Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

 

 

 

 

 

 

    2022         12              27                                        2022/ШЦТ/27

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, 

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч С.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ууганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208008450902 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.О нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан Чандмань” спорт зааланд иргэн Б.Эыг тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас буюу “пүүз өмсүүлсэнгүй” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 684 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.О.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.О нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан Чандмань” спорт зааланд иргэн Б.Этай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас буюу “пүүз өмсүүлсэнгүй” гэх шалтгааны улмаас зодож хохирогч Б.Эы эрүүл мэндэд нь “дагзны баруун хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь хохирогч Б.Эы “...Би найз ...нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Хан чандмань нэртэй спорт зааланд сагс тоглож байгаад түр амраад суусан чинь зүс таних Отгоо гэх эрэгтэй, танихгүй Пунцагаа гэх эрэгтэйн хамт миний хоёр талд гарч суугаад надаас “Пүүзээ өгчих” гээд миний нүүр рүү 500 төгрөг, 1000 төгрөг шидээд “доллараар авъя” гээд байсан. Тэгэхээр нь би “за, яах гэсэн юм” гэж хэлсэн чинь Пунцагаа гэх залуу нь араас хоолой боогоод, Отгоо хөлөөс татаж сандал дээрээс унагаагаад Отгоо цээж, гэдэс рүү өшиглөж жийгээд, нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод байсан. Намайг боогоод ухаан алдах шахаад арай гэж боолтоос нь гараад Отгоог түлхсэн. Би аль, алиныг нь цохиогүй. Дахин намайг татаж газарт унагаагаад хоёулаа нуруу, толгой, хөл, гар руу хөлөөрөө олон удаа дэвсэж, өшиглөөд байсан. Сагс тоглож байсан найзууд ирж салгасан чинь тэр хоёр гараад явсан. Би хувцсаа солих гээд байж байсан чинь Отгоо нь гартаа төмөр торцов барьсан, харин Пунцагаа гэх залуу нь гартаа хар өнгийн гэж харагдсан хутга барьж орж ирэхээр нь би ойр байсан шалны мод бариад ойртуулахгүй гээд савсан чинь Отгоо гараас шалны модыг булааж авсан. Тэгээд миний толгойны дагз хэсэг рүү Отгоо төмөр торцовоор 1 удаа, зүүн талын чихний ар хэсэгт 1 удаа цохисон. Бие рүү бас олон удаа гараараа, торцовоороо цохиод байсан. Энэ хооронд Пунцагаа гэх залуу манай найзуудыг хутгаараа чичээд айлгаад ойртуулаагүй. Миний толгойноос их цус гараад байсан болохоор тэр хоёр яваад өгсөн. ...Отгоог зүс таньдаг болохоор мэндлэх төдий л байдаг байсан. Тэр өдөр заал авч байхад манай найз Тамираагийн өмсөж байсан пүүзийг нь авсан. Тэгээд миний пүүзийг авах гээд нүүр рүү мөнгө шидсэнээс болж маргаан эхэлсэн. Хөлнөөс пүүз тайлах гэж оролдсон..” гэсэн мэдүүлэг /хх8-9/,

- гэрч Г.Мын “...2022 оны 02 дугаар сарын 04-ний орой ...Сонгинохайрхан дүүрэг 9 дүгээр хороо, Хан чандмань нэртэй спорт зааланд сагс тоглож байсан чинь зүс таних Отгоо гэх эрэгтэй, Пунцагаа гэх залуугийн хамт зааланд орж ирээд Отгоо нь миний алаг эрээн Найк помпсайт загварын пүүзийг өмсчихсөн байхаар нь би “пүүзээ авъя” гэсэн чинь өгөхгүй байж байгаад тайлж өгсөн. Би хувцсаа сольж байсан чинь манай найз Эыг Пунцагаа нь боогоод, Отгоо газар унагаачихсан дээрээс нь дэвсээд зодоод байсан. Очоод салгасан чинь миний гэдэс рүү Отгоо тохойлдоод байсан. Э Пунцагаагийн боолтоос гараад Отгоог түлхээд, дайраад байхаар нь нүүр рүү нь 1 удаа гараараа цохисон. Бид нар салгаад заалнаас гаргасан чинь удалгүй дахин орж ирэхдээ Пунцагаа гартаа үзүүртэй хутга шиг зүйл, харин Отгоо нь гартаа төмөр торцов барьж орж ирээд Эы толгойны дагз хэсэг рүү нь 1 удаа, зүүн хэсэгт нь 1 удаа цохисон. Пунцагаа нь бид нарыг салгах гээд ойртсон чинь хутга шиг үзүүртэй зүйлээрээ саваад чичээд ойртуулахгүй байсан. Эыг Отгоо, Пунцагаа хоёр нийлээд бие рүү нь өшиглөөд, гараараа олон удаа цохисон. Толгойноос нь цус их гараад байсан чинь тэр хоёр заалнаас гараад явсан. ...Надад гэмтэл шарх учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Гомдол санал байхгүй. Миний пүүзийг өмсөж байгаад надад буцаагаад өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх14/,

            - гэрч Н.Оийн “...Би Эы хамт тоглох ээлжээ хүлээгээд байж байсан чинь О Э дээр ирээд “ямар гоё пүүз өмссөн юм бэ, андаа пүүзээ өмсүүлчих” гээд байсан чинь Э үгүй гээд пүүзнээс нь татаад байхаар нь Оын гэдэс хавь руу нь жийсэн. Тэгсэн чинь О “чи намайг жийдэг хэн бэ” гээд шууд Эы нүүр хэсэгт нь 1 удаа цохисон чинь Э зөрүүлээд 1 удаа нүүр рүү нь цохисон. Бид нар очоод салгаад байж байсан чинь Цэрэнпунцаг шууд хажуугаас орж ирээд Эы нүүр рүү нь 1 удаа цохисон. ...Салгаад Л, Шэ, Бямбаа нар тэр хоёрыг заалнаас гаргасан. Бид нар дахин сагс тоглоод байж байсан чинь удалгүй О, Э нар дээгүүрээ нүцгэн орж ирээд Эыг хөөгөөд байсан. Оын нүднийх нь доод хэсэгт хөхөрчихсөн байсан. Бид нар ойртоод салгах гэхээр хэн нь гартаа торцовтой байсныг нь санахгүй байна, нөгөөх нь гартаа машины салхины шилний хуванцар хугархай барьсан тэр зүйлээрээ чичээд ойртуулаагүй, тэр зүйлийг нь эхэндээ хутга гэж харсан чинь хуванцар зүйл байсан. ...Эыг доош нь хэвтүүлээд тэр хоёр хоёулаа л цохиод байсан. Тэр хоёр гараад явахаар нь Э дээр очтол толгой хэсэг нь хагарсан, нүүр нь улайсан байсан. ...Отай эхлээд пүүзээ өгөхгүй гэж байхдаа нүүр рүү нь 1 удаа цохисон. Дараа нь зааланд дээгүүрээ нүцгэн орж ирэхэд тэр цохисон хэсэгт нүд нь хөхөрсөн байсан. Цэрэнпунцаг, О нараас архи үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /хх20/,

          - гэрч Ц.Хийн “...Намайг сагс тоглож байхад гэнэт зодоон болсон. Би юу болов гээд харахад Оын нүүр рүү нь Э 1 удаа цохисон. Тэгтэл зөрүүлээд О Эы нүүр рүү нь цохисон чинь Цэрэнпунцаг гэх залуу Эыг боогоод байсан. Бид нар найзуудаараа очоод салгасан чинь заалнаас О, Цэрэнпунцаг нар гараад явсан. Удалгүй дээгүүрээ нүцгэн орж ирээд Цэрэнпунцаг нь гартаа машины салхивчны хуванцар хаалтыг хугалаад барьсан, О гартаа төмөр торцов барьж орж ирээд ална гээд цөс нь хөөрчихсөн орилоод Эыг хөөгөөд байсан. Эыг барьж аваад хананд шахаад О төмөр торцовоор толгой руу нь цохиод байсан. Газарт унагаагаад тэр хоёр дэвсээд байсан болохоор нь бид нар дахин очиж салгасан. Салгаж байхад бас хөлөөрөө Эы толгой руу нь, бие рүү нь өшиглөөд, дэвсээд байсан. Бид нар гаднаас гартаа торцов, хутга шиг юм бариад ороод ирэхээр нь болиулах гэсэн боловч ойртуулахгүй байсан. ...Оын нүүр рүү нь 1 удаа цохисон. О зааланд дахин орж ирэхэд ...нэг нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх22/,

          - гэрч М.Лийн “...Намайг сагс тоглож байхад Э ганцаараа О, Х.Цэрэнпунцаг нартай зодолдож байхаар нь би болон зааланд байсан манай ангийнхан бүгдээрээ очоод тэр гурвыг салгаад О, Цэрэнпунцаг нарыг заалнаас гаргасан. Цэрэнпунцаг тухайн үед гартаа юм барьчихсан байхаар нь би, мөн манай нэг найз Шэ бид хоёр уулзаад “юунаас болоод маргалдаад зодолдоод байгаа юм” гээд зогсож байхад О зааланд Эыг зодох гээд араас нь хөөгөөд гүйж байсан. Шэ бид хоёр Цэрэнпунцагаас салаад хартал Э заалны шалан дээр хэвтэж байхаар нь очоод харсан чинь Эы толгойны ар хэсгээс цус гарсан байсан. ...Цэрэнпунцаг гартаа машины борооны хаалт хугалаад барьчихсан байсан. Харин О гартаа юу барьсан талаар би хараагүй. Ямар ч байсан Эыг зодох гээд араас нь хөөж байсан” гэсэн мэдүүлэг /хх25/,

          - гэрч Э.Шийн “...Сагс тоглоод байж байхад хүмүүс орилоод хоорондоо зодолдож байхаар нь би болон зааланд байсан манай ангийнхан бүгдээрээ очоод тэр гурвыг салгаад О, Цэрэнпунцаг нарыг заалнаас гаргасан. Удалгүй гаднаас О, Цэрэнпунцаг нар зааланд буцаад орж ирсэн. Би Цэрэнпунцагийн урдаас нь очоод “зодолдоод хэрэггүй” гэж хэлээд тэврээд авах үед Цэрэнпунцаг гартаа машины борооны хаалт хугалаад барьчихсан байсан. Тэгсэн чинь О зааланд Эыг зодох гээд араас нь хөөгөөд байсан. Би Цэрэнпунцагтай тэврэлдэж байгаад салаад хартал Э заалны шалан дээр хэвтэж байхаар нь очоод харсан чинь Эы толгойны ар хэсгээс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх27/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

          3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2664 дугаар шинжилгээний дүгнэлт хэсэгт “Б.Эы биед дагзны баруун хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх33/, Дүгнэлттэй холбоотойгоор шинжээч эмч Г.Галиндэв мэдүүлэхдээ “...Б.Эы бие дэх дагзны баруун хэсгийн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтлүүд нь тухайн хүний биеийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх40/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх дагзны баруун хэсгийн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн толгойн тус газарт нь троцов төмрөөр цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Улсын яллагчаас тус хэрэгт Н.О, Х.Цэрэнпунцаг нарыг хохирогчийг бүлэглэн зодсон гэж яллагдагчаар татан шалгаж байсан боловч Х.Цэрэнпунцагийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учраагүй гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Зөрчлийн тухай хуульд заасан хүний биед халдсан үндэслэлээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна./хх99-100/, Хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлгээр хохирогч Б.Э, Н.О, Х.Цэрэнпунцаг нар нь харилцан муудалцсаны дараагаар Н.О нь гартаа төмөр барьж орж ирэн хохирогчийг цохисон, Х.Цэрэнпунцаг нь бусдыг нь ойртуулахгүй байсан зэргээр мэдүүлсэн байх тул улсын яллагчаас шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Б.Э нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор 237.947 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн ба шүүгдэгчээс уг хохирлыг төлж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх94/ гэснийг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

8. Иймд шүүгдэгч Н.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан өмнөх шийтгэх тогтоолоор эдэлж буй хорих ял дээр нэмж нэгтгүүлэх санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Н.О нь гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн, хэргийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэг үйлдсэн, 10 сартай хүүхэдтэй, өмнөх шийтгэх тогтоолын 50 хувиас дээш хугацааг эдэлсэн, хугацаанаас өмнө суллах боломжтой байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлүүлэх дүгнэлт, хүсэлт гаргасан болно.

10. Шүүгдэгч Н.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн боловч дээрх ял шийтгүүлсэн үйлдэл нь энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш үйлдэгдсэн буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Н.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

13. Шүүгдэгч Н.О нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж байх хугацаанд тус шүүх хуралдаанд оролцуулахаар шилжүүлэн авчирсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэдэн хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ. Ялыг тус тусад эдлүүлэх талаар өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжтой байх тул шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

14. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

15. Шүүгдэгч Н.Оыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас тус шүүх хуралдаанд оролцуулахаар Улаанбаатар хот дахь 461 дугаар хорих ангид шилжүүлэн авчирч цагдан хоригдсон хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 212 дугаар зүйлд заасны дагуу ялтны хорих ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох нь зөв буюу шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг тодотгож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.От Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Н.О нь тус хэрэгт цагдан хоригдоогүй буюу түүнийг хорих ангиас шилжүүлэн авчирч шүүх хуралдаан явуулах хугацаанд цагдан хоригдсон хугацаа нь хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцогдохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчийг өмнөх шийтгэх тогтоолоор эдэлж байгаа хорих ялыг эдлүүлэхээр шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР