| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0376/З |
| Дугаар | 221/МА2024/0758 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0758
П.Б-ны гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Гомдол гаргагч: П.Б
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.О
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 741 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0376/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч П.Б-аас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.О-д холбогдуулан “2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0046502 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 741 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан гомдол гаргагч П.Б-ны Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0046502 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “Гомдол гаргагч П.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Улаанбаатар хот хүрэх чиглэлийн 22**У** улсын дугаартай том оврын автобусыг жолоодон явж байх үед экологийн цагдаагийн албаны хяналт шалгалтаар цаасан хайрцагтай дайвар ачаанаас 4 ширхэг тарваганы хөлдөөсөн мах илэрснийг хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч "П.Б нь хориглосон хугацаанд тарвага тээвэрлэсэн" гэж үзэж шийтгэл оногдуулсан. Хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу Амьтны тухай хууль зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан ба анхан шатны шүүх уг шийтгэлийг хэвээр үлдээсэн үндэслэлээ Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ НЬ хэсгийн 4-т тайлбарлахдаа "П.Б-ныг Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.2.1 болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар баталсан Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн 9.7.6-д заасныг тус тус зөрчсөн" гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Авто тээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан Шийтгэлийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн хувьд зөрчилдөж байгаа юм. П.Б-ныг Амьтны тухай хууль зөрчсөн /Зөрчлийн тухай хуулийн 7.6-р зүйлийн 4/ гэж шийтгэл оногдуулсан боловч Автотээврийн тухай хууль зөрчсөн гэсэн үндэслэл зааж байгаа нь хууль ёсны зарчимтай нийцэхгүй байна.
Гомдол гаргагчийн хувьд тухайн ачаан дотор тээвэрлэхийг хориглосон эд зүйл байсныг мэдээгүй бөгөөд “ачааг задалж шалгаагүй" гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэв П.Б-ныг Автотээврийн тухай хуульд заасан хот хоорондын зорчигч тээвэрлэх жолоочийн хувьд ачааг шалгах үүрэгтэй гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд заасан /Автотээврийн тухай хууль зөрчих/-аар шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Иймээс улсын байцаагч болон анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
3.2. Мөн анхан шатын шүүхээс "агнахыг хориглосон амьтны махыг тээвэрлэсэн зөрчлийн улмаас учруулсан хохирлыг гаргуулахаар хуульчилсан” гэсэн дүгнэлт хийж П.Б-аас хохирол, нөхөн төлбөр гаргуулах шийдвэрийг хэвээр үлдээсэнтэй санал нийлэхгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирох, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга эл тухайн зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ" гэж зааснаас үзвэл тухайн амьтны аймагт хохирол учруулсан этгээд нөхөн төлбөр төлөхөөр зохицуулсан байна. П.Б өөрийн үйлдлээрээ байгаль орчинд, амьтныг аймагт хохирол учруулаагүй ба хуулийн дээрх зохицуулалтаар зөвхөн хохирол учруулсан этгээдээс уг нөхөн төлбөрийг гаргуулах ёстой байна. Гэтэл П.Б-ныг дээрх зөрчилд буруутай гэж үзээд 3,280,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.3. Гомдол гаргагчаас улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0046502 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан ба Шийдвэрийн Үндэслэх хэсэгт 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэлийн хуудасны талаар дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн Тодорхойлох болон Тогтоох хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0046502 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээхээр тусгасан нь ойлгомжгүй нөхцөл үүсгэж байгаа бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гарсан ямар нэг Шийтгэлийн хуудасны талаар маргаагүй. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2024/0741 дугаартай Шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн П.Б нь баруун турууны постоор 4 ширхэг тарвага тээвэрлэсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасны дагуу гурван зуун нэгж буюу 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгож, 3.280.000 /гурван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар гомдол гаргагчид шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч П.Б эс зөвшөөрч “... зорчигчийн ачаанд юу байгааг жолооч мэдэх буюу зорчигч бүрийн цүнх савыг нээж шалгах боломжгүйгээс гадна тухайн ачааг хүлээн авах хүний утасны дугаарыг ачаан дээр бичсэн байсан, ... зөрчил шалгаж байх үед н.Б-г гэрчээр асуулгах болон Юнител компаниас 8060**** дугаарын эзэмшигчийг тодруулах хүсэлт бичгээр гаргасан боловч улсын байцаагч “бидэнд тийм эрх байхгүй” гэж хэлээд хүлээж аваагүй” гэх үндэслэлээр “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0046502 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцуулах”-аар маргасан байна.
2.2. Анхан шатны шүүхээс “... зөрчилд холбогдогч П.Б нь тухайн автобусны зорчигчийн биш, зорчигчийн терминалын тээш хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаанаас гадуур гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бэлтгээгүй тээш болох 4 ширхэг тарвага тээвэрлэсэн, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” хориглосон үйл ажиллагааг хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон бүхий л үйл баримтаар тогтоогдож, ... гомдол гаргагч П.Б нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин тээгч болох тарвагыг тээвэрлэж явсан үйлдэл өөрөө хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл тул түүнд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны зарчимд нийцнэ ...” гэх дүгнэлтүүдийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.3. Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ”, 9.2-т “Автотээврийн хэрэгслээр ачаа ..., хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж ачаа тээвэрлэх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульд тусгайлан зохицуулж, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Тээвэрлэгч нь дараахь эрх эдэлнэ”, 10.1.2-т “зорчих тасалбарыг урьдчилан аваагүй буюу жолооч, кондуктор шаардахад тээврийн хөлс төлөхгүй байгаа зорчигч, мөн тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бэлтгээгүй ачааг тээвэрлэхээс татгалзах”, 10.2-д “Тээвэрлэгч нь дараахь үүрэг хүлээнэ”, 10.2.1-д “өөрийн тээвэрлэлтийн үйлчилгээний талаархи үнэн зөв мэдээллээр тээвэрлүүлэгчийг хангах, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх” гэж тээвэрлэгчийн эрх, үүргийг тус тус заасан байна.
2.4. Түүнчлэн дээрх хуулийн зохицуулалтын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар “Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг шинэчлэн баталж, хоёрдугаар хавсралтын “Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн 9.7-д “Зорчигчийн тээш хүлээн авах ба тээвэрлэх”, 9.7.6-д “Зориулалтын бус, шаардлага хангаагүй сав, баглаа, боодолтой тээшийг тээвэрлэлтэд хүлээн авахгүй. Зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд зүйл болон тээврийн хэрэгсэлд аюул хохирол учруулж болзошгүй химийн болон аюултай бодис, мал, тэжээвэр амьтан, шувуу, амьтны гаралтай түүхий эд авч явахыг зөвшөөрөхгүй” гэж тээвэрлэгчид зорчигчдын амь нас, эрүүл мэндэд аюул хохирол учруулж болзошгүй амьтны гаралтай түүхий эд зэрэг тээшийг тээвэрлэхээр хүлээн авахгүй байхыг үүрэг болгосон байхад нэхэмжлэгч нь уг хууль журмыг зөрчсөн болохыг хариуцагчаас тогтоосон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
2.5. Мөн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.М-г гэрчээр асуусан тэмдэглэлд[1] “... 2,3 сарын хавьцаа утастай хамт алга болгосон, ... Ажил дээр байхад каргоноос “таны дугаар дээр ачаа ирсэн байна” гэж ярьсан. Би өөрийгөө Өмнөговьд ажилладаг талаар хэлсэн. Тухайн үед Өмнөговьд байсан. Манай эхнэрт ачаа ирсэн болов уу? гэж залгаж асуусан. Ямар нэгэн ачаа ирээгүй захиагүй гэсэн. Тэгээд карго руу буцаан залгаж миний ачаа биш байна гэж хэлсэн. Каргоноос ачаагаа ирж авахгүй бол муудлаа гэсэн. Би хүний ачаа авахгүй би хэрэгт орвол яах юм гээд би авахгүй гэсэн, ... Би тухайн үед миний ачаа биш гэж олон удаа хэлсэн ...” гэж тайлбарласан нь тусгагдсан байна.
2.6. Энэ тохиолдолд гомдол гаргагч П.Б нь Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 11.1.9-д “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” гэж заасныг зөрчсөн үзэж хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу гурван зуун нэгж буюу 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгож, 3.280.000 /гурван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар хариуцлага ногдуулсныг буруу гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.7. Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... П.Б-ныг Автотээврийн тухай хуульд заасан хот хоорондын зорчигч тээвэрлэх жолоочийн хувьд ачааг шалгах үүрэгтэй гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Хариуцагч болон анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн ... тухайн амьтны аймагт хохирол учруулсан этгээд нөхөн төлбөр төлөхөөр зохицуулсан байхад П.Б өөрийн үйлдлээрээ байгаль орчинд, амьтны аймагт хохирол учруулаагүй ба хуулийн дээрх зохицуулалтаар зөвхөн хохирол учруулсан этгээдээс уг төлбөрийг гаргуулах ёстой ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
2.8. Харин анхан шатны шүүхээс маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0046502 дугаартай шийтгэлийн хуудасны огноог шийдвэрийн Тодорхойлох болон Тогтоох хэсгүүдэд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0046502 дугаартай гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд уг алдааг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлал, тогтоолд үг, үсэг, тооны зэрэг илэрхий алдаа байгаа бол тухайн шийдвэрийг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулга хийж болно” гэж заасны дагуу залруулах боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Ийнхүү анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 741 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] Хэргийн 102-104 дэх талууд