Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 112/ШШ2021/0043

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Амарзаяа, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ч.Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ******* аймгийн *******, ******* аймгийн Орон нутгийн өмчийн газар, ******* аймгийн ******* сумын ******* нарт холбогдох  ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай" 6/4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, ******* аймгийн ******* 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан "******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ"-г хүчингүй болгуулах, ******* аймгийн ******* сумын ******* болон Ч.Ө ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦХО-01 тоот гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоох, уг гэрээний дагуу Ч.Ө ХХК-иар ******* аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгах мөн ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын ЭЦХО-01 гэрээг хүчингүй болгох тухай А/09 захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Б.М Ц.С, хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Э, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагч Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.И, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ү.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч-Ө” ХХК нь хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх  хянан шийдвэрлэх хүртэл уг захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүулэх тухай хүсэлт гаргасантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан билээ.

          Одоо тус шүүхэд нэхэмжлэгч  Ч.Ө ХХК-ийн гаргасан “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн    аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай 6/4 тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын  02-ны өдөр баталсан “******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах тухай гэрээг тус тус хүчингүй болгуулах, “Ч.Ө ХХК болон ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байсан болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэрэг хянагдаж байна.

          Харин ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн  2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Хэрэг нэгтгэх тухай 77 дугаар захирамжаар Ч.Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын *******д холбогдох  ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 дугаар гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг  Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа дээрх шаардлага бүхий захиргааны хэрэгтэй нэгтгэсэн байна. Иймд нэхэмжлэгч Ч.Ө ХХК нь захиргааны хэргүүдийг нэгтгэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, нэмэгдүүлж байна.

          ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай’: 6/4 тогтоолыг хүчингүй болгуулах, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах тухай” гэрээ”- г хүчингүй болгуулах,  “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарь - 12-ны өдрийн “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай” А/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,

        Ч.Ө ХХК болон ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр "Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Ч.Ө ХХК-иар ******* аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг  явуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгах тухай” гэж өөрчлөн тодруулж, нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ч.Ө ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦХО-01 тоот сумын уурын зуухны гэрээг сумын *******тай байгуулсан. Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтад тэнцээд анх энэхүү гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 1.1-д нутгийн захиргааны байгууллага хувийн хэвшлийн байгууллагын хооронд урт хугацааны хамтын харилцан үйл ажиллагааг хангахад энэхүү гэрээний ач холбогдол оршино гэж заасан байгаа. Гэрээний 2.2-т хөрөнгө оруулагч талын халаалтын уурын зуухны барилга барих 15 жилийн хугацаатай эзэмшүүлж үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангасан байхаар тооцож газар олголтыг хуулийн хүрээнд шийдэж өгнө. Барилга барих талбайн нүүрс барих, нөөцлөх, дулаан үйлдвэрлэлийн болон хураах эмхлэх талбай зэргийг ... гэж энэхүү гэрээнд заасан. Энэхүү гэрээний дагуу сумын *******ас 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаартай захирамжаар улсын бүртгэлийн 000307317 дугаартай гэрчилгээгээр нэхэмжлэгч Ч.Ө ХХК-д 0.09 га газрыг уурын зуухны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 064582017/00032 дугаартай газар эзэмшүүлэх эрхийн гэрээг байгуулснаар энэхүү үйл ажиллагаа явагдсан байгаа. Хөрөнгө оруулалтын төсөл сонгон шалгаруулалтаар тэнцээд гэрээнд заасан журмын дагуу нэхэмжлэгч Ч.Ө ХХК нь тухайн ******* аймгийн ******* сумын төрийн захиргаа түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгдсэн дулаанаар хангах халаалтын зуухны барилгыг барих, зуухыг нэгдсэн транс шугамд холбох, дулааны хэвийн үйл ажиллагааг хангах, уурын зуухыг Засаг даргын тамгын газраас тавьсан ажлын шаардлагын дагуу барих, тоног төхөөрөмж түүний угсралтыг хангах ажлыг хөрөнгө оруулагч тал өөрийн хөрөнгөөр гүйцэтгээд цаашид ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хариуцах ажлын хөрөнгө оруулалтын төслийг хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний үүргийг нэхэмжлэгч Ч.Ө ХХК биелүүлсэн байгаа. Гэтэл ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 дугаартай тогтоолоор тухайн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр үнэ төлбөргүй ашиглуулна гэж гэрээний 2.3-т заасан заалтыг зөрчиж нэхэмжлэгч талаас хамгийн багадаа 15 жил гэж үзэж байгаа урт хугацааны гэрээг зөрчөөд төсөл сонгон шалгаруулах тендер нэрээр М Г ХХК-д тухайн шугамыг олгосноор манай Ч.Ө ХХК нь цаашид үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон.

Ийм учраас нэхэмжлэл гаргаж өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар шүүхэд хандсан байгаа. 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн *******  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай" 6/4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хувьчлах хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталсугай гэсэн байгаа. Хавсралтаар батлахдаа Ч.Ө ХХК-ийн ашиглаж байсан ******* сумын уурын зуухыг хувьчлах талаар баталсан байгаа. Гэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1А/02 тоот ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол ирсний дагуу энэхүү худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна гэж тайлбарладаг. Гэтэл ******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  А/02 тоот тогтоолоор ямар ч тооцоо судалгаа гаргаагүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн  тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.3 дахь хэсэгт заасан байгаа. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тооцоо судалгаа гаргаагүй, энэ талаар хуралдаагүй хурлын тэмдэглэл байдаггүй. Дараа нь шүүхээс шаардахад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлийг гаргаж өгдөг. Ийм зөрүүтэй үйл ажиллагаа явуулсан байгаа. Хоёрдугаарт үндэслэлийн тухайд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуралдахдаа мөн тооцоо судалгаа авахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүнийгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр Орон нутгийн өмчийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт ... гэсэн хуулийн заалт байгаа. Гэтэл ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 6/4 тогтоол гаргахдаа төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй байдаг. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 заалтыг зөрчсөн байна. Шүүхээс орон өмчийн газартай зөвшилцсөн талаар баримтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шаардсан байдаг. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрийн өмчийн хороонд хүсэлт гаргаад төрийн өмчийн хорооноос 05 дугаар сарын 26-ны өдөр албан бичгээр хариу өгсөн байдаг. Тэгэхээр энэ хариуг зөвшилцсөн гэж үзэхгүй. Учир нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ тогтоолыг гаргахаас өмнө төрийн өмчийн хороотой энэ асуудлыг зөвшилцөж байж энэ асуудлыг шийдвэрлэх байсан учраас энэ хуулийн заалтыг зөрчсөн. Ийм учраас энэ тогтоол үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гуравдугаарт: Сонсох ажиллагаа хийгдээгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 тоот тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг захиргааны байгууллага хийх ёстой. Энэ ажиллагааг хийсэн гэж маргадаг. Хийсэн гэж маргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 43.2-т зааснаар сонсох ажиллагаа хийсэн талаар захиргааны байгууллага өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ мөн нотолж чаддаггүй. 6/4 тоот тогтоолыг нэхэмжлэгч тал 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичгээр мэдсэн байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/52 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн байна. Тэгэхээр энэ баримтаар нотлогдоно. Эрчим хүчний тухай хуулийн 14.4 дэх хэсэгт “эрчим хүч дамжуулах шугам дэд хэсэг нь төрийн өмчлөлд байна” гэж заасан байгаа. Тэгэхээр ******* сумын халаалтын шугам нь төрийн өмчлөлд байхаар байхад ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлээд энэ хуулийг зөрчөөд хувьчлах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймээс ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай" 6/4 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан "******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ"-г байгуулсан. Энэ гэрээг байгуулснаас шалтгаалаад манай Ч.Ө ХХК нь үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Энэ гэрээг байгуулсны дараа ******* аймгийн ******* сумын ******* 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/01 дугаартай албан бичгээр Ч.Ө ХХК-тай байгуулсан цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг аймгийн орон нутгийн өмчийн газрын шийдвэр гарч хувьчлагдсан тул 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тасалбар болгон мэдэгдье гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Ийм учраас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод шүүхэд нэхэмжлэл гаргасан. 6/4 тоот тогтоолын дагуу энэхүү гэрээ баталгаажиж М Г ХХК-тай гэрээ байгуулсан учир бидний эрх ашиг зөрчигдөж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн менежментээр хувьчлах гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Ч.Ө ХХК гаргах эрхтэй. Гуравдагч этгээд М Г ХХК нь ямар ч дулааны эх үүсвэргүй шугам худалдаж авсан компанитай төрийн байгууллагууд гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулсан гэж байгаа. Яаж үйл ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй байхад гэрээ байгуулаад хүчээр ийм асуудлыг шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт халдсан ажиллагаа болсон.

Ийм учраас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан "******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ"-г хүчингүй болгох үндэслэлтэй байна. Дараагийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/09 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ захиргааны акт нь ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дугаартай шүүгчийн захирамж, ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/16 тоот дугаартай мэдэгдэл хүргүүлэх албан шаардлагыг тус тус баримтлаад ******* аймгийн ******* сумын ******* болон “Ч Ө”ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦХО-01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаа. ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дугаартай шүүгчийн захирамжийг харахад нэхэмжлэгч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* аймгийн ******* сумын *******д холбогдуулан маргаж байгаа шугам сүлжээг эзэмшиж байгаа Ч.Ө ХХК-тай байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦХО-01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Хариуцагч тал 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд 76 дугаартай захирамжаар ******* аймгийн ******* сумын *******тай манай компанийн байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦХО-01 тоот гэрээг хүчингүй болгосон байдаг. Үүнийг хариуцагчийн зөвшөөрлийг батлаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдээд А09 дугаартай захирамж гарсан нь үндэслэлгүй. Учир нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай захирамжийн үндэслэлийн талаар Ч.Ө ХХК ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад хянагдаж байсан.

 Гэтэл ******* аймгийн ******* сумын *******ас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд 03 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү үйл баримтаар ******* сумын ******* хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр 76 дугаар захирамжийг хүчингүй болгосон хариуцагчийн зөвшөөрлийг баталсан 854 дугаартай захирамжаар гүйцэтгэх хуудас бичигдэх үндэслэл байхгүй байхад 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* сумын *******ас А/09 тоот захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү захирамжийг хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* нь нэхэмжлэгч Ч.Ө ХХК-д мэдэгдээгүй. Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байгаа. Дөрөвдүгээрт: 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр болохыг тогтоолгож Ч.Ө ХХК-ийн үйл ажиллагааг цаашид явуулахыг хариуцагч ******* аймгийн ******* сумын *******д даалгах нэхэмжлэлийн шаардлага байгаа. Нэхэмжлэгч талаас уг гэрээг хүчин төгөлдөр байгаа гэж үздэг. Гэтэл хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хүчингүй болгож байгаа. Энэ нь нэг талын санаачилгаар хүчингүй болгуулах асуудал биш. Учир нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулахдаа өөрийнхөө хөрөнгөөр сонгон шалгаруулалтаар барьж гүйцэтгээд энэхүү гэрээний дагуу тухайн ******* сумын эзэмшлийн халаалтын шугамыг орон нутгийн хөгжлийн сангаар хийсэн инженерийн шугам сүлжээг хөрөнгө оруулагч тал үнэ төлбөргүй ашиглана гэж гэрээнд заасан учир урт хугацааны туршид буюу хамгийн багадаа 15 жилийн хугацаанд Ч.Ө ХХК ашиглах боломжтой байсан. Энэ компанийн асуудлыг шийдвэрлээгүй байж удаа дараа ийм захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Янз бүрийн захирамж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг удаа дараа зөрчиж байгаа. Тэгэхээр энэ гэрээ хүчингүй болсон биш хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээ юм. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг ******* сумын ******* 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Үүний дагуу Ч.Ө ХХК нь ******* сумын *******тай ЭЦХО-01 дугаартай гэрээг байгуулсан байгаа. ******* сумын нутаг дэвсгэрт 200 сая төгрөгийн өөрийнхөө хөрөнгөөр уурын зуух барьсан байхад яаж хохирол учраагүй гэж хэлж чадаж байна. Мөн гэрээний 1.2-т зааснаар урт хугацааны гэрээ байгаа. Гэрээний 2.2-т хамгийн багадаа 15 жилийн хугацаатай гэрээ гэж зааж өгсөн байдаг. Урт хугацааны болон дунд хугацааны гэдгийг хууль дүрэм журмын дагуу зааж өгсөн байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, ихэсгэх, багасгах, хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхийг хуульд зааж өгсөн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Энэ нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн асуудал байгаа. Ийм байхад заль хэрэглэсэн гэх зүйл ярьж болохгүй байх. Тооцоо судалгаа лавлагааг хавсаргаагүй. Тооцоо судалгаа лавлагааг үнэлгээний хорооны тайланг тооцоо судалгаа гэж тайлбарлаад байх шиг байна.

Тэр бол тооцоо судалгаа лавлагаа биш. Учир нь Ч.Ө ХХК-ийн асуудлыг шийдвэрлэж байж энэ тогтоолыг гаргах ёстой. Ямар ч тооцоо судалгаа байхгүй учир ийм асуудал үүсч байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ нь Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 дугаар тоот тогтоолын дагуу зарласан уралдаанд М Г ХХК ялсан болно гээд энэ гэрээг байгуулсан байгаа. Тэгэхээр энэ гэрээг аймгийн *******, Орон нутгийн өмчийн газрын дарга, ******* сумын ******* байгуулсан учраас хариуцагчаар татсан байгаа. Мөн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн тохиолдолд тогтоол гарах ёстой. Гэтэл яагаад тооцоо судалгаа гарахгүй байгаа юм. Нэхэмжлэгч тал хохироод байна. Нэхэмжлэгч талтай ийм гэрээ байгуулаад байгаа хүмүүсийг юу гэж хэлэх вэ, энэ бол жижиг суудал биш. Нэлээд том асуудал гэж бодож байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэж ярьж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ******* сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаартай захирамж гарсан.

Уг захирамжаар 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ЭЦХО-01 тоот гэрээг хүчингүй болгосон. Хүчингүй болгоод ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дугаартай захирамжаар тухайн 76 дугаартай захирамжийг баталсан захирамж байсныг бид нар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр гомдол гаргаад явж байх хугацаанд эдний төлөөлөгч тайлбарлаж байсан. Тэгээд 76 дугаар захирамж дээр маргах ёстой гээд ******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ захирамжийг хянуулахаар нэхэмжлэл гаргасан. ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 тоот захирамжийг хууль бус гэж үзэж байна гэхээр энэ захирамжийн асуудлаар Баярцэнгэл шүүгчийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн сахилгын хороонд өгсөн байгаа. Гомдлыг одоо болтол шийдвэрлээгүй байгаа. Нэхэмжлэгч нь ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хариуцагч нь ******* аймгийн ******* сумын ******* байгаа.

 Нэхэмжлэлийн шаардлага нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦХО-01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. ******* сумын ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гээд хүсэлт өгсөн. Хүсэлтийг нь ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0003 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/09 дугаартай захирамж гарсан. Энэ захирамжаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын Ч.Ө ХХК-тай байгуулсан гэрээг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хүчингүй болгосон үндэслэл нь ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дугаартай шүүгчийн захирамж, ******* аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/16 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг үндэслээд А/09 дугаартай захирамжийг гаргасан байгаа. 854 дугаартай захирамжаар 76 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрснийг баталсан болохоос биш дахиад захирамж гарга гэсэн асуудал байхгүй байхад албан тушаалтнуудын хуйвалдаан гэж харж байгаа. Ингэж нэхэмжлэгчийг удаа дараа битгий хохироогоод бай. Ийм учраас хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь хүчингүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* сумын ******* болон Ч.Ө ХХК-ийн хооронд байгуулсан ЭЦХО-01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох уг гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн маргаан, иргэний хэргийн шүүхийн маргаан биш гэдэг нь Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 117 дугаартай тогтоолоор буцаасан байгаа. Ийм учраас гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  05 дугаар сарын 14-ний өдрийн хуралд суусан гэдэг зүйлийг ярьж байна. Тухайн хуралд нь суугаагүй байгаа. Тухайн хурал дээр аймгийн шугам сүлжээг хувьчлах талаар асуудал хэлэлцэгдээгүй. Хөндлөнгийн сэдэв болж яригдаад гарсан. Энэ талаар хурлын хэлэлцэх асуудлын дараалал дээр байгаа байх. 2017 оны 01 дүгээр сарын 02-нд гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын бичиг байдаг. Хурлыг хуралдуулаагүй, дарга нь өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлж бичиг явуулсан гэж үзэж байгаа. Мэдэгдэл явуулах болсон шалтгаан гэдэг нь манайх үйл ажиллагаагаа явуулж байхад 2018 оны 01 дүгээр сард манайх дулаанаа өгч байхад төлбөр тооцоо нь манайх руу биш М Г ХХК руу орсон. Мөнгөө авъя гэхээр ******* энэ компани руу хий гэж хэлсэн гээд одоог хүртэл өгөөгүй байгаа.  Төлбөр тооцоо нь орж ирэхгүй байсан учир аргагүйн эрхэнд үйл ажиллагаагаа зогсоосон байгаа.

Үнэ төлбөргүй ашиглуулсан гэж байна. Тэр нь монгол орон даяар байгаа шугам сүлжээний асуудал. Шугам сүлжээ нь төрийн өмчид хэвээр байгаа. Зуухыг нь хувьчилсан. Шугам сүлжээ яагаад төрийн өмчид байгаа юм гэхээр шугам сүлжээ нь хувийн компанид очлоо гэхэд айл өрхүүдэд дулаан өгөх эсэх асуудал нь үзэмжийн асуудал болж байгаа. Төрийн өмчлөлд байхаар эрх үүргийнхээ дагуу гэрээ байгуулсан учир иргэдийг холбоход дургүйцэх шаардлага байхгүй. Төрийн байгууллагууд татаас хэлбэрээр төлбөр тооцоогоо хийдэг. 2 жил гаруй хугацаанд би зарим байгууллагаас халаалтын төлбөр авдаггүй байсан. Засвар үйлчилгээг тухай бүр нь хийгээд явсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шийдвэр гаргахдаа 77.2.3-ыг үндэслэж шийдвэр гаргасан. 77.2.3-д төрийн өмчийн хороотой зөвшилцөж гаргана гэж заасан байгаа. 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 тогтоолыг гаргахдаа 77.2.3-ыг үндэслэсэн боловч төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй шийдвэр гаргасан. Шүүхээр маргаж байх хугацаанд 2018 онд нөхөж авсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэр гаргахдаа зуух бариад ашиглаж байгаа юм байна. Энэ хоёрын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар судлах байсан юм болов уу. Захиргааны акт гаргахдаа манайд мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй учир сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байгаа. Ц.И дарга тайлбартаа 2 ерөнхий шаардлагаар хувьчилж авдаг гэж байна. Эдний зарласан төсөл сонгон шалгаруулалтаар төрийн өмчит хуулийн этгээдийг. Гуравдагч этгээдийн зүгээс гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг зүйлийг ярьж байна. Дээд шүүхээс захиргааны хэрэг мөн байна. Үүн дээр үнэлэлт өг гэж  хэлээд буцсан. Иргэний хэргийн шүүхийн тогтоолын тухайд ******* сумын ******* төрийг төлөөлж байгаа. Төрийг төлөөлж гэрээ байгуулсан байхад иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх үндэслэл байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээг аймгийн ******* баталснаараа хариуцагчаар татагдаад байгаа. Аймгийн өмчийн харилцааны газар яагаад хариуцагчаар татагдаж байгаа юм гэхээр ******* сумын *******, М Г ХХК, Өмчийн харилцааны газар нь гуравласан гэрээ байгуулаад батлуулснаар өмчийн харилцааны газар хариуцагчаар татагдаж байгаа гэв.

 

Хариуцагч ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ч.Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүхийн ажиллагаа 4 жилдээ маргалдаад явж байна. Үндэслэлгүй, хуульд нийцээгүй ажиллагаа хийснээс үүдэлтэй зүйлийг ярьдаг. Аймгийн *******тай холбоотой гэрээн дээр яригддаг. Сонгон шалгаруулалттай холбоотой нэг ч асуудлыг нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй. Тэгэхээр сонгон шалгаруулалт нь хүчин төгөлдөр болсон. Сонгон шалгаруулалт үр дүнтэй явагдаад сонгон шалгаруулалтын шаардлагыг хангасан М Г ХХК-ийг орон нутгийн өмчийн газрын албан бичгээр аймгийн *******д мэдэгдэл ирүүлсэн байдаг. Үүнийг үндэслээд гэрээ байгуулсан байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан "******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ"-г хийсэн байдаг.

Сонгон шалгаруулалтыг хууль бус гэж маргаагүй байж ямар үндэслэлээр тухайн гэрээг хүчингүй болгох гэж байгаа нь тодорхойгүй. 2018 онд ******* аймгийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр энэ асуудал яригдаагүй. Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр энэ асуудлыг шүүх шийдвэрлэж чадаагүй. 4 жилийн хугацаанд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 3 дахь шүүх дээр ирж байгаа. 3 шатны шүүхээр явсан. Одоо 6 дахь шүүхийн шийдвэр гарах гэж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр үндэслэлгүй хууль бус асуудлыг яриад 4 жил явж байгаад харамсалтай байна. Бид нар төрийн албан хаагч, шийдвэр гаргаж байгаа шүүх бүрэлдэхүүн мөн төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа. Өнөөдөр 8 цагийн ажлаа орхиод ийм асуудлаар явж байгаадаа үнэхээр харамсалтай байна. Бид нарын томилолт зардлыг төрөөс төлж байгаа. Төр тоглоом юм уу нэг аж ахуйн нэгжийн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаад бид нарын хэлэлцэж байгаа асуудал үндэслэлгүй хууль бус ийм нэхэмжлэл гаргаад жижиг зүйл яриад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж багасгаад хууль бус зүйл хийгээд явж байгаа. Ч.Ө ХХК нь үнэхээр харамсалтай байгаад байна. Нэхэмжлэлийн шаардлага гэрээтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй гэж үзэж байгаа. Гэрээтэй холбоотой нийтлэг зүйл гэдэг нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоол байгаа. Энэ тогтоол дэр М Г ХХК-тай холбоотой асуудал дурдаагүй учир бид гэрээг үндэслэх ямар ч боломж байхгүй. *******д хувьчлал зохион байгуулсан тухай ажлын тайланг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанд танилцуулахыг аймгийн *******д даалгаад төсөл сонгон шалгаруулалтыг орон нутгийн өмчийн газарт даалгасан. Үүний хүрээнд төсөл сонгон шалгаруулалт явсны дараагаар энэ гэрээ байгуулагдсан. Төсөл сонгон шалгаруулалтыг үндэслэж энэ гэрээ байгуулагдсан. Нийтлэг зүйл гэдэг нь өөрөө танилцуулга байгаа. Энэ гэрээг яагаад байгуулах болсон шалтгаан байгаа. Хууль зүйн үндэслэл нь сонгон шалгаруулалтыг үндэслэхээр байгаа гэв.

 

            Хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудлаар 4 дэх жилдээ шүүхээр явж байна. Маш удаан хугацаанд хэд хэдэн аймаг дамжин явж байна. Төрийн байгууллагууд хууль ёсны хүрээнд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрүүдээ гаргасан. Энэ компанид ямар ч хохирол учирсан зүйл байхгүй. ******* сум дээр байгуулагдсан шугам сүлжээ нь 200 сая төгрөгөөр орон нутаг хөгжүүлэх сангаас хийгдсэн төрийн өмч байгаа. Эднийх шугам сүлжээн дээр хувьдаа газар авсан. Газрыг газрын албанаас олгохдоо хамгийн бага хугацаа нь 15 жилээр эзэмшүүлдэг. Тэрийг гэрээг 15 жилээр олгосон гэж мушгиж тайлбарлаж байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж хурлын шийдвэрээр хувьчлах хөрөнгийн жагсаалтыг баталж гаргадаг бүрэн эрхтэй. Энэ хурлын бүрэн эрхийн хүрээнд тогтоолыг хэлэлцэж ******* сумын 1,8 километрийн урттай хос шугам сүлжээг хувьчилъя гэсэн сумын саналыг сонсоод үүний дагуу хувьчлах тогтоолыг гаргаж батлуулсан. Тогтоолын талаар Ч.Ө ХХК-д хэд хэдэн удаа мэдэгдсэн. Гэтэл юу ч мэдээгүй гэдэг байдлаар залилан шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа илт хууль бус гэж хөөн хэлэлцэх хугацааг тооцуулахгүйгээр нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгүүлээд дараа нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөд байгаа. Хуульд байгаа залийг хэрэглэж байна.

         Эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоолыг гаргасан. Тогтоолтой холбоотойгоор тооцоо судалгаа байхгүй гэж байна. Орон нутгийн процесс яаж явагддагийг мэдэхгүй байна. Тооцоо судалгаа үнэлгээ хийлгэж байгаа. Үнэлгээг үнэлгээний компаниар хийлгээд 193 сая төгрөг байна гээд материал нь хавтаст хэрэгт бүтнээрээ байгаа. Тогтоолыг хувьчлахаас өмнө заавал төрийн эмчийн хороотой санал солилцоно гэж байна. Төрийн өмчийн хорооны дарга руу тогтоолтой холбоотой албан бичиг хүргүүлсэн. 193 сая төгрөг үлдэх өртгөө хасаад 183 сая төгрөг, төрийн өмч хөрөнгийг 350 сая төгрөгөөр худалдан борлуулжээ. Энэ нь төрийн өмчийг зөв зохистой ашиглаж, төрийг хохироогоогүй байгаа тул дуудлага худалдааг дэмжиж байна гэдэг саналаа илэрхийлсэн байдаг. Энэ нь төрийн өмчийн хорооноос гаргаж байгаа шийдвэр юм. Сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг зүйлийг хэлж байна. Сонсох ажиллагааг бүх талаар хийсэн.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.М нь ******* сумын хурлын төлөөлөгч. Хувьчлах талаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн. ******* сум дээр Ч.Ө ХХК үйл ажиллагаа явуулдаггүй. Тусгай зөвшөөрөлгүйгээр, эрчим хүч явуулах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь асар том хууль зөрчсөн үйл ажиллагаа. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 3.14.3, 3.14.4 дэх заалтыг ярьж байна. Дамжуулах шугам сүлжээ гэж юуг хэлэх вэ? Түгээх шугам сүлжээ гэж юуг хэлэх вэ гэдэг талаар тодорхой заалт нь байгаа. Дамжуулах шугам сүлжээний 1 дүгээр хэлхээ нь төрийн өмч болохоос 2 дугаар хэлхээ нь төрийн өмч биш. Эх үүсвэргүй гэж яриад байгаа. 02 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл өгөөд халаах боломжгүй гэж мэдэгдэл өгсөн байгаа. 350 сая төгрөгөөр худалдаад авсан аж ахуй нэгж нь эх үүсвэрийг аваад ашиглалтад оруулаад хэвийн ажиллагааг хангаад  ажилласан байгаа. Тогтоол хүчингүй болох үндэслэл байхгүй. Хуульд төрийн өмчийг 2 аргаар зохицуулах ёстой. Түрээслэх, худалдахаар байгаа. Хаана ч үнэ төлбөргүй ашиглуулна гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Гэрээг байгуулахдаа ******* сумын ******* эрх мэдлээ хэтрүүлэн аймгийн иргэдийн хурал, төрийн өмчийн газар мэдэгдэхгүйгээр гэрээ байгуулан төрийн өмчийг үнэ төлбөргүйгээр иргэнд 2 жил гаруй ашиглуулсан. Энэ нь залилангийн Авлигатай тэмцэх газар  өгөхөөр хэрэг байгаа. Ийм учраас тэд нар хоорондоо хуйвалдсан ч байх магадлалтай. Ийм учраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ******* сумын *******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гомдол гаргасантай холбоотой ******* сумын Засаг даргыг дуудаж ирүүлээд ******* сумын ******* өөрийн буруугаа, эрх мэдлээ хэтрүүлснээ хүлээн зөвшөөрөөд иргэний хэргийн шүүхээр хүчин төгөлдөр бус гэрээ гэдгийг шийдвэр гарсан. Тендер сонгон шалгаруулалтын үр дүнгээр байгуулагдсан гэрээг хүчингүй болгуулах гэсэн. Өнөөдөр сонгон шалгаруулалт хууль зөрчөөгүй. Сонгон шалгаруулалт хууль ёсны болоод эдний компанийг оролцооч гэдэг байдлаар хоёр удаа мэдэгдсэн.

          Тендер сонгон шалгаруулах комисс шалгаруулаад тухайн аж ахуй нэгж нь сонгон шалгараад төрд 350 сая төгрөг тушаагаад эрхээ аваад гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа. Гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр явж байгаа. Үүнийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Ч.Ө ХХК-ийн гэрээ хүчингүй байхад яагаад гэрээг буцаалгаж үйл ажиллагаа  явуулах гэж байгааг ойлгохгүй байна. Маш олон зүйл хавтаст хэрэгт байгаа. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулаад болдог. Төрийн өмчийг хувьдаа үнэ төлбөргүй ашиглах гэсэн зарчимгүй үйлдэл байж болохгүй. Төрийн өмчийг үнэ төлбөргүйгээр ашиглах гэсэн зүйл байж болохгүй. Хуульд түрээслэх, худалдах гэсэн арга зам л байгаа. 2, 3 жил ямар ч төлбөргүйгээр бусдаас давуу эрхтэй байдаг. Сонгон шалгаруулалтыг зарлаад мэдэгдэхэд орохгүй гэж мэдэгдсэн байдаг. Ийм ийм зүйлүүд байгаа учир бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:№ Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6/4 тоот тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан байгаа. Үүнтэй холбоотойгоор хувьчлах хөрөнгийн жагсаалтыг хуралдаан болохоос өмнө тараасан байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хуралдаанаар хэлэлцэх асуудлыг эхэлж хэлэлцэж байж дараа нь хурлаар оролцуулдаг. Ийм учраас шууд оролцуулсан гэсэн зүйл байхгүй. Мөн тооцоо судалгаагүй гэдэг асуудлыг ярьдаг. Үүн дээр үнэлгээний компаниар тооцоо судалгаа хийлгэсэн байгаа. Хувьчлах хөрөнгийн жагсаалтыг батлахдаа төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй гэдэг зүйлийг ярьдаг. Төрийн өмчийн газраас албан бичиг явуулаад үр ашигтай захиран зарцуулж байгаа учир дэмжиж байна гэсэн тайлбарыг ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т төрийн өмчийн хороо эргээд хүчингүй болгохоор байгаа. Тэгэхээр төрийн өмчийн хороо өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Мэдэгдээгүй гэдэг асуудлыг ярьдаг Үүн дээр 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 434 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байдаг. Мөн Т Б-Ө ХХК-ийн захирал М, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн хуралдаанаар хэлэлцэхэд байлцсан байдаг. Ийм учраас мэдэгдсэн байгаа. Орон нутгийн өмчийн газраас Ч.Ө ХХК-ийн захирал Бандид утсаар мэдэгдсэн байгаа. ЭЦХО-01 тоот гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох гэсэн. ******* сумын ******* өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн гэрээ байгуулсан байсан. Үүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад ******* аймгийн ******* сумын ******* өөрөө хүлээн зөвшөөрөөд иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэсэн байгаа. ******* сумын ******* 09 дугаар захирамжийг гаргасан. Энэ захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 3.1.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байгаа. ******* сумын Засаг даргын 09 дугаар захирамжийг захиргааны хэргийн шүүх хүлээж авч шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж байна. Ийм учраас сумын хөрөнгө оруулалтын ЭЦХО-01 тоот гэрээ бүхэлдээ хүчингүй болсон. Эхнээсээ хууль зөрчиж хийгдсэн ажиллагаа учир “Чулуун Өргөө”ХХК-д орон нутгийн өмчийн хөрөнгийг хувьчлах талаар мэдэгдэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Иймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 тоот тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй, ******* сумын Засаг даргын ЭЦХО -01 тоот гэрээ бүхэлдээ хүчингүй болсон гэж үзэж байгаа гэв.

 

Хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/16 тоот албан бичгээр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2019/00854 дугаар шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар ******* аймгийн ******* сумын ******* Ц.Т болон Ч.Ө ХХК-ний захирал Ү.Б нарын хооронд байгуулсан Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын ЭЦ-ХО-01 дугаар гэрээг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ******* аймгийн ******* сумын ******* Ц.Т болон Ч.Ө ХХК-ний захирал Ү.Б нарын хооронд байгуулсан Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 дугаар гэрээг бүхэлд нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ны дотор хүчингүй болгож, хүчингүй болгосон баримтыг тус газарт мөн хугацаанд ирүүлэхийг мэдэгдье гэсэн албан бичиг сумын ******* Д.Ц миний нэр дээр ирүүлсэн тул үүнийг үндэслэн тухайн гэрээг хүчингүй болгох тухай 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаар захирамжийг гарган тус газарт, мөн иргэн Б.М нарт хүргүүлсэн.   

Хариуцагч ******* аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ******* сумын дулааны шугам сүлжээн дээр орон нутгийн өмчийн газраас шалгаруулалт зохион байгуулсан байдаг. Үүн дээр ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ бол тооцоо судалгааны үндсэн дээр лицензтэй үлдэгдэл хөрөнгийг үнэлгээний компаниар үнэлээд 1,832,0 сая төгрөгийн үлдэх өртөгтэй хөрөнгийг 350 сая төгрөгөөр худалдсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийг худалдах 2 арга байгаа. Нийтийн дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хэлсэн аж ахуй нэгж байгууллага санал цохиод авдаг. Нөгөө нь тодорхой нэг нөхцөл шаардлага тавиад түүн дээр үнийг уралдуулдаг. Хамгийн өндөр үнийг өгсөнд тэр хөрөнгийг олгодог. Ийм л хоёр арга байгаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгийг уралдуулахгүйгээр нэг хүнд өгсөн тохиолдолд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Энэ асуудал дээр ямар нэгэн хууль зөрчсөн, журам зөрчсөн асуудал байхгүй. Тухайн үедээ үнэ төлбөргүйгээр, хугацаагүйгээр ашиглуулах гэрээ хийсэн юм байна. Үлдэх өртөг нь 183 сая төгрөг, энэ хөрөнгийг 350 сая төгрөгөөр худалдсан нь орон нутгийн өмчийг үр ашигтайгаар захиран зарцуулсан байна гэж үзэж байгаа. 4 дэх жилдээ ******* сумын дулааныг М Г ХХК хүргэж байгаа. Үүнд ямар нэгэн чанарын доголдол гаргаагүй. Үйлчилгээг чанартай сайн гүйцэтгэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Гуравдагч этгээд М Г ХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч 4 үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан "******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ"-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Энэ шаардлагаа тайлбарлахдаа 6/04 тоот тогтоол буюу ******* аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хувьчлах хөрөнгө батлах тухай тогтоолыг үндэслээд энэ гэрээ хийгдсэн гэж яриад байдаг. Тэгэхээр тогтоол нь хувьчлах хөрөнгийн жагсаалтыг баталж байгаа тогтоол. Үүн дээр ямар нэгэн М Г ХХК тэнцлээ гэдэг зүйл 2017 оны 6/4 дугаартай тогтоолд огт байхгүй. Энэ тогтоол гарсны дараагаар Орон нутгийн өмчийн газраас сонгон шалгаруулалт зарлаад уг сонгон шалгаруулалтад манай компани оролцоод ******* аймгийн орон нутгийн өмчийн газрын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/356 дугаартай М Г ХХК-д ирүүлсэн албан бичиг байгаа. Өөрөөр хэлбэл манай компанийн аймгийн *******тай гэрээ байгуулах гол үндэслэл болж байгаа захиргааны акт нь аймгийн төрийн өмчийн хорооны явуулсан сонгон шалгаруулалтыг үнэлээд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/356 дугаартай тогтоол байгаа.

Гэтэл нэхэмжлэгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 тогтоолтой холбогдуулан манай гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаад байгаа нь хууль бус юм. 6/4 тоот тогтоолтой манай компани нь ямар ч хамааралгүй юм. Энэ тогтоол гараад сонгон шалгаруулалт гэдэг процесс явагдаж байгаа. Тэр сонгон шалгаруулалт явагдаад тэр сонгон шалгаруулалтад манай компани оролцсон. Аймгийн орон нутгийн өмчийн газраас албан бичиг манайд ирээд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан "******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ"-г байгуулсан. 6/4 тоот тогтоолыг үндэслээд манайх гэрээ байгуулсан зүйл байхгүй.Тэгэхээр манайх тогтоолтой холбоотой байгууллага биш. Манайх төрийн өмчийн хорооны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/356 тоот албан бичгээр манайд  эрх хэмжээ үүсгэж орж ирж байгаа. Захиргааны гэрээ нь захиргааны байгууллага болон иргэн, хуулийн этгээдтэй харилцаа үүсгээд өөрчлөөд дуусгавар болж байгаа. Ямар нэгэн эрх зүйн хэм хэмжээнд үндэслэж байж тухайн гэрээг байгуулах эрх нь үүсэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад 6/4 тоот тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргасан. Тэгэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эрх ашгийг нь хөндөж байгаа юм байна. 6/4 тоот тогтоол нь хурлаас гарч байгаа захиргааны акт түүн дээр орон нутгийн өмчийн газар байдаггүй. Мөн гэрээнүүд дээр огт оролцоогүй байхад нэхэмжлэгчийн ямар эрхийг орон нутгийн өмчийн газар зөрчөөд байгаа юм  гэдэг нь харагдахгүй байгаа. Тендер сонгон шалгаруулалт явуулсан харилцаа нь хуулийн хүчин төгөлдөр байгаа.

Сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбараа хийнэ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч нь нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашгийн зөрчсөн байх. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д нэхэмжлэгч гэдэг нь хүн хуулийн этгээдийн хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар этгээд байгаа. Тэгэхээр орон нутгийн өмчийн газар нь ямар хууль бус үйл ажиллагаа явуулаад тэр нь нэхэмжлэгч компанийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөд байгаа гэдэг нь ойлгомжгүй байгаа. Сонгон шалгаруулалттай хэн ч маргаагүй учир сонгон шалгаруулалт нь хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Сонгон шалгаруулалтаар манайх гараад аймгийн *******тай байгуулсан гэрээ нь хувьчлах хөрөнгийн жагсаалт баталсан тогтоолтой холбогдож хүчингүй болох ёстой вэ гэдэг нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахдаа 6/4 тоот тогтоолын дагуу гэрээ байгуулсан гэж байна. Тэгэхээр тухайн 6/4 тоот тогтоолын дагуу М Г ХХК нь аймгийн *******тай гэрээ байгуулаагүй байгаа. Сонгон шалгаруулалтын үр дүнд шалгараад тэр талаар орон нутгийн өмчийн газар бидэнд мэдэгдсэн албан бичгийн дагуу гэрээ байгуулсан байгаа. Тэгэхээр бидэнд эрх олгосон эрх зүйн акт нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа учир манай гэрээ хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын ЭЦХО-01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай ******* аймгийн ******* сумын Засаг даргын 09 тоот захирамжийг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа энэ нь захиргааны акт учир уг захирамжийг хүчингүй болгуулах гэж байна гэсэн.

Энэ нь захиргааны акт мөн боловч Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага нь иргэн болон хуулийн этгээдтэй харьцахдаа ямар журмаар яаж харьцах ёстой талаар зааж өгсөн байгаа. Энэ хуулийн 3.1.4-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гарч байгаа акт нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд огт хамаарахгүй гэж зааж өгсөн. Нэхэмжлэгч тал тайлбартаа ******* аймгийн иргэний хэргийн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дугаартай захирамж мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийн дагуу 09 дугаартай захирамж гарсан гэж хэлээд байгаа. Тэгэхээр тухайн захиргааны актыг гаргахдаа шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргасан захиргааны акт учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гарч байгаа акт нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Иймээс энэ нь захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэх нэхэмжлэлийн шаардлага биш. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109-д зааснаар хэргийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарна. Иргэний хэргийн шүүхээс гуравдагч этгээдээр оролцох талаар удаа мэдэгдсэн боловч Ч.Ө ХХК нь оролцоогүй байдаг. Шүүхийн шийдвэр нь Монгол Улсын нэрийн өмнөөс хуулийн дагуу гарч, шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлж баталгаажсан байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан захирамж байгаа. Тэгэхээр захиргааны хэргийн шүүхийн үйлчлэлд хамаарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Эрх зүйн харилцаа байгааг тогтоолгоно гэж ярьж байна. ******* аймгийн ******* сумын ******* болон Ч.Ө ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦХО-01 тоот гэрээг хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоох гэж байгаа. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус болоод иргэний хэргийн шүүхээр шийдвэр гарсан байгаа. Нэг гэрээг хоёр шүүх хоёр талаас нь хүлээж аваад шийдвэрлэх боломжгүй. Тухайн иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгээд захирамж гарсан. Энэ шийдвэр дээр гомдол гаргасан зүйл байхгүй. Иймээс хуулийн хүрээнд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Ч.Ө ХХК-иар ******* аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгах шаардлага гаргадаг. Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй байгаад түүнийг хийхийг даалгахаар гардаг. Гэтэл ******* сумын Засаг даргын ямар эс үйлдэл байгаад тэр нь ямар хуулийн заалт зөрчөөд байгаа. Тэрийг ******* сумын ******* яаж биелүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд байдаггүй. Энэ гэрээ одоо байхгүй мөн ******* сумын Засаг даргын ямар эс үйлдэхүй байгаа талаар нэхэмжлэлийн шаардлага дээр огт байдаггүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.1-д заасан байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгч тал өөрсдөө тодорхойлох ёстой. Ч.Ө ХХК-иар ******* аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлж орж ирсэн. ******* аймгийн ******* сумын ******* болон Ч.Ө ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦХО-01 тоот гэрээг хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* сумын *******д энэ эрх хэмжээ огт байхгүй илт хууль бус захиргааны акт гаргасан. Үүний дагуу хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр байгаа. Иймээс М Г ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээр тодруулж ярьдаг. "Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай" 6/4 дүгээр тогтоолыг үндэслээд манай гэрээ хийгдсэн зүйл байхгүй. Сонгон шалгаруулалтын үр дүнд манайх гэрээ хийгдээд байгаа гэдгийг анхаарч үзээсэй. Манай гэрээний хувьд хууль зөрчиж хийгдсэн зүйл байхгүй. Бид нарт эрх олгосон захиргааны акт нь хүчин төгөлдөр байгаа гэв.

 

            Иргэдийн төлөөлөгч П.Мөнхбаатар шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Сумын ******* болон Засаг даргын Тамгын газар анхнаасаа хууль дүрмээ судлаагүйгээс болж Ч.Ө ХХК-тай буруу гэрээ байгуулснаас болж энэ олон хүн хохирсон байна. ******* сумын ******* буруу гэрээ байгуулсан дээр арга хэмжээ авах гэсэн дүгнэлттэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Ө ХХК нь “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...илт хууль бус болохыг тогтоолгох” гэснийг “...хүчингүй болгуулах” гэж өөрчлөн, мөн Ч.Ө ХХК болон ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Ч.Ө ХХК-аар ******* аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгах” гэж өөрчилсөн байсан.

Нэхэмжлэгч Ч.Ө ХХК-иас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар: ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоолыг хүчингүй болгуулах;

2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г хүчингүй болгуулах;

******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай” А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах;

Ч.Ө ХХК болон ******* аймгийн ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Ч.Ө ХХК-иар ******* аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгах[1] гэж нэмэгдүүлэн өөрчилсөн тул нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагуудын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэв.

Үүнд: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цаг хугацааны дарааллаар авч үзвэл:

1. ******* аймгийн ******* сумын ******* 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01/44 дугаарын албан бичгээр тус сумын төвд нэгдсэн дулааны уурын зуух барих хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан ажиллах саналаа гэрээний төслийн хамт бичгээр ирүүлэхийг Ч.Ө ХХК-д мэдэгдсэний дагуу тус компани нь 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаарын албан бичгээр гэрээний төслийг бэлтгэн хүргүүлж, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ө ХХК болон ******* сумын ******* нарын хооронд “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ №ЭЦ-ХО-01”-г байгуулагдсан байна.

 

  2. ******* сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаар захирамжийн дагуу олгосон улсын бүртгэлийн 000307317 дугаар гэрчилгээ[2]-гээр Ч.Ө ХХК-нд 0,09 га газрыг уурын зуухны зориулалттайгаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 06458-2017/00032 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. 

 

  3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн актаар “Т  х” ХХК нь “Х о” ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу инженерийн хийцтэй шугам сүлжээг ******* аймгийн ******* суманд  шинээр барьсныг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрч, захиалагч болох тус сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд өгсөн байна.

 

  4. Мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 33/8014 дугаарын актаар шинээр барьсан ******* сумын нэгдсэн халаалтын тогооны барилга, 1.1 Гкал/цаг а хүчин чадалтай уурын зуухыг 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглалтанд оруулахыг Ч.Ө ХХК-нд зөвшөөрчээ.

 

  5. Гэтэл ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 дүгээр тогтоолоороо дээрх 1.8 км урттай инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлахаар шийдвэрлэсэн байна. 

 

  6. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн ******* аймгийн *******, Орон нутгийн өмчийн газраас нээлттэй сонгон шалгаруулалт 2 удаа зарлаж, гуравдагч этгээд М Г ХХК энэ шалгаруулалтад тэнцэж 350 сая төгрөгөөр маргаан бүхий шугам сүлжээг хувьчлан авч, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г аймгийн *******тай байгуулсан байдаг. Нэхэмжлэгч энэхүү сонгон шалгаруулалтад оролцохоос татгалзжээ.

 

 7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* сумын *******д холбогдуулан Ч.Ө ХХК болон ******* аймгийн ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хариуцагч ******* сумын ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхдөө 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар захирамж гарган гэрээг хүчингүй болгосон.

 

8. Нэхэмжлэгч Ч.Ө ХХК 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхэд ******* сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

  9. ******* сумын ******* Ч.Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 003 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

 10. ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1/16 дугаар албан бичгээр “******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дүгээр захирамжийг биелүүлэх мэдэгдэл”-ийг ******* сумын *******д хүргүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

 

 11. ******* сумын ******* шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А/09 дүгээр захирамж гарган  Ч.Ө ХХК болон ******* аймгийн ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г бүхэлд нь хүчингүй болгожээ.

 

   Нэг. “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

1.1. Нэхэмжлэгч Ч.Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С: “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 дүгээр тогтоолоо гаргахаас өмнө тус компанитай Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, тооцоо судалгаагүй” гэж,

Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Э: “...******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар тус сумын инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах талаар хэлэлцсэн. Энэ хуралдаанд Б.М төлөөлөгчийн хувьд оролцож байсан. Ийм учраас аймгийн ИТХ-аар шийдвэр гарах гэж байгааг мэдсэн”  гэж маргасан байна.

27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага өөрийн гаргах гэж буй шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлох бөгөөд түүнд мөн зүйлийн 27.3-т заасан шаардлагыг хангасан сонсох ажиллагааны мэдэгдлийг 27.2.1-27.2.2-д заасан байдлаар хүргүүлсний үндсэн дээр 27.4-27.7 дахь хэсгүүдэд заасан журмаар оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангах үүрэгтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гэж заасан тул захиргааны байгууллага сонсох ажиллагаанд оролцож байгаа этгээдийн саналыг бичгээр болон утсаар, хариуцагч нарын тайлбарлаж байгаачлан биечлэн уулзаж, эсхүл цахим хэлбэрээр болон төлөөлөгчөөр нь дамжуулан авах боломжийг хууль олгосон байх ба хамгийн гол нь үүнийгээ тэмдэглэл хөтөлж баримтжуулсан байхыг шаарджээ. Шүүхээс ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн дулаан, цэвэр ус түгээх 1.8 км инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах шийдвэрийг гаргахаас өмнөх бэлтгэл ажиллагааны талаарх нотлох баримтуудыг тодруулах зорилгоор маргаан бүхий 6/4 дүгээр тогтоолын хувийн хэрэг, ******* аймгийн нэгдсэн архивт үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан материалаас судлан үзвэл:  

******* аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын инженерийн хийцтэй дулааны 1.8 километр шугамыг зураг төсвийн дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулах саналаа аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад хүргүүлсэн болох нь мөн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1а/02 дугаартай албан бичиг[3]-ээр,

******* сумын ******* нь дээрх инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах босго үнийг 310 сая төгрөгөөр тооцож хувьчлах жагсаалтанд тусган батлуулах санал болон уг шугам сүлжээг хувьчлахад тавигдах ерөнхий нөхцөл шаардлагыг Орон нутгийн өмчийн газарт тус тус хүргүүлсэн болох нь түүний 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/42 дугаартай албан бичиг[4] болон мөн оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/63 дугаартай албан бичиг[5] -үүдээр,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн ******* аймаг дахь салбарын үнэлгээчин Д.Э, туслах үнэлгээчин Б.О нар нь дээрх хувьчлах шийдвэр гаргуулахаар санал хүргүүлсэн инженерийн хийцтэй дулаан, цэвэр усны шугам сүлжээний өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 347,533,3 мянган төгрөг болохыг тодорхойлсон болох нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19 дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” албан бичиг болон холбогдох тайлан зэргээр тус тус нотлогдож байна. Гэхдээ уг хувийн хэрэгт ******* сумын ******* болон аймгийн Орон нутгийн өмчийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэн алинаас нь нэхэмжлэгч компанитай сонсох ажиллагаа явуулсан баримт байхгүй байх ба хариуцагч нар энэ талаарх ямар нэгэн бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс үзэхэд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах үүргээ гүйцэтгэлгүйгээр 2017 оны 6/4 дүгээр тогтоолыг гаргасан болох нь нотлогдож байна

Өөрөөр хэлбэл ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулсан шийдвэрээ гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргийнхээ дагуу шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, уг шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүргээ хэрэгжүүлээгүйгээс 2014 оноос хойш дээрх инженерийн шугам сүлжээг ашиглаж, ******* сумын айл, өрх, албан байгууллагуудыг дулаанаар хангах үйл ажиллагааг эрхэлж байсан Ч.Ө ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн болон тусгай зарчмуудыг хуульчилсан байх ба уг зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг  заасан байна.

“Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг “...нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч ...хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно...” гэж тайлбарлажээ. 

Ч.Ө ХХК нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар тус уурын зуухыг барьж мөн газрын эзэмшлийн инженерийн хийцтэй шугам сүлжээтэй холбон ашиглаж эхэлсэн байна. Тодруулбал, уурын зуух, инженерийн хийцтэй шугам сүлжээ хоёр нь хоорондоо холбогдож байж зориулалтын дагуу ашиглагдах боломжтой болох бөгөөд эдгээр хөрөнгийг тус тусад нь салгаж өөр зориулалтаар ашиглах боломжгүй онцлогтой байна.

******* аймгийн Орон нутгийн өмчийн газраас ******* сумын *******д хүргүүлсэн “...Уурын зуух байгаа эсэх, байхгүй бол хэний хөрөнгөөр барьсан талаар. ...Барилгын доорхи газрын бүртгэлийн талаар /хэний эзэмшлийн газар/...“ гэх мэт тус сумын хувьчлах инженерийн хийцтэй шугам сүлжээний танилцуулгын талаар тодорхой мэдээлэл ирүүлэхийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/197 дугаарын албан бичиг[6]-ээр шаардсаны дагуу ******* сумын ******* нь “...Сумын уурын зуухыг Ч.Ө ХХКомпани нь өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. ...Уурын зуухны барилгын бүртгэл нь Ч.Ө ХХКомпанийн эзэмшилд байдаг...” гэсэн хариуг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 01/68 дугаарын албан бичиг[7]-ээр өгч байсан байна. 

Эдгээр нотлох баримтаас үзвэл ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шугам сүлжээг хувьчлах шийдвэр гаргахаас өмнө Ч.Ө ХХК-ийн талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй, эрх ашиг нь хөндөгдөж байгааг анхаараагүйн улмаас нэхэмжлэгчид мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх сөрөг үр дагавар бий болсон байна.

Учир нь уурын зуух Ч.Ө ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө боловч уг үл хөдлөх хөрөнгийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын захиалснаар барьсан бөгөөд түүнийг зөвхөн дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашиглахаас өөр зориулалтаар ашиглах боломжгүй, тус компани өөрийн гэсэн инженерийн хийцтэй шугам сүлжээгүй, суманд оршин суух хүн амын тоо, барилга байгууламжийн хязгаартай байдлаас шалтгаалан шинээр дулаан хэрэглэгч олох боломж хомс зэрэг нөхцөл байдал үүсчээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын в”-д  “орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах;” гэж тус тус зааснаар ******* аймгийн ******* сумын *******д орон нутгийн өмчийн шугам сүлжээг ашиглуулахаар гэрээ байгуулах бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна. Гэвч “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” нь захиргааны үйл ажиллагааны улмаас чиглэсэн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавартай итгэл үүссэн тохиолдолд уг актын хууль бус байдал хожим тогтоогдсон ч нэгэнт үүссэн итгэлийг хамгаалах ерөнхий агуулгатай байна.

Иймээс хариуцагч ******* аймгийн ИТХ-ын дарга Э.Эын “Ч.Ө ХХК нь төрийн өмчийн шугам сүлжээг үнэ төлбөргүй ашиглан 2014 оноос 2018 оны 2 сар хүртэл үйл ажиллагаа явуулсан учир хохирсон юм байхгүй” гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгийн “Аймгийн ИТХ-ын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4 тогтоол бол хэн нэгэнд чиглэгдээгүй, тухайн эд хөрөнгийг хувьчлахыг даалгасан акт. Ийм учраас хурлыг сонсох ажиллагаа хийгээгүй гэж буруутгахгүй” гэж мэтгэлцэж байгааг хүлээн авах боломжгүй юм.

1.2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ******* сумын инженерийн хийцтэй дулаан, цэвэр усны 1.8 км шугам сүлжээг хувьчлах шийдвэр гаргахаас өмнө Төрийн өмчийн хороотой зөвшилцсөн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, тус захиргааны актын хувийн хэрэгт мөн энэ талаарх баримт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С: “******* сумын инженерийн хийцтэй дулаан, цэвэр усны 1.8 км шугам сүлжээг хувьчлах шийдвэр гаргахаас өмнө Төрийн өмчийн хороотой зөвшилцөөгүй” гэж, хариуцагч Орон нутгийн өмчийн газрын дарга Ц.И: “...Өмч хувьчлахдаа Төрийн өмчийн хорооны саналыг авсан, орон нутгийн хөрөнгийг үнэгүйдүүлээгүй хувьчилсан ...” гэж маргадаг.

Хэрэгт ******* аймгийн Орон нутгийн өмчийн газраас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад хандан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “******* сумын инженерийн хийцтэй дулаан, цэвэр усны 1.8 км шугам сүлжээг хувьчилсан хувьчлалтай холбоотой саналаа ирүүлэхийг хүссэн” А/119 дугаар албан бичиг[8]-ийг явуулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А-181725 дугаартай албан бичгээр “...орон нутгийн өмчийг үр ашигтай захиран зарцуулсан байх  тул хувьчилсан асуудлыг дэмжиж байна” гэсэн хариу[9] өгчээ.

Дээрх баримт нь Ч.Ө ХХК нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6/4 дүгээр тогтоолын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад бүрдүүлсэн баримт байх тул захиргааны байгууллагыг дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлсэн гэж үнэлэх боломжгүй юм. Иймээс Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 6/4 дүгээр тогтоол гаргахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөөгүй болох нь тогтоогдож байна.  

Хэдийгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирүүлсэн албан бичигт инженерийн хийцтэй дулаан, цэвэр усны шугам сүлжээг хувьчилснаар орон нутгийн өмчийг үнэгүйдүүлээгүй, үр ашигтай байсан гэсэн ч үүний цаана нэхэмжлэгч Ч.Ө ХХК-ийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар барьж, ашиглалтад оруулсан уурын зуухыг үнэгүйдүүлж тухайн компанид мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байгааг анхаараагүй байна.

1.3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С “...Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж заасан. Гэтэл ... 6/4 дүгээр тогтоолоор ...инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлахаар шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон...” гэж, хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Э “...Дамжуулах сүлжээ нь ******* аймгийн хэмжээнд байхгүй.” хэмээн мэтгэлцэж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т “дулаан дамжуулах сүлжээ” гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг”, 3.1.14-т ““дулаан түгээх сүлжээ” гэж дулаан хуваарилах төв, түүнээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг”  ойлгоно гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-т “Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна” гэж тус тус хуульчилжээ.

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн инженерийн хийцтэй 1.8 км шугам сүлжээгээр дулаан, цэвэр усыг 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Ч.Ө ХХК-ийн уурын зуухнаас, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс “М” ХХК-ийн уурын зуухнаас тус тус шууд хэрэглэгчдийн шугамд хүргэж байсан нь хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогддог.  Мөн ******* аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар албан бичигт “...******* аймгийн төвийн болон сумдын дулааны шугам сүлжээ нь ...түгээх сүлжээ юм. Өөрөөр хэлбэл дулаан үйлдвэрлэх эх үүсвэрээс шууд хэрэглэгчийн шугамд дулаан түгээгддэг...” гэж тайлбарласан байх бөгөөд энэхүү шугам сүлжээ нь Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т заасан “түгээх сүлжээ” болох нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сын дээрх тайлбар няцаагдаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар төрийн байгууллага, албан газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө болон төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмчид хамаарна.

Монгол Улсын Их Хурал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан эрхийнхээ дагуу 1999 оны 29 дүгээр “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын III-н В-ийн 24 дэх хэсгээр ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа 8030.9 /мян. төг/ төгрөгийн эд хөрөнгийг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмчлөлд шилжүүлсэн байна.

Дээрх 29 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил /үндсэн хөрөнгөд бүртгэлтэй/-д байсан болон түүнээс хойш төр болон орон нутгийн хөрөнгөөр бий болж тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмчлөлийн хөрөнгө бөгөөд түүнийг захиран зарцуулах эрхийг тус Хурал эдлэхээр байна.

Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “орон нутгийн өмчийг хувьчлах бодлого, чиглэл, хувьчилж үл болох орон нутгийн өмчийн жагсаалтыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэж батлах, түүнд өөрчлөлт оруулах” гэж тус тус зааснаар ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн инженерийн хийцтэй 1.8 км шугам сүлжээг хувьчлах шийдвэр гаргах эрхтэй байна.

 1.4. ******* аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С “нэхэмжлэгч сонгон шалгаруулалттай маргадаггүй атлаа гэрээг хүчингүй болгуулна гээд байдаг. Нээлттэй сонгон шалгаруулалт 2 удаа явагдсан. Нэхэмжлэгч мэдсээр байж оролцоогүй.” гэж маргасан байна. 

******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах талаарх зарыг ******* аймгийн “Өнөөгийн *******” сонинд 2017 оны 7 сард, 9 сарын 18-нд тус тус нийтэлсэн[10] байх ба Ч.Ө ХХК-д хандаж, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 434 дүгээр албан тоотоор ...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/2 дугаар тогтоолоор ******* сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй дулааны шугам сүлжээг зориулалтыг нь өөрчлөхгүйгээр төсөл сонгон шалгаруулах замаар хувьчлахаар баталсан... ...танай компани төслөө бичиж, уралдаант сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байгааг үүгээр уламжилж байна... ...нэг удаа зарласан боловч нэг ч оролцогч ирээгүй тул хувьчлах хөрөнгийн доод үнийг 20 хувиар бууруулсан болно..[11] гэсэн албан бичиг хүргүүлсэн байна.

Түүнчлэн Ч.Ө ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаар албан бичгээр ******* аймгийн Орон нутгийн өмчийн газарт хандаж, дулааны шугамын хувьчлалын бодлого, зарын мэдээлэлтэй холбогдуулж үзэл бодлоо, мөн энэ үйл ажиллагаанд оролцохгүй тухайгаа илэрхийлсэн байдаг.[12]

Энэхүү сонгон шалгаруулалтад гуравдагч этгээд М Г ХХК шалгарч, ******* аймгийн ******* Г.Б 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг хувьчлах гэрээ”-г баталжээ.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцоогүй бөгөөд энэ талаар маргадаггүй. Гэхдээ энэ нь нэхэмжлэгчийн энэхүү гэрээг хүчингүй болгуулахаар маргах эрхийг хязгаарлахгүй юм. Учир нь маргаан бүхий гэрээ байгуулагдсанаар нэхэмжлэгч компани үндсэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ашиг сонирхол үүссэн байна. ******* аймгийн ******* орон нутгийн өмчийн хөрөнгийг хувьчлах талаар дангаараа, шууд шийдвэр гаргах бүрэн эрхгүй бөгөөд менежментээр хувьчлах гэрээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6/4 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн зохих сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гуравдагч этгээдтэй менежментээр хувьчлах гэрээ байгуулсан байдаг.

Иймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8 дахь заалт, мөн хуулийн 26, 27 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа тул хүчингүй болгож, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г түүний үндэслэл болсон тогтоолоос тусад нь дүгнэх боломжгүй тул хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хоёр. “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай” А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нараас: “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай” А/09 дүгээр захирамж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж гарсан акт тул Захиргааны ерөнхий хуулийн 3.1.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж маргасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:”, 3.1.4-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гэж заасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараах ажиллагаа хамаарна, 6.1.1-д “иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гэж,  6.2-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах шийдвэрийг үндэслэн явуулна, 6.2.2-т “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж” гэж тус тус заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэдэг нь иргэний, захиргааны, зөрчлийн, эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэгчээс явуулж буй үзлэг, нэгжлэг хийх, хөрөнгө хураах, битүүмжлэх, барьцаалах, хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаах гэх мэт үйл ажиллагаа, шийдвэрүүд хамаарах бөгөөд эдгээр үйл ажиллагаа, шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахааргүй байна.

Харин ******* сумын Засаг даргын захирамж нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа акт биш, иргэний хэргийн шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг биелүүлэх зорилгоор гаргаж буй захиргааны акт байна. ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай” А/09 дүгээр захирамж нь захиргааны албан тушаалтан болох сумын *******ас гаргасан, нэхэмжлэгч Ч.Ө ХХК-д эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа гадагш чиглэсэн, захирамжилсан шинжээрээ захиргааны акт болох бөгөөд уг захирамжид холбогдох шаардлагыг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.2. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ******* сумын *******д холбогдуулан Ч.Ө ХХК болон ******* аймгийн ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийг ******* аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Хариуцагч болох ******* сумын ******* дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар захирамжаар Ч.Ө ХХК болон ******* аймгийн ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчингүй болгосон.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэснийг баримтлан ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ч.Ө ХХК-иас ******* аймгийн ******* сумын *******д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гэтэл ******* сумын ******* Ч.Ө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 003 дугаар захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6-д “хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэж зааснаар анхан шатны шүүхүүд хуулиар өөрт харьяалуулсан маргааныг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэрүүдийг үндэслэлтэй эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1.1-т зааснаар хариуцагч ******* сумын Засаг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 76 дугаар захирамжийг хүчингүй болгосноор  ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дүгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй тухай шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Өөрөөр хэлбэл ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дүгээр захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин төгөлдөр болсон, энэ шийдвэрээр хариуцагч “Ч.Ө ХХК болон ******* аймгийн ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчингүй болгохоо илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул дээрх гэрээг хүчингүй болгосон шийдвэр гаргах үүрэгтэй байна.

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн 131/ШШ2019/00854 дугаар захирамжийг биелүүлэх гүйцэтгэх баримт бичгийг олгож, ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 1/16 дугаар “...шүүхийн шийдвэрийн дагуу ******* аймгийн ******* сумын ******* Ц.Т болон Ч.Ө ХХК-ний захирал Ү.Б нарын хооронд байгуулсан Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын ЭЦ-ХО-01 дүгээр гэрээг бүхэлд нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний дотор хүчингүй болгож, хүчингүй болгосон баримтыг тус газар мөн хугацаанд ирүүлэхийг ...” мэдэгдлийг ******* аймгийн ******* сумын ******* хүргүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д “Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дүгээр захирамжийг биелүүлж ******* сумын *******ас 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын ЭЦ-ХО-01” гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай” А/09 дүгээр захирамж гаргасныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Гурав. Ч.Ө ХХК болон ******* аймгийн ******* сумын Засаг даргын хооронд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Ч.Ө ХХК-иар ******* аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. ******* аймгийн ******* сумын *******, Ч.Ө ХХК-ийн захирал Ү.Б нар 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г /ЭЦ-ХО-01/ байгуулан гэрээний ач холбогдлыг “...нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн хоорондын урт хугацааны хамтын харилцан үйл ажиллагааг хангахад... оршино” хэмээн тодорхойлжээ.

Дээрх гэрээгээр хөрөнгө оруулагч буюу Ч.Ө ХХК нь ******* аймгийн ******* сумын захиргаа, түүний харъяа байгууллагуудын үйл ажиллагаа явуулдаг барилгуудыг нэгдсэн дулаанаар хангах халаалтын зуухны барилгыг барих, зуухыг нэгдсэн трасс шугамд холбох, дулааны хэвийн үйл ажиллагааг хангах уурын зуухыг Засаг даргын Тамгын газраас тавьсан ажлын шаардлагын дагуу барих, тоног төхөөрөмж түүний угсралтыг хангах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, цаашид ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хариуцах ажлын, хөрөнгө оруулалтын төслийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаанаас олсон ашгийг 100% авахаар ******* сумын *******тай харилцан тохиролцжээ.  

Мөн ******* аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс Ч.Ө ХХК-нд “Дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах” №2015 001 дугаарын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 3 жилийн /2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр/ хугацаагаар олгосон, ******* сумын Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 88 дугаар захирамжийн дагуу олгосон улсын бүртгэлийн 000307317 дугаарын гэрчилгээ[13]-гээр Ч.Ө ХХК-нд 0,09 га газрыг уурын зуухны зориулалттайгаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 06458-2017/00032 дугаарын газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байна. 

******* аймгийн ******* сумын ******* тухайн үед нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн Ч.Ө ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Энэ харилцааны хүрээнд нэхэмжлэгч 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын хэрэглэгчдийг дулаанаар хангаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С “15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн учир хөрөнгө оруулалтын гэрээ дор хаяж 15 жилийн хугацаатай үйлчлэх байсан” гэж тайлбарлажээ. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг 15-60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр заасан бөгөөд газар эзэмшүүлэх эрхийн хугацааг гэрээний хугацаа гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь талуудын байгуулсан гэрээний 5.1-д гэрээний хугацааг нөхөж бичихээр үлдээсэн боловч энэ заалтыг бөглөлгүй орхигдуулсан байна.  

3.2. Мөн ******* аймгийн ******* сумын *******, ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хооронд төрийн өмчийн хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ашиглуулсан гэх маргаан үүсч улмаар ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан талаар дээр дурдсан.

 Нэхэмжлэгч 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс хойш ******* аймгийн ******* сумын хэрэглэгчдийг дулаанаар хангаагүй, Ч.Ө ХХК болон ******* аймгийн ******* сумын Засаг даргын хооронд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчингүй болгох хариуцагчийн зөвшөөрлийг ******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 854 дүгээр захирамжаар баталсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа тул уг гэрээг хэвээр үргэлжилж байгааг тогтоох үндэслэлгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын “в”-д зааснаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах;”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтын “б”-д зааснаар сумын ******* нь тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхтэй байхаар хуульчилжээ.

Мөн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын ЭЦ-ХО-01” гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч П.М оролцсон бөгөөд “...Сумын ******* болон Засаг даргын Тамгын газар анхнаасаа хууль дүрмээ судлаагүйгээс болж Ч.Ө ХХК-тай буруу гэрээ байгуулснаас болж энэ олон хүн хохирсон байна. ******* сумын ******* буруу гэрээ байгуулсан дээр арга хэмжээ авах” гэсэн дүгнэлт гаргасан болно.  Иймээс ******* сумын *******д орон нутгийн өмчийн инженерийн хийцтэй 1.8 км шугам сүлжээг гэрээгээр үнэ төлбөргүй ашиглуулах эрх хуулиар олгогдоогүй, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/09 дүгээр захирамжийг  шүүхээс хүчингүй болгоогүй, маргаан бүхий гэрээ хэвээр үргэлжилж байгаа гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 дүгээр “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу Ч.Ө ХХК-иар ******* аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.3, 27.4, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг баримтлан Ч.Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон *******, Орон нутгийн өмчийн газар, тус аймгийн ******* сумын ******* нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “******* сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагууд болох ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 гэрээг бүхэлд нь хүчингүй болгох тухай” А/09 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,  Ч.Ө ХХК болон ******* сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу Ч.Ө ХХК-аар ******* аймгийн ******* сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг ******* аймгийн ******* сумын *******д даалгах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ө ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 8775  төгрөгийг гаргуулж, нийт 35100 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.ЗОЛБАДРАХ

ШҮҮГЧИД                                  Н.АМАРЗАЯА 

                                                                                                                     Ч.ОЮУНСҮРЭН