутгаж өгсөн. Би гэрээс гарч гадаа төл мал тавиад 15 орчим минут болоод эргэж гэрт орж ирэхэд М нас барчих шиг боллоо гэсэн. Тэгээд Ө, О нар ирээд дараа нь цагдаа эмнэлэг ирсэн. /1хх-ийн 55-56 дахь тал/

Гэрч Т.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Аийг танина. Зан ааш жоохон муутай болж өгвөл хүн амьтантай хэл ам хэрүүл хийчихээд байдаг. Архи их уудаг архи уухаараа талийгаачтай хамт уучихдаг. А нь архи уухаараа хамт хажууд байгаа хүнтэйгээ маргалддаг, маргалдахаараа талийгаачийг чи намайг өмөөрсөнгүй гэх мэтээр хэлж талийгаач Мыг өөр бусад хамт байгаа хүмүүстэй нь маргалдуулах зэрэг зан ааш гаргадаг. А бусдыг хэл амаар их доромжилдог их овилгогүй зантай хүн. Тухайн хэрэг гарахаас өмнө А согтуу байхдаа талийгаач Мт хандан би чамаар хамаг өрөө төлүүлчихсэн. Одоо чамайг алчихад харамсах юм байхгүй. Би чамайг ална шүү гэх яриа өгүүлэл яриад ардаа нэг юм бариад нуугаад байсан. Юу нуугаад байсан талаар нь мэдэхгүй гэх яриаг нутаг усны хүмүүс хэрэг болсон дараа ярьж байсан. Яг хэн хэзээ хаана тэр зүйлийн талаар ярьж байсан талаар мэдэхгүй. Яг тухайн үед юу болсон талаар мэдэхгүй. А тэгж хэлж яриад явж байж чадах хүн. Их овилгогүй хүн. Манай нөхөр энэ хавар мухар олгой ургаад эмнэлэгт хэвтсэн юм. Тэгсэн А би эднийхэнд хараал хийчихсэн. Эхнээсээ эхэлж байгаа нь энэ гэж хэлж ярьсан байсан. Хэнтэй ч юу ч ярьж байж магадгүй хүн. Энэ өвөл манай нөхөр нурууны хагалгаанд ороод малаа энэ өвөл талийгаач Маар харуулж байсан юм. Би гэр орноо өвөл бариагүй байсан болохоор талийгаач М А нартай хамт байдаг байсан. Тэгээд хавар гэрээ талийгаачийн хажууд бариад тус тусдаа гэрт байдаг болсон. Сүүлийн үед таарамж муутай хэрүүл маргаантай байсан. Өнгөрсөн хавар 4 сард талийгаач М болон А нар нь архи уучихсан байх үедээ А талийгаачийг надтай хардаж М харааж загнасан. Тухайн үед надаар тэжээлгэдэг, арчаагүй, талийгаачийн ээжийг хулгайч гэх зэргээр хэлж талийгаач бид хоёрыг ална хэмээн занал хийлж хутга барьж туулгаж байсан. Тухайн үед талийгаач М Аийн барьж байсан хутгийг булааж авах гээд нурууны хулсан маажуураар 2-3 удаа шавхарч байсан. Тэгээд Номгон сумын хэсгийн төлөөлөгч Энхбаатар ирж байсан. Ер нь А талийгаачийн эцэг эхийг хамруулж арчаагүй хулгайч, янхан гэх мэтчилэн элдэв янзын үгээр харааж загнаад байгаа харагддаг. А их хартай талийгаачийг янз бүрийн эмэгтэй л хүн байвал хардаж байдаг. Тэгээд элдэв янзаар харааж загнадаг. Талийгаач бол нээх харааж загнаад байгаа харагддаггүй, барагтай бол нэг их юм яриад байдаггүй. Талийгаач Аийг хөтлөөд гар хөлийн үзүүр нь болоод л явж байдаг байсан. Ат их тус нэмэр болдог халамжтай л харагддаг байсан. /1хх-ийн 61 дэх тал/

Гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр 20 цаг өнгөрч байхад би өөрийн малаа эргүүлж гэр рүүгээ шахаж ойртуулчихаад гэртээ ирсэн чинь манай эхнэр Отэй талийгаачийн ээж О утсаар яриад А утсаар яриад би Мыг хутгалчихлаа. М бараг үхэж байх шиг байна гэж хэлсэн. Та хоёр юу болсныг очоод үзээтэх гэж хэлсэн байсан. Тэгээд би эхнэр Отэй хамт талийгаач Мын гэрт очиход гэрийн нь гадаа М, Г, Х гурав байж байсан. Би тэр гурваас юу болсон талаар асуухад Г би тасраад унтаж байгаад сэрсэн чинь А Мыг хутгалчихсан байсан гэж хэлж байсан. Х хэлэхдээ би Мын хамт хонь эргүүлчихээд ирсэн чинь ийм хэрэг болсон байсан гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн гэрт ороход А талийгаач Мыг тэврээд уйлаад сууж байсан. О талийгаачийн гарыг барьж үзээд нас барчихсан юм шиг байна гэсэн. Би гэрээс гарч эмнэлэг цагдаа дуудсан юм уу гэхэд гадаа байсан хүмүүс А түрүүнд дуудсан гэж байсан. Оийг гэрт хүргэж өгчихөөд эргэж талийгаачийн гэрт ирэхэд эмнэлэг цагдаа ирээгүй байсан. Замдаа төөрчихсөн байж магадгүй гэж бодоод Гын хамт амдаж яваад эмнэлгийн ажилчид сумын хэсгийн төлөөлөгч нартай таарч эргэж хэргийн газарт ирсэн. /1хх-ийн 103 дахь тал/

Гэрч Ш.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: А би хүн хутгалчихлаа гээд нэг их чанга хашхирсан. Гадаа мотоцикл ирээд зогсоход би нойрноосоо бүрэн сэргээд босоход А гэрийн зүүн хойд талд Г ахаа би Мыг хутгалчихлаа гээд баруун гараараа шиг санаж байна, унинаас бариад зогсож байсан. Мыг харахад гэрийн баруун талын багананы хойд талаар нь толгой нь зүүн тийшээ чиглээд хойшоо хараад буюу баруун гар талаараа хажуулдаад хэвтэж байсан. Гэрийн баруун хойд тал буюу Талийгаач Мын хараад хэвтэж байсан хэсгийн дэвсгэр хэсэг тэр чигтээ цус болсон байсан. Тэгээд Талийгаач намайг Г ахаа миний доогуур нойт оргиод байна. Үүнийг арчаад өгөөч гэсэн. Би гэрийн баруун хананд байсан нойлын цаасыг аваад талийгаач Мын цээжний урд талын хэсэгт зүрхний орчимд байх шархыг тойруулууд цусыг арчиж цэвэрлэсэн. Хивсэн дээр байсан цус нь доошоо шингээд алга болсон. Уг шарх нь нэг ширхэг нарийн хутга мэсээр үүсгэсэн байдалтай шарх байсан. Би Маас юу болсон талаар асууж лавлахад А би Мыг хутгалчихлаа л гээд байсан. Талийгаач М юу болсон талаар ямар нэгэн зүйл огт хэлээгүй. Ам цангаад байна ус хутгаад өг гээд байсан. Шанагаар ус хутгаад аяганд хийгээд өгөхөд уг аягатай усыг бүгдийг нь уучихаад Г ахаа цээжин дор өндөр юм хийгээд өг гээд байсан. Тэгээд би цээжин доор нь жижиг дэр хийж өгсөн. Тэгээд А өөрөө цагдаад дуудлага өгсөн. Мөн ар гэртэй нь ярьсан юм билээ. Талийгаач юу болсон талаар юу ч яриагүй. Ус хутгаад өг гэсэн өөр юм яриагүй. Талийгаач Б.М, яллагдагч Б.А нар архи уухаараа хоёулаа хамт архи уучихдаг. Миний хажууд бол хэрэлдэж маргалдах зодоон цохион хийж байсан зүйл байхгүй. Манайхтай саахалт айл болоод удаж байгаа. 4-5 жил болж байгаа. 6 километр зайтай байдаг юм. Сүүлийн нэг жил манайх хол өвөлжиж хаваржаад эргэж очоод удаагүй байсан. Архи уугаагүй эрүүл байх үедээ бол хэн хэндээ халамжтай байдаг юм. Би байнга очоод байдаггүй. Хааяа л очдог юм. Нэг их хэрүүл маргаан хийсэн зодоон цохион хийсэн гэж сонсогдож байгаагүй. Энэ хавар талийгаач М нь Аийг зодоод А салаад аймаг явчихсан гэж сураг сонсогдож байсан. Хамт мал маллаад 5 жил орчим болж байгаа. Өмнө нь Даланзадгад суманд амьдардаг байсан. Талийгаач М бол тэр нутгийн тэр усанд хар багаасаа өссөн хүүхэд байгаа юм. Атай суугаад Даланзадгад суманд амьдарч байгаад эргэж хөдөө гарч мал маллах болсон. М нь зан аашийн хувьд найрсаг нэг их уурлаад байдаггүй. Даруухан залуу байдаг юм. А нь мөн даруу төлөв найрсаг зантай хүмүүс байдаг юм. Би архи уусан согтуу байхад нь нэг их таарч уулзаж байгаагүй болохоор согтуудаа ямар зан ааштайг нь мэдэхгүй байна. Тэр хоёрын дундаас гарсан хүүхэд байхгүй. М аймгийн төв рүү орсноос хойш ээж О малыг нь маллаад хөдөө байдаг байсан. М А нар хөдөө гарч малчин болоод О төвд амьдрах болсон. Хүний өөрийн нийлсэн 400 орчим бог малтай байсан. Архи согтууруулах ундаа байвал уучихдаг хүмүүс байгаа юм. /1хх-ийн 70-71 дэх тал/

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг болох гэж байхад яг сайн хараагүй. Талийгаачийн ээж О манай гэрийн  утас руу залгаад Мын гэрээс ярив уу гэж асуусан. Би яриагүй юу болсон бэ гэхэд манай хоёр архи дарс уугаад нэгнийгээ хутгалчихлаа гээд утсаар яриад байна. Та нар очоод үзээтэх гэсэн. Тэгээд би нөхөр Өгийн хамт талийгаач Мын гэрт очихоор явсан. Манайхаас 9 орчим километр зайтай байдаг юм. Тэгээд Мын гэрт очиход Х, Г М нар гадаа байсан. Бид хоёр юу болсон талаар асуухад Х надад хандан А Мыг хутгалчихсан байна юу болоод яагаад хутгалсан талаар мэдэхгүй байна гэсэн. Тухайн үед харанхуй болж байсан. Би тэгээд М амьд юм уу гэж асуухад мэдэхгүй гэсэн. Тэгээд би гэрт ороход А Мыг тэврээд уйлаад сууж байсан. Би Мын баруун гарын судсыг барьж үзэхэд цохилохгүй нас барсан байсан. Тэгээд би Атай юу ч яриагүй. Би ямар нэгэн зүйл асуугаагүй. А миний хань бос л доо гээд уйлаад талийгаачийн цээжээр тэврээд сууж байсан. Тэгээд би гэрээс гараад нас барчихсан байна. Ээжид нь хэлсэн үү? Цагдаа эмнэлэг дуудсан юм уу? гэхэд цагдаа дуудсан гэж байсан. Тэгээд би Отай утсаар яриад болсон зүйлийн талаар хэлсэн. Тухайн үед юунаас болоод хэрхэн яагаад тийм зүйл болсон талаар мэдээгүй./1хх-ийн 75-76 дахь тал/

Гэрч Т.Х дахин өгсөн мэдүүлэгтээ: Манай 99 ямаа талийгаачийнд байдаг байсан юм. Би өнгөрсөн жилийн 7 сард талийгаачийн гэрт очиж 73 ямааг тоолж аваад 26 ямаа дутсан байсан ба талийгаач М, А нар уг 26 ямааг дараа жил төлж өгнө гэсэн. А нь энэ оны 04 сард аймаг дээр ирчихсэн байна. Ямар ямар бараа байна бараа үзье гэсэн. Тэгээд би очиж уулзахад А талийгаач М намайг байнга зодоод байх юм. Хамгийн сүүлд саяхан зодоод хавирга хугарчихсан. Тэгээд би аймаг дээр ирчихсэн Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа би дахиж хөдөө явахгүй. Мт зодуулж үхэх юм байна гэж байсан. Би Атай танил байгаа юм. Хааяа утсаар ярьж мал, сонин хачин болж байгаа зүйлсийг асуухад А нь талийгаач М намайг зодсон, зодоод байдаг гэж ярьдаг. Яг яаж зодсоныг мэдэхгүй. Энэ жилийн цагаан сарын дараа Атай утсаар ярихад М бид хоёр архи уугаад маргалдаад М намайг зодсон гэж байсан. Хэрхэн яаж зодсон талаар хэлээгүй. А талийгаач М нар нийлээд байнга хамт архи уугаад байдаг юм. Хамгийн сүүлд талийгаачтай Хайрхан караокены гадаа уулзсан. Тэгэхэд А дотор байгаа гэж байсан. Надад манай 26 ямааны ноолуурын мөнгийг өгчихөөд яваад өгсөн. А талийгаач М нарыг би 5 жилийн өмнөөс эхлэн мэддэг болсон. Аж амьдрал нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. /1хх-ийн 78-79 дэх тал/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: А нь 1982 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төрөх тасагт миний том охин болон мэндэлсэн. Бага наснаас ээж аавын гар дээр цэцэрлэгээр хүмүүжээд 1990 онд Булган сумын ерөнхий боловсролын сургуульд 2 дугаар анги хүртэл сурч байгаад 1993 оноос Даланзадгад сумын 3 дугаар сургуульд сурч 1998 онд 8 дугаар ангиа төгсөөд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд үсчин мэргэжлээр 2 жил сурч төгсөж мэргэжлээрээ ажиллаагүй. 2001 онд Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажиллаж байгаад Өмнөговь аймгаас Кино урлагийн дээд сургуульд суралцах шалгаруулалтад тэнцэж 2003 оноос Кино урлагийн дээд сургуульд сурч байгаад 2004 онд бөөр нь өвдөөд нэг жилийн чөлөө авч Даланзадгад суманд ирсэн. Даланзадгад суманд ирээд Оюутолгой ХХК-д ажилд орж ажиллаж байгаад Мөнхбаатар гэх хүнтэй танилцаад том хүү Ууганбаяр нь 2004 онд гарсан. Тэгээд А төрсний дараа удалгүй Мөнхбаатар салаад явчихсан. Тэгээд хүү нь нэг сартай байхад гэнэт нэг өглөө нүд нь юм харахгүй болчихсон. Аймгийн эмнэлэг болон Улаанбаатар хотын эмнэлгээр үзүүлэхэд Эрхүү хотод очиж яаралтай хагалгаанд ор гэсэн болохоор Эрхүү хотод очиж нүдний хагалгаанд ороод нуд нь хараа орсон. Тухайн үед нэг нүдний торлогийн ховхрол гэсэн оношоор хараагүй болсон байсан. Бага байхдаа ямар шалтгааны улмаас гэдгийг нь мэдэхгүй нүдний даралттай байсан. Тэгээд хэзээ гэдгийг нь санахгүй байна. Зам тээврийн осолд ороод нүдний торлог нь ховхроод Улаанбаатар хот руу дахин эмчилгээнд явсан боловч үр дун гараагүй. Тэрнээс хойш эхлээд нэг нүд нь юм огт харахгүй байж байгаад нөгөө нүдэндээ нөлөөлөөд одоо бол хоёр нүд нь огт юм харахгүй. Нэг нүд нь өдөр шөнө гэрэл гэгээг ялгадаг. Тэрнээс өөр зүйл харахгүй. Байнгын хүнээр хөтлүүлж явдаг юм. Тэгээд гэртээ эрхэлсэн ажилгүй байж байгаад Нэмэхбаяр гэх хүнтэй танилцаад хоёр дахь хүү Гантөгс нь гарсан. Тэгээд удалгүй Нэмэхбаяр гэх хүн нь салаад явчихсан юм. Нэмэхбаяраас салснаас хойш хараагүйчүүдийн нийгэмлэгийн шугамаар бариа заслын сургуульд сурч төгсөөд Даланзадгад суманд ирж Бариа засал хийж байгаад 2014 онд шиг санаж байна Мтай танилцаж хамт амьдрах болсон. Тэр хоёр манай хашаанд амьдардаг байсан. Бага хүү Гантөгс нь 2015 онд моринд чирэгдээд нас барчихсан юм. Тэрнээс хойш хараагүй дээр нь хүүхдээ алдсан болохоор сэтгэл санаагаар маш их унаж хааяа нэг архи уучихдаг болсон. Байнга арчаагаа алдтал уудаггүй байсан. М бол хааяа уучихдаг хүн байсан. Тэгээд сүүлдээ тэр 2 нийлээд уучихдаг болсон. М нь архи уусан үедээ Атай хэрүүл маргаан хийгээд байдаг байсан. Архи уухаараа хэрүүл хийчихээд байдаг. Эрүүл байх үедээ бол ямар нэгэн хэрүүл маргаан хийгээд байхгүй бие биедээ их сайн хүмүүс байсан. Тэгээд А М хоёр Номгон суманд очиж мал маллахаар болоод хөдөө гарсан. Бид нар хөдөө гарахыг нь эсэргүүцэж байсан боловч хөдөө гарч малчин болсон. Малчин болсноос нь хойш бол хөдөө гэрт нь очиж байгаагүй. Өөрсдөө ирдэг байсан. Зан аашийн хувьд бага байхдаа бол их төлөв даруу сайн хүүхэд байсан. Хараагүй болоод дээр нь хүүхдээ алдаад тэрнээс хойш сэтгэл гутралд ороод зан ааш нь хувираад жоохон ширүүн хэг ёог гэсэн харилцаатай болсон байсан. Талийгаач М мөн муу хүн байгаагүй. Ажилтай зан ааш сайтай архи уухаараа хоорондоо хааяа маргалдаад байдаг байснаас өөр зүйл байгаагүй. Хөдөө хэрхэн яаж амьдарч байсан талаар нь би мэдэхгүй байна. Би хөдөө явснаас нь хойш бол хэрхэн яаж амьдарч байсныг нь 8 мэдэхгүй. Нэг удаа А чихнээс цус гараад байна гэж ирсэн. Яагаад тэгсэн талаар асуухад гэнэт ингэсэн гэж хэлж байсан. Мөн хавирга нь хугараад аймагт ирсэн. Яасан талаар асуухад мотоцикльтой ойчоод хавиргаа хугалсан гэж байсан. Тэгээд А хэд хэдэн удаа нүд нь хөхөрчихсөн гар хөл нь хөхөрсөн байдалтай хэд хэдэн удаа ирсэн. Асуух болгонд талийгаачийг өмөөрөөд ойчоод ингэсэн гэж хэлж байсан. Тэгээд би асууж шалгаагаад байсан чинь талийгаач цохиод чихнээс цус гарч байсан. Мөн 4 хавирга хугалж байсан гэж хэлж байсан. Хэрэг болсон дараа А Номгон сумаас ирэхдээ нүүрэн дээр нь хэд хэдэн газарт тамхины цогоор түлэгдсэн, гуян дээр нь хөхөрсөн байгаа харагдсан. Өөр хаана нь ямар бэртэл гэмтэл байгааг нь сайн хараагүй. Ар дал нуруу өвдөөд байна гэж байсан. /1хх-ийн 88-89 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Мын цогцост үзлэг шинжилгээгээр цээжний өмнө хэсгээр цээж болон хэвлийн хөндий рүү нэвтэрч, өвчүү, үнхэлцэг, өрц, элэг, бага сэмж нойр булчирхайг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Б.Мын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Б.М нь хурц цус алдалтын шокоор нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр Б.Мын цусанд 3.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна /1хх-ийн 98 дахь тал/

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэцийн 46 дугаартай дүгнэлтэд: Шинжлүүлэгч Б.Аийн одоогийн сэтгэцийн байдал эрүүл. Шинжлүүлэгч Б.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Б.Аийн хэрэг хариуцах чадвартай эсэхийг СЭМҮТ-д 3-р шатлалд хамтарсан шинжээчийн багаар тодорхойлуулах шаардлагатай байна. /1хх-ийн 109 дэх тал/

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын 748 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.А нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.А нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Ат эмнэлгийн чанартай албадлагын арга авах хэмжээ шаардлагагүй байна. Б.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.  Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо Эмчилгээний төвийн 2022.06.29-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна /1хх-ийн 142-144 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт: Б.Аийн биед үзлэг шинжилгээгээр зүүн чихний хэнгэргийн цооролт, баруун 2-р хавирга, зүүн 2, 4, 5, 7, 8, 10, 11, 12-р хавирганы хуучин хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хуучин гэмтлүүд бөгөөд хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй. /2хх-ийн 31-32 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 347 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Аийн биед тархины доргилт, зүүн хацарт 2-р зэргийн түлэгдэл, баруун чихний дэлбээ, чамархай дахь зулгаралт, баруун  далны доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн 2 удаагийн болон халуун хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /1хх-ийн 92-93 дахь тал/

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би талийгаач Мыг санаатайгаар амь насыг нь хохироогоогүй. Тухайн үед болсон зүйлийн талаар мэдүүлэхэд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой М, Х нар манай гэрт ирээд дугуй хагарчихлаа амдаж ирээд авчих гэсэн. Тэгээд би талийгаач Мтай сундлаад мотоциклоор явж очоод машины дугуйг нь янзлаад Х, М, талийгаач бид дөрөв манай гэрт ирсэн. Х, М нар надад ууттай боорцог чихэр өгсөн. Талийгаачид архи өгсөн байсан. Талийгаач намайг архины аяга аваад өг гэхээр нь би архи өгсөн байна гэж мэдсэн. Тэгээд уг архинаас надад хоёр удаа аягалж өгсөн. Би уг хоёр удаа хийж өгсөн архийг нь уучихсан. Өглөө босоод Х М бид гурав машинтай усан дээр очоод мал услаад М өөрийн малаа будсан. Тэгээд бид гурав эргэж гэрт ирсэн. Гэрт ирэхэд талийгаач Гыг дуудчих бензин аваад хүрээд ир гээд хэлчих гэсэн. Тэгэхээр нь би Г руу утсаар залгаад бензин аваад хүрээд ир гэнэ гэж хэлсэн. Тэгээд удалгүй Г бензин аваад ирсэн. Х, М, талийгаач, Г бид нар хоол хийж идчихээд талийгаач урд орой нь задалсан байсан архиа хүмүүст аягалж тойруулж эхэлсэн. Тэгээд сууж байтал Х, М нар мал эргүүлэх гээд яваад өгсөн. Гэрт Г талийгаач бид гурав үлдээд архи ууцгаасан. Тэгээд уг архиа ууж дуусгаад Мын авчирч өгсөн архи хаана байна гээд нэг шил архи байгаа гаргаад ир гэсэн. Шкапнаас уг нэг шилтэй архийг гаргаж өгсөн. Уг нэг шилтэй архинаас надад гурван удаа аягалж өгснийг уучихаад унтаад өгсөн. Талийгаач М Г нар үлдсэн архиа хувааж уусан байх. Намайг унтаж байх хооронд тэр хоёр хэдий хэмжээний архи уусан талаар би мэдэхгүй. Би нэлээн унтаж байгаад босож ирэхэд Г айлд очоод ирнэ гээд талийгаач Мыг сундлаад Урнаагийнд очно гээд явсан. Тэгээд удаагүй тэр хоёр эргээд нэг шил архины талыг уучихаад талийг нь аваад ирлээ гээд гэрт орж ирсэн. Би гэрийн зүүн хойд талд газарт зүүн тийшээ хараад хэвтээд түр зүүрмэглэж байтал гэнэт талийгаач М миний үснээс зулгаагаад намайг татаж эргүүлээд гараараа 2-3 удаа миний зүүн талын хавирганы орчимд цохьсон. Тэгээд үснээс зулгаасан хэвээрээ гэрийн гол хэсэг рүү чирсэн. Тэгээд тамхи асаагаад өг гэсэн. Би гараараа ойр орчмоор тэмтэрч үзэхэд тамхи олдохгүй байсан чинь хайрцагтай тамхи нүүр рүү шидээд асаа пизда минь янхан минь гэсэн. Үснээс тавьчихвал тамхийг чинь асаамаар байна гэсэн чинь М үснээс тавьсан. Би тамхийг нь асааж өгсөн. Тэгээд би талийгаачийг тамхиа татчихаад сайхан унтаатах гэсэн чинь би унтахгүй пизда минь гээд миний асааж өгсөн тамхийг миний нүүрэн дээр буюу хамарны зүүн талд хацар хамар хоёрын голд дараад эргүүлээд унтраасан. Тухайн үед гэрийн гол хэсэгт би газарт сууж байсан. Талийгаач миний хажууд завилаад сууж байсан. Тэгээд миний нүүрэн дээр тамхиа унтраахаар нь би миний нүүрэн дээр яахаараа тамхи унтрааж яргалж байдаг юм гээд гуя хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон чинь талийгаач М чи ямар овоо юм янхан банзал сохор гуйлгачин гээд босож үсдээд миний хавирга зүүн талын хавирга хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд миний нүүрэн дээр гараараа дарчихаад зүүн талын хавирга хэсэгт өвдөглөөд суусан. Тэр үед миний хавирга тас гээд дуугарсан. Тэгээд миний нүүрэн дээр дараад одоо чи цагдаагаа дууд одоо харна чамайг, чи тэр янханддаг залуучуудаа дууд чамайг хэн нь ирж аврахыг харна гээд байсан. Тэгээд намайг үсдэж чирээд явсан. Тухайн үед миний гарт газан баллон мэдрэгдсэн болохоор би гэрийн зүүн талд гал тогооны шкапны хажууд байна гэдгээ мэдсэн. Талийгаач одоо чамайг ална чи намайг цагдаад өгдөг цагдаа дууддаг гээд байсан. Тэгээд гал тогооны шкап ухаж байгаа сонсогдож байгаад нэг юм гаргаж авч байгаа нь мэдэгдсэн. Тэгээд би хутга юм байна гэж бодсон. М намайг үсдээд тавихгүй байхаар нь би дээшээ боссон. Би талийгаачийн хоёр гарыг нь бариад зууралдаж байсан чинь гарт нь нэг юм байсан. Тэгээд би уг гарт нь байгаа зүйлийг булаагаад ишнээс нь барихад хутга байна гэдгийг мэдсэн. Тэгээд намайг алах нь гэж бодсон. Би талийгаач Мтай зууралдаж байсан чинь талийгаач арагшаа ойчсон. Би хутганд өртчихлөө гэж мэдсэн. Тухайн үед хутганы иш миний гарт байсан. Тэгээд хүн байна уу? Г ах байна уу гэж хашхирсан чинь Г ах гэрийн баруун талаас яасан бэ гэж дуугарсан. Г ах босож ирээд яасан бэ юу болсон бэ? Яагаад ингэчихсэн юм бэ? Нойлын цаас хаана байна гэхээр нь би талийгаачийг хутганд өртчихсөн юм байна гэж мэдсэн. Тэгээд би нойлын цаас хаана байна цусыг нь арчаатахъя цус гоожоод байна. Нойлын цаас чинь хаана байна гээд байсан. Удалгүй гаднаас Х М нар ороод ирсэн. Тэгээд яачихсан юм бэ юу болчихсон юм бэ гэж байсан. Талийгаач ус хийгээд өг гэж байсан. Хэн ус хийж өгснийг мэдэхгүй байна. Тэгээд Х, М нар хоол унд хийцгээж байсан. Талийгаач дахиад ус уумаар байна гэж хэлж байсан. Тэгээд хоол болж байхад Х М чинь нэг л биш болчихлоо цаашаа хараад хэвтчихсэн байна. Яаж байна гэсэн чинь Г ах биш болчихжээ гэхээр нь би айгаад өөрөө цагдаа дуудсан. Би талийгаачтай ноцолдож байх үедээ хутганы ишний арын хэсгээс зүүн гартаа барьж байсан. Мөн талийгаач уг хутганы ишний өмнө хэсгээс талийгаач мөн өгөхгүй гээд зууралдаад байсан. Би баруун гараараа талийгаачийн нэг гарыг барьчихсан байсан. Талийгаачийн хоёр гар нь миний хоёр гараас бариад надтай хутга булаацалдаад байсан. Би дотроо өөрийгөө хутгалуулчихгүй юм сан гэж бодоод өөрийгөө хамгаалж байсан чинь гэнэт талийгаачийн үйлдэл идэвхгүй болоод хашхираад доромжлоод байсан хүн чинь чимээгүй болчихоор нь би хутганд өртчихлөө гэж бодсон. Тухайн үед хүн байна уу гэж би хашхирсан. Гэрт хэн байгааг би мэдээгүй намайг хашхирахад хэн нэгэн хариу өгөөгүй. Ямар нэгэн дүрс харагдахгүй. Шөнийн цагаар бол тас харанхуй юу харагдахгүй хар болчихдог, өдөр бол гэгээтэй байгаа нь мэдрэгдээд хар өнгө нь цайж харагддаг. Ямар нэгэн зүйлийг огт харахгүй. Олон жил амьдарсан гэртээ бол дотоод баримжаагаар мэдэрдэг. Ямар нэгэн зүйлийг мэдэхдээ гараараа барьж мэдэрдэг. Уг хэрэг болох үед талийгаач миний биед халдсаны улмаас хавирга хугарсан, чихний хэнгэрэг хагарсан гэмтлүүд учирсан. Өмнө нь шинжээч эмчид үзүүлэхэд уг гэмтлүүдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй байсан учраас дүгнэлт тусгуулаагүй. Би нэмэлт шинжилгээ томилж уг гэмтлүүдийг шинжээчийн дүгнэлтэд нэмэлтээр тусгуулмаар байна. Талийгаачийн амь нас эрсэдсэн явдалд би маш их харамсаж байна /1хх-ийн 193-196 дахь тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 05 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 210 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 200 дахь тал/

Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын албан тоот /1хх-ийн 202 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 214 дэх тал/

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /1хх-ийн 236 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-23 дэх тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24 дэх тал/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /1хх-ийн 240-250 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн орчим Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус 3 дугаар багийн нутагт байх Царилт гэх газарт өөрийн амьдардаг гэртээ Ш.М, Т.Х, Ш.Г нарын хамт архидан согтуурсан, хамтран амьдрагч Б.Мтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Б.А хохирогч Б.Мын цээжин тус газарт хутгалж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оын: Орой 19 цаг өнгөрч байхад А над руу залгаад танай хүүгийн зүрх рүү би өөрөө хутгалчихлаа одоо үхэж байгаа байх гэж хэлсэн байсан. Тэгээд юу яриад байгаа юм бэ гэж харааж загнасан. Би аймгаас 22 цаг өнгөрч байхад гараад тухайн хэрэг болсон газарт очсон. Намайг ирэхэд цагдаа эмнэлэг ирчихсэн хамгаалалтанд авсан гээд хэргийн газарт оруулаагүй. /1хх-ийн 40 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Гын: ...Тэгээд би унтаж байгаад мотоцикл дуугарахаар нь сэрсэн чинь гэрийн баруун хойд талд талийгаач зүүн талаараа хажуулдаад хэвтэж байсан. Тэгсэн чинь А гэрийн зүүн хойд талд унинаас барьчихсан Г ахаа би хүн хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би чи эмнэлэг цагдаа дууд гэсэн. Тэгсэн чинь А өөрөө утсаараа цагдаа дуудсан. М Г ахаа та намайг өргөөд өөд нь тавиад цус арчаад өг нойт оргиод байна гэсэн. Би цусыг арчиж байсан чинь ус хийгээд өг цангаад байна гэсэн. Би ус хутгаж өгсөн. Гаднаас Х М нар орж ирсэн байсан. Тэгээд А миний ханиа босоорой сэрээрэй гээд тэврээд уйлаад байсан. Талийгаачийн хэвтэж байсан газар тэр чигтээ цус болсон байсан. А талийгаачийн ээжид утсаар залгаж хэлээд ээж нь Ө О нарыг очиж үз гэсний дагуу ирсэн юм шиг байгаа юм. /1хх-ийн 46-47 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Уийн: ...Тэгээд шөнө унтаж байсан чинь хэдэн цагийн үед гэдгийг сайн мэдэхгүй байна. 01 цаг өнгөрч байсан байх. Г Өгийн хамт явж байсан. Тухайн үед А Мыг хутгалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаа эмнэлэг дуудсан юм уу гэхэд М нас барчихсан цагдаа, эмнэлэг дуудах гээд явж байна. Мотоциклын гэрэл болохгүй байна гээд мотоциклын гэрлээ манай гэрийн гадаа янзлаад явсан. /1хх-ийн 50-51 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.Хийн: ...Мал нь хэсэг хэсэг салсан байхаар нь бөөгнүүлээд гэрт ойртуулаад гэрт очиж цуйван хийж идье гээд орой 20 цаг өнгөрч байхад гэрт очиход Г ах талийгаачтай юм яриад цусыг нь тогтоогоод сууж байхаар нь би юу болсон яасан гэж асуухад А би хутгалчихлаа гээд сууж байсан. /1хх-ийн 53-54 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ш.М: ...Тэгээд 40 орчим минут яваад 20 цаг өнгөрөөд 21 цаг болох гэж байхад ирээд гэрт ороход гэрийн голд М зүүн талаараа хажуулдаад хэвтчихсэн цээжнээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд уг цусыг Г нойлын цаасаар дараад сууж байсан. Гэрийн баруун хойд талаар дэвсгэр дээгүүр болон талийгаачийн өмсөж байсан шорт зэрэг нь цус болчихсон байсан. Талийгаач ус хутгаад өг гээд байсан. Би нэг удаа ус хутгаж өгсөн. Би гэрээс гарч гадаа төл мал тавиад 15 орчим минут болоод эргэж гэрт орж ирэхэд М нас барчих шиг боллоо гэсэн. Тэгээд Ө, О нар ирээд дараа нь цагдаа эмнэлэг ирсэн. /1хх-ийн 55-56 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Өгийн: Тухайн өдөр 20 цаг өнгөрч байхад би өөрийн малаа эргүүлж гэр рүүгээ шахаж ойртуулчихаад гэртээ ирсэн чинь манай эхнэр Отэй талийгаачийн ээж О утсаар яриад А утсаар яриад би Мыг хутгалчихлаа. М бараг үхэж байх шиг байна гэж хэлсэн. Та хоёр юу болсныг очоод үзээтэх гэж хэлсэн байсан. Тэгээд би эхнэр Отэй хамт талийгаач Мын гэрт очиход гэрийн нь гадаа М, Г, Х гурав байж байсан. Би тэр гурваас юу болсон талаар асуухад Г би тасраад унтаж байгаад сэрсэн чинь А Мыг хутгалчихсан байсан гэж хэлж байсан. /1хх-ийн 103 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Гын: А би хүн хутгалчихлаа гээд нэг их чанга хашхирсан. Гадаа мотоцикл ирээд зогсоход би нойрноосоо бүрэн сэргээд босоход А гэрийн зүүн хойд талд Г ахаа би Мыг хутгалчихлаа гээд баруун гараараа шиг санаж байна, унинаас бариад зогсож байсан. Мыг харахад гэрийн баруун талын багананы хойд талаар нь толгой нь зүүн тийшээ чиглээд хойшоо хараад буюу баруун гар талаараа хажуулдаад хэвтэж байсан. Гэрийн баруун хойд тал буюу талийгаач Мын хараад хэвтэж байсан хэсгийн дэвсгэр хэсэг тэр чигтээ цус болсон байсан. /1хх-ийн 70-71 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Оийн: 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг болох гэж байхад яг сайн хараагүй. Талийгаачийн ээж О манай гэрийн  утас руу залгаад Мын гэрээс ярив уу гэж асуусан. Би яриагүй юу болсон бэ гэхэд манай хоёр архи дарс уугаад нэгнийгээ хутгалчихлаа гээд утсаар яриад байна. Та нар очоод үзээтэх гэсэн. Тэгээд би нөхөр Өгийн хамт талийгаач Мын гэрт очихоор явсан. Манайхаас 9 орчим километр зайтай байдаг юм. Тэгээд Мын гэрт очиход Х, Г М нар гадаа байсан. Бид хоёр юу болсон талаар асуухад Х надад хандан А Мыг хутгалчихсан байна юу болоод яагаад хутгалсан талаар мэдэхгүй байна гэсэн. /1хх-ийн 75-76 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-23 дэх тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24 дэх тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 148-149 дахь тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 98 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Аийн үйлдлийн улмаас талийгаач Б.М нь цээжний өмнө хэсгээр цээж болон хэвлийн хөндий рүү нэвтэрч, өвчүү, үнхэлцэг, өрц, элэг, бага сэмж нойр булчирхайг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтлийн улмаас хурц цус алдалтын шоконд орж нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 98 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийг хуульчилсан ба шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус 3 дугаар багийн нутагт байх Царилт гэх газарт өөрийн гэртээ хамтран амьдрагч Б.Мын цээжин тус газарт хутгалж хүний амь насыг хохироосон хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нартай мэтгэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэж хуульчилсан ба шүүх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарыг эрх тэгш мэтгэлцүүлж дараах байдлаар хууль зүйн дүгнэлт хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд ...би ханийгаа алъя гэж алаагүй, талийгаач руу чиглэсэн хутга байгаагүй, би өөрийгөө алуулахгүй юмсан гэж зодолдож байх явцад хутганд өртсөн гэж мэдүүлж байх боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О, гэрч Ш.Г, Ц.Ө, Т.Х, Ш.М, Ц.О, Б.У нар нь энэ талаар мэдүүлээгүй ба шүүгдэгчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-23 дэх тал/ Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24 дэх тал/ Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтаар давхар тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч нь нөхрийнхөө амь насыг санаатай хохирооё гэж бодоогүй гэх тайлбар гаргаж байх боловч хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд халдсан тохиолдолд хүний амь нас хохирох боломжтой гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байна.

Харин шүүгдэгч гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан, тухайн хэргийн нөхцөлд үснээсээ зулгаалгасан, тамхины цогоор нүүрэн тус газарт нь түлсэн, хавирга хугалсан гэх мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Эын: ...Нэг удаа А чихнээс цус гараад байна гэж ирсэн. Мөн хавирга нь хугараад аймагт ирсэн. Яасан талаар асуухад мотоцикльтой ойчоод хавиргаа хугалсан гэж байсан. Асуух болгонд талийгаачийг өмөөрөөд ойчоод ингэсэн гэж хэлж байсан. Тэгээд би асууж шалгаагаад байсан чинь талийгаач цохиод чихнээс цус гарч байсан. Мөн 4 хавирга хугалж байсан гэж хэлж байсан. гэх мэдүүлэг /1хх-ийн 88-89 дэх тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Аийн биед үзлэг шинжилгээгээр зүүн чихний хэнгэргийн цооролт, баруун 2-р хавирга, зүүн 2, 4, 5, 7, 8, 10, 11, 12-р хавирганы хуучин хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хуучин гэмтлүүд бөгөөд хэзээ учирсан эсэхийг тогтоох боломжгүй. /2хх-ийн 31-32 дахь тал/ Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 347 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Аийн биед тархины доргилт зүүн хацарт 2-р зэргийн түлэгдэл, баруун чихний дэлбээ чамархай дахь зулгаралт баруун далны доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо /1хх-ийн 92-93 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх ба хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд тооцогдох боловч шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм.

Иймд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн саналдаа: Миний бодлоор гэм буруугүй юм шиг байна гэх дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт байна гэж шүүх үзэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт  Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ...санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь хүний амь нас хохирсонтой холбоотой хохирол, талийгаач Б.Мыг оршуулахтай холбоотой гарсан зардалд 9.030.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Хүний амьд явах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан эрх бөгөөд шүүгдэгч Б.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан тул амь насыг хохироосонтой холбоотой гарсан хохирол болох оршуулахтай холбоотой гарсан зардал 9.030.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Од олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь шүүгдэгч Б.Ааас банкны зээлийн төлбөр буюу зээлийн гэрээнд бичигдсэнээр 8.342.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Хавтаст хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн MN810034210700156037-02 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ-Малчны нэмэлт зээл авагдсан ба уг гэрээг нэг талаас Төрийн банк ХХК Өмнөговь салбарын харьяа Номгон тооцооны төвийн захирал З.Аварзэд, нөгөө талаас Батсуурийн М, Б-ийн А нар байгуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О нь Төрийн банк ХХК-г төлөөлж банкны зээлийг шүүгдэгчээс нэхэмжлэх, зээлдэгч нарыг төлөөлж Төрийн банк ХХК-д зээлийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй байх тул шүүх дээрх банкны зээлийн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Од олгох үндэслэлгүй байна гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр дээрх банкны зээлийн гэрээний барьцаанд бичигдсэн 4 ханатай гэр, мал зэрэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оын хамгаалалтанд байгаа болох нь тогтоогдож байх ба банкны зээлийн гэрээний үүрэг биелэгдэж дуусах хүртэл хугацаанд эд хөрөнгийг зохих ёсоор хадгалж, хамгаалах үүрэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Од бий болж байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.А нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь:

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнээр гаргасан Шүүх сэтгэцийн 46 дугаартай дүгнэлтэд: Шинжлүүлэгч Б.Аийн одоогийн сэтгэцийн байдал эрүүл. Шинжлүүлэгч Б.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Б.Аийн хэрэг хариуцах чадвартай эсэхийг СЭМҮТ-д 3-р шатлалд хамтарсан шинжээчийн багаар тодорхойлуулах шаардлагатай байна /1хх-ийн 109 дэх тал/ гэснээр,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан Шүүх сэтгэц гэм судлалын 748 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.А нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.А нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Ат эмнэлгийн чанартай албадлагын арга авах хэмжээ шаардлагагүй байна. Б.А нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.  Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо Эмчилгээний төвийн 2022.06.29-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна /1хх-ийн 142-144 дахь тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А нь хувийн байдлын хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй” 1-р хх-ийн 210 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 214-216 дахь тал/, Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон актад: онош Н54.0 Хоёр нүд сохрох, Б.Ат ердийн өвчний жагсаалтын 1-5-3 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар, хугацаагүй сунгаж шийдвэрлэв. /1хх-ийн 236 дахь тал/, Төгсөлтийн гэрчилгээний хуулбарт: Б.А нь 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Монгол Тайваны боловсролыг дэмжих төвд массажист мэргэжлээр 4 дэх удаагийн дамжааг төгссөн тул үнэмлэх олгов. /1хх-ийн 237 дахь тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 665 дугаартай тодорхойлолтод: Хан-Уул 5-6 тоот хаягт Б.А нь ам бүл 2 /19 настай хүүхдийн хамт/ оршин суудаг нь үнэн болохыг Хүн амын өрхийн мэдээллийн санг үндэслэн тодорхойлов /2хх-ийн 06 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А нь ам бүл 2, 19 настай хүүгийн хамт амьдардаг ба хүүхэд 18 насанд хүрсэн байх тул шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Аийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Түүний хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг гаргав.

  Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байгаа. Б.Аийн хувийн байдлыг ял шийтгэлийг оногдуулахдаа анхааран үзнэ үү гэж хүсэж байна. Нэгдүгээрт энэ хүн 2 нүд харааны бэрхшээлтэй. Хөдөлмөр чадвар алдалтын хувьд 90 хувиар тогтоогдсон. Нийгэмшихэд бусдын туслалцаатайгаар амьдардаг энэ нөхцөл байдлыг нь анхааран үзнэ үү. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ял шийтгэл оногдуулахаар ялын шүүмжийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Өмгөөлөгчийн зүгээс энэ оногдуулж байгаа ял шийтгэлийн талаар маргах зүйл байхгүй. Прокуророос оногдуулж байгаа ялын хэмжээнд шүүхээс гэм буруугийн асуудлыг шийдэж хариуцлага оногдуулахаар хуульд хуульчилж өгсөн. Б.Ат эрүүгийн хариуцлага оногдуулна. Эрүүгийн хариуцлагаа оногдуулсны дараа ялаас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Ийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлд зааснаар хорих болон зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаас өвчний учраас чөлөөлөх зүйлийг журамлан Б.Ат оногдуулсан хорих ялыг өвчний учир ялаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлт гаргав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс ...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэйгөө ярилцаад эрүүгийн хариуцлагын шатанд тусгайлан гаргах санал байхгүй. Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийг байдлыг харгалзан заавал ял шийтгэлийг хүндрүүлэх хүсэлт байхгүй. Хуулийн дагуу шийтгэл оногдуулах хүсэлтэй байгаа гэх дүгнэлт тус тус гаргав.

Шүүгдэгч Б.А нь харааны бэрхшээлтэй хөдөлмөрийн чадвар 90 хувь алдалттай болох нь хавтаст хэрэгт авагдсан: Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон актад: онош Н54.0 Хоёр нүд сохрох, Б.Ат ердийн өвчний жагсаалтын 1-5-3 заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар, хугацаагүй сунгаж шийдвэрлэв. /1хх-ийн 236 дахь тал/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /228-235 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэний дараа ял эдлүүлэхэд саад болохуйц өвчнөөр өвчилсөн тохиолдолд ялтныг ял эдлэхээс чөлөөлж болох бөгөөд энэ журмыг хуулиар тогтооно” гэж хуульчилжээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар хоёр нүд сохрох өвчин нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.13 дугаар зүйлд заасан ял эдлүүлэх боломжгүй байдал үүсвэл прокурор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн энэ хуулийн Хорин долдугаар бүлэгт заасан журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт, байгууллагын саналд тулгуурласан прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, сэтгэцийн эмгэг судлалын тусгай, эсхүл бусад эмнэлэгт байлгах, эсхүл түүнийг цаашид ял эдлэхээс чөлөөлөх тухай шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилсан ба шүүгдэгчийн 2 нүд сохорсны улмаас ял эдлүүлэх боломжгүй байдал үүссэн эсэх, 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтыг сохорсон гэж үзэх эсэх талаарх тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараагаар ялтанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, эсхүл түүнийг цаашид ял эдлэхээс чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх тул шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхэд дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүх шүүгдэгч Б.Аийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний амь нас хохирсон байдал, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн харааны бэрхшээлтэй хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан ба шүүгдэгч Б.Аийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан /1хх-ийн 165-181 дэх тал/ нийт 3 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Хараа нэртэй 0.75 граммын архины шил 2 ширхэг, Хараа нэртэй 0.5 граммын архины шил 1 ширхэг, Хараа нэртэй 0.33 граммын архины шил 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 1 ширхэг, иш хэсгийг нь тунгалаг өнгийн наалдамхай туузаар наасан ажлын хэсэг нь 14 см, иш хэсэг нь 11.5 см урттай хутга 1 ширхэг, шар өнгийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ат хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц овгийн Б-ийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 8 (найм) жилийн хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн цагдан хоригдсон 3 (гурав) хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ааас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 9.030.000 (есөн сая гучин мянга) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цгийн О (Өмнөговь аймгийн Даланзадгад сум)-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн банкны зээлийн төлбөр 8.342.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Хараа нэртэй 0.75 граммын архины шил 2 ширхэг, Хараа нэртэй 0.5 граммын архины шил 1 ширхэг, Хараа нэртэй 0.33 граммын архины шил 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цаас 1 ширхэг, иш хэсгийг нь тунгалаг өнгийн наалдамхай туузаар наасан ажлын хэсэг нь 14 см, иш хэсэг нь 11.5 см урттай хутга 1 ширхэг, шар өнгийн цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.  
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Шүүгдэгч Б.А нь 3 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА

                                       ШҮҮГЧИД                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                                               Б.ВОЛОДЯ