Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

 

 

2023           01            31                                   2023/ШЦТ/29

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Б.Мягмарбат нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мягмарбатад холбогдох эрүүгийн 2315000350022 дугаартай, 163/2023/0028/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэнЛхагвасүрэн овогт Болор-Эрдэнийн Мягмарбат, Булган аймгийн Булган суманд 2004 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг Хужирт 2в-3-8 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, ээж, эмээгийн хамт амьдардаг, 18 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ГЮ04281013.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Мягмарбат нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Тулга” төвийн урд байрлах төв зам дагуу засмал зам дээр хохирогч Б.Алтантуулыг ээж Б.Болор-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар нь хохирогч Алтантуулын эзэмшлийн 50-91 УАН улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн хойд багаажны гэрлийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000350022 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Мягмарбат нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Тулга” төвийн урд байрлах төв зам дагуу засмал зам дээр хохирогч Б.Алтантуулыг ээж Б.Болор-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар нь хохирогч Алтантуулын эзэмшлийн 50-91 УАН улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн хойд багаажны гэрлийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мягмарбатын өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв гэх мэдүүлэг

1. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Алтантуулын өгсөн: "...Болор-Эрдэнэ миний гарыг бариад авахаар нь машиных нь цонхыг гараараа түлхэхэд хаалгаа онгойлгоод хөлөөрөө миний хэвлий хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд бие биесийгээ гичий, янхан гэж хэрэлдээд байж байхад Болор-Эрдэнийн хүү Мягмарбат нь машинаасаа бууж ирээд над руу дайраад байж байснаа миний машины ард хэсэгт очоод гараараа багаажны гэрлийг хагалсан.... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,

2.Гэрч С.Болор-Эрдэнийн өгсөн: “... Миний хүү Мягмарбат нь намайг өмөөрөөд мөн өөрийнх нь машиныг цохиод хэл амаар доромжлоод байсан учраас Алтантуулын машины багаажны гэрлийг хагалчихсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

3. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 1991 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Тоёота Сай” загварын 50-91 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлын үнэлгээг нийт 865.000 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

4. Шүүгдэгч Б.Мягмарбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “... Та боль гэж хэлсэн чинь чи дуугай бай муу эргүү бацаан эх шигээ адилхан нахаал яриатай юм гэж хэлээд манай машиныг цохиод өшиглөөд байхаар нь би бууж очоод яагаад байгаа юм бэ, дахиад манай машиныг цохиод үзээрэй гэсэн чинь чиний ямбий сэгийг өшиглөхөд яадаг юм бэ гэж хэлснээ дахиад машиныг маань өшиглөхөөр нь би таны машиныг тэгвэл адилхан цохино гэж хэлээд машиных нь арын багаажийн гэрлийг цохисон чинь хагарчихсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийг үнэлсэн үнэлгээ,  шүүгдэгч Б.Мягмарбатын  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Б.Мягмарбат нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “Тулга” төвийн урд байрлах төв зам дагуу засмал зам дээр хохирогч Б.Алтантуулыг ээж Б.Болор-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар нь хохирогч Алтантуулын эзэмшлийн 50-91 УАН улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн хойд багажны гэрлийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Алтантуул, гэрч С.Болор-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мягмарбатын үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Мягмарбатын үйлдэл идэвхтэй, чулууг машин руу шидэж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Мягмарбатын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгаж гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж дүгнэсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мягмарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Мягмарбатын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Алтантуулын эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нь “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Б.Мягмарбат нь уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн данс руу шилжүүлсэн гэх Хаан банкны орлогын шилжүүлэгийн баримт /хавтаст хэргийн 71 дэх тал/-аар тогтоогдож байна.

Иймд Б.Мягмарбатыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Мягмарбатыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мягмарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мягмарбатын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Мягмарбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдаггүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 61-66 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтаар ам бүл 2, ээж, эмээгийн хамт Булган сумын 2 дугаар баг Хужирт 2в-3-8 тоотод амьдардаг, оюутан, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Мягмарбат нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Мягмарбатын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Мягмарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Мягмарбат нь цагдан хоригдоогүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Батхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лхагвасүрэн овогт Болор-Эрдэнийн Мягмарбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мягмарбатыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Булган аймгийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Мягмарбат нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Мягмарбат нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ