| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2023/0101/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/111 |
| Огноо | 2023-01-19 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/111
2023 01 19 2023/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Б.Энхбаяр,
хохирогч М.М, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нид холбогдох эрүүгийн 2208 00000 2017 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 501 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “21 car wash” нэртэй авто угаалгын газарт байрлуулсан байсан иргэн М.Мий эзэмшлийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий *** дугаартай “Тоёота Спасио” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1467 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Н.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаангүй болохоо илэрхийлэн оролцсон бол, хохирогч, түүний өмгөөлөгч нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах, шүүгдэгчийн үйлдэлд эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжтэй тул давхар зүйлчлэгдэх ёстой гэж мэтгэлцэж оролцсон.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнийг дүгнэн үзэхэд хохирогч М.М нь шүүгдэгч Б.Нтой харилцан тохиролцож, түүний эрхлэн ажиллуулдаг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “21 car wash” нэртэй авто угаалгын газарт тээврийн хэрэгслээ байршуулах буюу дулаан зогсоол байдлаар ашиглаж байжээ.
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн орчимд угаалгын газарт үлдээсэн байсан хохирогч М.Мий эзэмшлийн *** улсын дугаартай “Тоёота Спасио” маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, улмаар замын хашлага мөргөн зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгслийг ачуулж авчирч үлдээсэн үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх13-17/,
хохирогч М.Мий “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо ***байранд амьдардаг юм. Өвөл болж байгаа юм чинь машинаа оройдоо дулаан газарт байрлуулж байя гэж бодоод машинаа угаалгадаг гэрийн ойролцоо байх Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “21 саr wash" гэх авто угаалгын газарт 1 сарын 300.000 төгрөгийн төлбөр өгч машинаа тухайн угаалгын грашид байрлуулж байхаар тухайн угаалгын газрын эзэн гэх Б.Нтой аман байдлаар тохиролцсон юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн угаалгын газарт машинаа байрлуулж эхэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цаг 30 минутын орчимд манай нөхөр миний машиныг тухайн угаалгын газарт байрлуулаад түлхүүрийг нь Б.Нид хүлээлгэн өгөөд явсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 06 цаг 30 минутын үед би ажилдаа явах гээд гэрээсээ гараад угаалгын газар руу явах замдаа Б.Н руу 2 удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би алхаж иртэл угаалгын газрын хаалга нь онгорхой, дотор нь ямар ч хүн, ямар ч машин байхгүй, тэгээд машинаа хайтал байхгүй байхаар нь хайж явтал угаалгын газрын баруун талын гэрлийн шонгийн хажууд миний машины хойд талын гупер хагарчихсан, жолооч талын хойд талын гэрэл хагарчихсан, хаалганууд нь онгорхой түлхүүрийг нь жолооч талын сандал дээр үлдээчихсэн, машин дотроос архины үнэр үнэртэж байсан. Машины урд тал тэр чигтээ эвдэрчихсэн мөргөлдчихсөн юм шиг байгаа юм. Тос, масло нь гоожсон, жолоочийн баруун талын хойд талын дугуй хагарсан, обуд нь эвдэрчихсэн байдалтай байхаар нь нөхөр рүүгээ ярьж хэлээд тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх26-28/,
гэрч Ц.Дэгийн "... 2022 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20 цаг 30 минутын орчимд би ажлаа тараад эхнэрийн машин болох Тоёота Спасио маркийн тээврийн хэрэгслийг авто угаалгын грашын эзэн гэх Б.Нийн угаалгын газарт байрлуулаад түлхүүрийг нь хүлээлгэж өгөөд явсан юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө 06 цаг 30 минутын үед манай эхнэр ажилдаа явах гээд угаалгын газраас машинаа авах гээд очтол угаалгын газрын хаалга нь онгорхой дотор нь ямар ч хүн, ямар ч машин байхгүй, грашийн баруун талд манай эхнэрийн машин шон мөргөөд осолдчихсон, хаалганууд нь онгорхой, түлхүүрийг нь жолооч талын сандал дээр үлдээчихсэн, машин дотроос архины үнэр үнэртэж байсан гэсэн. Тэгээд 06 цаг 40 минутын үед намайг дуудаад машин ийм болчихсон байна гээд нөхцөл байдлын талаар надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх30-31/, угаалгын газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд /хх44-50/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх92/, шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед согтуугаар зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл авч явсан...” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч нь хохирогчийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан тухайгаа тайлбарлахдаа “...тухайн үед эхнэртэйгээ муудалцаад, эвлэрэх гээд араас нь явах гэхэд миний машин асахгүй байсан учир М.Мий машиныг жолоодож явсан...” гэсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх ба 28-22 УНЭ дугаартай “Тоёота Спасио” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан үйлдэл нь эд хөрөнгө завших зорилгогүй, мөн хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр авч явсан гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн хохирогчийн хувьд тээврийн хэрэгслийн түлхүүрийг угаалгын газарт үлдээдэг байсан нь тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрх олгосон гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
4. Иймд шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцон шийдвэрлэв.
5. Хохирогч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө, устгах гэмтээх гэмт хэргээр давхар зүйлчлэгдэх ёстой гэж маргасан. Тус зүйл хэсэгт заасан эд хөрөнгө, устгах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг буюу гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж буй гэдгээ мэдэж, хүсэж үйлдсэн тохиолдолд гэмт хэрэгт хамааруулахаар заасан. Гэтэл дээр дурдсан шүүгдэгч Б.Нийн үйлдэлд хохирогчийн тээврийн хэрэгслийг санаатайгаар эвдсэн, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт үйлдэл тогтоогдсон. Тиймээс энэ талаарх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэйг дурдаад, хохирогч, түүний өмгөөлөгчийн давхар гэмт хэргийн шинжтэй гэсэн дүгнэлтийг хүлээн аваагүй болно. Түүнчлэн тус хэрэгт шүүгдэгч Б.Нийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхтэй холбоотой асуудал нь хэргийн зүйлчлэл нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
6. Гэмт хэргийг үйлдэх явцдаа осол гаргасны улмаас хохирогч М.Мий эд хөрөнгөд /урд буфер хагарч тасарсан, буфер тогтоогч зам салсан, баруун зүүн урд гэрлүүдийн ар хагарч, сэнж сэтэрч битүүмж алдагдсан, зүүн урд крыло хонхойж будаг хагарсан, капот үрчийж чихэгдсэн, нугас гажсан, урд кранштэйн хугарсан, урд жааз чихэгдэж үрчийсэн, баруун хойд гэрэл хагарсан, хойд буфер дээрх цацруулагч хагарсан, хойд буфер хагарсан, баруун урд хойд дугуй хагарч обуд чихэгдсэн/ 5.700.000 төгрөгийн хохирол учирсан нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16208 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх60/ нотлогдож байна. Тус эд хөрөнгийн үнэлгээний тайлантай талууд танилцсан байх ба дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар санал, хүсэлт гаргаж байгаагүй, мөн хуралдаанд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй болохыг дурдаж байна.
Хохирогч нь автомашины үнэлгээг гаргуулахад 114.000 төгрөг /хх57/, хохирлын үнэлгээ хийлгэхэд 285.000 төгрөг /хх59/, эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсан 90.000 төгрөг /хх 67/, зогсоолын төлбөрт 212.000 төгрөг, ачилтын төлбөрт 160.000 төгрөг нийт 6.651.000 төгрөг нэхэмжилжээ.
7. Иргэний хуулийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогчийн эд хөрөнгөд дээрх шууд болон шууд бус хохирол учирчээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ноос бусдын эд хөрөнгөд учруулсан хохиролд 6.651.000 төгрөг гаргуулан хохирогч М.Мд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар тайлбар хэлээгүй болно.
9. Хохирогч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн үйлдэлд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргасан.
10. Шүүгдэгч Б.Нийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
12. Иймд шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч үйл ажиллагаа нь одоогоор зогссон байгаа гэснийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ноос бусдын эд хөрөнгөд учруулсан хохиролд 6.651.000 /зургаан сая, зургаан зуун тавин нэгэн мянга/ төгрөг гаргуулан хохирогч М.Мд олгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР