| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/38 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/38
2023 02 14 2023/ШЦТ/38
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Л.Галсандорж нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Галсандоржид холбогдох эрүүгийн 2315000740043 дугаартай, 163/2023/0037/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Лхагвасүрэнгийн Галсандорж, Завхан аймгийн Баянхайрхан суманд 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Дунд эвэртэй гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 24 настай, эрэгтэй,
-урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД:ИВ98070117.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Галсандорж Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Дунд эвэртэй” гэх газарт байх өөрийн гэртээ 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хамтран амьдрагч болох Г.Отгонбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000740043 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Л.Галсандорж нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Дунд эвэртэй” гэх газарт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Отгонбаярын бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Галсандоржийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Отгонбаярын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны оройн 20 цагийн үед гадаа малаа хашиж байгаад хоорондоо жоохон маргалдаж гэртээ орж ирэхэд зайл лалар пизда минь би чамайг зайл л гэдэг шүү одоо чамтай суух хүн олдохгүй алиагаа алдаж явахад чинь би чамтай тоож суусан цус нь ойртсон Булганы хэдэн юмнууд гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би давраад байгаарай цагдаад хэлнэ шүү гэхэд тэгээд чи юу олж долоодог юм гэж хүрч ирээд миний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиход миний чих шуугиад толгой эргэхээр нь орон дээр очоод суухад ямар овоо хулгайч вэ гэж ирээд яг одоо зайл гэж чирээд орноос унагаагаад дахин өшиглөж нүдэж байгаад миний гэр орноос гар гээд гаргасан. Би хэсэг хугацаанд гадаа зогсож байгаад даараад эргээд ороход дахин хэл амаар доромжлоод байхаар нь эргэж гараад айлд орж сууж байгаад унтахаар нь гэртээ орж унтсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
3. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 27 дугаартай: “...Г.Отгонбаярын биед тархи доргилт, хоёр хацар, зүүн бугалга, зүүн шуу, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
8. Яллагдагч Л.Галсандоржийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн үед эхнэр Отгонбаярын хамт тугалаа хашаад гэрт орж ирээд буцаад морио услахаар гарахад 2 тугал хашаанд ороогүй байхаар нь эргэж орж ирээд тугал хашигдаагүй үлдсэн байна гэхэд хажуу талын балай авгай чинь гаргаа биз гэхээр нь юу гэж хашсан тугал гаргадаг юм гэхэд чи өмөөрлөө гээд мах хэрчиж байсан заазуураа аваад над руу дайрахаар нь заазуурыг нь булааж аваад гараараа нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиж авсан. Тэр үед өөдөөс цус нь ойртсон пизда гэх зэргээр хэл амаар доромжлоод хажуу айлын хүүхэнтэй байнгын хардаж хэл амаар доромжилдог учир би тэснэ тэснэ гэхэд яаж үүнээс илүү тэсэх вэ дээ ийм л зүйл болсон... Би Отгонбаярыг хөгшин авгай минь гэрээс зайл гэж хэл амаар доромжилж, нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Отгонбаяр, шүүгдэгч Л.Галсандорж нарын мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 27 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.Галсандоржийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,
Л.Галсандорж нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Дунд эвэртэй” гэх газарт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Отгонбаяртай ” малаа дутуу хашсан” гэх шалтгаанаар маргалдсан байна.
Л.Галсандорж нь маргалдах явцдаа хохирогч Г.Отгонбаярын биед тархи доргилт, хоёр хацар, зүүн бугалга, зүүн шуу, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт зодсон гэж хохирогч мэдүүлснийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 27 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед тархи доргилт, хоёр хацар, зүүн бугалга, зүүн шуу, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Л.Галсандоржийн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёр шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Өөрөөр хэлбэл мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих явцад хохирогчийн биед биед тархи доргилт, хоёр хацар, зүүн бугалга, зүүн шуу, хоёр гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учрах боломжтой байна гэж үзсэн болно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Л.Галсандоржийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн Л.Галсандорж нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Л.Галсандорж нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Отгонбаярын бие, эрх чөлөөнд халдсан байнгын шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Галсандоржийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Галсандоржийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд учруулсан хохирол, хор уршиг иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй байна.
Хохирогч Г.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд одоо бид хоёр эвлэрсэн, надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Галсандоржийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.Галсандоржийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Л.Галсандоржийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Галсандоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хавтаст хэргийн 35-45 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоол, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны малын А данс зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар судалснаар шүүгдэгч Л.Галсандорж нь 24 настай, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн “Дунд эвэртэй” гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Галсандорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч Л.Галсандоржийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Л.Галсандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Галсандоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л.Галсандорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Лхагвасүрэнгийн Галсандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Галсандоржийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Галсандорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ