Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2207000000270 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ,, тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 621 дугаар зүйлийн 621.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

******* овогт *******гийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн, ны орчимд байрлуулсан автомашин дотор хохирогч Б.г “...эгчийнхээ дарамтлуулсан хариуг авна...” гэх шалтгаар түүний нүүр лүү олон удаа гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь “баруун 1-р шүд /11/, зүүн 1-р шүдний /21/ булгаралт, зүүн чихэнд цус хуралт, хүзүү, хоёр өгзгөнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрүүл маргаан өдөж, Б.гийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна.” гэв.

 

            Улсын яллагч шүүгдэгч Б.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 07 дахь тал),
  2. Гэрч Р.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),
  3. Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
  4. Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15406 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг болно.

           

Харин шүүгдэгч Б.******* нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн, ны орчимд байрлуулсан автомашин дотор, хохирогч Б.г “...эгчийнхээ дарамтлуулсан хариуг авна...” гэх шалтгаар түүний нүүр лүү олон удаа гараараа цохин халдаж, эрүүл мэндэд нь баруун 1-р шүд /11/, зүүн 1-р шүдний /21/ булгаралт, зүүн чихэнд цус хуралт, хүзүү, хоёр өгзгөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20-21 цагийн үед Налайх дүүргийн, ны гадаа нэг танилтайгаа тааралдаж 1 шил архи хувааж уусан. Тэгтэл , , гэх зүс таних 3 залуутай тааралдаад би тэр хэдийн сууж байсан машинд орж суусан. ...Юм яриад сууж байтал /*******/ гэнэт хэрүүл өдөж “Танай ах чинь манай эгчийг 20 жил дарамталсан, өнөөдөр би хариугаа авна” гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь би түүнд “чи наад асуудлаа надтай биш, манай ахтай өөртэй нь л ярь” гэсэн чинь ******* шууд өөрийнхөө сууж байсан урд талын суудлаас над руу эргэж хараад миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон. Тэгснээ үргэлжлүүлээд миний толгой тархи, нүүр лүү гараараа олон удаа цохисон. ...Миний үүдэн 2 шүд маань хугарсан, 2 шүдний маань нэг нь гүүрэлсэн хиймэл шүд байсан. Нөгөөх нь яг миний өөрийн төрөлх шүд байсан юм. Одоо энэ 2 шүд маань хоёулаа Б.*******д цохиулснаас болж хугарчихсан байгаа. ... болон гэх хоёр залуу зүгээр хараад сууж байсан, зөвхөн Б.******* л миний биед халдаж, намайг цохиж зодож гэмтэл учруулсан. Би гүүрэлсэн шүдээ 250.000 төгрөгөөр хийлгэж байсан, харин өөрийнхөө нөгөө унасан шүдийг дахиж хийлгэнэ гэвэл дор хаяж 1.800.000 төгрөг болж байна лээ, энэ шүднийхээ эмчилгээний хохирлыг л нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),

 

  • Гэрч Р.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр 08-ны өдөр манай хүү Б. “Б. нь Б.******* бид хоёртой уулзаад агсам тавилаа, яасан онгироо залуу вэ” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө ... 21 билүү 22 цагийн үед манай дүү Б.******* над руу утсаар ярьж “ахаа гараад ирээч, гадаа чинь байна” гэж дуудсан. ...Тэр машинд танихгүй залуу болон манай хамаатан Б. гэх залуу, Б.******* бид дөрөв 1 шил архи хувааж уусан. Тэгээд архиа уугаад сууж байтал Б. манай дүү Б.*******тэй ах дүүсийн хэрүүл маргааны асуудлаас болж хоорондоо муудалцаад эхэлсэн. Тэгтэл Б.******* уурандаа Б.гийн нүүр хэсэг рүү гараараа 1 билүү 2 удаа цохисон. Тэгсэн чинь Б. гараараа амаа дараад шууд машинаас буугаад яваад өгсөн. Явахдаа өмсөж байсан куртикээ машинд үлдээчихсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

 

  • Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны орой ... 22 цагийн үед Б. архи уусан бололтой согтчихсон, нүүр ам нь цус болчихсон гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би гайхаад түүнээс “чи чинь зүв зүгээр гэрээс гарч явчхаад яагаад ингээд ороод ирж байгаа юм бэ, юу болсон бэ” гэхэд “Төвд цагаан байрны тэнд Цагаанаагийн дүүд зодуулаад ийм болчихлоо” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг гэрээс авч гараад хаана зодуулсныг нь заалгахад Налайх дүүргийн, ны хажуугийн зогсоол дээр ирээд зогсоол дээр байсан цагаан өнгөтэй машин руу зааж “энэ Цагаанаагийн дүү Б.*******ийн машин байна, энэ машин дотор сууж байхад Б.******* намайг зодож цохисон” гэж хэлсэн. ...Тэгээд нөхрийгөө дагуулаад Налайхын эмнэлэг рүү очиж Б.г үзүүлэхэд 2 шүд нь уначихсан байна гэсэн. ...Б.гийн куртикний халааснаас юмнуудаа авах гээд луу буцаж очиход машин дотор Б.******* ганцаараа сууж байсан. ...Тухайн үед Б.*******тэй учир зүйгээ олохгүй баахан хэрүүл маргаан хийсээр байгаад харьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15406 дугаартай “...Б.гийн биед баруун 1-р шүд /11/, зүүн 1-р шүдний /21/ булгаралт, зүүн чихэнд цус хуралт, хүзүү, хоёр өгзгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-аар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...” гэх  дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч Б.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулах гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.гийн биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөг, шүүхийн шатанд 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болох нь мөнгө хүлээлцсэн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хохирогчийн биед үүдэн хоёр шүдний булгаралт гэмтэл учирсан байх тул хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 2.000.000 төгрөг төлсөн/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ