Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 112/ШШ2021/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

            Нэхэмжлэгч: Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* дарга Н.Эд холбогдох Говь-Алтай аймгийн ******* татвар төлөгчийн гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй, холбогдох баримтыг явуулаагүйн улмаас тайлан илгээх эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүсгэсэн эс үйлдэхүй нь хууль болохыг тогтоох, Х.Б ХХК-аас 12.300,000 төгрөгийн НӨАТ-ын худалдан авалтын буцаалтыг төлүүлэхээр журамласан шинжтэй захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Х.Б ХХК-д учруулсан 12.300,000 төгрөгийн хохирлыг гаргуулах шаардлага бүхий хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, С.О, шүүх хуралдааны шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Х.Б ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Х.Б ХХК нь Говь-Алтай аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 2007 онд үүсгэн байгуулагдсан харьяаллын хувьд Говь-Алтай аймгийн *******т татварын тайлангаа тайлагнадаг хуулийн этгээд юм. Манай компани нь 2016 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа Э Б Э Э /РД: ........../ ХХК-иас 2016 оны 07 дугаар сард 60 сая төгрөг, 2017 оны 2 дугаар сард 75.340000 төгрөгний буюу нийт 2 удаагийн 135340000 төгрөгний бараа материалын худалдан авалт хийсэн байдаг. Манай компани нь дээрх бараа материалын худалдан авалтын тайланг Нягтлан бодох бүртгэлтийн тухай хууль тогтоомжийн дагуу 2016 он, 2017 онд гаргасан байдаг. Мөн 2019 оны 12 дугаар сард Говь-Алтай аймгийн *******ээс манай компанид 2016 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд санхүүгийн баримтын шалгалт оруулсан бөгөөд 2016, 2017 онд борлуулалт хийсэн Э Б Э Э ХХК-иас авсан худалдан авалтын санхүүгийн баримтыг шалгахад ямар нэгэн зөрчил тогтоогдоогүй. Гэтэл 2020 оны 12 сард манай компанийн НӨАТ-ын тайланг явуулдаг цахим тайлангийн системийг Татварын газраас хаасан байсан. Шалтгаан нь Э Б Э Э ХХК-иас 2016,  2017 онд худалдан авалт хийсэн болох 135.340,000 төгрөгний баримтыг хуурамч буюу тус худалдаа хийсэн компани нь дампуурсан, одоогоор олдохгүй байгаа гэсэн шалтгаанаар манай компаниар тус худалдан авалтын НӨАТ болох 12.300,000 төгрөг төлүүлж, худалдан авалтын буцаалт хийлгэхээр үндэслэлгүйгээр шаардсан.

          Манай компанийн хувьд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацааны НӨАТ-ыг татварын цахим тайланд илгээх боломжгүй нөхцөл байдал үүсэж, НӨАТ-аа тайлагнаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд татварын газрын илт хууль бус шаардлагыг буюу Э Б Э Э ХХК-ний 135.340,000 төгрөгийн НӨАТ болох 12.300,000 төгрөгийн худалдан авалтын буцаалтыг төлөхийг захирамжилсан автомат системийн төлөх товчлуурыг дарж, НӨАТ-ын тайлангаа хэвийн журмаар илгээх болсон.

           Татварын газрын тус үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт тус тус зааснаар журамласан шинжтэй үйлдэл байх бөгөөд энэ нь захиргааны актын шинжийг агуулж байна. Тухайн Татварын газрын журамласан шинжтэй үйлдлийн улмаас бусад компанийн буюу Э Б Э Э ХХК-ий хариуцлага болох 12.300,000 төгрөгний татварын борлуулалтын буцаалтыг манай компаниар төлүүлэхээр захирамжилж байгаа үйлдэл нь хууль буюу шударга ёсонд нийцэхгүй байна. Хэрэв Татварын газраас манай компаниар татварын буцаалтыг хийлгэхээр шийдвэрлэсэн бол Татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.26 дугаар хэсэгт зааснаар татварын улсын байцаагчийн зүгээс хяналт шалгалт явуулж, татварын акт үйлдэх ёстой. Гэтэл Татварын газраас манай компанид холбогдуулан 12.300,000 төгрөгний НӨАТ-ын худалдан авалтын буцаалтыг хийлгүүлэх зөрчлийг шалган тогтоож, татварын акт үйлдээгүй байж автоматаар нөхөн татвар ногдуулж байгаа нь хууль бусаар шийтгэж, гаргаагүй зөрчлийн төлөө үндэслэлгүйгээр хариуцлага хүлээлгэж, төлөх ёсгүй татвар төлүүлж, манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Татварын газрын хууль бус үйлдэл нь Татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан татвар нь зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх зарчмыг баримтлах ёстой бөгөөд тус зарчмыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан Захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчмыг тус тус зөрчсөн. Тухайн захирамжилсан шинжтэй үйлдэлтэй холбоотой гомдлыг Захиргааны ерөнхий хуульд зааснаар Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газар, Говь-Алтай аймгийн *******т гаргасан боловч Э Б Э Э ХХК-ий зөрчил шалгагдаж шийдвэрлэх хүртэл хугацаанд Эрсдэлийн удирдлагын газраас манай компанийн НӨАТ-ын тайлан илгээх эрх нээхгүй гэсэн үндэслэлгүй, ойлгомжгүй хариуг ирүүлсэн байдаг.

          Хариуцагчийн зүгээс татвар төлөгчийн тайлан гаргах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн нь Говь-Алтай аймгийн татварын хэлтэст хамааралгүй, манайх нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын буцаалтыг төлүүлэхээр журамласан шинжтэй захиргааны акт гаргаагүй болохыг мэдэгдэж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна.

           Учир нь: Татварын тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар Татварын алба гэж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч, хураагч байна, хуулийн 41 дүгээр зүлйийн 41.1 дэх хэсэгт Татварын алба нь хянан шалгалт явуулах эрх хэмжээтэй гэж тус тус зааснаас үзэхэд Х.Б ХХК нь Говь-Алтай аймагт үүсгэн байгуулагдсан бүртгэлтэй, тус аймагт үйл ажиллагаа явуулж, тухайн аймгийн *******т татвараа тайлагнаж, төлдөг аж ахуйн нэгж бөгөөд Говь-Алтай аймгийн ******* нь бие даасан удирдлагтай, хяналт шалгалт явуулдаг, мөн тухайн аймагт үйл ажиллагаа явуулж, ажиллан амьдарч байгаа иргэдийн татвараар орлогоо бүрдүүлж байдаг бие даасан статустай татварын алба байна. Мөн тухайн татварын алба нь аймгийн аж ахуйн нэгжийн татвар төлөлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалт хийж тайлан дүгнэлт гаргачихаад, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагаа хүлээх чадваргүй, хариуцлага үүрэх боломжгүй, манайх хариуцагч биш гэсэн шалтгаан гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

          Татварын тухай хуульд бэлэн мөнгөөр худалдан авалт хийхийг хориглосон заалт байхгүй. Манай компани нь тухайн худалдан авалт хийсэн компанитай хуульд заасан татварын анхан шатны бүх бичиг баримтын бүрдэл байдаг. Гэтэл яагаад борлуулалт хийсэн компанийн буруутай үйл ажилллагааны төлбөрийг манай компаниар хүчээр төлүүлэхээр шаардсан шаардлага нь өөрөө хуульд нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар татварын акттай холбоотой гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээ бүхий аймгийн татварын албанд маргаан таслах зөвлөлийг хуульчилж өгсөн нь аймгийн татварын алба нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдтэй холбоотой хамаарал бүхий маргааныг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байгаа нь Говь-Алтай аймгийн татварын алба нь хариуцагч мөн болохыг тогтоосон хуулийн зохицуулалт байх тул хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Иймд Татварын газраас Х.Б ХХК-иар Э Б Э Э ХХК-ий төлөх ёстой НӨАТ-ын борлуулалтын буцаалт болох 12.300,000 төгрөгийн НӨАТ-ын худалдан авалтын буцаалтыг төлүүлэхээр журамласан шинжтэй захиргааны акт нь хуульд нийцээгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг илт хохироосон, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь хэсэгт заасан хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, мөн 47.1.6 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй шинжээрээ илт хууль бус шинжтэй байх тул тухайн захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Х.Б ХХК-иар хууль зүйн үндэслэлгүйгээр төлүүлсэн 12.300,000 төгрөгний НӨАТ-ын худалдан авалтын буцаалт болох хохиролыг гаргуулж өгнө үү гэв.

 Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дын өмгөөлөгч Ж.Дорждэрэм  шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Х.Б ХХК-аас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Говь-Алтай аймгийн ******* эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, үүнтэй холбоотойгоор гарсан захиргааны байгууллагын кноп дарах үйл ажиллагаа нь бас хууль бус учир энэ эс үйлдэхүйн улмаас  Х Б ХХКХХК-д 12.300,000 төгрөгийн хохирол учраад байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэг, 52.5.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар Татварын албаны эс үйлдэхүйн улмаас тухайн кноп дарах нөхцөл байдал үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Тэгэхээр тухайн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хохирол болох 12.300,000 төгрөгийг Татварын албанаас гаргуулж өгнө үү? гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Х.Б ХХК-д 12 дугаар сараас тэр кноп дарах нөхцөл байдал үүсэж байгаа. Түүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн татварын хэлтэст удаа дараа албан тоот, хүсэлт гаргаад энэ асуудлыг шийдэж өгнө үү? Холбогдох нотлох баримтыг явуулж өгнө үү? гэдэг асуудлыг ярьж байсан. Гэтэл 2016-2019 оны үед хяналт шалгалт хийгдээд ямар нэгэн зөрчилгүй гараад акт тогтоогдоогүй. Х.Б ХХК нь эрсдэлийн удирдлагын газарт гомдол гаргасан байдаг. Гэтэл танайх нотлох баримт ирүүлээгүй учир танайд яах аргагүй кноп дарах нөхцөл байдал үүсээд байна гэдэг асуудлыг ярьдаг. Тэгэхээр Татварын газар татвар төлөгчийн гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй. Холбогдох баримтыг явуулаагүйн улмаас кноп дарах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгэхээр тухайн баримтад хэрхэн шалгалт хийсэн талаараа ч баримт явуулаагүй. Говь-Алтай аймгийн Татварын албаны эс үйлдэхүйн улмаас эрх ашиг нь хөндөгдөж тухайн эрсдэлийн удирдлагын газраас хууль бус эрх зүйн акт гарах нөхцөл байдал үүссэн.

 Эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Хариуцагч талаас татвар төлөгч хохирсон нь үнэн. Гэхдээ манайх хариуцагч байгууллага биш гэж мэтгэлцэж орж байгаа. Гэтэл Татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.25 дахь хэсэгт Татварын алба гэж татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагч нарыг хамруулан ойлгоно гэсэн байдаг.  Тэгэхээр Говь-Алтай аймгийн *******, Улсын татварын ерөнхий газар бүгд татварын хуулийг хэрэгжүүлж буй татварын алба юм. Мөн хариуцагч талаас нэг чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага гэдгээ хэлж байсан. Эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны актын нэг төрөл. Ямар учраас Говь-Алтай аймгийн ******* эс үйлдэхүйг гаргаад байгаа талаарх асуудал яригдаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд Говь-Алтай аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байдаг. Тайлангаа *******т тайлагнадаг. Хяналт шалгалтыг тухайн татварын хэлтэс нь явуулдаг. 2016-2019 онуудад Татварын хэлтсээс тухайн байгууллагын баримт бичиг дээр хуулийн дагуу хугацаат шалгалтыг хийсэн. Шалгалтаар Э Б Э Э ХХК-тай холбоотой зөрчил илрээгүй байдаг. Зөрчилтэй холбоотой холбогдох материалд актыг нь тогтоож, холбогдох зөрчлийг хүлээн зөвшөөрч төлөх ёстой төлбөрөө төлөөд явж байсан. Гэтэл Э Б Э Э ХХК-ийн 2019-2020 онд Татварын ерөнхий газарт эрүүгийн журмаар шалгаж байна гэсэн асуудал яригдаж байгаа. Бусдын хийсэн гэм буруутай үйлдлээс Х.Б ХХК хариуцлага хүлээж байгаа нөхцөл байдал үүсээд байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харах юм бол хяналт шалгалт явуулж байсан Говь-Алтай аймгийн *******т удаа дараа хүсэлт, гомдол гаргасан. 12 дугаар сараас 3, 4 сар хүртэлх хугацаанд уг асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн татварын мэдээ тайлан хүсэлтийг гаргаж байсан. Ямар нэгэн хариу өгөөгүй. Бид уг актыг тавиагүй гэж хэлдэг. Гэтэл хяналт шалгалт бланс авахдаа ******* авдаг. Эрсдэлийн удирдлагын газарт нь гомдол гаргахаар татварын хэлтсээс ямар нэгэн байдлаар гомдол, нотлох баримт ирээгүй гэж хэлдэг. Татварын байгууллага татварын тухай хуульд заасан татвар төлөгчид шуурхай үйлчлэх үүрэгтэй гэсэн үүрэг байгаа. Гэтэл уг асуудлыг шийдэхгүй, холбогдох баримт сэлтийг явуулж байсан удаагүй. Утсаар ярьсан гэж тайлбар өгдөг. Энэ нь хавтаст хэрэгт нотлогдоогүй. Яаж хэрхэн явуулсан нь бичгээр харьцаж байж нотлох баримт ирсэн гэж Эрсдэлийн удирдах газар нь үзэх байх. Уг тайлан яваагүйн улмаас өнөөдөр татварын байгууллагуудын хоорондын үл ойлголцлоос болж иргэн, хуулийн этгээд 12.300,000 төгрөгөөр хохирсон нөхцөл байдал бий болж байна. Одоо бид хариуцахгүй нэхэмжлэлээ буруу гаргасан юм шиг байна гэж хэлж байна. Харьяаллын дагуу Эрсдэлийн удирдлагын газарт гомдол гаргасан. Уг газар нь тодорхой хариу өгөөгүй. Татварын тухай хуулийн 46.1 дэх хэсэгт заасан татварын акттай холбоотой маргааныг 46.5.1 дэх хэсэгт аймаг, нийслэлийн татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл байна. Татвартай холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ гэсэн байна. Гэтэл эс үйлдэхүй буюу гаргаад байгаа акт нь захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт юм. Уг гаргаад байгаа актын аймаг нийслэлд байгаа зөвлөл нь бүрэн таслах боломжтой байсан. Гэтэл манайх зөвхөн акттай холбоотой маргааныг шийднэ гэж байгаа ч уг асуудлыг шийдээгүй. Хуульд Хонгор Буурал компани нь зөрчил гаргасан бол акт тогтоож, акттай холбоотой маргаан үүсэх байсан. Гэтэл эс үйлдэхүй болон акт гаргаагүй, шийдвэр гаргаагүй байж ийм нөхцөл байдал үүсгэсэн Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийг буруутай гэж үзэж байна. Холбогдох материалыг явуулсан гэх боловч  02 дугаар сарын 28-нд материал  илгээсэн байдаг. Гэтэл 2016-2019 онд холбоотой шалгалт хийсэн тайланг явуулаагүй, татвар төлөгчийн өгсөн хэдэн баримтыг 12 сараас хойш цуглуулж байгаад 02 дугаар сарын 28-нд явуулж 03 дугаар сарын 01-нд очсон нөхцөл байдал хэргийн материалаас харагдаж байна. Татварын байгууллагын эс үйлдэхүйн улмаас Х Б компанид хууль бус шаардлага тавих нөхцөл байдал үүссэн. Үүнээс шалтгаалж 12.300,000 төгрөгийн хохирол учирсан. Өнөөдөр улсын төсвөөс манайх гаргах боломжгүй гэсэн юм яригдаж байна. НӨАТ-ын татвар улсын төсөвт орж болно. Хэний буруутай үйлдлээс энэ хүнд хохирол учирсан талаар яригдаж байгаа. Татварын байгууллагын эс үйлдэхүйн улмаас хохирол учруулсан. Уг хохирлыг хаанаас гаргахыг нь бид мэдэхгүй байна. Эс үйлдэхүйг хууль зөрчсөн буруутай үйлдэл болохыг тогтоогдож хохирлыг холбогдох захиргааны байгууллагаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

 

            Хариуцагч ******* дарга Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг 3244938 татвар төлөгчийн дугаартай Х.Б ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 12,300,000 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын буцаалтыг төлүүлэхээр журамласан шинжтэй захиргааны актыг илт хууль бус акт болохыг тогтоож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Х.Б ХХК-д учируулсан 12.300,000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байна.

           Говь-Алтай аймгийн ******* хяналт шалгалтын тасгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 05191000125 дугаар томилолтын дагуу 0511001096 тоот Улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 3244938 тоот татвар төлөгчийн дугаартай Х б” ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд тухайн компанийн 2016-2019 оны үйл ажиллагаа, татвар ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт явуулсан байдаг.

           Тус хяналт шалгалтаар Х б” ХХК-ийн 2016-2017 онуудад Э Б Э Э ХХК-иас авсан худалдан авалттай холбоотойгоор акт, шийтгэл бичигдээгүй бөгөөд татварын хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд баримтаар нотлогдоогүй зардлыг тусгасан, татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөрийг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулж бичсэн зэрэг зөрчлүүд илэрч Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл. Татварын ерөнхий хууль зөрчих; 11.19 дүгээр зүйлийн 1.2 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тул зардал болон бусад зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр татварын улсын байцаагч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг.  Мөн Х.Б ХХК-ийн 2020 оны 12 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 123,036,363.64 төгрөгийн худалдан авалтын буцаалт тайлагнасан ч Э Б Э Э ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын ногдлыг бууруулах зорилгоор нэр бүхий этгээдүүдэд цахим төлбөрийн баримтыг олгож, борлуулалтын орлогоо татварын тайланд тусгаагүй зөрчил гаргасан шалтгаанаар хуулийн байгууллагаар шалгагдаж байгаатай холбогдуулан Татварын ерөнхий газраас нэгдсэн арга хэмжээ авч татвар төлөгчийн тайлан гаргах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн нь Говь-Алтай аймгийн *******тэй хамааралгүй бөгөөд энэ талаар тухай бүр нь Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллийг татвар төлөгчид хүргүүлж ажилласан байна.

          Иймд Х.Б ХХК-ийн Говь-Алтай аймгийн *******т гаргасан нэхэмжлэл хууль эрх зүйн үндэслэлгүй бөгөөд тус татварын хэлтсээс тухайн компанийн нэхэмжлэлд дурдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын буцаалтыг төлүүлэхээр журамласан шинжтэй захиргааны акт гаргаагүй болохыг мэдэгдэж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Х.Б ХХК нь Э Б Э Э ХХК-наас 2016 онд 60.000,000 төгрөгийн, 2017 онд 75.340,000 төгрөгийн, нийт 135.340,000 төгрөгийн худалдан авалт хийж тухайн хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа хасалт хийсэн боловч, 2021 оны 1 дүгээр сард Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас Эрсдэлийн шалгуур болон тайлан боловсруулалтаар НӨАТ-ийн бичилттэй падаанаар худалдан авалт хийгдсэн гэсэн шалтгаанаар ТУНС/Татварын Удирдлагын Нэгдсэн систем/-д 2020 оны 12 дугаар сараас Х.Б ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээх боломжгүй байдал үүссэн юм. Тухайн асуудлын талаар Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын холбогдох ажилтаны 86274689, байгууллагын 70115019 дугаартай утсаар 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ярьж тодруулахад Хуулийн газар хянагдаж байгаа гэсэн хариу авч байсан. Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн шийдвэрийг тухай бүр нь татвар төлөгчид тайлбарлаж байсан болно. Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн тайлан гаргах эрхийг түр түдгэлзүүлсэн нь Говь-Алтай аймгийн *******тэй хамааралгүй болно. Манайхаас хэлээд байгаа энэ мөнгө чинь улсын төвлөрсөн төсөвт ороод сангийн яамны мэдэлд очсон. Манайх ерөөсөө мэдэхгүй. Татвар төлөгч төлөөд л сангийн яамны мэдэлд очдог мөнгө. Одоо тэгээд манайхаас гаргуулах гээд нэхэмжлээд байгаа нь зөв юм уу? буруу юм уу? Уг нь яг үйлдэл нь ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас гаргасан үйлдэл. Тэр чиглэлээрээ ерөнхий газарт хандах байсан байна. Би тухайн үед хариуцсан байцаагчийн хувьд дээшээ ярьдаг байсан. Та нарт хамаагүй, бид нартай тэр хүмүүсээ яриул гэдэг хариулт өгдөг байсан. Программыг бид нар ч мэдэхгүй. Шууд орох эрхийг нь хаасан байсан. Улсын төсөвт орсон мөнгийг Говь-Алтай аймгийн төсвөөс гаргуулж авна гэдэг нь бүтэх ажил уу? Манай аймгийн төсөвт орсон байсан бол аймгаас нэхэмжлээд төрийн сангаас гаргуулаад авч болох байх. Энэ асуудлыг би өөрөө мэдээгүй байж байгаад татвар төлөгчөөсөө мэдсэн. Нэг өдөр манай татвар төлөгч О.Д манай НӨАТ-н тайлан илгээгдэхгүй байна гэж ярьсан. Тэгээд би мэдээд дээд газар руу ярьсан. Утсаар яриад асуусан чинь наад Э Б Э Э ХХКчинь эдийн засгийн цагдаагийн албаар шалгагдаж байгаа газар. Угаасаа НӨАТ-н баримт хуурамчаар үйлдсэн олон асуудалтай байгууллага. Наад асуудлыг чинь бид нар энд шийдвэрлэнэ. Та нарт хамааралгүй. Тэр хүмүүсээ бид нартай холбогд гэж хэл гэдэг байсан. Тэгээд бүр болохгүй болохоор нь бид нар цахим шуудангаар нотлох баримтыг нь явуулсан. Х.Б ХХК-ийн хувьд татвар төлөгчийн хувьд хохиролтой асуудал. Гэхдээ яг буруу талаасаа нэхэмжилж байна гэж үзэж байна. Манайх наад нотлох баримтыг чинь иж бүрнээр нь явуулсан. Тухайн байгууллага худалдан авалт хийхдээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг хэрхэн бүрдүүлсэн талаарх баримтыг нь явуулсан. 2 дугаар сарын 28-ны өдөр явуулсан баримтыг ерөнхий газар үзэж хараад шийдвэрлэх ёстой байсан. Тэгээд нэхэмжлэгч тал дараа сарын 10-ны дотор НӨАТ-н тайлангаа гаргасан гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манайд анх Х.Б ХХК нь албан бичгээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хандсан байдаг. Тэгээд манайх тухайн үед Татварын ерөнхий газар руу холбогдох эрх бүхий албан тушаалтнууд болох татварын улсын ахлах байцаагч нар ярьж тодорхой хариултуудыг авч өгч байсан. Үүнийхээ дагуу холбогдох материалуудыг ирүүл гэсний дагуу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр холбогдох материалуудыг явуулсан байдаг. Түүнийгээ 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн нотлох баримтдаа хавсаргаж өгсөн байгаа. Манайх ярьсан, явуулсан. Явуулсан гэдгээ мөн нотлох баримтаар өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн татварын улсын байцаагчийн акт чинь энэ падаантай ямар ч холбоогүй гарсан акт. Тухайн зөрчил дээр гарсан акт байгаа. Гэхдээ Э Б Э Э ХХКгэдэг газраас худалдсан авалттай холбоотой баримт дээр ямар нэгэн зөрчил илрээгүй нь үнэн. Хэрвээ илрүүлээгүй бол тухайн үед татварын улсын байцаагч маань эдний баримтад итгэл үзүүлсэн байж болно. Тэгээд үүнийг дахин тогтоохын тулд төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар оруулж шалгуулж болох юм. Цаад худалдан авалт хийсэн компани нь цагдаа, хуулийн байгууллагаар шалгагдаад НӨАТ-н хуурамч падаан үйлдсэн гэдэг нь нотлогдсон юм байна лээ. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэх эрхтэй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үгүйсгэх аргагүй. Манайхаас бол тодорхой мэдээллүүдийг явуулсан татварын ерөнхий газраас үнэхээр үнэн эсэхийг шалгаад нотлох баримтын үндсэн дээр зөвшөөрөх эсэх товчлуурыг даруулах хязгаарлалт хийх байсан гэж манай талаас үзэж байгаа. Нэхэмжилж байгаа 12.300,000 төгрөгийг манай төсвөөс гаргах боломжгүй. Учир нь улсын төсөвт орсон гэдгийг нотолсон байгаа. Х.Б ХХК 2021 оны 05 дугаар сард эцсийн байдлаар НӨАТ-н тайландаа засвар оруулсан байдаг. Энэ нь өмнө нь гаргаж байсан тайландаа ногдуулсан дүн нь 18.000,000 төгрөг, зөрчлийн улмаас ногдуулсан 12.000,000 төгрөгийг нэмж оруулж ирээд 29.895,000 төгрөгийн ногдол орсон. Тэр тайлангаа засварлаж оруулсан хугацаа нь 5 дугаар сарын 10-ны өдөр. Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна. Татварын удирдлагын нэгдсэн системийн хэрэглэгчийн эрхийн тохиргоо буюу хэрэглэгчийн системд өөрчлөлт оруулах, нэмэх, хасах, аливаа үйлдлийг таслан зогсоох эрх нь Татварын ерөнхий газарт байдаг. Татварын удирдлагын нэгдсэн системийн ашиглах журам байгаа. Энэ журмаар татварын улсын ахлах байцаагч бүх татварын улсын байцаагч нарыг хянах, шийдвэр цэсийг ажиллуулах, татварын улсын байцаагч нар бол чиглэл чиглэлээрээ тодорхой эрхтэй. Гэхдээ манай татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч нарт хэрэглэгчийн эрхийн тохиргоонд орж татвар төлөгчийн тайлан илгээх эрхийг хаах, хасах эрх байхгүй. Тэр эрх нь Татварын ерөнхий газарт байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаар Х.Б ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан илгээх эрхийг Татварын удирдлагын нэгдсэн системд хязгаарласан төрийн захиргааны байгууллагын журамласан шинжтэй үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тогтоож байж түүнээс үүдэлтэй захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах асуудал шийдвэрлэгдэхээр байна.

Хавтаст хэргийн материалд авагдсан Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Х.Б ХХК-д хүргүүлсэн 07/238 дугаар албан бичигт “Шалгалтын хүрээнд буюу Э Б Э Э ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын ногдлыг бууруулах зорилгоор нэр бүхий этгээдүүдэд цахим төлбөрийн баримтыг олгож, борлуулалтын орлогоо татварын тайланд тусгаагүй зөрчил гаргасан. Танай компани нь дээрх компаниас хийсэн худалдан авалтын бараа материалын гүйлгээг бодитой эсэхийг нотлох баримт ирүүлээгүй тул зөрчлийг таслан зогсоох зорилгоор тайлан илгээх эрхийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хязгаарласан болно ...татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж, татвараа үнэн тодорхойлж, тайлагнахаа илэрхийлсэн нөхцөлд холбогдох эрхийг нээхийг үүгээр мэдэгдье” гэсэн;

Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 07/2235 дугаар шүүхэд ирүүлсэн албан бичигт “Шалгалтын хүрээнд Х.Б ХХК-д борлуулалт хийсэн Э Б Э Э ХХКнь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдлыг бууруулах зорилгоор нэр бүхий этгээдүүдэд цахим төлбөрийн баримтыг олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд шалгуулахаар хүргүүлсэн.  Э Б Э Э ХХК-д холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар төсөвт төлөх татвараа бууруулсан байж болзошгүй Х.Б ХХК-ийн тайлан гаргах эрхийг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ба тус компани тайлангаа залруулж, төсвийг хохиролгүй болгосон тул 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тайлан илгээх эрхийг нээсэн болно” гэсэн;

 Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* дарга Н.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Э Б Э Э ХХК-иас НӨАТ-ын ногдлыг бууруулах зорилгоор нэр бүхий этгээдүүдэд цахим төлбөрийн баримтыг олгож, борлуулалтын орлогоо татварын тайланд тусгаагүй зөрчил гаргасан шалтгаанаар хуулийн байгууллагаар шалгагдаж байгаатай холбогдуулан Татварын ерөнхий газраас нэгдсэн арга хэмжээ авч татвар төлөгчийн тайлан гаргах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн нь Говь-Алтай аймгийн *******тэй хамааралгүй...” гэсэн;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна. Татварын удирдлагын нэгдсэн системийн хэрэглэгчийн эрхийн тохиргоо буюу хэрэглэгчийн системд өөрчлөлт оруулах, нэмэх, хасах, аливаа үйлдлийг таслан зогсоох эрх нь Татварын ерөнхий газарт байдаг ...нэгдсэн системийн ашиглах журам байгаа ...татварын улсын ахлах байцаагч бүх татварын улсын байцаагч нарыг хянах, шийдвэр цэсийг ажиллуулах, татварын улсын байцаагч нар бол чиглэл чиглэлээрээ тодорхой эрхтэй. Гэхдээ манай татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагч нарт хэрэглэгчийн эрхийн тохиргоонд орж татвар төлөгчийн тайлан илгээх эрхийг хаах, хасах эрх байхгүй. Тэр эрх нь Татварын ерөнхий газарт байдаг” гэсэн;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О: “Энэ асуудлыг би өөрөө мэдээгүй байж байгаад татвар төлөгчөөсөө мэдсэн. Нэг өдөр манай татвар төлөгч О.Д манай НӨАТ-н тайлан илгээгдэхгүй байна гэж ярьсан ...яг үйлдэл нь ерөнхий газрын эрсдэлийн удирдлагын газраас гаргасан үйлдэл ...би тухайн үед хариуцсан байцаагчийн хувьд дээшээ ярьдаг байсан. Та нарт хамаагүй, бид нартай тэр хүмүүсээ яриул гэдэг хариулт өгдөг байсан. Программыг бид нар ч мэдэхгүй. Шууд орох эрхийг нь хаасан байсан...” гэсэн тайлбаруудыг гаргасан байна.

 Татварын албаны эрсдэлийн удирдлага нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад татварын харилцаанд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, удирдах, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж зааснаар Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас санхүүгийн тайлан болон цахим төлбөрийн баримтыг хуурамчаар үйлдэж, татвар ногдох орлогоо бууруулсан, татварын ногдлыг шилжүүлсэн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нэр бүхий татвар төлөгчдийг шалгаж, зөрчлийг цаашид үргэлжлүүлэхээс сэргийлж, таслан зогсоох, арилгуулах арга хэмжээний хүрээнд Х.Б ХХК-ийн НӨАТ-ын тайлан гаргах эрхийг Татварын удирдлагын нэгдсэн системд хязгаарласан нь хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Х.Б ХХК-ийн НӨАТ-ын тайлан гаргах эрхийг Татварын удирдлагын нэгдсэн системд хязгаарласан журамласан үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн ******* хариуцах боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т  заасны дагуу Х.Б ХХК-иас 12.300,000 төгрөгийн НӨАТ-ын худалдан авалтын буцаалтыг төлүүлэхээр журмалсан шинжтэй захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Х.Б ХХК-д учруулсан 12.300,000 төгрөгийн хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд  гаргах нь зүйтэй байх тул хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т зааснаар тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Мөн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах” гэж зааснаар татвар төлөгч Х.Б ХХК-иас аймгийн *******т 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 02 дугаар, 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн 05 дугаар, Татварын ерөнхий газарт 2020 оны 01 дүгээр сарын 11-ний 03 дугаар албан бичигт  “Манай компаний 2016 онд Э Б Э Э ХХК-иас хийсэн худалдан авалтын НӨАТ-ын падаан зөрчилтэй гэх шалтгаанаар манай компаний НӨАТ-ын цахим тайлан илгээх боломжгүй шалтгаан нөхцөл үүсээд байна. Тус компанитай хоёр удаагийн худалдан авалт хийсэн ба холбогдох гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, зарлагын падаан гэх мэт анхан шатны баримтыг хавсаргав” гэх агуулга бүхий албан бичгийг хүргүүлж байсан.

Аймгийн Татварын хэлтсээс Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4-т “энэ хуулийн 21.1.1, 21.1.2, 21.1.3-т заасантай адилтгах бусад мэдээ, мэдээлэл, баримт гаргуулах”, 21.4-т “Татварын алба татвар төлөгчийн борлуулалт, худалдан авалт, ...үйл ажиллагаанд ашигласан үнэ, төлбөр, хураамж, гэрээ хэлцэл зэрэг мэдээ, мэдээлэл, баримтыг гаргуулахаар татвар төлөгч болон түүнтэй хамтран үйл ажиллагаа явуулсан гуравдагч этгээдээс шаардах эрхтэй” гэж зааснаар Х.Б ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Б-ы [email protected] хаягаар /Х.Б ХХК-ийн 05 дугаар албан бичиг, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 02 дугаар гэрээ, Барааг худалдах, худалдан авах 058 дугаар гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн баримт, зарлагын баримт/-ийг хүргүүлсэн, 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 01/187 дугаар албан бичгээр Х.Б ХХК-д гомдлын хариуг хүргүүлж байсан, Татварын ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07/2285 дугаар шүүхэд ирүүлсэн албан бичигт “Говь-Алтай аймгийн Татварын хэлтсээс Х.Б ХХК-тай холбогдох материалыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цахим шуудангаар ирүүлсэн” талаар албан бичиг ирүүлж хавсралтаар дээрх Х.Б ХХК-ийн 05 дугаар албан бичиг, Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 02 дугаар гэрээ, Барааг худалдах, худалдан авах 058 дугаар гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, төлбөрийн баримт, зарлагын баримт зэргийг ирүүлсэн байгаагаас үзэхэд аймгийн ******* татвар төлөгчийн гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй, холбогдох баримтыг явуулаагүйн улмаас тайлан илгээх эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүсгэсэн гэх эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 21.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 54 дүгээр зүйлийн 54.1.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн ******* татвар төлөгчийн гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй, холбогдох баримтыг явуулаагүйн улмаас тайлан илгээх эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүсгэсэн эс үйлдэхүй нь хууль болохыг тогтоох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х Б ХХК-иас 12.300,000 төгрөгийн НӨАТ-ын худалдан авалтын буцаалтыг төлүүлэхээр журамласан шинжтэй захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Х Б ХХК-д учруулсан 12.300,000 төгрөгийн хохирол гаргуулах шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛБАДРАХ