Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 0280

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Батсуурь, шүүгч Ч.Алтанцэцэг  нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: М.Хэрлэнчимэг

шүүгдэгчийн   өмгөөлөгч: А.Мөнхсайхан

иргэдийн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ

шүүгдэгч: Г.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Гэрэлмоломын Бат-Эрдэнэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 201625013583 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Боржигон  овогт Гэрэлмоломын Бат-Эрдэнэ, 1977 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан  суманд  төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 1,ганцаараа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

2005 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Багануур дүүргийн  шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Г.Бат-Эрдэнийн хөнгөн ялыг хүнд ялд багтааж нийт 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж  өршөөлөөр 3 жил хорих ял хасагдаж 2006 оны 12 дугаар сарын 24-ний өдөр  хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн  Баянзүрх дүүргийн шүүхийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар оногдуулсан  хорих ял дээр , мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг Багануур дах хорих 427 дугаар ангид биеэр эдэлж байгаад 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн  201 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 02 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,

2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хэнтий аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2  жил 6 сарын  хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар  оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2  жил 6 сарын  хугацаагаар хорих ялд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 3  жилийн хугацаагаар тогтоосон, уг ялаа Хэнтий аймаг дах хорих 428 дугаар ангид биеэр эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, РД:СМ77030115,

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Бат-Эрдэнэ нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 13-ны оройн 18.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өгөөмөр захын эсрэг талын дугуй засварын газрын гадаа Т.Батцэнгэлийг үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн баруун гарын шууг зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өглөө Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Улаанбаатар руу орж ирээд охиндоо утас, өөртөө мужаан сийлбэрийнхээ багаж хэрэгсэл авах санаатай ирсэн. Би хөдөөнөөс орж ирэхдээ 1 морин хууртай ирсэн. Тэр морин хуураа би 400.000 төгрөгт зараад тэр мөнгөөрөө охиндоо утас аваад Хангай зах руу явж мод авах ёстой байсан ч Гантулга гэдэг найзтайгаа таараад надад Гантулга 0,5 граммын архи авч өгөөд бид хувааж ууцгаасан. Тэгээд тэндээс гараад би юу болсон талаар мэдэхгүй байгаа. Намайг сэрэхэд 2 цагдаа бариад гавласан байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх рүү аваачсан. Маргааш нь та гэмт хэрэгт холбогдсон байна, таныг шалгана гээд байцаалт аваад цагдан хорих 461 дүгээр хорих ангид хорьсон. Би юу болсон талаар юу ч мэдэхгүй, санахгүй байгаа. Хамгийн сүүлд Гантулгаас салсанаа мэдэж байгаа. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Би урьд нь хэдэн удаа ял шийтгэл эдэлж байсан. Мөн би сүрьеэ өвчтэй хүн. Миний уушгинаас ус авсан. Би уушгиа бүрэн эмчлүүлж чадаагүй. Би түрүү жил хугацаа дуусаад суллагдсан ч эмчилгээгээ үргэлжлүүлж хийлгэж чадаагүй. Надад эмчилгээ хийлгэх мөнгө олдоогүй. Миний бие үдээс хойш болоход өвдөж эхэлдэг. Цээжээр хатгуулж, халуурдаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

   Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 13.00 цаг болж байхад Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд Нарантуул зах руу гар утас авах гэж орсон. Тэнд хуучин найз Гантулга гэх хүнтэй таараад 1 шил 0.5 литрийн архи аваад Нарантуул захын өргөтгөлд байрлах цайны газарт орж уугаад гадаа гарч ирсэн чинь салхинд цохигдоод толгой эргээд байсан. Нэг мэдсэн чинь 2 цагдаа намайг гавлаад гар өчөөд цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүлжүүлсэн. Би ганцаараа явж байсан шиг санагдаж байна гэжээ. /хх-ийн 47/

    Хохирогч Н.Батцэнгэл мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагийн орчим ажлынхаа гадаа машины дугуй солих гээд машинаа байрлуулаад зогсож байсан чинь манай ажлын байрнаас нэг согтуу залуу сэжигтэй байдалтай гарч харагдахаар нь араас нь алхаж очоод харсан чинь миний цүнхтэй хувцсыг барьчихсан алхаж байхаар нь гүйж очоод цүнхээ булааж аваад чи яаж байгаа юм бэ гэж хэлээд өмднийх нь хармааг харсан чинь жоохон түнтийж харагдахаар нь чи кармаанд байгаа зүйлээ харуулчих өөр зүйл аваагүй биз гэж хэлсэн чинь өмднийхээ кармааг ухаж байгаад жижиг эвхэгддэг хутга гаргаж ирээд над руу ширвэхээр нь би зугтсан. Ингээд дугуй зардаг хашаа руу гүйж ороод хутга барьсан гарыг нь чиглүүлээд машины дугуй шидсэн боловч оноогүй. Ингээд хутга барьсан залуугийн хажуугаар нь зөрж зугтаагаад гар хүйт оргиод байхаар нь гараа хартал миний баруун гарын бугалаг хэсэгт зүссэн байсан. Зөрөх үед л хутгаар зүссэн байх. Намайг зүсэгдсэн гараа харж байх хооронд нөгөө залуу цаашаагаа явчихсан байсан. Намайг хутгалсан залуу такси барих гээд гараа өргөчихсөн зогсож байхад нь цагдаа ирээд барьж аваад хутгыг нь хурааж авч байсан гэжээ. /хх-ийн 20/

           Гэрч Х.Батбаясгалан  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: 18.00 цаг болж байхад Өгөөмөр захын урд талд байрлах дугуйн контейнэрээ хаагаад гэр лүүгээ явах гээд машинаа ухраагаад гарч байсан чинь манай ажлын зүүн талын дугуй засвар ажиллуулдаг ах 1  залууг барьчихсан байхаар нь би машинаасаа буугаад юу болсон юм бэ гэсэн чинь цүнхтэй хувцас аваад явж байна гээд тэр хар савхин куртиктэй залууг чи өөр юу авсан юм гээд асуусан чинь хар савхин куртиктэй залуу кармаагаа ухаад жижиг тонгорог гаргаж ирээд би чамайг тэгвэл алчихья гээд дайрсан. Тэгээд нөгөө манай хажууд байдаг Батцэнгэл ах урд хашаа руу гүйж орсон чинь хар савхитай залуу араас нь хөөгөөд Батцэнгэл урд талдаа машины дугуй барьж хаасан чинь гараад яваад өгсөн. Тэгээд Батцэнгэлийн цамц нь зүсэгдсэн байхаар нь тайлуулаад харсан чинь баруун булчинг нь зүсчихсэн байсан. Тэгээд цагдаа дуудаад Батцэнгэл бид хоёр хамт нөгөө залуугийн араас дагаад явж байтал цагдаа нар ирж нөгөө залуугаас хутгыг нь хураан авсан гэжээ. /хх-ийн 21/

          Гэрч А.Энхтуяа  мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Бат-Эрдэнэ бид хоёр найзууд байгаа юм. 2014 оноос хойш найзалж байна. Энгийн харьцаа холбоотой байдаг юм. Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд амьдардаг. Ганц бие хамаатан садан гээд байх хүн байхгүй. 2015 оны 11 дүгээр сард суллагдсан. Зан авирын хувьд бол их даруухан архи дарс нээх хэрэглээд байдаггүй юм. Сүүлийн үед архи хэрэглээд байгаа гэж сонссон. Учир нь охин нь өвдөөд байгаа сурагтай байсан. Охиноо санаж байна гэдэг байсан тусдаа л амьдардаг юм шиг байсан. Би Бат-Эрэнэтэй хэд хэдэн удаа уулзаж байсан янз бүрийн хэрцгий догшин зан авир ажиглагдаагүй. Архи уухаараа яадагыг харин мэдэхгүй юм гэжээ. /хх-н 22/

       Гэрч Т.Даваажав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хажуу талд дугуй засдаг Батцэнгэл гэх залууг 1 согтуу залуу хөөчихсөн Батцэнгэл өөдөөс нь дугуй шидээд зугтаагаад байсан. Тэр залуу гартаа хутга барьчихсан байх шиг байсан бөгөөд тэр хутгаараа Батцэнгэлийг ширвээд хатгах гээд дайрч байгаад гэнэт хойшоо зам гараад явсан. Тэгтэл Батцэнгэл над дээр ирээд булчин хатгачихаж гэсэн түүний булчингаас цус гарч байсан. Нөгөө залуу нь хар куртиктэй туранхай залуу байсан. Гуйвж байгааг нь харахад нилээн согтуу байсан гэжээ. /хх-ийн 23/  

           Гэрч М.Батмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн орой 18.00 цагийн үед 102-т дуудлага ирсэний дагуу Өгөөмөр захын харалдаа замын урд талд очсон чинь Н.Батцэнгэл гэх залуу дугуй засварын гадаа ажлаа хийгээд байж байхад үл таних залуу гаднаас орж ирээд цүнх хулгайлаад гарахад нь барьж авахад гар хутгалчихлаа гэж надад хэлсэн. Тэгээд тухайн залуу одоо хутгатай явж байгаа байх тэрээр дээгүүрээ хар савхин куртиктэй 40 орчим насны дунд зэргийн нуруутай согтуу явж байгаа гэсэн. Тэгээд би Өгөөмөр захын зүүн хойт талын хаалгаар хойшоо гараад машин засаж байгаа хүмүүсийг ажигласан боловч байгаагүй. Тэгтэл нөгөө анх дуудлага өгсөн Батцэнгэл гэх залуу утсаар залгаад нөгөө залууг барьчихлаа гэсэн тэгэхээр нь замын урд очсон чинь хар савхин куртиктэй 40 орчим насны залуугийн гарыг нь хүлчихсэн байж байсан. Тэгээд очоод биед нь үзлэг хийхэд жижигхэн бор иштэй эвхдэг хутга гарч ирсэн. Түүнийг хөндлөнгийн гэрч оролцуулж байгаад хураан авсан. Хэсэг дээр авч ирээд эд зүйл хураан авсан тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гэтэл зурахгүй байсан гэжээ. /хх-ийн 24/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 25/

         Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14240 тоот дүгнэлтэд:

1.Батцэнгэлийн биед баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26/

          Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 27/

    2016.10.28-ны өдрийн 6322 дугаартай шинжээчийн дүгнэлт:  

1.Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд уранхай цоорхой гарсан байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн хувцасны саарал цамцанд гарсан 4х3 мм, 6х4 мм, 6х3 мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цоорхой байна.

Хар хөх цамцанд гарсан 5 см, 10х5 мм, 13х10 мм, 5 см, 10х3 мм, 8.3 см, 5.5 см 10.7 мм хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Хар хөх цамцанд гарсан 8.3 см, 5.5 см хэмжээтэй уранхай шинээр гарсан байж болно. Харин бусад уранхай хуучин уранхай байна.

Саарал цамцанд гарсан 1.5 см, 1х1.2 см, хар хөх цамцанд гарсан 20х5 мм, 10х7 мм хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна.

Дээрх хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан уранхайнууд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдэх боломжтой. Харин уг хутгаар яг үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

Дээрх хувцаснуудад шинээр гарсан уранхайнууд нь хэрэг үйлдэгдэх үед гарсан байж болно гэжээ. /хх-ийн 28-31/

          2016.11.04-ний өдрийн 9118 дугаартайшинжээчийн дүгнэлт:  /хх-н 32/

           Оролцогч нарт шинжилгээ хийх тогтоол, шүүх эмнэлэгийн гаргасан дүгнэлтийг таницуулсан тухай тэмдэглэл/ хх-н 33-35/,

           Г.Бат-Эрдэнийг 2016.10.14-ний өдөр сэжигтнээр баривчлах тогтоол гарч баривчилсан байна. Үүнээс хойш сэжигтнээр цагдан хорьж, мөн яллагдачаар цагдан хорьсон байна./хх-н 36-43/

       Эд зүйлийн үнэлгээ /хх-н 66/, 2016.11.28-ны өдрийн Баянзүрх дүүргийн 677 дугаартай прокурорын тогтоолоор Г.Бат-Эрдэнэд холбогдох Н.Батцэнгэлийн эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд заасан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна./хх-н 72-73/

         Г.Бат-Эрдэнийг  сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл  /хх-н 44-47/

       Г.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н486/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 49/, шийтгэх тогтоол, суллагдсан талаарх баримтууд /хх-н 50-65/ зэрэг болно.

Г.Бат-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны оройн 18.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өгөөмөр захын эсрэг талын дугуй засварын газраас цүнхтэй зүйлс аваад гарч явахад нь хохирогч Н.Батцэнгэл таарч чи юу хийж яваа юм бэ гэж  хэлэхэд өмднийхээ кармааг ухаж байгаад жижиг эвхэгддэг хутга гаргаж ирээд түүн рүү ширвэхээр нь зугтаахад араас нь хөөж баруун гарын шууг зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Г.Батцэнгэлийн биед баруун бугалганд шарх  бүхий хөнгөн зэргийн гэмтэл ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн  болохыг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 14240 акт / хх-н 26/

 Хохирогч Н.Батцэнгэлийн  мөрдөн байцаалтад мэдүүлсэн … манай ажлын байрнаас нэг согтуу залуу сэжигтэй байдалтай гарч харагдахаар нь араас нь алхаж очоод харсан чинь миний цүнхтэй хувцсыг барьчихсан алхаж байхаар нь гүйж очоод цүнхээ булааж аваад чи яаж байгаа юм бэ гэж хэлээд өмднийх нь хармааг харсан чинь жоохон түнтийж харагдахаар нь чи кармаанд байгаа зүйлээ харуулчих өөр зүйл аваагүй биз гэж хэлсэн чинь өмднийхээ кармааг ухаж байгаад жижиг эвхэгддэг хутга гаргаж ирээд над руу ширвэхээр нь би зугтсан. Ингээд дугуй зардаг хашаа руу гүйж ороод хутга барьсан гарыг нь чиглүүлээд машины дугуй шидсэн боловч оноогүй. Ингээд хутга барьсан залуугийн хажуугаар нь зөрж зугтаагаад гар хүйт оргиод байхаар нь гараа хартал миний баруун гарын бугалаг хэсэгт зүссэн байсан. Зөрөх үед л хутгаар зүссэн байх гэсэн мэдүүлэг  /хх-ийн 20/

        Гэрч Х.Батбаясгалангийн  мөрдөн байцаалтад  мэдүүлсэн …Батцэнгэл ах урд хашаа руу гүйж орсон чинь хар савхитай залуу араас нь хөөгөөд Батцэнгэл урд талдаа машины дугуй барьж хаасан чинь гараад яваад өгсөн. Тэгээд Батцэнгэлийн цамц нь зүсэгдсэн байхаар нь тайлуулаад харсан чинь баруун булчинг нь зүсчихсэн байсан. Тэгээд цагдаа дуудаад Батцэнгэл бид хоёр хамт нөгөө залуугийн араас дагаад явж байтал цагдаа нар ирж нөгөө залуугаас хутгыг нь хураан авсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

      Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

       Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

       Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Г.Бат-Эрдэнийг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Хохирогч Н.Батцэнгэл шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Г.Бат-Эрдэнэ нь 2005 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Багануур дүүргийн  шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацааагаар баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж бүгд  биечлэн эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг жирийн дэглэмтэй Мөнгөнморьт дах хорих 417 дугаар ангид биеэр эдэлж байгаад өршөөлөөр 3 жилийн хугацаагаар хорих ял хасагдаж 2006 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн  Баянзүрх дүүргийн шүүхийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр , мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  3 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоосон, уг хорих ялыг Багануур дах хорих 427 дугаар ангид биеэр эдэлж байгаад 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн  201 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 02 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,

   2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хэнтий аймаг дах сум дундын 1 дүгээр шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2  жил 6 сарын  хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ул хорих ялуудыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар  оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2  жил 6 сарын  хугацаагаар хорих ялд,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд биечлэн эдлэх ялыг 3  жилийн хугацаагаар тогтоосон, уг ялыг Хэнтий аймаг дах хорих 428 дугаар ангид биеэр эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байна. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.3 дах хэсэгт заасан  хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор ялтай байдал тоологдож эхлэх бөгөөд энэ 5 жилийн ялтай байдлыг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг үндэслэн  Г.Бат-Эрдэнийн ялтай байдлыг өршөөх нь зүйтэй гэж үзээд Г.Бат-Эрдэнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

  Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь 2016 он 10 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл  цагдан хоригдсон байх тул нийт цагдан хоригдсон 61 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулав.

 Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт  заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн  эд хөрөнгөгүй болно.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Гэрэлмоломын Бат-Эрдэнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг чанга  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Бат-Эрдэнийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 61 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Бат-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Бат-Эрдэнэд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

 

8.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бат-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                             С.ПҮРЭВСҮРЭН

 

                  ШҮҮГЧИД                                 Д.БАТСУУРЬ

 

                                                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ